Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/152

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Амартүвшин,

Шүүгдэгч Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн 1938001200177 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.А.

Шүүгдэгч Б.А- нь 2018 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн О.Б-ийн гэрээс Б.С- О.Б- нарын 4 ширхэг гар утсыг хулгайлж 440.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Б.А- нь шунахайн сэдэлтээр 2018 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн О.Б-ийн гэрт унтаж байгаад гарч явахдаа Б.С- О.Б- нарын 4 ширхэг гар утсыг хулгайлж 440.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр хуудас/,

- Хохирогч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 26 ны шөнө ...2 цаг болж байхад “Ноёд” баарнаас гараад 13 дугаар хороонд найз Ц-ын гэрт очиж хөзөр тоглож байгаад ... тоотод найз Б-ын гэрт очиход Б- ганцаараа уйлсан сууж байсан. Тэгэхээр нь юу болсон юм бэ гэж асуухад А-, Б- хоёр 1 шил архи ууж байгаад зодоон хийхээр нь цагдаа дуудаад өгчихлөө гэсээр сууж байсан. Би тэндээ хоноод байж байтал өглөөгүүр 08 цагийн орчим А-, Б- хоёр ороод ирсэн. Тэгтэл А- надаас хэрүүл өдөөд байхаар нь би унтаач чи гэсэн. Тэгтэл хэвтэж байгаа харагдсан. Тэгээд хэсэг унтаад 10 цагийн орчим сэртэл С- утас чинь алга байна гэхээр нь босоод утсаа хартал алга болсон байсан. ...Саарал өнгөтэй Жи-7 маркийн утас, ягаан өнгийн гэртэй Нөт-2, цагаан өнгөтэй Эс-2, хөх өнгийн Нокио маркийн 4 ширхэг утас алга болсон. Энэ утсыг А- авсан. Өөр авах хүн байгаагүй. Би гомдолтой байна, алдсан утсаа төлүүлж авмаар байна. Би А-тэй утсаар ярихад чаддаг юм бол олоод аваарай, би мянгат айлын хүүхэд гээд доромжлоод байсан. ...Надтай сая таараад бэлнээр 25.000 төгрөг өгсөн. Би 300.000 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс 25.000 төгрөгийг хасаад одоо 275.000 төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 11 дүгээр хуудас/,

- Хохирогч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 26-нд манай найз С-, манай найз залуу Б-, мөн миний таних А- бид нар манайд буюу миний түрээслэж байсан Мөрөн сумын ... тоотод пиво ууж байгаад бүжгэнд дөрвүүлээ явсан. Бүжгэн дээрээс С- 13 дугаар хороо руу найзындаа очно гээд явсан. Би “Ноёд” баарнаас шөнийн 00 цаг өнгөрч байхад гэртээ ганцаараа харьсан. Тэгтэл шөнийн 02:00 цаг өнгөрч байхад Б-, А- нар 1 шил архитай манайд ирсэн. Тэр хоёр авч ирсэн архиа ууж байгаад Б- нь агсам тавиад надтай хэрүүл хийгээд байхаар нь би цагдаа дуудаж өгсөн. Тэр хоёрыг шөнө 04:00 цагийн үед цагдаа ирээд аваад явсан. Тэгтэл 1 цагийн дараа буюу 05:00 цагийн үед С- манай “найзуудтайгаа муудалцаад” гэсээр ирсэн. Тэгээд бид хоёрыг манайд унтаж байтал нөгөө хоёр 07:00 цагийн үед цагдаа дээрээс буцаад ирсэн. Тэр хоёр ирээд “ганц юм уумаар байна” гэж байснаа Б- нь унтаад өгсөн. Харин А- нь “би явлаа, түрийвч олдохгүй байна” гээд хайгаад байсан. Тэгснээ “за за олдохгүй юм байна, унтлаа” гээд С- бид хоёрын урдуур газраар хэвтэж байсан. Өглөө 10 цагийн үед сэрэхэд А- явчихсан байсан. Би утсаар ярих гэтэл миний Нокиа маркийн гар утас/3310-н шинэ загвартай/, Ноте-2 маркийн гар утаснууд алга болсон байсан. Мөн манай найз С-гийн “Самсунг Жи-7” маркийн гар утас, “Самсунг Эс-2” маркийн гар утаснууд алга болсон байхаар нь хайгаад олоогүй. ...Утасны ар талд жолооны 40.000 төгрөг, ХААН, Хас банкны картууд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/,

