| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00472/И |
| Дугаар | 454 |
| Огноо | 2016-08-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 454
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2016/00472/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “А” танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам оролцов.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баямөнхийн 3-19 тоотод оршин суух, Шаанан овогт Доржжовдын Долгоржавын “ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг” хүссэн хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 05-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Д.Долгоржав нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Миний бие 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн мал эмчилгээний цэгт малчнаар ажилласан юм. 1990 онд ардчилсан тогтолцоонд шилжиж нэгдлийн малыг хувьчлахад ажилгүй болсон. Тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, хөдөлмөрийн дэвтэр нээлгэсэн он, сар, өдөр нь ажилд орсон хугацаатай зөрүүтэй тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Нэхэмжлэлтэй холбоотой гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 1, 17 тал)
Иргэн Д.Долгоржав нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Миний ээжийн бие тааруу байгаа учир намайг оролцуулалгүйгээр шүүх хуралдаан хийж өгнө үү гэжээ. (хх-ийн 29 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Д.Долгоржав нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн мал эмчилгээний цэгт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\ажилласан жил\454-Ш-И Долгоржав.docx
Хүсэлт гаргагч Д.Долгоржавын хөдөлмөрийн дэвтэр нээлгэсэн он, сар, өдөр ажилд орсон хугацаатай зөрүүтэй, ажилд орсон, халагдсан тушаал байхгүй тул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох үндэслэлгүй гэжээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлт гаргагч Д.Долгоржав нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Д.Долгоржав нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч СЕ-66060303 регистрийн дугаартай, Шаанан овогт Доржжовдын Долгоржав нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд малчнаар 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Гэрч С.Цэрэннадмидын: ...би Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд 1980 оноос 1990 он хүртэл мал эмчилгээний цэгт ядарсан мал тэжээдэг байсан...Д.Долгоржав бид хоёр нэг нутгийнх учраас сайн мэднэ... Д.Долгоржав нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 22-23 тал)
2. Гэрч Д.Нацагдоржийн: ... би Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд 1980 оноос 1990 оныг хүртэл хугацаанд мал эмчилгээний цэгт малын эмчээр ажиллаж байсан... Д.Долгоржавыг “Тэмцэл” нэгдэлд хамт ажиллаж эхэлсэн цагаас эхлэн мэддэг болсон... Д.Долгоржав нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал эмчилгээний цэгт мал тэжээдэг байсан... Тухайн үед нэгдлийн даргаар Хээшиг, Дугарсүрэн гэдэг хүмүүс ажиллаж байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 25-26 тал)
3. Хэнтий аймгийн архивын цалингийн тодорхойлолтод: Хүсэлт гаргагч Д.Долгоржав нь 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд авч байсан цалинг он, сар, өдрөөр нь бичсэн байна. (хх-ийн 5 тал)
4. Хүсэлт гаргагч Д.Долгоржав нь 1983 оны 05 дүгээр сарын 06-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарт: Шаанан овогт Доржжовдын Долгоржав нь 1981 оны 01 дүгээр сар, 1982 оны 9-12 дугаар сар, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд авч байсан цалинг он сараар нь бичсэн байна. (хх-ийн 6 тал)
5. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Шаанан овогт Доржжовдын Долгоржав, 1966 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, СЕ-66060303 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 9 тал)
6. Хүсэлт гаргагч Д.Долгоржавын шүүхэд гаргасан тайлбар (хх-ийн 17 тал) зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч Д.Долгоржав нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан байна. (хх-ийн 29 тал)
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлыг талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн заалтыг биелүүлээгүй нь буруутай үндэслэл болж байна.
Хүсэлт гаргагч Д.Долгоржав нь 1981, 1982 онуудад ажиллаж байсан талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул тухайн үед ажиллаж байсныг тогтоох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СЕ-66060303 регистрийн дугаартай Шаанан овогт Доржжовдын Долгоржавыг Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малнаар ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
2. Нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Долгоржавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