Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2019/ШЦТ/169

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагчар, хяналтын прокурор Г.Сэндэнсүрэн, 

Шүүгдэгч Э.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Н-д холбогдох эрүүгийн 1938003300201 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.Н.

Шүүгдэгч Э.Н- нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3 дугаар багийн нутаг “Хүртийн ар” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 6.5 метр куб мод бэлтгэж 3.845.400 төгрөгийн хохирол учруулж “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Н- нь хувьдаа байшин барих зорилгоор 2019 оны 03 дугаар сарын 20-ны орчим Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3 дугаар багийн нутаг “Хүртийн ар” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 6.5 метр куб мод бэлтгэж, байгаль экологид 3.845.400 төгрөгийн хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4-6 дугаар хуудас/,
  • Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
  • Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
  • Эд мөрийн баримтыг түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
  • Хохирогч Л.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Иргэн Э.Н-ын бэлтгэсэн модонд хэмжилт хийж гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Хохирлоо нөхөн төлж барагдуулаагүй байгаа. ...Уг хэргийг шалгах ажиллагааны явцад нааш цааш явж бэлтгэсэн модыг нь хэмжих, битүүмжлэх зэрэг шалгах ажиллагаагаар явахад сумын шатахуун түгээх станцаас нийт 30 литр шатахуун авч зарцуулсан. Уг шатахууны үнэ 1 литр нь 2.500 төгрөгийн ханштай байгаа. Тэгэхээр 30 литр дизель түлшний мөнгө нийт 75.000 төгрөг нэхэмжлэх саналтай байна” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2019 оны 03 дугаар сарын 20-ны үед шалгалтаар явж байгаад Э.Н- гэдэг хүнийг мод бэлтгэж торх барьсан байхыг илрүүлсэн. Тэгээд өөрийн архиваас шүүж үзэхэд Э.Н- нь 2017-2018 оны хооронд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
  • Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын дунд үеэр Э.Н- над руу залгаад мод ачилцаад өгөөч гэхээр нь Хүртийн ард байх уулын модонд очиход тэнд унагаачихсан байдаг байсан моднуудыг Э.Н- дүнзэлчихсэн байсан бөгөөд Н-, Н- хоёр модоо ачаад эхэлчихсэн байсан. Би Н-д мод ачаад өгөөч гэхээр нь ачилцаж өгснөөс биш мод бэлтгэсэн асуудал бол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны эхээр Э.Н- надаас хэдэн мод ачаад өгчихөөч гоожин зөвшөөрөл нь байгаа асуудалгүй гээд хоёр гурван удаа гуйхаар нь зав болохгүй байсан болохоор тухайн үед нь ачиж өгөөгүй. Дараа нь 2019 оны 03 дугаар сарын дунд үеэр нэг удаа ирж гуйхаар нь зөвшөөрөөд Э.Н-ын бэлтгэсэн гэх дүнз модыг Хүртийн арын уулын модноос хоёр удаа ачсан. Би өөрийн 4248 УБЛ улсын дугаартай Газ 66 маркын тээврийн хэрэгслээр Нямдагвын модыг ачиж өгсөн. Би зөвшөөрөлтэй мод гэхээр нь зөвшөөрөлтэй л бэлтгэсэн юм байх гэж бодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн “Баяншишгэд” сум дундын ойн ангийн инженерийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн: “Э.Н-ын бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээ 3.845.400” гэх дүгнэлт, бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,
  • 1980 онд үйлдвэрлэгдсэн 4248 УБЛ улсын дугаартай Газ-66 маркын ачааны автомашиныг 2.500.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 40 дүгээр хуудас/,
  • Арбулаг сумын байгаль хамгаалагчийн: “Арбулаг сумын 3 дугаар багийн иргэн Эрдэнэбилэг овогтой Н- нь 2017-2018 он хүртэл ямар нэгэн байдлаар хэрэглээний мод аваагүй болно” гэх дүгнэлт /хх-ийн 62 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын: “Тус сумын 3 дугаар багт Улсын тусгай хамгаалалтын газар нутаг, ойн зурвас байхгүй нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-ийн 63 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Э.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2017 оны хавар Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3 дугаар багийн нутаг Хүртийн ар гэх газарт хонинд явж байхдаа уулын модон дунд унагаасан арван мод байхыг харсан. Тэгээд тэр моднуудыг 2019 оны 03 дугаар сарын 20-дын үеэр ууланд тайрч бэлтгээд өөрийн гэрийн гадна буулгаж тэр модоороо байшингийн торх барьж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч Э.Н-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/,
  • Гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Урт булаг багийн Засаг даргын: “Боржигон овогт Э.Н- /РБ80062911/ нь ам бүл 4, Арбулаг сумын 3 дугаар багт мал маллан оршин суудаг тус багийн үндсэн иргэн мөн болно” гэх тодорхойлолт /хх-ийн 54 дүгээр хуудас/,
  • 2018 оны жилийн эцсийн малын А данс /хх-ийн 55 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн байгаль орчин, экологийн мэдлэг дутмаг байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Э.Н- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрчийн

мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан төрийн хамгаалалтад байх ойн санд хохирол учруулан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан хор уршигт зориуд хүргэж, “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Э.Н- нь хувьдаа байшин барих зорилгоор 2019 оны 03 дугаар сарын 20-ны орчим Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3 дугаар багийн нутаг “Хүртийн ар” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 6.5 метр куб мод бэлтгэж, байгаль экологид 3.845.400 төгрөгийн хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг шунахайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Э.Н-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь байгаль орчин, экологи-эдийн засагт 3.845.400 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Н- нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Д.М-ын нэхэмжилсэн шатахууны зардал 75.000 төгрөгийг Төрийн банкны 202500153328 дугаарын данс руу шилжүүлсэн кассын орлогын баримт /хх-ийн 71/, мөн байгаль орчинд учруулсан хохирол болох 3.845.400 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Төрийн банкны төрийн сангийн хүү торгуулийн орлогын 100170200988 дугаарын данс руу шилжүүлсэн кассын орлогын баримт /хх-ийн 72/, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын Тамгын газрын “Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3 дугаар багийн иргэн Эрдэнэбилэг овогтой Н- нь 2019.05.24-ний өдөр Арбулаг сумын орон нутгийн хүү торгуулийн орлогын 100170200988 тоот дансанд 3.845.400 төгрөгийг төлсөн нь үнэн болно” гэх тоот /хх-ийн 73/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Э.Н- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Э.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3 дугаар багийн нутаг “Хойд Жарант” гэх газарт битүүмжилсэн 6.5 метр куб 47 ширхэг дүнзээр барьсан 5х6 хэмжээтэй торх, эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн моторт хөрөө, хөрөөний ир, чиглүүлэгч төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар даалгах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Э.Н- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Н-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н- нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжилсэн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3 дугаар багийн нутаг “Хойд Жарант” гэх газарт 6.5 метр куб 47 ширхэг дүнзээр барьсан 5х6 хэмжээтэй торх, эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн моторт хөрөө, хөрөөний ир, чиглүүлэгч төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Э.Н- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

6. Шүүгдэгч Э.Н-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн моторт хөрөө, хөрөөний ир, чиглүүлэгч төмөр зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Д-д даалгасугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЗЖАРГАЛ