Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 076

 

 

 

 

 

 

    

2019 оны 05 сарын 14 өдөр                      Дугаар 2019/ШЦТ/0076                                           Өлгий сум         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Орчуулагч, хэлмэрч А.Е,

Улсын яллагч М.Ф,

Насанд хүрээгүй хохирогч Н.С, Н.Т,

Насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Л.Нурболат,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Алтай,

Иргэний хариуцагч Ш.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан,

Шүүгдэгч Т.Е нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Фарида Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813003690005 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х  овогт Т  Е, яс үндэс казак, 2000 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 1 дүгээр курсийн оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:БЮ***

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Т.Е нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Цагааннуур тосгон руу явах засмал зам дээр 2018 оны 11 дүгээр сарын 03-наас  04-нд шилжих шөнийн 01 цаг 30 минутын үед иргэн Ш.Тн эзэмшлийн "Истана" маркийн **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож яваад онхолдож насанд хүрээгүй зорчигч Н.С, Н.Т нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Т.Е нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Цагааннуур тосгон руу явах засмал зам дээр 2018 оны 11 дүгээр сарын 03-наас  04-нд шилжих шөнийн 01 цаг 30 минутын үед иргэн Ш.Тн эзэмшлийн "Истана" маркийн **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож яваад онхолдож, насанд хүрээгүй зорчигч Н.Сын эрүүл мэндэд хүнд, насанд хүрээгүй зорчигч Н.Тгийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-13 дугаар хуудас/,

- Эрх бүхий албан тушаалтны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн магадлагаа /хх-ийн 14 дүгээр хуудас/,

-   Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-23 дугаар хуудас/,

- Насанд хүрээгүй хохирогч Н.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Тэгээд аймгийн төв рүү орж ирж байхад машиныг жолоодож ирж байсан Е гэх залууд Т нь “Хурдтай яваач, газаа  дараач” гэж орилоод сууж байсан. Тэгж ирж байтал Телебай нь машины жолооны хүрднээс барьж мушгиж, арааны ричакийг барьж арааг нь сольж өгөхөд машин огцом хүч аваад хурдтай яваад ирж байтал машин замын зүүн тал руу чиглэж замаас гарах гэхэд Т нь машины хүрдийг тавих шиг болсон ба энэ үед Е нь машины жолооны хүрдийг баруун тал руу дарахад машин замаас гарч онхолдсон. Машин онхолдох үед хэлсэн шиг санагдаж байна.  Е машины жолооны хүрдэд эзэн болж чадсангүй  гэж хэлэхэд Т нь чиний ухаан санаа чинь зүгээр үү машиныг зөв жолоодохгүй яасан юм гэж загнаж байсан. Бидний сууж явсан тээврийн хэрэгсэл зам тээврийн осолд орж онхолдсон талаар цагдаагийн байгууллага болон эмнэлгийн түргэн тусламжид Т мэдэгдсэн. Тээврийн хэрэгсэл онхолдсоны дараа ухаан орох үед би тээврийн хэрэгслээс зайтай газарт шидэгдэж хэвтэж байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 29-33 дугаар хуудас/,

