Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/112

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,         

нарийн бичгийн даргад У.Золчимэг,

            улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболд,

            хохирогч Б.Цэрэндолгор,

            иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ж.Лхагважав,

            шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр,

            шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан

Төв аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-эд холбогдох эрүүгийн 1834001210098 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, “Шөлөндөө” ХХК-д тогооч ажилтай ам бүл 4, эцэг эх, хүүхдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо Бэлхийн 46-77 тоотод оршин суух суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, Л овогт н Л.Б гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Хустайн давааны эргэлт” гэх газарт буюу Улаанбаатар хотоос Төв аймгийн Зуунмод чиглэлийн асфальтан зам дээр 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 75-92 УНМ улсын дугаартай Тоёото раум маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчсний улмаас эсрэг урсгалд орж 62-97 УНП улсын дугаартай “Ниссан санни” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган Р.Ц-н эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иргэний нэхэмжэгчид 1810000  төгрөг болон шинжээчийн дүгнэлт гаргуулсан 200000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэв.

Хохирогч Б.Ц мэдүүлэхдээ: “Надад охиндоо ямар нэгэн гомдол санал байхгүй”  гэв.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ж.Л мэдүүлэхдээ: “Нэхэмжлэх зүйлгүй” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-5 тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-6 тал/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-7 тал/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-10 тал/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-11-12 тал/, иргэний нэхэмжлэгч Ж.Лхагважаваас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-24 тал/, хохирогч Р.Цэрэндолгороос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-25-26 тал/, иргэний нэхэмжлэгч Г.Дэлгэрмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-27-28 тал/, гэрч А.Буян-Өлзийгөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-29 тал/, гэрч Э.Болдмандахаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-34 тал/, гэрч Б.Бат-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-35 тал/, гэрч Л.Батзоригоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-36 тал/, гэрч О.Ганчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-37 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №2262 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-39 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №2261 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-40 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №2767 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-42 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №2756 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-44 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №2754 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-46 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №2753 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-48 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №2755 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-50 тал/, “Вендо” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-52 тал/, “Хан-Үнэлэмж” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-55-59 тал/,  2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №00000032 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-66 тал/, шүүгдэгч Л.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-78 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-84 тал/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-161-162 тал/, 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Төв аймаг Сэргэлэн хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-164-165 тал/, 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №00000003 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-170 тал/, гэрч А.Буян-Өлзийгөөс мэдүүлэг дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-172 тал/, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №12/53 дугаар техникийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Л.Бийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэрэг болно.

 

Шүүгдэгч Л.Б нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Хустайн давааны эргэлт” гэх газарт буюу Улаанбаатар хотоос Төв аймгийн Зуунмод чиглэлийн асфальтан зам дээр 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 75-92 УНМ улсын дугаартай Тоёото раум маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчсний улмаас эсрэг урсгалд орж 62-97 УНП улсын дугаартай “Ниссан санни” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган Р.Ц-ын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Иргэний нэхэмжлэгч Ж.Л-ын: “Цагаан сар болоод хамаатнуудтайгаа золгох гээд 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос Төв аймаг руу төрсөн охин Л.Б түүний охин Оюунбилэг, эхнэр Цэрэндолгор нарын хамт өөрийн эзэмшлийн “Тоёото раум” маркийн тээврийн хэрэгслийн арын суудалд суугаад охин машин бариад гарсан юм. Ингээд харанхуй болсон байсан тул охинтойгоо машинууд гэрлээ шилжүүлэхгүй байна гэж ярилцаад явж байсан чинь гэнэт машин маань машинтай мөргөлдсөн” гэх мэдүүлэг /хх-24 тал/,

Хохирогч Р.Ц-ын: “ ...2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өөрийн охин Л.Б түүний охин Оюунбилэг, нөхөр Лхагважав бид нар Улаанбаатар хотоос Л.Б аавынхаа нэр дээр байдаг саарал өнгийн суудлын машинаа бариад би хажууд нь ард талын суудалд Оюунбилэг, Лхагважав нарыг суугаад Төв аймаг орох гээд явцгааж байсан. Тухайн үед харанхуй болсон байсан ба нэг мэдсэн чинь машин маань машинтай мөргөлдөөд бид аваарт орсон” гэх мэдүүлэг /хх-26 тал/,

