Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/121

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

-улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль,

-шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-т холбогдох 1934000000129 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Баянцагаан сумын Алтат 4  дүгээр багийн нутаг Болдоон гэх газар оршин суух хаягтай, Б овгийн Б.М гэв.

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний орчим Төв аймгийн Баянцагаан сумын нутгаас Н.Н-н эзэмшлийн адуунаас хул зээрд зүсмийн 2 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж бусдад 1866660 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруу дээр маргахгүй байгаа. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-04 тал/, адуунд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-05-07 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-08 тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-10-11 тал/, Б.М-ын унаж явсан тээврийн хэрэгслийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-13 тал/, хохирогч Н.Н-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-15-16 тал/, гэрч С.Адилбишээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-17-18 тал/, гэрч Б.Баярцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-21-22 тал/, “Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн гаргасан Dayun маркийн мотоциклийн үнэлгээний тайлан /хх-24-29 тал/,  Dayun маркийн мотоциклийн гэрэл зураг /хх-33 тал/, “Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн гаргасан 2 тооны адууны шинжээчийн дүгнэлт/үнэлгээний тайлан/ /хх-37-42 тал/, Б.Мын ял шийтгэгдсэн эсэхийн шалгах хуудас /хх-49 тал/, эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол  /хх-50 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн тогтоол /хх-65 тал/, шүүгдэгч Б.М-ын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэрэг болно.

 

 Шүүгдэгч Б.М нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний орчим Төв аймгийн Баянцагаан сумын нутгаас Н.Н-н эзэмшлийн адуунаас хул зээрд зүсмийн 2 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж бусдад 1866660 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны үед

Хохирогч Н.Н-н мэдүүлсэн: “... 2019 оны 01 дүгээр сарын 14-ний үеэр манай адуу 2,3 хэсэг хуваагдаад алга болчихсон байсан юм. Би өөрийн адуугаа 7 хоног Баянцагаан сумын нутгаар явж хайгаад 7 дахь хоног дээрээ Баянцагаан сумын 4 дүгээр багийн төвийн хажуудах усан дээр байхад нь олж авсан юм. Тэгээд өөрийнхөө адууг бүртгэж үзэхэд манай адуунаас зөв гуяндаа хөвчтэй саран тамгатай 12 настай хонгор морь, тамга нь ижилхэн зээрд зүсмийн 8 настай зэрэг 2 адуу байхгүй байсан юм. Тэгээд гэртээ ирээд 1 хоносны дараа миний алга болсон 2 адуу Хозон Худаг гэх газарт айлын адуунд толгойндоо ногттой гүйж ирсэн байна мэдсэн тэгээд хоёр адуугаа аваад үзсэн чинь толгойнд нь байсан ногт нь нилээд их цус болсон толботой байсан. Миний хоёр адууг хулгайлсан нь тодорхой байсан юм” гэх мэдүүлэг /хх-16 тал/,

Гэрч С.Адилбишийн мэдүүлсэн: “ ... Би хөдөө өөрийнхөө адууг тууж аваачаад төрсөн хүү болох Сайхнаа буюу Өлзийсайхантай хамтаар мөн Б.М-ыг гуйгаад Б.М-ын гэрийн гадаа 1 адуу хийлгээд аваад явсан байгаа юм. Тухайн хийсэн адуу бол миний адуу байсан. Мяндсан ногт л байсан байгаа. Тухайн ногт нь цустай байгаа” гэх мэдүүлэг /хх-18 тал/,

Гэмт хэргийн талаархи, гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4 тал/, адуунд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-05-07 тал/, “Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн гаргасан Н.Н-н өмчлөлийн 2 тооны адууны шинжээчийн дүгнэлт/үнэлгээний тайлан/ /хх-37-42 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.М-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Б.М-ын хохирогч Н.Н-н адуунаас зээрд морь, хул морь хоёрыг бугуйлдаж бариад цагаан уяагаар ногт хийж Даюун маркийн мотоцикльтой хөтөлж явсан шууд санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан.

         “ Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарна” гэж хуульчилсан.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн.

 

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

Шүүгдэгч Б.М нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.М-ын бусдын малыг нууц далд аргаар хууль бусаар, шунахай сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд хүлээлгэх Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж байгаа, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгон гэмшсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагад түүнд оногдуулах зүйл анги нь интервалын хувьд нийцэж байгаа зэргийг харгалзан хуульд заасан ялыг хөнгөрүүлэн хорих ял оногдуулахгүйгээр, тэнсэж шийдвэрлэсэн болно.

        

          Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтийг харгалзан үзлээ.

 

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2 морийг буцаан өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол 350000 төгрөгийг төлсөн болох нь 2019 оны 04  дүгээр сарын 09-ний өдрийн 350000 төгрөг шилжүүлсэн баримт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг сайн дураараа хохирол нөхөн төлсөн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.М-ын гэмт хэрэг үйлдэхдээ тухайн гэмт хэргийг үйлдэхдээ учруулж болох хор аюулын хэмжээг ихэсгэх, гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлийг зөөж тээвэрлэх, гэмт хэргийн газраас зугатаах зорилгоор хэрэглэсэн Dayun  маркийн мотоцилклийн үнэлгээгээр тогтоогдсон /хх-24 тал/ үнэ 585000 төгрөгийг Б.М-аас гаргуулж, Улсын орлого болгож, Dayun маркийн мотоцилклийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 03 дугаар сарын 14 дугаар тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

          

             Хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Б овгийн Б.Мыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн  хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дах хэсэгт зааснаар Б.М-т тэнсэнгийн хугацаанд ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Б.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг сануулсугай.

5.Хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

  6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Даюун маркийн  тээврийн хэрэгслийн үнэ 585000 төгрөгийг шүүгдэгч Б.М-аас гаргуулан Улсын орлого болгосугай.

 7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан таслан сэргийлэх  арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