Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 00150

 

 

   2019          02        15                                                                              2019/ШЦТ/39

 

 

 

 2019          05             14                                             2019/ШЦТ/150

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч, хяналтын прокурор Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр,

Шүүгдэгч Б.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Л-т холбогдох эрүүгийн 1938001160116 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Л.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Л- нь 2018 оны 04 дүгээр сарын 10-наас 2018 оны 04 дүгээр сарын 11-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төвд оршин суух иргэн П.Э-ын байшингийн цонхыг хагалж, орон байранд нэвтрэн орж 32 инчийн зурагтыг нууцаар авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 1 дүгээр хороонд оршин суух иргэн Б.Б-ын илүү гэрт байсан монгол эмээлийн шинэ гөлөм, олом, жирэм зэрэг зүйлийг хууль бусаар авч, 180.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Л- нь шунахайн сэдэлтээр 2018 оны 04 дүгээр сарын 10-наас 2018 оны 04 дүгээр сарын 11-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төвд оршин суух иргэн П.Э-ын байшингийн цонхыг хагалж, хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж 32 инчийн зурагтыг нууцаар авч, 350.000 төгрөгийн хохирол учруулан,

2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 1 дүгээр хороонд оршин суух иргэн Б.Б-ын илүү гэрт нэвтрэн орж монгол эмээлийн шинэ гөлөм, олом, жирэм зэрэг зүйлийг хууль бусаар авч, 180.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох: 

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
  • Хохирогч П.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2018 оны 04 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө байх Хатгал тосгоны төвд 3 дугаар хороонд гэртээ байж гэр бүлээрээ ээжийнд хоночихоод буцаад ороод ирсэн чинь байшингийн урд талын том цонх хага цохиод хүн ороод 32 инчийн LG маркийн Япон улсад үйлдвэрлэсэн зурагт алга болсон байсан. Тэгээд бусад юмаа үзэхэд зүгээр байсан. ...манай гэрт Очир гэдэг хүн ороод авсан байсан. ...Би одоо энэ хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Алдагдсан зурагтаа буцаагаад авчихсан. ...цонх шиллэсэн мөнгийг Л- өгсөн болохоор ямар нэгэн хохирол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14, 17 дугаар хуудас/,
  • Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хатгал тосгоны 01-23-03 тоотод гэртээ байж байгаад 17-18 цагийн цагийн хооронд айлаас очиж хужир авч хөдөө явах машинд ачиж өгчихөөд буцаад гэртээ ирсэн чинь гадаа илүү гэрт байсан монгол эмээлийн гар хийцийн гөлөм, олом, жирэм алга болсон байсан. Тухайн үед хэн авсан талаар мэдээгүй. ...энэ алдсан эмээлийн материал бүгд шинэ. ...Б.Л- гөлөмийг буцаан өгч жирэмний 30.000 төгрөгөө бэлнээр өгсөн болохоор хохирол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22, 25 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2018 оны хавар байх гадаа дулаан орчихсон бараг 4 дүгээр сарын эхээр болов уу Д-н дүү Л- манайд орж ирээд “надад нэг хямдхан зурагт байна манай найз зарах гэж байгаа юм” гэхээр нь “за тэгвэл хэдэн төгрөг гэж байгаа юм бэ?” гэсэн чинь 40.000 төгрөг гэж хэлсэн. Тэгэхээр нь наадах чинь хулгайн юм биш биз дээ, дараа нь хүн амьтан ирээд байх юм биш биз дээ гэсэн чинь гарч яваад удаагүй хар өнгөтэй нимгэн дунд зэргийн зурагт оруулаад ирсэн. Тэгээд би бэлэн 30.000 төгрөг байна, үлдсэнийг нь маргааш ирээд ав гэсэн чинь одоо л авчихмаар байна гээд байхаар нь “за тэгвэл надад бэлгэнд ирсэн 1 шил архи байна, тэрийг авах юм уу” гэсэн чинь “өө тэгвэл бүр сайн байна” гэж хэлээд 30.000 төгрөг бэлнээр, 1 шил архи аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
  • Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Б.Л- 2018 онд Хатгал тосгоны 3 дугаар хороонд оршин суугч П.Э гэдэг айлын 32 инчийн өнгөт зурагтыг хулгай хийж аваад Улаан-Уул сумын иргэн Э- гэдэг хүнд 40.000 төгрөгөөр зарсан байсан. Надад тухайн үед Хатгал тосгоны У- гэдэг хүн хэлээд би өөрөө Э-тай очиж уулзаад Б.Л-ын өгсөн зурагтыг авч эзэн Э-од нь хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
  • Гэрч Н.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын дундуур ...орой 11 цаг 30 минутын үед ...гэртээ харих гээд сургуулийн хашаан дундуур алхаад явж байхад нэг нэвсийсэн дээлтэй согтуу залуу хүрч ирээд “эгч ээ та энийг авчих уу” гээд нэг дөрвөлжин хар хавтгай зурагт тэвэрчихсэн, утас нь чирэгдээд явж байсан. Тэгэхээр нь би уурлаад “юу яриад байгаа юм бэ, яв” гээд хөөгөөд явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
  • Гэрч А.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын сүүлээр ...намайг дэлгүүр дээрээ байж байхад эмээлийн гөлөм барьж ирээд үүнийг зарах гэж байна, ах та аваач гэхээр нь юу юм бэ наадах чинь хулгайн юм биш биз гэсэн чинь “үгүй энэ миний юм байгаа юм. Айл болоход өгч байсан юм” гэж хэлсэн. Тэгээд би хэд юм бэ гэж асуухад 50.000 төгрөгөөр өгнө гэсэн. Тэгээд 10.000 төгрөг бэлнээр өгөөд 1 шил 0.75 граммын “Соёрхол” архи, 1 ширхэг “Улаан шонхор” тамхи аваад үлдсэн мөнгийг нь дараа ирж авна гээд явсан юм. ...тухайн үед Л- бор өнгийн эмээлийн гөлөм авчирч өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,
  • Хохирогч П.Э-ын хулгайд алдсан гэх LG маркийн 32 инчийн зурагтыг 350.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 45 дугаар хуудас/,
  • Хохирогч Б.Б-ын хулгайд алдсан гэх гөлөм, суран олом, жирэмийг нийт 180.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 49 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Б.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2018 оны хэдэн сарын хэдэн байсныг сайн санахгүй байна. Тухайн өдөр би архи уусан согтуу явж байгаад орой 22 цагийн үед Хатгал тосгоны төвд байх Э буюу Ц гэдэг айлын цонхоор орж зурагт хулгайлсан. Тэр зурагт хавтгай дэлгэцтэй ЛЖ маркынх байсан. Би энэ зурагтаа Б гэдэг хүнд 30.000 төгрөгийн барьцаанд тавьж архи уусан. Энэ зурагтыг сумын цагдаагаар дамжуулаад эзэнд нь аваад өгчихсөн. ...би тэр айлын цонхыг хагалсан байсан бөгөөд цонхны мөнгө болох 40.000 төгрөгийг бэлнээр нь өгсөн. ...2019 оны 01 дүгээр сарын сүүлээр Хатгал тосгоны төвд халамцуу Б- гэдэг айлын илүү гэрээс эмээлийн ширэн гөлөм авсан. ...Энэ гөлөмийг Д-аас аваад өгчихсөн болохоор одоо ямар нэгэн хохирол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 70,  дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...үйлдсэн гэмт хэргүүдээ бүрэн хүлээж байна” гэж мэдүүлж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний төрсөн ах Б.Л- Хатгал тосгонд мал маллаж амьдардаг. ...Цөөхөн хэдэн малтай. ...Хааяа нэг архи уучих гээд байдаг. ...Өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. ...Ах маань тайван, ажилсаг, үг цөөтэй, аливаад хүлээцтэй хүн” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...иргэн Б.Л...нэр дээр өнөөдрийн байдлаар цахим мэдээллийн санд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй бүртгэлтэй байна” гэх албан тоот /хх-ийн 74 дүгээр хуудас/,
  • Шарнууд Б.Л-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 76 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны даргын тодорхойлолт /хх-ийн 80 дугаар хуудас/,
  • Малын “А” данс /хх-ийн 79 дүгээр хуудас/,
  • Шарнууд Б.Л-ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 81 дүгээр хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаартай шийтгэвэрийн хуулбар, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-ийн /82, 83, 86-88, 95-96 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй, хохирогч нар өөрсдийн эд хөрөнгийг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Дээрх гэмт хэргүүдийг шүүгдэгч Б.Л- ганцаараа үйлдсэн болох нь шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Л- нь шунахайн сэдэлтээр 2018 оны 04 дүгээр сарын 10-наас 2018 оны 04 дүгээр сарын 11-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төвд оршин суух иргэн П.Э-ын байшингийн цонхыг хагалж, хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж 32 инчийн зурагтыг нууцаар авч, 350.000 төгрөгийн хохирол учруулан, мөн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 1 дүгээр хороонд оршин суух иргэн Б.Б-ын илүү гэрт нэвтрэн орж монгол эмээлийн шинэ гөлөм, олом, жирэм зэрэг зүйлийг хууль бусаар авч, 180.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, хохирогч П.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 14, 17 дугаар хуудас/, хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 22, 25 дугаар хуудас/, гэрч Б.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/, гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрч Н.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/, гэрч А.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/, хохирогч П.Э-ын хулгайд алдсан гэх LG маркийн 32 инчийн зурагтыг 350.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 45 дугаар хуудас/, хохирогч Б.Б-ын хулгайд алдсан гэх гөлөм, суран олом, жирэмийг нийт 180.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 49 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 70 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Мөн шүүгдэгч Б.Л-ын үйлдэлд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “орон байранд нэвтэрч” үйлдсэн байна.

