Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 038

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Орчуулагч, хэлмэрч А.Е,

Улсын яллагч М.Ф

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.З

Шүүгдэгч Т.Е, Б.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ф Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Е, Б.Х нарт холбогдох эрүүгийн 1813003490239 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ** дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш ургийн овогт Т Е, регистрийн дугаар БИ****

 

2. Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгйин Цэнгэл сумын ** дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, С ургийн овогт Бийн Х, регистрийн дугаар БЛ****

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Е, Б.Х нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн орой Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 7 дугаар багийн нутаг “Шар нуур” гэх газарт бэлчээрт байсан иргэн Т.Ж-ийн үхрийн сүргээс 2 толгой үхэр хулгайлж нядлаад гэдэс, уушиг, элэг зэрэг дотор эрхтнүүдийг чулуугаар дарж, бусад мах, эд эрхтнүүдийг Т.Ейн эзэмшлийн "Тоёота Харриер" маркийн тээврийн хэрэгслээр ачиж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын малын ченж нарт худалдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Е, Б.Х нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн орой Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 7 дугаар багийн нутаг "Шар нуур" гэх газарт бэлчээрт байсан иргэн Т.Жийн үхрийн сүргээс 2 толгой үхрийг хулгайлж нядлаад гэдэс, уушиг, элэг зэрэг дотор эрхтнүүдийг чулуугаар дарж, бусад мах, эд эрхтнүүдийг Т.Ейн эзэмшлийн "Тоёота Харриер" маркийн тээврийн хэрэгслээр ачиж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын малын ченж нарт худалдаж мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь:

 

- Иргэн Т.Жээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,

- Хохирогч Т.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрөө өвөл сумын төвд өвөлждөг ба зун хөдөө Цэнгэл сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Шар говь” газар мал хариулж зусдаг юм. 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өглөө 11 цагийн үед адуу малаа үзэх гэж Шар нуурт очсон ба Шар нуурын Улаанхус талаас миний өмнөх өдөр туусан үхэр сүрэг маань гараад ирэхээр нь харж тоолоход 2 үхэр байхгүй байсан. Тэгээд нэг толгой дээр гараад хараад байхад уг толгойны доод хэсэгт цус байсныг анзаарч тийшээ очоод харсан чинь нилээн их цус гоожсон байдалтай байсан. Тэгээд тэр хавийг ажиглаж үзэхэд уг чулуутай толгойны дунд хэсэгт том том чулуунуудын завсарт хоёр үхрийн гэдэс, элэг, уушиг гэх мэтийн дотор эрхтэнүүдийг хийж дээрээс нь том том чулуугаар дарж нуусан байсан. Миний бие хулгайд алдсан хоёр үхрийн хохирлыг бүрэн барагдуулж авсан. 2 үхрийн хохирол 2000000 төгрөгийг бүрэн төлүүлж авсан. Мөн Т.Е, Б.Х нарыг уучилсан, ямар нэгэн гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг  /хх-ийн 23-27 дугаар хуудас/,

 

- Гэрч Б.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Шар нуур”-ын эргээс 3 километрийн зайд өвөлжөндөө төрсөн баз болох Жийн портер машинаар нүүж ирсэн. Харин маргааш нь буюу Т.Ж 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 10 цагийн үед мотоциклээр ирээд “Хөтөлийн цаана манай 2 тооны үхрийг нядлаад аваад явсан байна. Гэдэс дотрыг нь чулууны завсарт нуугаад орхисон байна” гэж ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн “...Уг үхэр нядалсан гэх газар цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон. Үүнээс 11 метрийн зайтай нэг толгойн дунд хэсэгт хоёр чулууны завсарт хоёр үхрийн гэдэс, элэг, уушиг гэх мэтийн малын   дотор эрхтэнүүдийг хаяж, дээрээс нь том том хавтгай чулуугаар дарж нуусан байв.  Уг хэргийн газраас тээврийн хэрэгслийн мөр, хүний гутлын мөр илэрсэнийг гэрэл зургаар бэхжүүлэн авав.” гэх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-16 дугаар зүйл/,