- Хулгайд алдсан гэх гар утаснуудыг нийт 400.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгээд буцаад Б-гийн гэрт очоод ...хэсэг унтаж байгаад Б-ын орны дээд талаас болон ширээний шургуулган дотроос 4 ширхэг гар утас аваад гарсан. ...Авсан гар утаснуудаа зах дээр танихгүй хүнд 80.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Гэрч А.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...А- нь хөдөө Арбулаг суманд ээж Э-, эмээ Д нарын хамт амьдардаг. Өөрийн гэсэн мал байхгүй. Гэртээ бараг байдаггүй, хаа сайгүй л явдаг. ...хэдэн жилийн өмнө цэрэгт яваад ирсэн, эхнэр хүүхэдгүй. Өмнө нь хулгайн хэрэгт орж байгаагүй. Томоотой, зан ааш сайтай л хүүхэд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

- Гэрч Б.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хүү маань их тайван, ажилсаг, үг дуу цөөтэй, аливаад хүлээцтэй хүн байгаа юм. ...Тогтсон орлого байхгүй, хааяа хүний хар бор ажил хийж мөнгө олдог. Нэр дээр нь мал хөрөнгө байхгүй, хүнтэй сууж тусдаа гараагүй. ...Байнга архи уугаад байдаггүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.А-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 61 дүгээр хуудас/,

- Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Уртбулаг багийн Засаг даргын тодорхойлолтын хуулбар /хх-ийн 63 дугаар хуудас/,

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Б.А- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Б.А- нь шунахайн сэдэлтээр 2018 оны 12 дугаар сарын 26-

наас 27-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн О.Б-ийн гэрт унтаж байгаад гарч явахдаа Б.С- О.Б- нарын 4 ширхэг гар утсыг хулгайлж 440.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр хуудас/, хохирогч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-9, 11 дүгээр хуудас/, хохирогч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/, хулгайд алдагдсан гэх гар утаснуудыг нийт 400.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 39 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгчийн мэдүүлж байгаа “...би архи уух гэж л авсан. Өр авлага байхгүй” /хх-ийн 59/ гэх мэдүүлгээс үзвэл шүүгдэгчийн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, иргэд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг байдал, эд хөрөнгөө хайхрамжгүй байдлаар орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч Б.А- нь шунахайн сэдэлтээр 2018 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн О.Б-ийн гэрээс хохирогч Б.С- О.Б- нарын 4 ширхэг гар утсыг хулгайлж, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна.

Шүүгдэгч Б.А-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр

дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 440.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.А-ээс ХААН банкны 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хохирогч Б.С-гийн ... дугаарын данс руу 275.000 төгрөгийг шилжүүлсэн орлогын мэдүүлгийн баримт, ХААН банкны 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн О.Б-ын ... дугаарын данс руу 140.000 төгрөгийг шилжүүлсэн орлогын мэдүүлгийн баримтыг гаргаж өгч байх тул шүүгдэгч Б.А-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” юм.

Шүүгдэгч Б.А- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.А-д 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хөвсгөл аймгийн Газрын Харилцаа Барилга хот байгуулалтын газарт гаднах зам талбай, тохижуулалтын ажил хийлгэж эдлүүлэх саналыг гаргаж байх тул улсын яллагчийн гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.А-ийг 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүйгээр 48 цагаар баривчилсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Б.А-ийн баривчлагдсан 48 цаг буюу 2 /хоёр/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 16 /арван зургаа/ цагаар тооцож эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар, Хөвсгөл аймгийн Газрын Харилцаа Барилга хот байгуулалтын газрын гаднах зам талбай, тохижуулалтын ажил хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн шүүгдэгч Б.А-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийн баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 16 /арван зургаа/ цагаар тооцож эдлэх ялаас нь хассугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.АЗЖАРГАЛ