Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2019/0632

 

 

 

Г.Аын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Г.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.М нарыг оролцуулан Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0024 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Г.Аын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0024 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай 39 дүгээр зүйлийн 39.1.11, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.А-ыг урьд эрхэлж байсан аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны 121 хоногийн олговор 4,590,861төгрөгийг аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, үлдсэнийг нь нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 дүгээр Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжийг хууль бус гаргасан гэж үзэхгүй байгаа. Үүнд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийг баримталсан байгаа. /39 дүгээр зүйл нь төрийн жинхэнэ албан хаагчийн уйл ажиллагаандаа хориглосон заалтууд байдаг/

Г.А нь Говь-Алтай аймгийн стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын ажлыг хийж байхдаа албаны эрх мэдлээ хэтрүүлсэн нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/56 дүгээр акт болон 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/70 дугаар албан шаардлагаас харагдаж байгаа Энэ нь ч хавтаст хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримтууд шүүх хуралдаанд оролцсон гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байсан. Акт болон албан шаардлагууд хүчинтэй байгаа

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дээрх зөрчлүүд нь хангалттай сайн нотлогдохгүй байна гэж үзсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн 112/ШШ2019/0024 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү”,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...Уг шийдвэрийн үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11-д зааснаар “албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших” гэж зааснаар аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн 2018 оны санхүүгийн анхан шатны баримтад тулган шалгалт хийж, зөрчлийг тогтоогоогүйгээр нэхэмжлэгчийг 18,2 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан завшсан гэж хариуцлага тооцож байгаа нь үндэслэлгүй байна”' гэж дүгнэлт хийсэн нь шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнээгүй.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох Говь-Алтай аймгийн Төрийн аудитын газраас Стандарт, хэмжил зүйн хэлтсийн 2018 оны санхүүгийн тайланд аудит хийж, аудитаар илэрсэн зөрчлийн талаар “Төлбөр барагдуулах тухай” 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/56 дугаар акт, “Зөрчил арилгуулах тухай” 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/70 дугаар албан шаардлагыг үнэлж, дүгнэлт өгөлгүйгээр аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/90 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Стандарт, хэмжил зүйн хэлтсийн 2018 оны санхүүгийн анхан шатны баримтад тулган шалгалт хийж, зөрчлийг тогтоогоогүй гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Ажлын хэсэг хяналт шалгалт хийхдээ аймгийн Төрийн аудитын газрын Стандарт, хэмжил зүйн хэлтсийн 2018 оны санхүүгийн тайланд аудит хийсэн тайланг үндэслэн акт, албан шаардлагад дурдсан зөрчлийг Стандарт хэмжил зүйн хэлтэс дээр очиж, зөрчил тус бүрээр шалгаж, зөрчил гаргасан эсэхийг тулгаж шалгасан байдаг бөгөөд зөрчилд дурдагдсан тоо аудитын акт, албан шаардлагад дурдагдсан тоо нь зөрүүгүй байдаг.

Мөн байгууллагын УАЗ фургон маркийн 08-68 ГАА улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч авч явсан нь тогтоогдож байна гэсэн атлаа шүүх дээрх нөхцөл байдлаас дүгнэлт хийж, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11 дэх заалт “албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших” гэж заасныг зөрчсөн байдал хангалттай нотлогдохгүй байна гэж зөрүүтэй үзсэн нь Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу нээлттэй тендер шалгаруулалт явуулж байж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж тухайн ажлаа хийлгээгүй нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт /Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах/ холбогдох хууль тогтоомжийг тус тус зөрчсөн зөрчилд үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар буруу дүгнэж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.11, 48 дугаар зүйлийн 48.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, аймгийн Засаг даргын 2019 оны А/90 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг тус тус үндэслэн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Г.Аыг төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчсөн гэж үзэж, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас нь халах сахилгын шийтгэл оногдуулжээ.

Нэхэмжлэгч Г.Аоос уг тушаалыг эс зөвшөөрч “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...намайг албаны эрх мэдлээ хэтрүүлэх, албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших гэдэг үндэслэлийг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй... өөрөөр хэлбэл гэм бурууг шүүх тогтооно, ... ямар ч сонсох ажиллагаа явуулаагүй... ажлын хэсгийн ямар ч санал, дүгнэлт байхгүй зөвхөн шалгалт хийсэн илтгэх хуудас байгаа ба уг илтгэх хуудсанд дээрх хуулийн заалтуудыг тогтоосон зүйл байхгүй” гэж,

Хариуцагчаас уг шийдвэрийг гаргах болсон үндэслэлээ “...гадна хашаа солихоор төлөвлөсөн 18,200,000 төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан, байгууллагын автомашиныг 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдрүүдэд албан хэрэгцээнд ашиглаагүй, албаны бус хувийн хэрэгцээнд ашигласан, албан үүрэгтэй хамааралтай аж ахуй нэгжүүдээс хандив туслалцаа хүсэж хандив авсан нь Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, тогтоомжийг зөрчсөн, үүнийг шалгаж тогтоосон...” хэмээн тус тус тайлбарлан маргасан байна.