- Насанд хүрээгүй хохирогч Н.Сын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Аав, ээж маань хөдөө явсан болохоор бид хоёр ээжийнхээ оронд  “Топ” гэдэг дэлгүүрт цэвэрлэгээ хийж байсан. Тэр үеэр миний утасны дугаар луу “би Төкү байна” гэсэн мессеж ирсэн ба хэд хэдэн удаа залгасан байсан. Би дэлгүүрийг цэвэрлээд дууссаны дараа дохисон. Дараа нь гэрт очиж хоол, цайгаа ууж дууссаны дараа гарсан. Тухайн үед машинд хэн хэн сууж байсныг мэдээгүй. Урьд нь Ш.Т мөнгө өгч дэлгүүрээс пиво авхуулсан. Тэр пивыг би авч ирж өгсөн. Бид нар машинд суухад машин дотор 3 хүн сууж байсан. 2 хүнийг нь танихгүй. Тэр машин дотор сууж байгаа Ш.Тг л таньдаг байсан. Манай гудамжнаас гараад гүүрний цаана байдаг шатахуун түгээх станцад очиж зогссон. Дараа нь “Домыра” руу чиглүүлж нэлээн хурдтай явсан.  Аймгийн зах руу явж  байхад аяархан яваарай гэж зөндөө хэлсэн боловч сонсоогүй. Яагаад гэвэл машины хөгжмийг чангалсан байсан. Тэгээд уулын бэлд очиж зогссон. Тэр үеэр бидэнд пиво задалж өгсөн ба түүнийг нь цонхоор шидсэн. Ш.Т над руу хараад юундаа гөлийгөөд сууж байгаа вэ гэхээр нь би буугаад явсан. Хэсэг хугацааны дараа машинд ирээд сууж аймгийн төв рүү явсан. Аймгийн төв рүү явахад нэлээн хурдтай явсан. Тэр үеэр ч гэсэн худраа сааруулж, аажуухан яваарай гэж хэлсэн. Тухайн үед би урд талын суудлын дунд сууж байсан. Тэр үеэр машин хурдтай явж байхад Ш.Т нь машины арааг сольж, машины хүрдэд булаацалдсаныг харсан. Машин замын зүүн талд гарах гэж байсан ба баруун тал руу нь эдгээр хүмүүсийн нэг нь мушгисан. Дараа нь юу болсныг санахгүй байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Насанд хүрээгүй хохирогч Н.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...машиныг жолоодож ирж байсан Т.Е гэх залууд Т нь “Хурдтай яваач, газаа дараач” гэж орилоод сууж байсан. Би машины хойд талаас хоёр дахь эгнээнд буюу голын эгнээний суудалд суугаад ирж байсан ба машин маш их хурдтай явахаар нь би айсандаа нүдээ аниад, хоёр гараараа чихээ дараад сууж байсан. Тэгж байтал нэг мэдэхэд машин замын баруун тал руу гараад онхолдож шидэгдсэн. Тээврийн хэрэгсэл онхолдсоны дараа би тээврийн хэрэгсэл дотор суудалд дарагдсан байсан. Миний бодлоор Т.Е нь тээврийн хэрэгслийг хурдтай жолоодсоны улмаас зам тээврийн осол гарсан гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 36-40 дүгээр хуудас/,

- Насанд хүрээгүй хохирогч Н.Тгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Аав, ээж маань хөдөө явсан. Тэр үеэр дүүтэйгээ хамт дэлгүүрт цэвэрлэгээ хийхээр очсон. Тэр үед Ш.Т ирээд 2 пиво авсан. Дараа нь бид нар гэрт очиж хоолоо идэж дууссаны дараа машинд суусан. Тэгээд гүүрний цаад талд байдаг шатахуун түгээх станцаас шатахуун авсан. Цаашаагаа явах үеэр бид нар аяархан явах талаар хэлсэн боловч хэн ч дуугараагүй. Машины хөгжим чанга дуугарч байсан. Уулын бэлд очиж зогсож байгаад 15-20 минутын дараа дахин аймаг руу явсан. Тэр үед машины хаазыг нэлээн дарсан ба тэр үеэр машин онхолдсон. Би тухайн үед машины арын суудалд сууж байсан. Дараа нь юу болсныг мэдээгүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

-  Иргэний   нэхэмжлэгч   буюу  насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны  төлөөлөгч Л.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүүхдүүд болох насанд хүрээгүй 15 настай С, 17 настай Т нар нь 2018 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө бусдын тээврийн хэрэгсэлд сууж яваад зам тээврийн осолд орж, хоёр хүүхэд маань хоёулаа биедээ хүнд гэмтэл авсан. Охин С, Т нар тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд эмнэлэгт, гэрт хэвтэрт бидний асаргаанд байгаа болно. Охин С, Т нарын бие нь сайжраад онгоцоор явах боломжтой болох үед Улаанбаатар хот руу эмчилгээнд авч явах шаардлагатай байх тул хотод очиж ирэх онгоцны зардал, эмчилгээний зардлыг мөн адил нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

