Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2019/ШЦТ/148

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Хохирогч О.Б, Д.Д,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Доржханд,

Шүүгдэгч Ц.П, Д.Б, Б.Э, Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А, Б.Э, Доржготовын Д.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.П нарт холбогдох эрүүгийн 1938001180059 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч  Ц.П, Д.Б, Б.Э, Б.А нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Шарга морьт гэх газраас иргэн Д.Дгийн 3 тооны үхрийг хулгайлж 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.П нь мөрдөгч О.Б, цагдаа Н.Бнарыг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвийн ард эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа Ц.Пгийн хулгайлсан үхрийн махаа тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэл болох .... улсын дугаартай автомашиныг зогсоож шалгах шаардлага тавихад эсэргүүцэж зугтаах үедээ ТОЗ-8 маркийн буугаар буудаж хууль сахиулагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан галт зэвсэг хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Ц.П, Д.Б, Б.Э, Б.А нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Шарга морьт гэх газраас иргэн Д.Дгийн 3 тооны үхрийг хулгайлж 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

  Шүүгдэгч Ц.П нь мөрдөгч О.Б, Н.Бнарыг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвийн ард эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа Ц.Пгийн хулгайлсан үхрийн махаа тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэл болох ... улсын дугаартай автомашиныг зогсоож шалгах шаардлага тавихад эсэргүүцэж зугтаах үедээ ТОЗ-8 маркийн буугаар буудаж хууль сахиулагч нарыг галт зэвсэг хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргүүдийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938001180059 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Хашаан дээр очтол айл байхгүй хашаан дотор нилээн хэдэн үхэр байсан...Арай гайгүй гэсэн гурван үхрийг нь би авч явсан буугаараа толгойн тус газрт нь буудаж алаад бид тав хамжиж өвчиж янзалсан...Надаас гарсан сумын хонгионуудын нэг нь зугтаж байхдаа буу алдсан сумны хонгио, нөгөө гурав нь гурван үхэр буудсан сумны хонгио юм. Буу цэнэгтэй явсан тэгээд гүйж явах үед буудагдсан...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Машинаас буугаад байж байтал намайг үхэр эргүүлээд ир гэсэн. Үхэр эргүүлээд иртэл гурван үхэр алчихсан байсан. Бид нар үхрүүдийг янзлаад махыг нь машинд ачсан...Араас машинтай хүмүүс хөөсөн. Д.Б, Б.Э хоёр түрүүлээд зугтаасан...Ц.П, Сумьяа бид гурав машины араар хэсэг нуугдаж байгаад харанхуй руу зугтаасан. Зугтаж байхад ард буун дуу тас гээд дуугарсан...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Эзэнгүй өвөлжөөний орчим хэдэн үхэртэй таараад бид нар хэдэн үхэр цохиод авий гэж тохироод би хоёртой нь явж нөгөө үхрүүдийг ойрхон байсан зуслангийн хашаан дээр аваачаад хашсан...З үхэр унагаачихсан байсан. Бид нар хамжиж янзлаад махыг нь машиндаа ачсан...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Бид нар бүгдээрээ хашаан дээр байсан үхэрнүүдээс ганц хоёр үхэр нядлаад орий гэж тохирсон. Би үхэр тууж авчраад машинруугаа очиж хэсэг асааж байгаад ирэхэд тэд нар гурван үхэр унагаасан байсан. Унагаасан үхэрнүүдээ бид нар хамжаад янзалсан...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

     Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-13 дугаар хуудас/,

     Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

     Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авах тухай тэмдэглэл /хх-ийн 17, 19-20 дугаар хуудас/,

     Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын зөвшөөрөл, эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 23-26 дугаар хуудас/,

     Хохирогч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Үхрээ бэлчээх гэтэл тарлан хайнагийн шар, хар тарлан хайнагийн үнээ, бор хайнагийн үнээ зэрэг 3 тооны үхэр маань алга болсон байсан. Тэгээд нөхөр Даваанямтайгаа цуг ойр орчимд эрэлд гартал манай өвөлжөөнөөс 5 км зайд манай зуслангийн хашаан дээр 3 үхрийг маань нядлаад махыг нь аваад явчихсан байсан. Үхрийг маань нядалсан газар 3 толгой шийр, арьс шир, гэдэс дотрыг нь гарагаад хаячихсан, нэг машины мөр Мөрөнгийн чиглэлд явсан байсан. 3 үхрийн махаа хүлээж авсан…3 үхрийн махаа нийлүүлээд 890.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-32 дугаар хуудас/,

