Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/02197

 

 

 

 

2023 12 20 210/МА2023/02197

 

 

,,,,,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19ий өдрийн 101/ШШ2023/04522 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.,,,,,,,,,,,,,,,,д холбогдох

 

Гэрээнээс учирсан хохирол 7,188,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,,,, хариуцагч Б.,,,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

 

1.1. Тус компани 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,, ХХК-тай гэрээ байгуулж, Аврора (Аurora) зочид буудал, үйлчилгээний барилгын гадна фасадны гэрэлтүүлгийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

 

1.2. Ингээд 8 дугаар сарын 19-ний өдөр нь уг ажлын туслан гүйцэтгэгчээр Б.,,,,,,,,,,,,,,,,тай 8,000,000 төгрөгийн ажлын хөлс тохиролцсон. Уг ажлыг 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээлгэж өгсөн. Гэтэл захиалагч талаас гадна гэрэлтүүлгүүд зохих өнгө эффектийн дагуу асахгүй байгааг манайд мэдэгдсэн ба улмаар хөндлөнгийн байгууллага болох Телмакс ХХК-аар хийсэн ажлыг нь шалгуулахад гэрлүүдийн холболтууд алдаатай, холболтын угсралт буруу хийгдсэн зэрэг шалтгаануудаас болж гэрэл зохих эффектийн дагуу асахгүй гэсэн дүгнэлт гарсан.

Дүгнэлтээр гэрлийн эффектийн тохируулгатай холбоотой алдаа, зөрчил дурдагдаагүй харин гэрлийн холболттой холбоотой зөрчлүүд гарсан нь баримтаар нотлогддог.

 

1.3. Уг дүгнэлтийг үндэслэн манай байгууллагаас 6,123,000 төгрөгийг гаргуулж Авто ойл ХХК-д олгохоор шүүхийн шийдвэр гарч, манайх дээрх төлбөрийг төлж барагдуулсан.

 

1.4. Туслан гүйцэтгэгч Б.,,,,,,,,,,,,,,,, нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй алдаа зөрчилтэй хийснээс манайд 6,123,000 төгрөгийн хохирол учирсан.

 

1.5. Мөн хариуцагч нь ажил гүйцэтгэх явцдаа 5х2,5 голчтой 400 метр кабел утас буруу захиалснаас болж материалын зардал болох 1,065,000 төгрөгийг манайд өгөх ажлын хөлсөөс захиалагч хасаж тооцсон. Энэ кабел утсыг тухайн ажилд ашиглаагүй ба манай компанид өгөхгүйгээр Б.,,,,,,,,,,,,,,,, нь хувьдаа авсан.

 

Иймд хариуцагчаас 7,188,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.       Хариуцагчийн гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

 

2.1. ,,,,,,,,,,,,,,,,-ийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,,, бид хоёр найзууд бөгөөд надад санал тавьснаар Аврора зочид буудлын гадна фасадны гэрэлтүүлгийн холболт, монтаж татах, гоёлын гэрлүүдийг суурилуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр амаар тохиролцсон.

 

2.2. Гэрлийг эффектийн дагуу ажлуулахыг өөр компани хариуцан ажилласан. Тухайн үед ажил хүлээлгэж өгөхөд бүх гэрлүүд нь ажиллаж л байсан.

 

2.3. Ажлын хөлсөнд 5,740,000 төгрөгийг авсан. Энэ үнийн дүндээ тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн. Ажил хүлээлцсэн акт тухайн үед үйлдсэн.

6,000,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэчихээд 7,000,000 төгрөгийн хохирол төлөх боломжгүй.

2.4. Нэхэмжлэгчийн над руу шилжүүлсэн мөнгөнүүдээс 640,000 төгрөг нь ажлын хөлс биш ,,,,,,,,,,,,,,,,,,,аас найз нөхдийн харилцаатай байхдаа зээлсэн мөнгө юм.

 

2.5. Надаас кабел утасны мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Кабел утсыг нэхэмжлэгч өөрсдөө захиалсан. Би захиалга хийгээгүй, утас монтажыг нэхэмжлэгч захиалдаг байсан.Захиалж ирсэн утаснууд нь хоорондоо таарахгүй, эсвэл хэт богино байснаас холболтуудыг тухайн үед хийхээс өөр аргагүй болсон.

 

Нэхэмжлэгчийн захиалж ирсэн кабел утсыг тухайн газар нь хэтэрхий бүдүүн болхи харагдаж байна гэсэн үндэслэлээр дахин нарийн кабел утас захиалсан. Энэ утсыг 800,000 орчим төгрөгийн ажлын хөлсөнд тооцож надад өгсөн. Иймд энэ мөнгийг төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.,,,,,,,,,,,,,,,,ас 6,123,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,065,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,028 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Б.,,,,,,,,,,,,,,,,ас улсын тэмдэгтийн хураамжид 112,918 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,-д олгож, шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлын агуулга:

 

4.1. Нэхэмжлэлээс буруу кабель утас захиалж, хохирол учруулсан 1,065,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой.