-  Иргэний   нэхэмжлэгч   буюу  насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны  төлөөлөгч Л.Нурболатын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Ш.Т машинтайгаа гараад Т.Еийг аваад дараа нь миний хүүхдүүдийг авсан байна. Тэр үеэр Т.Еээр жолоо бариулж зөндөө явсан байна. Миний хүүхдүүд ясандаа гэмтэл авсан байгаа. Н.С 2 сар Н.Т 3 сар хэвтрийн дэглэмтэй байсан. Одоо  гайгүй болж толгойгоо өргөөд явдаг болсон. Орон нутгийн эмч нарын ачаар хүүхдүүдээ эмчлүүлсэн. Улаанбаатар хотод аваачиж эмчлүүлэх гэсэн боловч эмчлүүлж чадаагүй. Тухайн үед Ш.Т нь Т.Ед жолоогоо шилжүүлсэн. Тэр үед би буруутай танай хүүхдийг би эмчлүүлээд өгье гэсэн хүн гараагүй. Т.Еий аав нь сэлбэг зардаг. Т.Е тэгээд өөртөө итгэлтэй болохоор нь машиныг жолоодсон байх гэж бодож байна. Эхнэр бид хоёр хүүхдүүдээ асарч хөдөлмөр эрхэлж чадаагүй. Тэр үед хөдөлмөр эрхлээгүй байсан хугацааны хөлс, эмчилгээний зардлыг нэхэмжилж байгаа. Машин 6-7 удаа эргэж онхолдсон байна. Тэрнээс болоод хүүхдүүд маань ясны хугарал авсан. Энэ нь цаашдаа яаж эдгэрч, ямар хор уршиг гарахыг мэдэхгүй байна. Цаашдаа Улаанбаатар хот руу явж эмчилгээ, шинжилгээ хийлгэхийг хүсэж байна. Энэ хэрэг гараад 7 сар болсон. Өнөөдөр эцэслэн шийдвэрлэгдэх байх гэж бодож байна. Хэрэв тухайн үед Ш.Т машинаа авч гараад Т.Ед жолоогоо шилжүүлээгүй байсан бол ийм зүйл болохгүй байсан. Энэ хэрэгт буруутай хүн Ш.Т” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Иргэний хариуцагч Ш.Тн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Т.Ед очсон. Т.Ед очихдоо урьд нь 18000 төгрөгийн үнэтэй бариул авсан. Түүний мөнгийг өгөх гэж очсон. Өмнө хөдөөнөөс ирэхэд миний машины паар ажиллахгүй ирсэн. Тэгээд паар байна уу гэж асуухад байна гэж хэлсэн. Паарыг сольж өгч чадах уу гэхэд, би чадахгүй. Гүүрний цаана паар сольдог хүн байгаа. Тэр хүнтэй очиж уулзъя гэж гүүрний цаад талд байдаг хүнтэй очиж уулзахад паар сольдог хүн би өнөөдөр завгүй 2 өдрийн дараа ирээрэй гэж хэлсэн. Тэгээд буцаж ирээд Т.Е нэг хүнд юм авч өгсөн. Дараа нь миний машины жолооч талын суудалд суусан. Тэгээд Бөхөн уулын тийшээ байдаг дэлгүүрт ирээд зогсоход Т.Е дэлгүүрээс 1 ширхэг пиво, ус авсан. Тэр газарт Т.Е бид хоёр юм ярьж, би пиво ууж сууж байхад Н.С миний утасны дугаар луу дохисон. Би Н.Ст эргүүлээд залгахад ажил тарсны дараа юм ярьж сууя гэсэн. Тэгээд А.Д руу залгаад уулзах уу гэхэд 30 минутын дараа “Цамбагарав” супермаркетын үүднээс ирээд аваарай гэсэн. Дараа нь гүүрний цаад талд байдаг Ан гэдэг найзтайгаа уулзаж жаахан гадаа гарч юм яриад суух уу гэхэд өнөөдөр ажилтай, явж чадахгүй гэж хэлсэн. “Шынгыс хан” гэдэг дэлгүүрээс 2 ширхэг ундаа авч “Цамбагарав” супермаркетад ирээд А.Д гэдэг найзыгаа машинд суулгаж аваад “Алмал” ресторан руу эргэхэд Т.Еий хөрш миний найз Бекежаны машины дугуй нь хагарсан зогсож байсан. Машинаа зогсоолд тавьж Бекежан тусалсан. Дараа нь бид гурав “Сумо” гэдэг дэлгүүрээс 3 ширхэг пиво авсан. Тэгээд “Найрамдал”-д очиж авсан пиво уусан. Хэсэг хугацааны дараа Н.С залгаж бид нар дуусчихлаа ирээд аваарай гэж хэлсэн. Тэгээд Н.С, Н.Т нарыг авсан. Дараагаар нь гүүрний цаад тал руу явсан. Тэр үеэр Т.Е өөрийнхөө мөнгөнөөс 10000 төгрөг гаргаж ирээд машинд шатахуун хийсэн. Тэгээд Т.Е цаашаагаа явсан. Би хаашаа явж байгаа бэ гэхэд, жоохон явъя гэж хэлсэн. Тэгээд аймгаас 5 километр зайтай газарт буюу уулын бэлд очиж зогссон. Бид нар пиво ууж сууж байгаад Н.С луу хараад чи яагаад уурлаад суугаад байгаа юм бэ гэхэд Н.С надад гомдож уйлаад машинаас буугаад явсан. Би буугаад Н.