Учир нь бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрийнх нь үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр атлаа өөрт ашиг хонжоо олох зорилгоор, “бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломж бүрдүүлж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг санаатайгаар “хүн байнга амьдрах орон байр”-нд буюу хохирогч П.Э-ын байшингийн цонхыг хагалан, хохирогч Б.Б-ын илүү гэрт нэвтрэн орж дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Б.Л-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эд хөрөнгөд 530.000 төгрөгийн бодит хор уршиг учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч П.Э-ын “...хулгайд алдагдсан LG маркийн 32 инчийн зурагтаа буцааж авсан, ...цонх шиллэсэн мөнгийг Л- өгсөн болохоор ямар нэгэн хохирол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14, 17/,

Хохирогч Б.Б-ын: “...Б.Л- гөлөмийг буцаан өгч жирэмний 30.000 төгрөгөө бэлнээр өгсөн болохоор хохирол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22, 25/ гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Л-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Л-ын 2018 оны 04 дүгээр сарын 10-наас 2018 оны 04 дүгээр сарын 11-нд шилжих шөнө шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төвд оршин суух иргэн П.Э-ын байшингийн цонхыг хагалж, хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж 32 инчийн зурагтыг нууцаар авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 1 дүгээр хороонд оршин суух иргэн Б.Б-ын илүү гэрт нэвтрэн орж монгол эмээлийн шинэ гөлөм, олом, жирэм зэрэг зүйлийг хууль бусаар авч, 180.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж байх тул шүүгдэгч Б.Л-ын дээрх 2 удаагийн үйлдэл нь үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцогдохоор байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нараас уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч нь гэмт хэргийг зориуд санаатайгаар үргэлжилсэн үйлдлээр үйлдэж байгааг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүй болно.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Л-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 530.000 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, шүүгдэгчийн нас, хүйс, биеийн байдал зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах ...орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа шүүгдэгч хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасны дагуу түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Л-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Л-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.Л-т ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан “2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал болон шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ц-н “хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус харгалзан үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                    

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Л-ыг “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Л-ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-т оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Л- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