Анхан шатны шүүх “...байгууллагын УАЗ фургон маркийн 0868 ГАА улсын дугаартай автомашиныг 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 03 дугаар сарын 03-ны өдрийн өдрүүдэд албан хэрэгцээнд ашигласан байдал нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна, ...хамаарал бүхий этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцаа авах, хүсэхийг хориглоно гэж зааснаар хамаарал бүхий хуулийн этгээдээс албан тушаалтан дэмжлэг хүссэн нь дээрх хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, Баянхонгор аймаг руу албан томилолтоор явсан 2 ажилтны томилолтын мөнгийг өөрийн дансаар авсан байгаа нь тогтоогдож байна...” гэсэн дүгнэлт хийсэн атлаа Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.11-д “албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших” гэж заасныг зөрчсөн байдал нь хангалттай нотлогдохгүй байна” гэсэн зөрүүтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч болох Г.А нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх нийтлэг үүргийг хүлээсэн бөгөөд мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11-д “албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших” гэсэн төрийн жинхэнэ албан хаагчид хориглосон үйл ажиллагаа явуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тодруулбал, хэрэгт авагдсан нотлох баримтууд болох жолоочийн тооцооны хуудас, машин хүлээлцсэн акт, гэрч Н.Хатантөмөрийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл байгууллагын УАЗ фургон маркийн 0668 ГАА улсын дугаартай автомашиныг авч явсан, албан хэрэгцээнд ашиглаагүй, Говь-Алтай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Г.А-оос “Г з” ХХК, “А” ХХК-уудаас компьютер техникийн хэрэгслийн дэмжлэг хүссэн агуулга бүхий албан бичиг явуулж, хамаарал бүхий этгээдээс дэмжлэг хүссэн нь бүрэн тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчээс “...дээрээс санал аваад ярьж байгаад бичиг тоот явуулсан” гэж тайлбарлах боловч уг үйл баримтыг нотлох баримт байхгүйгээс гадна тухайн компьютерыг албаны бус зорилгод ашигласан эсэхээс үл хамааран төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгох ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчим, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн, түүнчлэн нэхэмжлэгч нь 2018 оны төсөвт тусгагдсан эд хогшил, урсгал засварын зардалд 24480000 төгрөг батлагдсантай маргаагүй, харин байгууллагын 2018 оны төсөвт тусгагдсан эд хогшил, урсгал засварын зардлаас 18,200,000 төгрөгийг урсгал засвар болон компьютер техник хэрэгсэл, шатахуун, томилолт хувцас авах зэрэг зардлуудад шингээсэн гэж тайлбарлах боловч санхүүгийн анхан шатны баримтуудаар бүрэн тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн “манайх олон нягтлан бодогч сольсон учир анхан шатны баримт бүрдүүлэлтэд алдаа гарсан”[1] гэх тайлбар, зөрчлийг зассан, буруутай байдлаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нь нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болохгүй, мөн Баянхонгор аймагт томилолтоор явсан 2 ажилтны томилолтын зардал болох 178200 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлж авсан, тус байгууллагад ажиллаж байсан жолоочийг үүрэгт ажлаас нь халсныг шүүхээс үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 1111,8 мянган төгрөгийг байгууллагаас олгож, төсөвт хохирол учруулсан, төрийн албан хаагчийн зэрэг дэвийн нэмэгдлийг өөртөө бодож олгосон, жолоочийн ур чадварын нэмэгдлийг хасч өөртөө олгосон гэсэн зөрчлүүд нь тус аймаг дахь Төрийн аудитын газрын акт болон албан шаардлага, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзаж, сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулах ба аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/90 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн болон Говь-Алтай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн 2018 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн шалгалтаар төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчсөнийг илрүүлсэн, уг үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн үгүйсгэгдээгүй, энэ тохиолдолд уг захиргааны албан тушаалтнаас өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд “ажлаас халах” сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй гэж дүгнэлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0024 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.11, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.А-ын Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгож, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

                                  ШҮҮГЧ                                                                         Э.ЗОРИГТБААТАР 

                                  ШҮҮГЧ                                                                         Д.БААТАРХҮҮ

 

 

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 113 дугаар тал