Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 041

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Орчуулагч, хэлмэрч А.Е,

Улсын яллагч М.Ф,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т,

Шүүгдэгч Х.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Ф Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913000250043 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Х-ын Е, 1989 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын* дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БИ****

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Е нь бэр эгч М.Аийг ахуйн маргааны улмаас хөл рүү нь өшиглөж зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  1. Шүүгдэгч Х.Е нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ах Х.Байболтын гэрт бэр эгч М.Аийг ахуйн маргааны улмаас хөл рүү нь өшиглөж зодсоноос түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
  2.  

            - Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 42 дугаартай: “...Иргэн М.Аийн биед зүүн шуунд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн тохойны хөдөлгөөн хязгаарлагдсан, зүүн өвдөг орчим битүү хавантай, зөөлөн эдийн бэртэл гэмтэлтэй, зүүн хөлний өвдөгний үений үрэвсэлтэй, зүүн өвдөгний хөдөлгөөн хязгаарлагдсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.” гэх /хх-ийн 33 дугаар хуудас/ шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна.

 

            Хохирогч М.Аийн эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч Х.Е учруулсан болох нь:

 

- Хохирогч М.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Чи өнгөрсөн жил авсан нөөтбүүкийн мөнгийг яагаад өгчихөж болдоггүй юм бэ гэхэд хэл амаар доромжлон “Чи л энэ бүх хэрүүлийг үүсгэж байдаг” гээд миний зүүн хөл рүү өшиглөсөн. Дахиж гараараа миний толгой руу цохих гэхээр нь би гараа өргөж хааж хамгаалсан. Миний зүүн өвдөг рүү нэг удаа баруун хөлөөрөө өшиглөж, баруун гараараа миний зүүн гарын шуу хэсэгт нэг удаа цохисон. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биед учирсэн гэмтэл бүгд эдгэрсэн. Х.Е надаас хийсэн үйлдлээ гэмшиж уучлалт гуйсан болохоор одоо санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,

- Гэрч Х.Байсолтаны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х.Е нь М.Аийн зүүн хөлний өвдөг хэсэгт хөлөөрөө өшиглөж, зүүн талын гарын шуу хэсэгт баруун гараараа цохисон. М.Аийн зүүн өвдөг болон зүүн гарын шуу хэсэг нь хөхөрсөн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч Б.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Х.Е ах ээжтэй хэрэлдээд бас зодож байсан. Мөн аавтай бас зодолдсон” гэх мэдүүлэг. /хх-ийн 30 дугаар хуудас/

- Шүүгдэгч Х.Еын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би билльярд тоглоомын газраас Байболат ахын гэрт ороход  А- үүдний өрөөнд байсан ба над руу хэл амаар доромжлон новш минь мөнгө өг гэж дайрахаар нь М.Аийн зүүн өвдөг рүү нэг удаа өшиглөсөн ба дахиад дайрахад баруун гараараа далайхад М.Аийн зүүн гарын шуу хэсэгт хүрсэн.  ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Х.Еын дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Е нь бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

            Иймд шүүгдэгч Х.Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд “Хохирогч М.А Х.Еын учруулсан зүүн хөлний өвдөг, зүүн гарны шуунд үүссэн хөхрөлт, хавагнал одоо бүрэн эдгэрсэн. Ямар нэгэн зардал гараагүй. Х.Е нь миний хадам дүү, хийсэн үйлдэлдээ гэмшиж уучлалт гуйсан болохоор би уучилсан ямар нэгэн гомдол, маргаан байхгүй.” гэх хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Х.Еыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ерболатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Х.Е урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч Х.Еын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, зэргийг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

            Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Е нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

Шүүгдэгч Х.Еад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримт болох иргэний цахим үнэмлэхийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, мөн хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т ургийн овогт Хын Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Еыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Еад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Шүүгдэгч Х.Е нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шүүгдэгч Х.Еад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Хэрэгт бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч Х.Еын иргэний цахим үнэмлэхийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  8.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.ДОРЖБАЛ