Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 216/МА2016/00005

 

Д.Ч нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай   

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Лхагвамаа даргалж, шүүгч Х.Байгалмаа,  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн  хуралдаанаар;

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2016/00099 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймгийн С сумын  дугаар баг, дугаар байрны  тоотод оршин суух,  онд төрсөн, 48 настай, эрэгтэй, Ш овогт Д Ч нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М Ц х -ийн Г аймгийн Х газарт холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэзаяагийн давж заалдах гомдлыг үндэслэн тус шүүх 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр  хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Сайханаа, нарийн бичгийн дарга  Э.Бат-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Нэхэмжлэгч Д.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн “Монголын ц х” ХК-ийн Г аймгийн Х г даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар тушаалаар ахлах инженерийн үүрэгт ажлаас намайг чөлөөлсөн. Миний бие нь П.Э даргаас ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлээ тодруулахад 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр архи уусан гэсэн хариу тайлбарыг гаргасан. 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажлын цагаар архи уусан зүйлгүй, үүрэгт ажлаа зохих журмын дагуу хийж, урлаг, спортын 6 дугаар их наадмын 3 өдрийн бичлэгийг сидинд шарж буулгах ажлыг Д.У студид зохих журмын дагуу хийж гүйцэтгэсэн тул ажлаас үндэслэлгүй халагдсандаа гомдолтой байна. Намайг энэ өдөр ажил дээрээ байсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэдэг нь гэрчүүдийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд "М ц х" ХК-ийн Г аймгийн Х г даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговрыг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Ч Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 үгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд үндэслэл нь:

1. Д.Ч нь ажлын цагаар ажлын байран дээр, албан томилолтоор явахдаа удаа дараа архи уусан зөрчил гаргаж байсан. Шаардлага тавихаар үл тоомсорлосон байдлаар ханддаг.

2. 2015 оны 08 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд албан томилолтоор Шивээговь суманд ажиллахдаа архи уусан согтуу утсаар ярьсан.

3. 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр техникийн ажилчдын өрөөнд очиход жил дээр согтуу байсан. Архи уусан шалтгааныг тодруулахад хэл амаар доромжилж агсам согтуу тавьсан.

4."М ц х" -ийн өмнөд бүсийн урлаг, спортын 6 дугаар наадмын үеэр Гүйцэтгэх захирлын баталсан удирдамжийн 4.2 заалтыг зөрчиж тэмцээний үеэр архи ууж оролцох төрөлдөө ороогүй.

5.2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн өглөө дээд компаниас 6 дугаар наадмын урлаг, спортын дүрс бичлэгийг CD-д шарж буулгах үүргийг ахлах инженер Д.Ч өгсөн. Тэрээр үүрэг аваад ажилд гарсан боловч өдөржингөө алга болсон учраас би мөн өдрийн 12 цаг 25 минутад Техникийн албаны 70 утсаар асуухад өглөө бичлэг шаруулна гэж гарсан ирээгүй байна гэсэн. Үдээс хойш ажилдаа ирэхгүй болохоор нь 15 цаг 56 минутанд өрөөний - дугаарын утаснаасаа - дугаартай гар утас руу нь залгахад согтуу утсаа авсан.

Дээрх үндэслэл нь ажлаас халагдах шалтгаан болж 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Д.Ч байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон “М ц х" ХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалж дуусгавар болгосон бөгөөд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч г “М ц х” ХК-ийн Говьсүмбэр аймгийн Х г ахлах инженерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Говьсүмбэр аймгийн Х г нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 549 022 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ч олгохоор, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 17.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 141 934 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч П.Э давж заалдах гомдолдоо: ...Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 134/ШШ2016/00099 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдаан хийж, нэхэмжлэгч Д.Ч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э нь 2016 оны 07 дугаар  сарын 08- наас ээлжийн амралтаа авч Хэнтий аймагт аялалаар явж байгаад 07-р сарын 19-нд ирж явтал Хэрлэн голын авто замын гүүрээр гарч ирж чадаагүй шүүх хуралдаанаас хоцорсон. Шалтгаан нь: Говьсүмбэр аймгийн нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсны улмаас гүүрээр гарах авто машины хөдөлгөөнийг хаасан байсан.

3. Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд заасан эрх болох хууль зүйн мэргэжлийн туслалцаа авч, мэтгэлцэх эрхээр минь хангаж, шүүх хуралдааныг дахин зарлаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Д.Ч нь М Ц Х -ийн Говьсүмбэр аймгийн Х г холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагаа ажлаас чөлөөлсөн тушаал/хх-2/, хөдөлмөрийн гэрээ/хх-3-8/, хөдөлмөрийн дотоод журам/ хх-9-22/, цалингийн товчоо /хх-23-25/ зэрэгт үндэслэжээ.

Хариуцагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж  маргажээ. 

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э нь ...анхан шатны шүүх намайг эзгүйд шүүх хуралдааныг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, би 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс ээлжийн амралтаа авч Хэнтий аймагт аялалаар явж байгаад 07 дугаар сарын 19-ны өдөр ирж явтал Говьсүмбэр аймгийн нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан гэж Хэрлэн голын гүүрээр гарах авто машины хөдөлгөөнийг хаасан байсны улмаас гарч чадалгүй шүүх хуралдаанаас хоцорсон тул хуульд заасан эрх болон хууль зүйн мэргэжлийн туслалцаа авч мэтгэлцэх эрхийг минь хангаж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

 

Анхан шатны шүүх нь хэргийн оролцогчоос гаргасан, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаантай харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хэргийн материалаас үзэхэд: нэхэмжлэгч Д.Ч нь М Ц Х -ийн  Говьсүмбэр аймгийн Х г ахлах инженерээр ажиллаж байгаад тус холбооны газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ахлах инженерийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр  ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор хуульчлан зохицуулсан.

 

Дээрх  хуулиар давтан зөрчил гаргах, ноцтой зөрчил гаргах гэж сахилгын өөр өөр зөрчлийг ялган заасан  байна.

 

Ажилтны гаргасан сахилгын зөрчил нь хөдөлмөрийн хууль болон тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд үйлчлэх хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн шинжтэй байдаг.

 

Ийнхүү зөрчсөн явдал нь ажилтны хууль бус үйлдэл, эс үйлдлийн аль ч хэлбэрээр дамжин илэрч болох ба гагцхүү эдгээр зөрчлүүдийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамдаа нэрлэн зааж, тухайн зөрчлүүд нь нотлогдон тогтоогдсон байх шаардлагатай .   

 

Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Н.Ч  ажлын цагаар, ажлын байран дээр, албан томилолтоор явахдаа удаа дараа архи уусан зөрчил гаргаж байсан, удирдлагын зүгээс шаардлага тавихаар үл тоомсорлосон шинжтэй ханддаг, мөн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дээд компаниас 6 дугаар наадмын урлаг, спортын дүрс бичлэгийг CD-д шарж буулгах үүрэг авч гарсан боловч өдөржингөө алга болж тухайн өдрийн  үдээс хойш утас руу нь залгахад согтуу утсаа авсан ба дээрх үндэслэлүүд нь ажлаас халах шалтгаан болж, хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасныг зөрчсөн тул мөн журмын 10.1.2.3-т заасны дагуу  хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан гэсэн  тайлбар гаргаж, үүнийгээ нотлох зорилгоор  2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр  ахлах инженер Д.Ч утсаар ярьсан тэмдэглэл/хх-45/, телефон хэрэглэгчийн ярианы дэлгэрэнгүй бичлэг/хх-47/ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Энэхүү хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр  ахлах инженер Д.Ч утсаар ярьсан тэмдэглэл/хх-45/, телефон хэрэглэгчийн ярианы дэлгэрэнгүй бичлэг/хх-47/ зэрэг баримтууд нь хуульд заасан арга хэрэгслээр авагдаж хуулийн шаардлагыг хангасан нотлох баримт болж чадахгүй байна.

 

Учир нь  ИХШХШТХуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчоос өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай  баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.

 

ИХШХШТХуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй  шаардлагатай  нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн уг баримтуудад үзлэг, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авахуулах тохиолдолд хэргийн оролцогч нь шүүхэд бичгээр хүсэлтээ гаргасны дагуу шүүх бүрдүүлнэ.

 

Иймд  ИХШХШТХуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар   нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол  тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

 

 Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нь  шүүхэд гаргасан  тайлбараа нотлох баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчийг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, гэрч Д.У, Ш.Г, Т.Б нарын анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр Д.Чнь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр архи уусан гэдэг нь тогтоогдоогүй байна.

 

Мөн талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэлүүдийг нэрлэн заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь эдгээр зөрчлүүдийн аль зөрчлийг гаргасан болох нь тодорхойгүй, хариуцагчийн тайлбарт дурдсан үндэслэлүүдийг ноцтой зөрчилд тооцох талаар талууд харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагаагүй байна гэж үзсэн  анхан шатны шүүхийн дүгнэлт  зөв  байна.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.Ч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна .

 

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э  өөрийг нь оролцуулалгүй шүүх хуралдааныг хийсэн, мөн  2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс ээлжийн амралтаа авч Хэнтий аймагт аялалаар явж байгаад 07 дугаар сарын 19-ны өдөр ирж явтал Говьсүмбэр аймгийн нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсны улмаас Хэрлэн голын авто замын гүүрээр гарч чадалгүй шүүх хуралдаанаас хоцорсон,  хуульд заасан эрх болон хууль зүйн мэргэжлийн туслалцаа авч мэтгэлцэх эрхийг хангаж өгөхийг хүсч гаргасан гомдлын хувьд :

 Энэхүү иргэний хэргийг Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э   гаргасан ... хуульд заасан эрх болох хууль зүйн мэргэжлийн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхийг зөрчиж өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцуулсан гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын дагуу хэргийг хүлээн авч 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд 31 дүгээр магадлалаар ИХШХШТХуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, улмаар  гомдолд дурдсан эрхийг хангах нь зүйтэй гэж үзэж хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн./хх-128-132/

 

Анхан шатны шүүх хэргийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч улмаар 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Шүүх хуралдааныг товлох тухай” 610 дугаар шүүгчийн захирамж /хх- 138/ гаргаж уг захирамжаар 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 13:30 цагт шүүх хуралдааныг явуулахаар тогтоосон байх ба  шүүх хуралдаан товлосон өдрөө явагдаж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э өөрийн биеэр оролцсон байх бөгөөд тэрээр “шүүгчийг татгалзан гаргах хүсэлт” гаргасны улмаас “Шүүх хуралдаан  хойшлогдсон  байна./хх-148/

 

Үүний дараа 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “шүүх хуралдааныг товлох тухай” 653 дугаар захирамж /хх-152/ гаргаж уг захирамжаар шүүх хуралдааныг 2016.07.20-ны өдрийн 10:00 цагт явуулахаар тогтоож, хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э 2016.07.08-ны өдөр утсаар мэдэгдсэн байна. /баримт № 22 хх-155/.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо  ... Хэнтий аймагт аялалаар явж байгаад 7 дугаар сарын 19-нд ирж явтал Хэрлэн голын авто замын гүүрээр гарч  чадалгүй шүүх хуралдаанаас хоцорсон гэснээс үзэхэд тэрээр 2016.07.20-ны өдөр 10:00 цагт шүүх хуралтай гэдгийг  мэдэж байсан байна.

 

Харин тэрээр Говьсүмбэр аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан  болон өөрөө үүний улмаас саатсан гэх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Гэвч анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж мэтгэлцэх боломжоор хангахын тулд 2016.07.20-ны өдөр 670 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, 2016.07.21-ний өдөр 14:00 цагт явуулахаар тогтоож, шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг 2016.07.20-ны өдөр Говьсүмбэр аймгийн холбооны газрын ахлах нягтлан бодогч Б.Г гардуулж гарын үсэг зуруулсан байна./хх-163/

 

Мөн 2016.07.21-ний өдөр 13.00 цагт П.Э эхнэртэй уулзаж шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас өгөх талаар танилцуулсан  болох нь баримт №8-д /хх-168/, 2016.07.21-ний өдөр П.Э шүүх хуралдааны тов мэдэгдэхээр  дугаарын утас руу нь шүүхийн  дугаар утсаар залгасан боловч тэрээр утсаа аваагүй болно гэсэн шүүгчийн туслахын тэмдэглэгээ баримт №22-т тус тус  авагдсан байх тул /хх-169/  анхан шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж үзэж ИХШХШТХуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э ... шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн, мөн хууль зүйн мэргэжлийн туслалцаа авч мэтгэлцэх эрхээр хангаж өгөхийг хүсч  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2016/00099 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 08 дугаар сарын 04-ны өдөр төлсөн 141934 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172  дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал  гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг  хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ЛХАГВАМАА

                                                    ШҮҮГЧ                              Х.БАЙГАЛМАА, 

                                                    ШҮҮГЧ                              Н.БОЛОРМАА