| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00497/И |
| Дугаар | 451 |
| Огноо | 2016-08-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 451
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2016/00497/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “А” танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам оролцов.
Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Улаан-Өндөр” багт оршин суух, Жоож овогт Наваанбалдангийн Батаагийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 26-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Н.Батаа нь шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Батаа миний бие нь 1974 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд тракторын жолоочоор ажилд орж 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажилласан юм. Тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоох үндэслэлгүй гэсэн. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Нэхэмжлэлтэй холбоотой гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэв. (хх-ийн 1 тал)
Иргэн Н.Батаа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна. Учир нь хадлан хашаа барих ажилтай тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдаан хийж өгнө үү гэжээ. (хх-ийн 30 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Н.Батаа нь 1974 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Н.Батаа нь хөдөлмөрийн дэвтэргүй тул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох үндэслэлгүй гэжээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлт гаргагч Н.Батаа нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Н.Батаа нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч СЕ-58031916 регистрийн дугаартай Жоож овогт Наваанбалдангийн Батаа нь 1976 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1.Гэрч Ж.Алтанхуягийн: ... би 1969 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 он....хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд тракторын жолооч, дизельчнээр ажиллаж байсан юм. Бид нэг нутгийнх учраас Н.Батааг сайн мэднэ. ...Н.Батаа нь 1974 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд тракторын жолочоор ажиллаж байсан билээ... Тухайн үед “Тэмцэл” нэгдлийн даргаар Д.Дугарсүрэн гэдэг хүн ажиллаж байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 24-25 тал)
2. Гэрч Ц.Баатархүүгийн: ...би Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд 1976 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сар хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан юм. ... Н.Батаа нь 1978 оны 6 дугаар сараас “Тэмцэл” нэгдэл тартал хамт ажиллаж байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 27 тал)
3. Хэнтий аймгийн архивын цалингийн тодорхойлолтод: Хүсэлт гаргагч Н.Батаагийн
1976 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд авч байсан цалинг он, сар, өдрөөр нь бичсэн байна. (хх-ийн 6-7 тал)
4. Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн даргын 101 тоот тушаалын хуулбарт:... Н.Батааг 1974 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тус нэгдэлд жолоочоор ажиллуулсугай гэжээ. (хх-ийн 8 тал)
5. “Тэмцэл” нэгдлийн даргын 68 дугаартай тушаалын хуулбарт: ... Нэр бүхий албан тушаалтанд 1987 оны ээлжийн амралтыг хавсралтад дурдсан хоногоор олгосугай... 10 дугаарт: Наваанбалдангийн Батаа, тракторчин, үндсэн амралт 15 хоног, нэмэгдэл 11 хоног нийт 26 хоног гэжээ... (хх-ийн 10-11 тал)
6.“Тэмцэл” нэгдлийн даргын 68 дугаартай тушаалын хуулбарт: ... Нэр бүхий албан
тушаалтанд 1985 оны ээлжийн амралтыг хавсралтад дурдсан хоногоор олгосугай... 1 дүгээрт Н.Батаа, ...нийт 26 хоног гэжээ. (хх-ийн 12-13 тал)
7.Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Жоож овогт Наваанбалдангийн
Батаа ,1958 оны 03 дугаар сарын 19-ны өдөр төрсөн, СЕ-58031916 регистрийн дугаартай байна. (хх-ийн 3 тал)
8.Хүсэлт гаргагч Н.Батаагийн шүүхэд гаргасан тайлбар (хх-ийн 19 тал) зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч Н.Батаа нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан байна. (хх-ийн 34 тал)
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлыг талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн заалтыг биелүүлээгүй нь буруутай үндэслэл болж байна.
Хүсэлт гаргагчийн Н.Батаагийн 1974 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1976 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1978, 1979 онуудад ажиллаж байсан талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул тухайн үед ажиллаж байсныг тогтоох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д
заасныг баримтлан хүсэлт гаргагч СЕ-58031916 регистрийн дугаартай, Жоож овогт Наваанбалдангийн Батааг 1976 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
2. Нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Батаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