Сыг аргалж машинд суулгасан. Би тэгээд маргааш өглөө 05 цагт Алтай сум явах ажилтай явъя гэж хэлсэн. Т.Е машины хаалгыг онгойлгож бууж чадаагүй гэж хэлж байгаа нь худлаа шалтаг. Уулын бэлд 30 минут гаруй хугацаанд зогсож байгаад буцаж явсан. Т.Е би жаахан хуртай давхих уу гэж надаас асуусан. Хурдтай явж байх үед машины хүрд наашаа, цаашаа тогтворгүй болж холхиход би тоормосоо дараарай гэж хэлэхэд машин онхолдсон. Машин онхолдсоны дараа би машинаас гараад Н.Тг хөтлөөд Н.Ст очсон. Дараа нь Т.Ед юу болсон бэ яагаад болгоомжтой яваагүй вэ гэхэд ахаа түрэн, цагдаа битгий дуудаарай гэж хэлсэн. Машин дотор ороход дэлгэц нь хагарсан утас байсан. Тэр утсаар би түргэн, цагдаа дуудсан. Дараа нь юу болсныг мэдэхгүй. Ухаан ороход эмнэлэгт хэвтэж байсан. Би эмнэлэгт 20 хоног хэвтсэн. Эмч нар миний толгойнд цус хуралттай гэсэн. Би эрүүл мэндийн байдлаа цаашаагаа үргэлжлүүлж үзүүлж явж чадаагүй. Би өөрөө явж чаддаггүй хөгжлийн бэрхшээлтэй дүүтэй. Эцэг, эх маань ч гэсэн даралт ихтэй, өвчтэй хүмүүс байдаг. Би гэртээ ганцаараа хөдөлмөр эрхэлж, амьдарлаа авч явж байгаа. Би Т.Еээс өөрийнхөө машинаа нэхээгүй. Т.Еий аав нь осолд орсон байсан учраас би өөрийнхөө машинаа нэхээгүй. Т.Е одоо үлдсэн мөнгийг Ш.Т 100 хувь төлнө гэж хэлж байна. Би 100 хувь төлж чадахгүй. Миний амь зууж амьдарч байсан машиныг эцэг, эх маань тэтгэвэр, группээ зээлдэж байгаад авч өгсөн. Тиймээс цаашид Т.Еээс машинаа төлүүлж авах хүсэлттэй байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 - Гэрч А.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...22 цагийн үед танихгүй нэг дугаар орж ирэхэд би авахад Телебай байсан ба “Чи Цамбагарав дэлгүүрийн урд гараад ир” гэхэд би гараад Тн машины урд суудал дээр суух гэсэн боловч Т өөрөө урд суудалд согтуу сууж байсан. Тэгээд би хойд суудал дээр суугаад Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Топ” дэлгүүр ирж Тн машиныг жолоодож байсан Т.Еий утсаар Т нэг хүн рүү залгасан. ...Машин жолоодож явсан Т.Е аймгаас нэлээд хол гараад зогссон. Тэгээд машин дотор сууж байхад Е, Т хоёр машины дотор талын гэрлийг асааж Т нэг хүүхэнд чи миний хажууд ирээд суу гэхээр суугаагүй нөгөө хүүхэн машинаас буухад араас нь Т буугаад 30-40 минут удахад араас нь Е буугаад 5 минутын дараа эргэж ирэхэд араас нь нөгөө хоёр орж ирсэн. Тэгээд Е машиныг жолоодож явж байгаад засмал зам дээр древ хийж эргэлт хийх үед бас онхолдох шахсан. Тэгээд засмал замаар аймаг руу орж ирэх засмал замаар Е жолоодож нэлээд хурдтай явж байгаад онхолдсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Т.Еий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т нь Цагааннуур тосгоны чиглэлийн замаар яваад бай гэсний дагуу тийшээ явж аймгийн төвөөс гараад зогсох гэтэл Т нь энд цагдаа нар хүрээд ирнэ өшөө цаашаа яваад байгаарай гэснээр Цагааннуур тосгон руу явах замаар нилээн цаашаа яваад баруун гар тийшээ салж гардаг замаар гараарай гэсний дагуу засмал замаас гарч уулын наахан талд очиж зогссон. Тэнд очсоны дараа Т нь нөгөө хоёр охинд нэг нэг пиво өгөөд хамт явж байсан залууд нэг пиво өгч өөрөө нэг пиво задалж уусан. Тэгж сууж байтал Т нь машины хойд талын заалны буюу кабины дотор талын гэрлийг асааж хойшоо эргэж харсанаа та нар юундаа гөлийгөөд сууж байгаа юм бэ гэж загнахад дэлгүүрийн гадна пиво авч ирдэг охин машинаас буугаад явсан. Тэр үед Т ч гэсэн машинаас бууж явсан ба удалгүй тэр хоёр машинд орж ирээд суусан ба Т надад аймгийн төв рүү яваарай гэж хэлсэн. Би машинаа жолоодоод аймгийн төв рүү орж ирж байх замд Т нь машины арааны ричагнаас барьж аваад надад конусыг  дар гэж загнасан тэр үед би конусыг дарахад арааг сольж  өгөөд алив хурдан яваадах би шөнөжин уух болно гэхээр нь түүнд би энд буугаад үлдье гэхэд Т нь жолооны хүрднээс барьж аваад жолооны хүрдийг өөр лүүгээ мушгиж дарсан тэр үед би хариу буцааж жолооны хүрдийг дарах үед машин тэнцвэр алдсан. Би тэр  үед  машины тормозыг дарсан  боловч  машин  замаас  гарч  онхолдсон.   