Хохирогч О.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би Алаг-Эрдэнэ сумын хэсгийн цагдаа дэд ахлагч Баяндалайтай хамт Хатгал тосгоны Цагдаагийн хэлтсээс зохион байгуулж байгаа арга хэмжээны хүрээнд 2019 оны 01 дүгээр сарын 27-28-ны хооронд Хужиртын даваа, Үертийн амны хооронд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн...Бид хоёрыг хөөхөд ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 10-р хорооны гудамж руу орж зугатааж байгаад эргээд Олны өтөг чиглэлд зугтсан. Тэр үед цагдаа Баяндалай нь ажлын 7038102 тоот утас руу залгаж машин саатуулах гэсэн боловч зугатаагаад байна гэж мэдэгдсэн. ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл зугатаагаад Мөрөн сумаас хойшоо гарсан ба бид хоёр машинаараа араас нь хөөгөөд Олны өтөг өнгөрөөд жалга гүвээ давж өгсөж уруудаж хөөцөлдөөд явж байтал нөгөө машины яндангаас нь утаа гараад урд мотор хэсгээс нь уур савсаад машинд нь саатал гарсан бололтой зогссон. Энэ үед би машинтайгаа хажуугаар нь өнгөрөөд замыг нь хаах санаатай урдуур нь буцаж эргээд машин руу гэрлээ тусгаад зогсоход машины жолооч талын хаалга, жолоочийн хажуу талын хаалга, зүүн хойд талын хаалга онгойгоод 3 хүн гараад зугатаасан. Тэгэхээр нь Баяндалай бид хоёр машинаас буугаад ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл рүү дөхөж явтал буун дуу тас гээд буудах чимээ гарсан. Энэ үед би гартаа том гар чийдэн барьж явсан бөгөөд гар чийдэнгээ хүмүүс зугатаасан газар луу тусгаж харахад хүрэн өнгийн дээлтэй гартаа буу барьсан хүн нь миний таних Ц.П мөн болохыг таньсан. Ц.П нь гартаа буу барьсан байсан бөгөөд цаашаа гүйж байхдаа халаасаа ухаад буугаа дахиад цэнэглэх гээд байгаа бололтой байсан. Тэрийг хараад би Баяндалайд болгоомжтой байгаарай гэж хэлээд машины арын хаалгыг хальт онгойлгож харахад сүх, малын мах зэрэг эд зүйлсийг машины арын багаажинд ачсан байдалтай байсан. Тэрийг харчихаад машин руугаа буцаж очоод нэмэлт хүч дуудахаар Мөрөн сумын чиглэлд яваад гар утасны сүлжээ орсон газраас аймгийн цагдаагийн газрын 102 тоот утсанд залган ярьж болсон асуудлын талаар мэдээлсэн...Би гомдолтой байна. Би Баяндалай бид хоёрыг албан үүргээ гүйцэтгээд явж байхад амь насыг маань хохироох санаатай буудсан гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-43 дугаар хуудас/,

Хохирогч Н.Бн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2019 оны 01 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө би Түнэл сумын хэсгийн төлөөлөгч ахлах дэслэгч О.Бтай хамт Хужиртын даваа, Сүхийн ам, Үертийн амны чиглэлд О.Бын хувийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй эргүүл хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэсэн…Пажеро маркийн тээврийн хэрэгсэл сэжиг бүхий зугтлаа гэдгийг мэдэгдээд араас нь явсан. Тэгээд Олны өтөг өнгөрөөд нилээн явж байтал нөгөө Пажеро маркийн машины урд хамранаас нь уур савсаад эвдрэл гарсан бололтой зогссон. Энэ үед бид хоёр машины баруун талаар нь тойроод буцаж эргээд машин руу гэрлээ тусгаад хартал машины арын хаалгаар хоёр хүн бууж байгаа харагдсан. Тэгэхээр нь машинтайгаа дахиад аяархан тойрч харахад нөгөө хүмүүс машиныхаа араар ороод нуугдаад байсан. Тэгэхээр нь машинаа зогсоогоод цагдаа байна гэрэлд гарч ир гэж анхааруулж хэлээд машин руу дөхөөд очиход машин цаагуур 3 хүн байгаа нь харагдсан. Тэр гурав бид хоёрыг дөхөөд очиход цаашаа зугатаачихсан. Тэгэхэд О.Б гэрлээ араас нь тусгахад нь би хартал бор өнгийн дээлтэй залуу нь гартаа буу барьчихсан гүйж явснаа эргэж хараад О.Б бид хоёрын чиглэлд буудсан. Бууны дууг сонсоход ТОЗ-8 маркийн буу байсан бөгөөд сум нь миний хажуугаар өнгөрч байгаа нь надад сонсогдсон. Тэгэхэд О.Б хөөе наашаа болоорой дахиад буудах гээд буугаа цэнэглэж байна гэхээр нь би О.Б дээр очоод бид хоёр машиндаа суугаад Мөрөн лүү нэмэлт хүч дуудахаар сүлжээтэй газарлуу явж очоод болсон явдлын талаар мэдэгдсэн...Би гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар хуудас/,

     Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Надад хэргийн талаар нарийн мэдэх зүйл алга...Нэг өдөр цагдаа нар ирээд Ц.Пг барьж аваад явсан. Араас нь ирж уулзахад малын хулгай хийсэн гэж надад хэлсэн. Тэгж л анх хулгай хийсэн талаар нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

Гэрч Л.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би 2018 оны намар Ц.П ахаас 200.000 төгрөг зээлж авсан байсан юм. Тэгээд байж байтал Ц.П ах тарваганд явчихаад ирье буугаа өгчихөөч гээд гуйгаад байхаар нь би угаасаа танд өртэй юм чинь та энэ бууг юм болгож ав гээд буугаа Ц.П ахад өгчихсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Ба-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би энэ хүнд ... улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгслээ өнгөрсөн 2018 оны 12 сард зарсан. Миний зарсан машины мотор, кроп нь эвдэрчихсэн байсан юм. Тийм учраас хямдхан 1 сая төгрөгөөр зарсан. Ц.П надад машины мөнгө гэж 500.000 төгрөг өгсөн байгаа. Одоо 500 000 төгрөг өгөх ёстой. Бид хоёр өөрсдөө учраа олоод үлдэгдэл мөнгөө авчихна...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

Гэрч Д.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2019 оны 01 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Б.Э хоногоор байхгүй болчихсон. 01 дүгээр сарын 27-ны өдөр Б.Эыг гэртээ байж байхад нь машинтай хүмүүс ирээд аваад явсан. Хаашаа ямар ажлаар явж байгааг нь надад хэлээгүй...Манайд очсон шөнө манайд цагдаа нар ирээд Д.Б, Б.Э хоёрыг аваад явсан...Би малын хулгай хийсэн талаар нь мэдээгүй байж байгаад сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Б.Э нь миний төрсөн дүү байгаа юм. Б.Эын үйлдсэн хэргийн талаар мэдэх зүйл алга. Сураг сонсох нь малын хулгайтай л холбоотой зүйл дуулдсан...Б.Э төлөв даруу зантай хүний үгээр хүний үгэнд оромтгой хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

Гэрч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Д.Бнь миний доод талын дүү байгаа юм. Би Д.Бийг хэрэгт холбогдсон талаар нь дүү Наранцэцэгээс л сонссон. Дүү маань хулгай хийгээд байх хүн биш юмсан, болохгүй хүмүүстэй нийлээд л хулгай хийсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/,

Гэрч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Д.Бнь миний ах байгаа юм. Надад хэргийн талаар мэдэх зүйл алга байна...Ахыг баригдсаны дараа цагдаа дээр ирэхэд мал хулгайлсан гэж байсан. Манай ах хүний үгээр төлөв даруу зантай хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

      Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээч Т.Бүрэнхааны 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 35, 36 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 71-72, 76-77 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлсэн тайлан /ХХ-ийн 74, 85 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Батгэрэлийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 986 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 82-84 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.Бийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 162-163, 165-170 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Эын хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 171-173 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Пгийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 175-177, 207, 2-р ХХ-ийн 1-7 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Аийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 208-209, 211-214 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Д нь шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 238 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938001180059 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтооосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн  хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийг талаар:

Шүүгдэгч  Ц.П, Д.Б, Б.Э, Б.А нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Шарга морьт гэх газраас иргэн Д.Дгийн 3 тооны үхрийг хулгайлж 2.700.000 төгрөгийн хохирол учруулан, мал хулгайлах гэмт хэргийг

Шүүгдэгч Ц.П нь мөрдөгч О.Б, цагдаа Н.Бнарыг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвийн ард эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа Ц.П, Д.Б, Б.Э, Б.А нарын хулгайлсан үхрийн махаа тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэл болох 75-71 ХӨҮ улсын дугаартай автомашиныг зогсоож шалгах шаардлага тавихад эсэргүүцэж зугтаах үедээ ТОЗ-8 маркийн буугаар буудаж хууль сахиулагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан галт зэвсэг хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.П, Д.Б, Б.Э, Б.А нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хохирогч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 29-32-р хуудас/,

Хохирогч О.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 40-43-р хуудас/,

