Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2019/ШЦТ/167

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч, хяналтын прокурор П.Итгэл, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Д.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Х-ад холбогдох эрүүгийн 1938003400216 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Х.

Шүүгдэгч Д.Х- нь 2019 оны 03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт Л.Н-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Х- нь согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт хувийн таарамжгүй харилцааны улмаас Л.Н-г “гэрээсээ гаргах” гэснээр шалтаглан гараараа цохиж зодон, баруун талын чихийг нь хазаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
  • Хохирогч Л.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдрийг шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт байрлах гэртээ өөрийн эхнэр М- болон найз О- нарын хамт байж байтал гаднаас Т- ах үл таних бас нэг хүний хамт манай гэрт ороод ирсэн. Т-тэй хамт явж байсан тэр хүн манай гэрт орж ирээд шууд газарт хэвтээд өгсөн. ...Тэгээд тэр хүмүүс гарахгүй байхаар нь би үл таних дээлтэй явж байсан залууг өргөөд гэрээсээ гаргатал тэр залуу манай гэрийн гадна байрлаж байсан монгол гэрийн дэргэд очоод би явахгүй гэх зэргээр надтай маргалдаж байгаад миний нүүрний зүүн шанаа руу нэг удаа гараараа цохиод уруулны дээд хэсгийн зүүн талд нэг удаа гараараа цохихоор нь би буцаж гэртээ гүйж ороод ...эргээд гараад тэр залууг бариад автал надтай маргалдаж зууралдаж байгаад миний баруун талын чихний дунд хэсгээс тасартал нь хазчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
  • Гэрч Н.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ...гаднаас үл таних гурван залуу орж ирсэн. ...тэгээд манай нөхөр гэрийн хойморт сууж байсан залууг өргөж босгоод гэрээс гаргаад аваад явсан. Удалгүй манай нөхөр эргэж гэртээ гүйж орж ирээд над руу өмсөж явсан фудболкоо тайлж шидчихээд цаашаа дахиад гараад явчихсан. Гэтэл удалгүй манай нөхрийн баруун талын чихнээс нь цус болчихсон ороод ирэхээр нь би юу болсон талаар нөхрөөсөө асуутал “энэ залуу миний чихийг хазчихлаа” гэж хэлэхээр нь би тэр чихийг нь хазсан залууг “чи яагаад чихийг нь хазчихаж байгаа юм бэ” гэтэл ...уучлаарай гэж байсан. Тэр үед тэр залуугийн дээл нь нил цус болчихсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
  • Гэрч Ж.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Тухайн үед Х- манай найз Н-н гэрт үлдсэн. Тэгээд маргааш өглөө нь би Н-н эхнэр М- өчигдөр орой танай найз чинь манай нөхөртэй маргалдаад чихийг нь хазаад гэмтээчихсэн гэж хэлэхээр нь би найз Х-тай уулзаад болсон асуудлын талаар асуухад “би тухайн үед тэр залуутай маргалдаж байгаад санамсаргүй хазчихсан юм” гэсэн утгатай зүйл ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 239 дугаартай: “1. Л.Н-н биед баруун чихний дэлбэнд сорви бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. 3. Л.Н-н биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Гэрч Д.Л-гийн: “ах Х- нь бусдад тусч, хүнд гэм хор хийгээд байх хар буруу санаа байдаггүй, өрөвч зөөлөн сэтгэлтэй, хөдөлмөрч, хичээнгүй, аливаад үргэлж хоёр талаас нь нухацтай хандаж байж шийдвэр гаргадаг, өөрийнхөө хийсэн гэм буруутай үйлдэлд санаа сэтгэл нь зовниж бусдаас уучлалт гуйх чадвартай” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
  • оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 39 дүгээр хуудас/,
  • Д.Х-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/,
  • Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/,
  • Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/,
  • Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

     Шүүгдэгч Д.Х- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Д.Х- нь согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт хувийн таарамжгүй харилцааны улмаас Л.Н-г “гэрээсээ гаргах” гэснээр шалтаглан гараараа цохиж зодон, баруун талын чихийг нь хазсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Д.Х-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Х- нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Л.Н-тэй “учирсан хохирлыг барагдуулан эмчилгээний зардалд 200.000 төгрөг өгсөн бөгөөд хоёр тал харилцан тохиролцож хохирол гомдолгүй болсон ...бид хоорондоо эвлэрсэн” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 48 дугаар хуудас/-г байгуулсан байх тул шүүгдэгч Д.Х-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Х-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Д.Х- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Д.Х-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Х- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х- нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

5. Шүүгдэгч Д.Х-ын ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