Машин онхолдсоны дараа машин дотроос бүгдээрээ нэг нэгээр машины заалны хаалгаар гадаа гарч ирэхэд машинаас хэсэг зайнд нөгөө дэлгүүрээс пиво авч ирдэг охин хэвтэж байсан. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан миний буруу” гэх мэдүүлэг /хх-ийн 115-117 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Т.Еий шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн оройны 19 цагийн үед над руу Ш.Т залгасан. Урьд надаас зээлээр юм авсан байсан ба түүний мөнгийг надад авч ирж өгсөн. Надаас паарны радиатор байна уу гэхэд нь би байгаа гэсэн. Тэгэхэд надаас суурилуулж өгөх үү гэхэд нь би үгүй гэхэд хийж өгөх хүн байна уу гэхээр нь бид гүүрний цаана байдаг Онка гэдэг хүнтэй уулзсан. Тэр газарт 30 минут гаруй байж байгаад манайд ирсэн. Ш.Т миний утаснаас нэг хүн рүү ярьсан. Дараа нь дэлгүүр ороод 1 ширхэг пиво авсан. Түүнийг ууж сууж байгаад өөр газарт байдаг дэлгүүрээс нэгж авсан. Надад машин жолоодож яв гэж хэлсэн. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй, болохгүй гэхэд би өөрөө цагдаа нарыг зохицуулна гэж хэлсэн. Тэгээд гүүрний цаад талд байдаг “Шынгыс хан” гэдэг дэлгүүрт очсон. Тэр үер Ш.Т нэг дугаар луу залгасан. Тэгээд тэр дэлгүүрээс 2 ширхэг ус авсан. Ш.Т нэг дугаар луу “би Төкү байна” гэж мессеж бичсэн. Дараа нь бас нэг хүнтэй яриад “Цамбагарав” дэлгүүрийн үүдэнд гарч ир гэсэн. Тэр үеэр дэлгүүрээс нэг залуу гарч ирээд машинд суусан. Тэр үед би буугаад үлдье гэхэд жаахан байж бай гэсэн. Дараагаар нь “Топ” гэдэг дэлгүүрт очиж нэг хүн рүү залгаад пиво гаргаж өг гэж хэлсэн. Өөрөө бууж очиж пивыг авч ирсэн. Тэр пивыг нэг гудамжинд орж зогсож байгаад уусан. Дараа нь Бөхөн уул тийшээ байдаг дэлгүүрт очиж А.Д  гэдэг хүнд мөнгө өгч пиво авхуулсан. Тэр үед ч гэсэн би энд үлдье гэхэд бууж болохгүй гэсэн. Жолооч талын хаалга нь онгойхгүй байсан. Тэр үед миний утас руу нэг хүн залгаж “бид нар боллоо, ирээд аваарай” гэж хэлсэн. Нэг гудамжинд очоод зогсоход Н.Т, Н.С нар ирж машинд суухад Ш.Т аймгийн зах руу гараад зогсоорой гэсэн. Тэгээд явж байгаад аймгийн захад гараад зогсоход Н.Т, Н.С нарт Ш.Т пиво задалж өгсөн. Ш.Т машины доторх гэрлийг асаагаад хойшоогоо хараад яагаад гөлийгөөд суугаад байгаа юм бэ гэж хэлэхэд хойно сууж байгаа нэг хүүхэд буугаад явсан. Дараа нь хэсэг хугацааны дараа эргээд машинд суусан. Тэгээд аймаг руу явъя гэж хэлсэн. Аймаг руу явж байхад Ш.Т “би шөнөжингөө ууна” гэж хэлж байсан. Би одоо аймгийн төвд очсоны дараа бууна гэхэд машины хүрдийг булаацалдаж машин тэнцвэр алдаж осолдсон. Гарсан бүх хохирлыг эцэг, эхийнхээ мөнгөөр төлж өгсөн. Үлдсэн хохирлыг Ш.Т төлнө гэж бодож байна. Хохирогч нараас уучлалт гуйж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж тэнсэн харгалзах ял оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Аймгийн Авто тээврийн төвийн шинжээч Е.Ж-ны 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаартай “...Тээврийн хэрэгслийн техникийн байдал осол гарах шууд шалтгаан болоогүй ба жолооч хурдаа тохируулж яваагүйгээс осол гарсан байна” гэх дүгнэлт /хх-ийн 56-57 дугаар хуудас/

            - Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.М-ын 17 дугаартай “...Жолооч Т.Е нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4-д зааснаар тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалт. Истана маркийн 8991 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Ш.Т нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.б-д зааснаар тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 6.2.а-д зааснаар тээврийн хэрэгслээр зорчигч хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах, жолоодлогод саад болохыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 99-100 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч Т.Е нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул үнэн зөв, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Фаридагаас шүүгдэгч Т.Еий үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-д зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Цагдаагийн ерөнхий газрын цахим бүртгэлээс авсан жолоочийн лавлагаагаар /хх-ийн 132 дугаар хуудас/ шүүгдэгч Т.Е жолооны үнэмлэхгүй болох нь нотлогдсон байна.

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Н.С, Н.Т нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч К.Хайратын 519 дугаартай: “...Иргэн Н.Сын биед тархи, нурууны битүү гэмтэл, И8, Т28, 13, 14 нугламуудын шахагдсан хугаралттай гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь амь насанд аюултай, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2 заалтыг, 3,1,6 заалтыг агуулах гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 88 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч К.Хайратын 518 дугаартай: "...Иргэн Н.Тгийн биед баруун ба зүүн талын умдаг ясны салсан хугаралттай,  баруун сүүжний дэлбээ хугарсан, зөрөөгүй тасарсан хугаралт, духны хэсэгт шалбарсан, зүүн түнхний үеийн хөдөлгөөн хязгаарлагдсан, тархиний битүү гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь амь насанд аюултай, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,2 заалтыг, 3,1,15 заалтыг агуулах гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 91 дүгээр хуудас/ зэргээр тус тус тогтоогдож байна. 