 

Ингэхдээ "...захиалгын хуудас гэх баримт нь нэхэмжлэгч ",,,,,,,,,,," ХХК-ийн захиалгын баримт байх тул энэ баримтад бичигдсэн Б. ,,,,,,,,,,,,,,,, гэх бичвэрээр хариуцагчийг захиалсан буруутай гэж эргэлзээгүй дүгнэх үндэслэлгүй байна..." гэж буруу дүгнэсэн.

 

4.2. ",,,,,,,,,,,,,,,," ХХК-ийн ажлыг тухайн байгууллагын материалаар хийж гүйцэтгэхээр тохиролцсон. ",,,,,,,,,,," ХХК нь ажил гүйцэтгэхэд шаардлагатай материалын жагсаалтаа захиалагч буюу ",,,,,,,,,,,,,,,," ХХК-д өгсний дагуу захиалагч нь материалыг бидэнд авч өгсөн.

Тухайн захиалгын жагсаалтыг хариуцагч Б.,,,,,,,,,,,,,,,, хариуцаж гаргасан бөгөөд энэ талаараа ч шүүх хуралдаанд хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн.

 

Хариуцагч Б.,,,,,,,,,,,,,,,, нь дээрх захиалгыг хийхдээ 5х2,5 мм-н голчтой /хөндлөн огтлол/ 400 метр кабелийг буруу захиалж, тухайн материалыг ",,,,,,,,,,,,,,,," ХХК-ийн гадна гэрэлтүүлгийн ажилд ашиглаж чадаагүй, хувьдаа ашигласан гэдгээ шүүх хуралдаанд тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарыг анхаарч үзээгүй.

 

Хариуцагч Б.,,,,,,,,,,,,,,,, нь захиалгыг буруу хийснээс болж манай компани нь захиалагч ",,,,,,,,,,,,,,,," ХХК-аас гэрээний нийт төлбөрөөс буруу захиалсан материалын зардал болох 1,065,000 төгрөгийг хасуулсан, энэ талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

 

5.1. ,,,,,,,,,,,,,,,,,,, 1,065,000 төгрөгийн кабелийн утасны захиалгыг хийсэн. Би авч ирсэн кабелийг ашигласан. ,,,,,,,,,,,,,,,,,,, нь буруу кабел захиалаад тус кабел нь тохироогүй. Үлдсэн кабелийг ажлын хөлснөөсөө хасуулаад авсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.  

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч Б.,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан гэрээнээс учирсан хохирол 7,188,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ...авсан хөлсөндөө тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн, кабел утсыг нэхэмжлэгч тал өөрсдөө захиалсан, үлдсэн кабелийг ажлын хөлснөөсөө хасуулаад авсан гэж маргажээ. /1-р хх 1-2, 29/

 

3. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:

 

3.а. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, болон Б.,,,,,,,,,,,,,,,, нар 2019 онд Aврора (Aurora) зочид буудлын гадна фасадны гэрэлтүүлгийн угсралтын ажлыг хийхээр харилцан тохиролцсон.

Б.,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,-ийн туслан гүйцэтгэгч байсан үйл баримтад талууд маргаангүй.

3.б. Ажлын хөлсийг дансаар шилжүүлж байсан нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байна. /1-р хх. 1-2, 29, 13-19/

3.в. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2022/01058 дугаар магадлалаар ,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 8,162,100 төгрөг гаргуулах маргааныг шийдвэрлэсэн.

Уг магадлалаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,-аас 6,123,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, ХХК-д олгожээ. /1-р хх 89-91/

3.г. Анхан шатны шүүх хариуцагч Б.,,,,,,,,,,,,,,,,ас 6,123,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй.

4. Зохигч дараах үйл баримтад маргаантай байна. Үүнд:

4.а. Хариуцагч нь нэхэмжлэгчээс төлсөн мөнгөний хэмжээнд ажлыг хийж гүйцэтгэсэн, гэрлийг эффэктийн дагуу ажиллуулахыг өөр компани хариуцан ажиллаж байсан, кабел утсыг нэхэмжлэгч өөрөө захиалсан гэж маргажээ.

5. Нэхэмжлэгчийн Б.,,,,,,,,,,,,,,,,ас буруу кабел утас захиалсны улмаас нэхэмжлэгч талд үүссэн хохирол 1,065,000 төгрөгийг гаргуулах тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

5.а. Учир нь нэхэмжлэгчийн гаргасан захиалгын баримт нь түүний нэг талын баримт бөгөөд Б.,,,,,,,,,,,,,,,, гэх бичвэрээр хариуцагчийг захиалсан буруутай гэж эргэлзээгүй дүгнэх үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй.

Түүнчлэн ,,,,,,,,,,,,,,,,-ийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайланд тусгагдсан 1,065,000 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэгч хохирсон гэх шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

5.б. Мөн Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2 дахь хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцах юм. Ажлын гүйцэтгэл, материалын чанар, ажлын үе шат, технологийн дараалал зэрэгт хяналт тавих, мэргэжлийн туслан гүйцэтгэгч сонгох зэрэг нь Ерөнхий гүйцэтгэгчийн үүрэг бөгөөд энэ үүргээ хангалттай хэрэгжүүлсэн гэх баримтгүй байна.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2023/04522 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД