| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00482/И |
| Дугаар | 455 |
| Огноо | 2016-08-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 455
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2016/00482/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “А” танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Ц.Нямсүрэн
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам оролцов.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 3-31 тоотод оршин суух, Хурц овогт Цэдэвийн Нямсүрэнгийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг” хүссэн хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 14-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Ц.Нямсүрэн нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хэнтий аймгийн Тээврийн удирдах газарт 1977 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс жолоочоор ажиллаж эхэлсэн бөгөөд 1982 оны 09 дугаар сарын 10-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд группэд орсон. Группын хугацаа дуусч 1982 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажилдаа эргэн орсон болно. Энэ өдрийн тушаал хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглэгдсэн боловч тамга дарагдаагүй юм. Тухайн хугацаанд ажиллаж байсан бүхий л нотлох баримтуудаа бүрдүүлсэн учир үүнийг үндэслэн 1982 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Нэхэмжлэлтэй холбоотой гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэв. (хх-ийн 1 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Ц.Нямсүрэн нь 1982 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Тээврийн удирдах газарт жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Шүүх хүсэлтийг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ц.Нямсүрэнгийн хөдөлмөрийн дэвтрийн ажилд орсон тушаалд тамга дарагдаагүй учир аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох үндэслэлгүй гэжээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлт гаргагч Ц.Нямсүрэн нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Ц.Нямсүрэн нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч СЮ-56080510 регистрийн дугаартай, Хурц овогт Цэдэвийн Нямсүрэн нь 1982 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Тээврийн удирдах газарт жолоочоор ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Гэрч А.Нямдаваагийн: ... би 1977 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сар хүртэл Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Тээврийн удирдлагын газар”-т жолоочоор ажиллаж байсан юм.. Ц.Нямсүрэнг 1977 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Тээврийн удирдлагын газар”-т жолоочоор орсон тэр цагаас мэддэг болсон... Ц.Нямсүрэн нь авто баазад 1977 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1982 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад группэд орж, 3 сарын дараагаас эхлэн 1995 он хүртэл тасралтгүй ажилласан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 21-22 тал)
2. Гэрч Б.Чулуунбаатарын: ...би 1977 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Тээврийн удирдлагын газар”-т ачаа тээврийн жолоочоор ажиллаж байсан...Ц.Нямсүрэнг 1977 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Тээврийн удирдлагын газар”-т жолоочоор орсон тэр цагаас мэддэг болсон....Ц.Нямсүрэн нь 1990 онд “Онц тээвэрчин”, “Осолгүй манлай” жолоочоор тус тус шагнагдаж байсан... Тухайн үед “Авто тээврийн 10 дугаар бааз”-ын даргаар Нанриг, Төмөрбаатар, Тайхар, Жаргалсайхан, Чимчгээ нар ажиллаж байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 24-25 тал)
3. Хүсэлт гаргагч Ц.Нямсүрэнгийн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарт: Ц.Нямсүрэнг 1982 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Тээврийн удирдах газарт жолоочоор ажиллуулсугай гэжээ. (хх-ийн 4-5 тал)
4. Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Гишүүний бат илэрхийлэх, 60 жилийн ойн баярын ном, баярын бичиг, сайшаалын үнэмлэхийн хуулбарууд (хх-ийн 7-8 тал)
5. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Хурц овогт Цэдэвийн Нямсүрэн, 1956 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, СЮ-56080510 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 6 тал)
6.Хүсэлт гаргагч Ц.Нямсүрэнгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар (хх-ийн 26 тал) зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СЮ-56080510 регистрийн дугаартай, Хурц овогт Цэдэвийн Нямсүрэнг 1982 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Тээврийн удирдах газарт жолоочоор ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Ц.Нямсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