Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 251

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюумаа би, Л.Энхбатын Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 175/2016 тоот барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/487 дугаар захирамжийн Н.Түмэн-Өлзийд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс ирүүлсэн хүсэлтийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Энхбат шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Л.Энхбат миний бие нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 175/2016 тоот барилгын ажил эгүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/487 дугаар захирамжийн Н.Түмэн-Өлзийд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна...” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Л.Энхбат нь Нийслэлийн Засаг дарга, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан “...Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 175/2016 тоот барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/487 дугаар захирамжийн Н.Түмэн-Өлзийд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсанаа бичгээр илэрхийлжээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг дарга, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нар нь Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд уг үр дагаврын талаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгчид тайлбарлаж баримтад гарын үсэг зуруулсан болохыг дурдах нь зүйтэй. 

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар  зүйлийн 66.1-д заасныг баримтлан Л.Энхбатын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,  Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох “...Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 175/2016 тоот барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/487 дугаар захирамжийн Н.Түмэн-Өлзийд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                            Д.ОЮУМАА