Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 452

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2016/00484/И 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн “Баянмөнхийн” 7-07 тоотод оршин суух, Охин овогт Энхтуяагийн Энхбаатарт (СЭ 64092011)  холбогдох,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Хийдийн” 25-07 тоотод оршин суух, Далай ван овогт Сүхийн Энхжаргалын (СЭ 69021003) нэхэмжлэлтэй,
"гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох" тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.Энхжаргал  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Э.Энхбаатартай анх 2002 онд танилцаж 2004 гэрлэлтээ батлуулж хамтран амьдрах болсон юм. 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүү Э.Чинболор төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас болон 2012 оноос эхлэн тусдаа амьдрах болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Э.Чинболор нь эх С.Энхжаргал миний асрамжинд өсч торнисон ба цаашид ч гэсэн хүүгээ асрамжиндаа байлгах хүсэлтэй тул хүү Э.Чинболорыг миний асрамжид үлдээж эцэг Э.Энхбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ. (хх-ийн 1 тал)

Хариуцагч Э.Энхбаатар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.Энхбаатар миний бие, нэхэмжлэгч С.Энхжаргалын тус шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй болно.
Бид эвлэрсэн тул шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 14 тал)

Нэхэмжлэгч С.Энхжаргал нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: С.Энхжаргал би гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Хариуцагч Э.Энхбаатартай харилцан тохиролцож, хүү Э.Чинболорт сар бүр 130 000 төгрөгийн тэтгэлэг төлж байхаар тохиролцлоо. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүү Э.Чинболорыг өөрийнхөө асрамжид үлдээх хүсэлтэй байна. 
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй болно.
Бид эвлэрсэн тул шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 16-17 тал)

Хариуцагч Э.Энхбаатар нь шүүхэд гаргасан эвлэрэлийн гэрээндээ: Хариуцагч Э.Энхбаатар би, нэхэмжлэгч С.Энхжаргалын тус шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Миний бие С.Энхжаргалтай харилцан тохиролцож, хүү Э.Чинболорыг эх С.Энхжаргалын асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэгт сар бүр 130 000 төгрөг өгч байхаар  тохиролцлоо. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна.
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй болно.
Бид эвлэрсэн тул шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 16-17 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Энхжаргал  нь хариуцагч Э.Энхбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, гэрлэлтээ цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчид нь 2005 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж,  2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүү Э.Чинболорыг төрүүлсэн болох нь № 0002286 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар, (хх-ийн 8 тал) иргэний үнэмлэхийн хуулбар, (хх-ийн 4 тал) № 01100828/17 дугаартай төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, (хх-ийн 8 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна. 
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу  эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч зохигчид нь эвлэрээгүй байна. Иймд зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзэв.  (хх-ийн 9 тал)
Зохигчид нь 2012 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, (хх-ийн 1, 14, 16, 17 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар зохигчид нь 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүү Э.Чинболорыг эх С.Энхжаргалын асрамжинд үлдээхээр харилцан тохиролцож, эцэг Э.Энхбаатар нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна. (хх-ийн 16-17  тал) 

Иймд гэрлэгчдийн хооронд хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаангүй байна гэж үзэж хүү Э.Чинболорыг эх С.Энхжаргалын асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.
Мөн зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.

Зохигчид нь өөрсдийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна. Шүүх хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-д зааснаар шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв. 

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг  удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч Далай ван овогт Сүхийн Энхжаргал, хариуцагч Охин овогт Энхтуяагийн Энхбаатар нарын гэрлэлтийг цуцалсугай.
                                                
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Э.Чинболорыг эх С.Энхжаргалын асрамжинд үлдээсүгэй. 
    
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Э.Чинболорыг 11 нас хүртэл, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай хүүхдэд сар бүр 130 000 төгрөгийг эцэг Э.Энхбаатарын сар бүрийн цалин, орлогоос тэтгэлэг гаргуулж хүү Б.Гантогтоход олгосугай.

4.    Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д  зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх С.Энхжаргалд даалгасугай.

5. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулсугай.    
            
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Энхжаргал нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төргөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Энхбаатараас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Энхжаргалд олгосугай.
                       
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Энхзулд даалгасугай. 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ЦЭРЭНДУЛАМ