- Мал хулгайлан нядлах үед өмсөж явсан гэх цээживчтэй усны гутлыг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, хураан авсан болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 81-85 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Т.Ейн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Х бид хоёр машин дотор сууж байхдаа хоёулаа үхэр нядлаад зарж борлуулъя гээд тохирсон юм. Тухайн өдөр орой 19 цагийн үед миний “Тоёота Харриер” маркийн тээврийн хэрэгслээр “Рысжан” ШТС-ын газар очоод 50000 төгрөгөөр машиндаа бензин хийж аваад тэгээд сумаас 3-4 километр зайд орших нэг дов руу гарсан. Тэр довоос ажиглахад ямар нэгэн мал харагдаагүй тул цаашаагаа бас 5-6 км явж Шар нуурын хавьд очиход 6-7 казак үхэр бэлчиж байсан ба тэнд машинаа орхиод бид зориулалтын цув, усны гутал өмсөөд тэнд бэлчиж байсан үхэр дотроос нэг улаан зүсмийн үхрийг барьж авч ирээд тухайн газар нядлаад арьс ширийг нь машины тээшинд дэвсээд махаа тавьсан. Дараа нь бас хар зүсмийн үхрийг барьж ирээд бас нядлаад махыг нь машины тээшинд ачиж тавиад тэндээс хөдлөөд замдаа мал нядалсан хутгаа хаячихаад орой 23 цагийн үед Улаанхус сум орж ирсэн. Бид учирсан хохирлыг нь бүрэн барагдуулж  өгсөн. Би бусдын малыг хулгайлж нядлан   хууль бусаар зарж борлуулснаа хүлээн зөвшөөрч байна. ...Тэгээд би тэр эмэгтэйгээс гуйж байгаад арай гэж бичүүлж авсан юм. Тэгээд гарал үүслийн гэрчилгээ аваад гарч ирээд өмнө авсан таксийг хүлээлгэсэн байсан ба тэр таксинд буцаад суугаад тэр жолооочид мөн адилхан “Таньд таньдаг ченж байна уу?. Хөдөөнөөс мах байгаа. Тэрийг зарах гэсэн юм” гэж хэлсэн.  Жолооч “Надад нэг таньдаг хүн байгаа. Би залгаадахъя” гэж хэлээд нөгөө хүн рүү залгаад мэндлээд “Та мах авч байгаа юм уу. Энд хөдөөнөөс ирсэн 2 үхрийн мах байгаа юм байна. Та авах уу?” гэж хэлсэн ба таксины жолооч тэр хүний нэр усыг хэлээгүй. ...Бидний зарсан мах 500000 /таван зуун мянга/ төгрөг болсон юм. Тэгээд 2 үхрийн арьсыг тус бүр 10000 төгрөгөөр нийт 20000 төгрөгөөр өгөөд бүгд 520000 төгрөг авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50, 158-159 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Т.Ейн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид нарт тухайн үед мөнгө хэрэгтэй болсон учраас ийм зүйл хийлээ. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлэхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 - Шүүгдэгч Б.Хы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид манай гэрийн гадаа ирээд машин дотор сууж байхдаа хоёулаа үхэр нядлаад зарж борлуулъя гээд тохиролцоод орой 19 цагийн үед Т.Е над руу “Би гэрээсээ гарлаа. Чи Цагаан худаг дээр хүрээд ир” гэхээр нь би яваад очсон ба Т.Е өөрийн “Тоёота Харриер” маркийн тээврийн хэрэгслээр намайг хүлээж байсан. Тэгээд бид уг тээврийн хэрэгслээр “Рысжан” ШТС-ын газар очоод 50000 төгрөгөөр машиндаа бензин хийж аваад тэгээд сумаас 3-4 километр зайд орших нэг дов руу гарсан. Тэр довоос ажиглахад ямар нэгэн мал харагдаагүй тул цаашаагаа бас 5-6 километр явж Шар нуурын хавьд очиход 6-7 казак үхэр бэлчиж байсан ба тэнд машинаа орхиод бид зориулалтын цув, усны гутал өмсөөд тэнд бэлчиж байсан үхэр дотроос нэг улаан зүсмийн үхрийг барьж авч ирээд тухайн газар нядлаад арьс ширийг нь машины тээшинд дэвсээд махаа тавьсан. Дараа нь бас хар зүсмийн үхрийг барьж ирээд бас нядлаад махыг нь машины тээшинд ачиж тавиад тэндээс хөдлөөд замдаа мал нядалсан хутгаа хаячихаад орой 23 цагийн үед Улаанхус сум орж ирсэн. Бид учирсан хохирлыг нь бүрэн барагдуулж өгсөн. Би бусдын малыг  хулгайлан нядлан хууль бусаар зарж борлуулснаа хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн үед уг олсон орлого болох 520000 төгрөгийг хүн бүр 260000 төгрөгөөр хоёр хувааж авсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 51 -52, 160-161 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Б.Хы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөнгө шаардлагатай байсан болохоор ийм зүйл хийлээ. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт байхгүй бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байна. Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон шүүгдэгч нарын мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй, цаг хугацаа, үйл баримтын талаар тохирч байна. Уг нотлох баримтуудыг цуглуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогч болон гэрчийн хуульд заасан эрхийг хязгаарласан, хангаагүй зэрэг байдал тогтоогдоогүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Уг хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлснийг шүүхийн хэлэлцүүлгээр мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байх бөгөөд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал, малын ченж нар мал худалдан авахдаа малын гарал үүслийн бичгийг нарийн шалгаж нягталдаггүй, хямд үнээр хулгайн байж болох магадлал өндөр малыг худалдан авдаг байдал, цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын газраас гарал үүслийн бичгийг хууль журмын дагуу олгодоггүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Т.Е, Б.Х нар нь мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох амар хялбар аргаар мөнгөтэй болох зорилгоор шунахайн сэдэлттэйгээр уг гэмт хэргийг санаатай үйлдэж, бусдад мэдэгдэлгүй хэн нэгэнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан малын эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр анхнаасаа мал хулгайлах зорилгоор очиж уг гэмт хэргийг санаатай үйлдсэн байна.