Мөн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч К.Хайратын 102 дугаартай “...Иргэн Т.Еий биенээс авсан цусны дээж шинжилгээнд тэнцэнэ. Иргэн Т.Еий цусанд этилийн спирт илрээгүй” гэх шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Т.Е нь тээврийн хэрэгсэл жолоодох үедээ согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдсон.

Иймд шүүхээс шүүгдэгч Т.Еийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Л.Н  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох баримтаар бүрдүүлсэн 1.041.000 /нэг сая дөчин нэгэн мянга/ төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Т.Е нь бүрэн төлж барагдуулсан байна. Энэ нь насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Л.Н  болон шүүгдэгч Т.Е нарын мэдүүлгээр нотлогдсон. Иймд шүүгдэгч Т.Еийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Харин прокурорын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Л.Н нь: “Эхнэр маань 2018 оны 11, 12 дугаар саруудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240000 төгрөгөөр цалинжиж ажиллаж байсан. 2019 оны 01 дүгээр сараас эхлээд 320000 төгрөгөөр цалинжсан. Эхнэр маань нийтдээ 4 сар хөдөлмөр эрхлээгүй. Энэ хугацааны цалингаа нэхэмжилж байгаа. Би 6 сарын цалингүй чөлөө авч, 11, 12 дугаар сард өдрийн 35000 төгрөгийн цалинтай, хүний гэрт байрлаж ажил хийхээр болж  ажил хийж байсан. 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүүхдүүд осолд орсон. Би 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр аймагт ирсэн. Өдрийн 35000 төгрөгийн цалинтай байсан. Иймд 11, 12 дугаар сар буюу 2 сарын цалингаа нэхэмжилж байгаа. Нийт өөрсдийн авах ёстой байсан цалин болох 3080000 /гурван сая наян мянга/ төгрөг нэхэмжилж байна” гэснийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна. Учир нь түүний эхнэр З.Е- нь “Топ” нэртэй хүнсний дэлгүүрт сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин авч ажилладаг байсан гэх боловч энэ талаар хангалттай нотлох баримт байхгүй байна. Хэрэгт авагдсан Х.А-ийн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ф-ад гаргаж өгсөн баримт болон иргэний үнэмлэхийн лавлагааг /хх-ийн 37-38 дугаар хуудас/ шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Мөн Л.Н нь өөрөө Оросын Холбооны Улсад Ж.Е-ы туслахаар ажиллаж байсан гэдгийг нотлох баримт байхгүй байна.

Насанд хүрээгүй хохирогч Н.С, Н.Т нарын эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь цаашид эмчлүүлэх, шинжилгээ өгөх шаардлагатай гэж байх тул энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж,

Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул насанд хүрээгүй хохирогч Н.С, Н.Т нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх, хариуцах үүргийг шүүгдэгч Т.Е, Ш.Т нарт хуулиар хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Л.Нурболат нь хохирогч Н.С, Н.Т нарыг цаашид эмчлүүлэхэд гарах эмчилгээний зардал болон бусад зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.Е, иргэний хариуцаг Ш.Т нараас нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Ед эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Т.Е урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 126 дугаар хуудас/ тогтоогдож байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны гаргасан “Шүүгдэгч Т.Ед Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнцэж өгнө үү” гэсэн саналыг гаргасныг хүлээн авах боломжтой гэж шүүхээс үзлээ.

            Иймд шүүгдэгч Т.Еий үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах хор уршгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.   

Шүүгдэгч Т.Е нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй байна.

Шүүгдэгч Т.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Еий иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, иргэний хариуцагч Ш.Тн тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:        

 

  1. Шүүгдэгч Х- овогт Т-н Еийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Ед мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9-д тус тус зааснаар шүүгдэгч Т.Е нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д тус тус зааснаар насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Л.Нурболатын нэхэмжилсэн 3080000 /гурван сая наян мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж насанд хүрээгүй хохирогч нарыг цаашид эмчлүүлэх эмчилгээний зардал болон бусад зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Т.Е, иргэний хариуцагч Ш.Т нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Т.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар ирүүлсэн шүүгдэгч Т.Еий иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, иргэний хариуцагч Ш.Тн тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрт нь буцаан олгосугай.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний хариуцагч уг тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.Д