| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 101/2016/05826/И |
| Дугаар | 72 |
| Огноо | 2016-06-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 72
| 2016 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 181/ШШ2016/00072 | Улаанбаатар хот
|
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 23-р хороо, 5-р хэсэг гудамж, 10-р байр, 5-9 тоотод оршин суух, Хатгын овогт Эрдэнэбаярын Болорцэцэг /РД: ЛЗ84082162/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 13/3 UBH центерт байрлах, “Юу Би Эйч Проперти” ХХК /РД: 5574765/-д холбогдох
9 613 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Болорцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Э.Болорцэцэг нь хариуцагч “Юу Би Эйч Проперти” ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж тус компаний барьсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15-р хороолол дахь Хайпи таун хотхоны 71-р байрны 48 тоот 48.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.квыг нь 1 800 000 төгрөгөөр нийт 83 520 000 төгрөгөөр захиалсан болно.
Миний бие худалдан авсан орон сууцны талбайн хэмжилтийг хийлгэхэд 41.69 м.кв буюу талбайн хэмжээ нь худалдаж авсан хэмжээнээс бага байсан. Иймд энэхүү талбайн зөрүүгээс үүдэлтэйгээр надад учирсан хохирол 9 613 250 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: “Нэхэмжлэгч Э.Болорцэцэг нь 9 613 250 төгрөгөө 3 613 250 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 6 000 000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Болорцэцэг нь хариуцагч “Юу Би Эйч Проперти” ХХК-д холбогдуулан 9 613 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Э.Болорцэцэг нь 9 613 250 төгрөгөө 3 613 250 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 6 000 000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна.
Зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Э.Болорцэцэг нь хариуцагч “Юу Би Эйч Проперти” ХХК-д холбогдуулан 9 613 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 3 613 250 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 6 000 000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 800 төгрөгийн тал хувь болох 84400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас 84400 төгрөгийг, хариуцагч “Юу Би Эйч Проперти” ХХК-иас 110 950 төгрөгний 50 хувь болох 55475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Болорцэцэгт олгосугай.
3. Хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй дурдсугай.
ШҮҮГЧ С.ХИШИГБАТ