Эрүүгийн хуульд зааснаар мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаардаг бөгөөд олон тооны мал гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгодог юм. Шүүгдэгч нар нь 2 тооны үхэр анх удаа хулгайлсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзнэ.

Шүүгдэгч нар нь хууль бусаар олсон эд зүйлийг өөрийн дураар захиран зарцуулж бусдад худалдан борлуулсан байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул дээрх хууль бус үйлдэл нь төгссөн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд шүүгдэгч Т.Е, Б.Х нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч нар нь хууль бус үйлдлийнхээ улмаас хохирогч Т.Жт 2000000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирлын баримтаар тогтоогдсон байна. Учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогчийн бичиж өгсөн баримт зэргээр батлагдаж байх тул шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Е, Б.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн.

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Т.Е, Б.Х  нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан,  үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд 250 цаг, шүүгдэгч Т.Ед 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж  уг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын засаг даргын тамгын газарт хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.Е, Б.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Хы эд хөрөнгө битүүмжлэгдээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, мөн зүйлийн 2-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл ...нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Т.Е, Б.Х нар нь мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч Т.Ейн эзэмшлийн “Тоёота харриер” маркийн **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан болох нь нотлох баримтаар тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Шүүгдэгч Т.Е, Б.Х нар нь мал хулгайлах гэмт хэргийг үйлдэж тус бүр 260000 /хоёр зуун жаран мянга/ төгрөгийн орлого олсон болох нь шүүгдэгч нарын “...Бидний зарсан мах 500000 /таван зуун мянга/ төгрөг болсон юм. Тэгээд 2 үхрийн арьсыг тус бүр 10000 төгрөгөөр нийт 20000 төгрөгөөр өгөөд бүгд 520000 төгрөг авсан. ...Тухайн үед уг олсон орлого болох 520000 төгрөгийг хүн бүр 260000 төгрөгөөр хоёр хувааж авсан юм.” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул уг гэмт хэрэг үйлдэж олсон орлого 520000 /таван зуун хорин мянга/ төгрөгийг шүүгдэгч тус бүрээс 260000 /хоёр зуун жаран мянга/ төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

  Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж мал нядлахдаа өмссөн гэх эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хар хөх өнгийн 120 сантиметрийн урттай, 46 размерын 1 хос гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлээ.

            Шүүгдэгч Т.Е, Б.Х нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Е, Б.Х нарын иргэний үнэмлэх, шүүгдэгч Т.Ейн эзэмшлийн №**** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч Шургийн овогт Ты Е, С ургийн овогт Б-кийн Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газарт шүүгдэгч Б.Хд 250 /хоёр зуун тавин/ цаг, шүүгдэгч Т.Ед 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй. 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Е, Б.Х нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Е, Б.Х нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Т.Е, Б.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэндээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Хы эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Ейн эзэмшлийн гэмт хэрэг үйлдэх үед ашигласан “Тоёота харриер” маркийн **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 520000 /таван зуун хорин мянга/ төгрөгийг шүүгдэгч Т.Е, Б.Х нараас тус бүр 260000 /хоёр зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж тус тус улсын орлого болгосугай.

             7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар хөх өнгийн 120 сантиметрийн урттай, 46 размерын 1 хос гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

             8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Т.Е, Б.Х нарын иргэний үнэмлэх, шүүгдэгч Т.Ейн эзэмшлийн №***** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

             9. Шүүгдэгч Т.Е, Б.Х нарт урьд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

             10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

              11.  Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.ДОРЖБАЛ