Гэрч А.Буян-Өлзийгийн: “ ... 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр харанхуй болсон хойно, би ээжийн эзэмшлийн 62-97 УНП улсын дугаартай “Ниссан сани” маркийн тээврийн хэрэгсэлтэй Төв аймаг руу хүн хүргэж өгөөд буцаад Улаанбаатар явж байсан чинь Хустайн давааны наад замын эргэлтэн дээр нэг машин намайг урсгалдаа явж байхад эсрэг урсгал руу цагаан зураас руу орж ирээд тээврийн хэрэгслийг маань мөргөсөн. Тухайн үед аваарын дэр ажиллаад би жолоогоо мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-29 тал/,

Гэрч Э.Болдмандахын: “ Осол хэрэг болсон газарт А цэгийг анх тээврийн хэрэгслүүд мөргөлдөхөд асфальтан зам дээр унасан тээврийн дугуй, тээврийн хэрэгслийн эд ангиуд болон асфальтан зам дээр анх мөргөлдөхөд унасан шороо зэрэг нь зам дээр тод байсан. Уг А цэг нь замын Улаанбаатараас Төв аймаг руу явах чиглэлийн замын зүүн гар талд байсан юм. Харин баруун гар талд ямар нэгэн шороо эд анги огт байгаагүй. Түүн дээгүүр явсан ул мөр ч байгаагүй юм. Гэрэл зургаар тодорхой бэхжүүлсэн байгаа” гэх мэдүүлэг /хх-34 тал/,

Гэрч Б.Бат-Эрдэнийн: “... Хэргийн газарт зохицуулагч Э.Болдмандах хэмжилт хийсэн ба хоёр тээврийн хэрэгсэл анх мөргөлдсөн “А” цэгийг тээврийн хэрэгслүүд мөргөлдөхөд асфальтан зам дээр унасан тээврийн хэрэгслийн эд ангиуд, шороо унасан нь зам дээр байснаас үндэслэгдэж авсан байгаа” гэх мэдүүлэг /хх-35 тал/,

Гэрч Л.Батзоригийн: “ ... Би 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос эхнэр Ганчимэг болон 3 хүүхдийн хамт Төв аймаг руу машинтайгаа явж байсан. Тухайн үед бидний урд талд манай хамаатны Л.Б аав, ээж, охины хамт явсан ба дунд маань танихгүй машин явсан. Тэгсэн чинь замын эргэлттэй хэсэг дээр урдаас нь машин гарч ирээд Л.Бийн машинтай мөргөлдсөн. Тэгээд машинууд нь зам дээрээ эргэлдээд зогсоцгоосон” гэх мэдүүлэг /хх-36 тал/,

Гэрч О.Ганчимэгийн: “ ... Тэгсэн чинь замын эргэлттэй хэсэг дээр Л.Бийн урдаас нэг машин ирж хоёр машин мөргөлдөөд хоёулаа хоёр тийшээ харж зогссон” гэх мэдүүлэг /хх-37 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 208 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №2767 дугаартай шинжээчийн “1.А.Буян-Өлзийгийн биед хүзүүний зөөлөн эдийн няцрал, баруун шуу, 2 өвдөгт цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.4.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-42 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 208 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №2756 дугаартай шинжээчийн “1.Ж.Л-ын биед зүүн гуя, шилбэний тархмал цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх-44 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 208 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №2754 дугаартай шинжээчийн “Р.Ц-ын биед зүүн 3,4,5,6,7,8,9-р хавирганы хугарал, зүүн уушигны авчилт, зүүн плеврийн хөндий дэх бага хэмжээний шингэн хуралдалт, зүүн богтос ясны дунд хэсгийн зөрөөтэй далд хугарал, баруун хацар, хамрын нуруунд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт, зүүн чамархайн хуйханд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх-46 тал/, 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №00000032 дугаартай шинжээчийн “1.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Мөнгөлөг өнгийн 62-97 УНП улсын дугаартай “Ниссан Сани” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ө.Буян-Өлзий нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж үзэв. 2. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Мөнгөлөг өнгийн 75-92 УНМ улсын дугаартай “Тоёото Раум” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв. 3. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд осол гарахад зам, тээврийн хэрэгслийн нөхцөл байдал болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв. 4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд мөнгөлөг өнгийн 75-92 УНМ улсын дугаартай “Тоёото раум” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв” гэх дүгнэлт /хх-66 тал/, 2019 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн №00000003 дугаартай шинжээчийн “1.Хавтаст хэргийн материалтай танилцахад Тоёото Раум маркийн 75-92 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Л.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв. Л.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2“ эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэв. 2.Хавтаст хэргийн материалтай танилцахад Ниссан сани маркийн 62-97 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө.Буян-Өлзий нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна гэж үзэв. 3.Хавтаст хэргийн материалтай танилцахад Зам тээврийн осол болоход замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна гэж үзэв. 4. Тоёото Раум маркийн 75-92 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Л.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж эсрэг урсгалд орсон үйлдэл нь зам тээврийн осол болох шалтгаан нөхцөл болсон гэж үзэв. 5.Хавтаст хэргийн материалтай танилцахад асуултанд дурьдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхй нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэх дүгнэлт /хх-170 тал/, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №12/53 дугаар техникийн шинжээчийн 1.Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.2-д шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийнхээ хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ” , ШШТХ-ийн 17.4 хэсэгт “шинжээч өөрийн гаргасан дүгнэлтээ үнэн зөв эсэхийг хариуцна” гэж заасан байдаг тул бусад шинжээчдийн гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй эсэхэд бид хариулт өгөх боломжгүй. 2. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд 75-92 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд 62-97 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө.Буян-Өлзий нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн нь тогтоогдохгүй байна. 4. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд 75-92 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин эсрэг урсгалд орсон нь уг зам тээврийн ослын шалтгаан болсон байх магадлалтай байна. 5. Хавтаст хэрэгт авагдсан хавтаст хэргийн 9 дүгээр хуудасны зураг №7, 8 автомашины хойд хажуу хэсэг болон эвдрэлийг ойртуулж харуулав, зураг №9, 10 автомашины эвдрэл болон хажуу талаас харуулав, зураг №11-т зэрэг зурагт харуулсан 75-92 УНМ улсын дугаартай Л.Б-ийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн эвдрэл нь 62-97 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх үеийн цохилтын хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн эвдрэл гэж үзэж байна. 6.Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд уг зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна гэж үзэв. 7. Шинжилгээний явцад асуултанд тусгагдаагүй нөхцөл байдал илрээгүй” гэх дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-5 тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-6 тал/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-7 тал/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-10 тал/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-162-166 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