      Хохирогч Н.Бмөрдөн шалгах ажиллагааны  шатанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 35-37-р хуудас/,

      Гэрч Л.Анхбаярын /ХХ-ийн 58-59 дүгээр хуудас/, гэрч Ц.Баттулгын /ХХ-ийн 60-61 дүгээр хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны  шатанд өгсөн мэдүүлгүүд,

      Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээч Т.Бүрэнхааны 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 35, 36 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 71-72, 76-77 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлсэн тайлан /хх-ийн 74, 85 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Батгэрэлийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 986 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 82-84 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Д нь шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 238 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б, Б.Э, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг, шүүгдэгч Ц.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг галт зэвсэг хэрэглэж  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

      Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Ц.П, Д.Б, Б.Э, Б.А нар нь бүлэглэн үйлдсэн, хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийг шүүгдэгч Ц.П нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Мөн шүүгдэгч Ц.П нь хууль сахиулагчийг эсэргүүцэн буудахдаа өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэхээр үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ц.П, Д.Б, Б.Э, Б.А нар хохирогч Д.Д3 үхэр буюу 2.700.00 төгрөгний хохирол учруулснаа нөхөн төлсөн, хохирогч О.Б, Н.Бнарт эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол учруулаагүй, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.П, Д.Б, Б.Э, Б.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах, шүүгдэгч Ц.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Бнь урьд 2000 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар, 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Шүүгдэгч Б.Э нь урьд 1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар, 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар, Шүүгдэгч Ц.П нь урьд 2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж 2 жилээр тэнссэн, 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 онд Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн суллагдсан, 2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 2017 онд хуулийн тэгшитгэлээр суллагдсан, 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.А нь урьд 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 165-170, 173, 179-207, 211-214, 2-р хх-ийн 1-7, дугаар хуудас/-аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Эрүүгийн 1938001180059  дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тамхины ишнүүд, модон иштэй сүх 1 ширхэг, модон иштэй хутга 1 ширхэг, сумны хонгио 4 ширхэг зэргийг устгаж, ТОЗ-8 маркийн модон хуй, гол төмөр нь тусдаа салсан буу 1 ширхэгийг цагдаагийн байгууллагад шилжүүлэх  нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан ... улсын дугаартай цагаан саарал өнгийн “PAJERO” маркийн тээврийн хэрэгсэлийн хууль ёсны өмчлөгч нь Ц.Б. гэх хүн байх тул прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нараас машины үнэ 1.000.000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүрээс 250.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан мал хулгайлах гэмт хэрэгт нь нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Д.Бнь 1 жил 10 сар 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ гэж заасан байх тул шүүгдэгч Д.Б1 жил 10 сар 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэх, Шүүгдэгч Ц.Пгийн хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэгт нь хорих ял оногдуулж, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.П, Д.Бнарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж тэдгээрийн хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Эын цагдан хоригдсон 25 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар буюу 200 цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээнээс хасаж, шүүгдэгч Ц.Пгийн цагдан хоригдсон 28 хоногийг, шүүгдэгч Д.Бийн цагдан хоригдсон 25 хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.А, Б.Э, Эрхий мэргэн Д.Бнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг, шүүгдэгч Ц.ПЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг галт зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Б.Э, Доржготовын Д.Б, Ц.П нарыг тус бүр 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгч Ц.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 30 /гуч/ хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн  хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Шүүгдэгч Д.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 30 хоногоор тооцож уг 30 /гуч/ хоногийн ял дээр өмнөх 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 10 /арав/ сар 19 /арван ес/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сар 19 /арван ес/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Пд оногдуулсан 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Д.Б оногдуулсан 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сар 19 /арван ес/ хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Пгийн цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг, шүүгдэгч Д.Бийн цагдан хоригдсон 25 /хорин тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.  

     7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эын цагдан хоригдсон 25 /хорин тав/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар буюу 200 /хоёр зуу/ цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялаас хассугай.

      8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Б.А нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар ... улсын дугаартай цагаан саарал өнгийн “PAJERO” маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.П, Д.Б, Б.Э, Б.А нараас тус бүр 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

10. Шүүгдэгч Ц.П, Д.Б, Б.Э, Б.А нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.      

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн 1938001180059 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тамхины ишнүүд, модон иштэй сүх 1 ширхэг, модон иштэй хутга 1 ширхэг, сумны хонгио 4 ширхэг зэргийг устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, ТОЗ-8 маркийн модон хуй, гол төмөр нь тусдаа салсан буу 1 ширхэгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

     12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ц.П, Д.Бнарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

     13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР