Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/153

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Оюунбилэг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Б.Т-, Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-, Д.Б- нарт холбогдох эрүүгийн 1738004000161 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Т.

            Монгол улсын иргэн, Д.Б.

Шүүгдэгч Б.Т-, Д.Б- нар бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-ны үед Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Өвгөд багийн нутаг “Оглого” гэх газраас иргэн Ч.Б-ын 5 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Б.Т-, Д.Б- нар бүлэглэн шунахайн сэдэлтээр 2017 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-ны үед Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Өвгөд багийн нутаг “Оглого” гэх газраас иргэн Ч.Б-ын адуунаас 5 тооны адууг бэлчээрээс таслан авч “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/,
  • Хохирогч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 18 тооны адуунаас 5 тооны адуугаа алдсан. Анх 18 тооны адуу маань байхгүй болчихоор нь бүгдийг нь алдсан гэж цагдаад мэдэгдсэн байсан. Миний адуунаас 5 тооны адууг Цэнхэрээ буюу Т-, Б- нар авч адуундаа нийлүүлсэн байсан. Бусад нь Оглогын голын цаагуур бэлчиж явахад нь хэд хоногийн дараа олсон. Би хохирлоо барагдуулсан учраас ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
  • Гэрч З.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б- ахын адуунд байсан таван адууг нь харсан. Тэр таван адуу нь хээр халзан, бор гүү, шарга унага, саарал адуу, мөн бор адуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
  • Хохирогч Ч.Б-ын хулгайд алдсан гэх 5 тооны адуу буюу хээр зүсмийн морийг 800.000 төгрөгөөр, 2 тооны хүрэн зүсмийн шүдлэнг тус бүр 500.000 төгрөгөөр, 2 тооны шарга зүсмийн даагыг тус бүр 250.000 төгрөгөөр, нийт 2.300.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 37 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын сүүл үеэр байх. Яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг сайн мэдэхгүй байна. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын иргэн Ч.Б- гэх хүний шарга азаргатай 18 тооны адууг Цагаан-Уул сумын Хүнхэрийн гол буюу Оглого гэх газарт бэлчиж байхад нь авга ах Б-тай хамт очиж уг адуунаас 5 тооны адууг ялгаж аваад тууж явсаар Мөрөнгийн голд авчирсан. Бусад адуу нь тэндээ үлдсэн. Авга ах Б- бид хоёрт мөнгөний хэрэг болсон байсан учир уг 5 тооны адууг Мөрөнд оруулж зарж борлуулах санаатай тууж ирсэн юм. Энэ хэргийг үйлдэх санааг бид хоёр ярьж байгаад

гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,

  • Шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Миний төрсөн ахын хүү болох Т-тай малаа хайж яваад Цагаан-Уул сумын Ч- гэж хүний хүүхэд болох Б-ын адуунаас 5 тооны адууг бэлчээрт байгаа бусад адуунаас салгаж аваад Мөрөнгийн гол руу тууж авчраад өөрийнхөө адуунд тавьсан. Ингээд хэд хоногийн дараа Ч- гуай таван адуугаа таниад авсан. Т- бид хоёр хохирлыг нь төлж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т- мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна”, шүүгдэгч Д.Б- мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Т-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар 4-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Б.Т-ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 64 дүгээр хуудас/-ыг, 

Шүүгдэгч Д.Б-гийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 09 дугаартай: 6. Д.Б- хэрэг хариуцах чадвартай” гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/
  • Шүүгдэгч Д.Б-гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Эрүүл мэндийн төвийн: тодорхойлолт /хх-ийн 60 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн бичиг /хх-ийн 61-63 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Эмт багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 74 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч нараас авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Б.Т-, Д.Б- нар нь дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Т-, Д.Б- нар бүлэглэн шунахайн сэдэлтээр 2017 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-ны үед Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Өвгөд багийн нутаг “Оглого” гэх газраас иргэн Ч.Б-ын адуунаас 5 тооны адууг бэлчээрээс таслан авч “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/, хохирогч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/, гэрч З.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 37 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т-ын: “...мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б-гийн: “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Б.Т-ын мэдүүлж байгаа “...Авга ах Б- бид хоёрт мөнгөний хэрэг болсон байсан учир уг таван тооны адууг Мөрөн оруулж зарж борлуулах санаатай тууж ирсэн” гэх мэдүүлгээс үзвэл шүүгдэгч нар амар хялбар аргаар мөнгө олох, иргэдийн мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг, мал сүргийн хариулга, маллагаа хангалтгүй, малаа удаан хугацаагаар бэлчээрт орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч Б.Т-, Д.Б- нар бүлэглэн шунахайн сэдэлтээр 2017 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-ны үед Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Өвгөд багийн нутаг “Оглого” гэх газраас иргэн Ч.Б-ын адуунаас 5 тооны адууг бэлчээрээс таслан авч бусдын малыг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна.

Шүүгдэгч Б.Т-, Д.Б- нарын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 2.300.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Т-, Д.Б- нар нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Ч.Б-тай “...Уг адууг Т-, Б- нар авсан тул тухайн адуугаа буцаан авсан. ...санал гомдол үгүй” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 65 дугаар хуудас/ байгуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Т-, Д.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нар гэмт хэргийг санаатай нэгдэн, бүлэглэж гүйцэтгэсэн, шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан бүлэглэж “бусдын малыг хулгайлсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн... үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж зааснаар шүүгдэгч нар нь гэмт хэргийн гүйцэтгэгч нар бөгөөд, энэхүү гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн байна.

Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Б.Т-, Д.Б- нар нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн хайхрамжгүй байдлаас болж дээрх гэмт хэргийг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Т-, Д.Б- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх хүсэлтийг тус тус харгалзан шүүгдэгч Б.Т-, Д.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Т-, Д.Б- нарт тэнссэн хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Т-, Д.Б- нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Т-, Д.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Т-, Д.Б- нарыг тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Т-, Д.Б- нарт тэнссэн хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-, Д.Б- нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Т-, Д.Б- нарт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т-, Д.Б- нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-, Д.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.АЗЖАРГАЛ