 

           Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Л.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Л.Б нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Хустайн давааны эргэлт” гэх газарт буюу Улаанбаатар хотоос Төв аймгийн Зуунмод чиглэлийн асфальтан зам дээр 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 75-92 УНМ улсын дугаартай Тоёото раум маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчсний улмаас эсрэг урсгалд орж 62-97 УНП улсын дугаартай “Ниссан санни” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Р.Ц-ын биед зүүн 3,4,5,6,7,8,9-р хавирганы хугарал, зүүн уушигны авчилт, зүүн плеврийн хөндий дэх бага хэмжээний шингэн хуралдалт, зүүн богтос ясны дунд хэсгийн зөрөөтэй далд хугарал, баруун хацар, хамрын нуруунд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт, зүүн чамархайн хуйханд шарх бүхий гэмтэл учирсан .

Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэснээр нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.“Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”

 

Шүүгдэгч Л.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Л.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, учруулсан хор уршиг, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Л.Б нь гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-эд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт “..тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хасаж”, гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул Л.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг нэмж оногдуулж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоол хүчинтэй болсон үеэс эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Ц нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс хохирогчид төлөх гэм хорын төлбөргүй гэж үзсэн болно.

Харин гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Г.Дэлгэрмаад 1810000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч Л.Б-ээс 1810000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Дэлгэрмаад олгох нь зүйтэй байна.

 

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Л.Б-ийн өмгөөлөгч Н.Баярын хүсэлтээр техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулж шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 12/53 дугаартай дүгнэлт гаргасны төлбөр болох 200000 төгрөгийг Төв аймаг дахь шүүхийн тамгын газраас шинжээчид төлсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараахь зардлаас бүрдэнэ”, 1.1 дэх хэсэгт “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал”, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж тус тус заасан байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 12/53 дугаартай дүгнэлт гаргуулсан төлбөр 200000 төгрөгийг шүүгдэгч Л.Б-ээс гаргуулж Төв аймаг дахь шүүхийн тамгын газарт/дансны дугаар-5721202082/ олгох нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Харин хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн Л.Б-ийн №1167948 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, №01598913 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Л овгийн Л.Б-ийг хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Л овгийн Л.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л овгийн Л.Б нь шүүхээс тэнссэн 1/нэг/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6.Хэрэгт эд мөрийн хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Б-ээс 1810000 төгрөг гаргуулж Г.Дэлгэрмаад, 200000 төгрөг гаргуулж Төв аймаг дахь шүүхийн тамгын газарт тус тус олгосугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

          9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдаж Л.Б-ийн №1167948 дугаартай жолоочийн үнэмлэхийг харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, №01598913 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээг Ж.Л-т буцаан олгохыг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгасугай.

 

10.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

11.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

12.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Л.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Ц.ОТГОНЖАРГАЛ