Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2019/ШЦТ/170

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагчаар, хяналтын прокурор Б.Амартүвшин, 

Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1938003380202 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Б.

Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутаг дэвсгэрт хохирогч С.Ү-ыг гараар цохих, өшиглөх зэргээр зодож, хамар ясны хугарал, тархи доргилт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.Ү-тай автомашинд маргалдан, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төв рүү орж явахад замдаа зогсож, машинаас буугаад, түүнийг гараараа цохиж, өшиглөх зэргээр зодон, хамар ясны хугарал, тархи доргилт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Хохирогч С.Ү-ын хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
  • Хохирогч С.Ү-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 28-ны орой ...замдаа буюу Түнэл сумын цаад талд Бийжийн рашаан дээр 1 шил 0.75 литрийн “Эдэн” нэртэй архийг уусан. ...Б-тай ажлын талаар юм яриад явж байхад Б- гэнэт л “чи юу хийсэн юм бэ” гэсэн. Тэгэхээр нь би “би юу ч хийгээгүй, чи юу хийсэн юм бэ” гэж хэлэхэд ...машинаас буухад л Б- миний нүүр рүү гараараа 4-5 удаа цохьсон. Нүүрээ дараад доошоо суухад Б- миний дээрээс дарж байгаад нуруу болон гар руу гараараа цохиод газарт унагаасан. Намайг газарт унасан байхад Б- чарлаж гүйж ирээд дух руу маань нэг удаа хүчтэй өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
  • Гэрч Ц.И-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний нөхөр Ү- нь ...2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн оройн 23 цаг өнгөрч байх үед гэртээ ирсэн. Гэртээ ирэхдээ хамраас нь цус гарч хувцас нь нэлэнхүйдээ цус болгосон, нүүр нь улаан алаг болсон, хамар нь хавдчихсан, хувцас хунар нь нэлэнхүйдээ тоос, шороо болсон байдалтайгаар орж исрэн. ...Б-, О- хоёрт зодуулчихлаа гэж хэлж байсан. ...Б- нь нөхрийг маань зодож байхдаа хэлэх хэлэхгүй үгээр доромжилж зодсон талаар хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
  • Гэрч Э.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ...явж байх замдаа Ү- машин дотор явж байсан хүн болгоныг хэл амаар доромжилсон. Тэгээд сумын төв рүү орж явахад Ү- Б-ыг барьж аваад машины бэхэлгээг мөргүүлсэн. ...Ү- машинд буцаад суухад хамраас нь цус гарчихсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
  • Гэрч Г.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ...Мөрөн сумаас гараад Түнэл сумыг өнгөрөөд Бийжийн булаг гэх газарт зогсоод замдаа авч явсан 1 шил архиа тойруулж уусан. ...тэгээд тэндээс хөдлөөд явж байхад Ү- хамт машин дотор сууж явсан хүмүүсийг хэл амаар дайрч доромжилсон. ...Ялангуяа хоёр багийн Засаг даргыг ажлаа хийхгүй байна гэж дайрч давшилж байсан. Тэгээд би түүний ярьж байгааг тоохгүй явж байхад хамт байсан хүмүүс Ү-ыг Б-ыг юм мөргүүлчихлээ шүү дээ, зүгээр яв л даа гэж хэлж байсан. ...машин зогсох үед Ү-, Б- хоёр зууралцаад буусан. ...тэр хоёр машинд орж ирээд суусан байхад Пүрэвдаваа ах гол дээр зогсоод цусаа угаа гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
  • Гэрч М.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ...тэгээд сумын зах руу орж явахад Ү- Б-тай маргалдаад ...түүнийг цохиж машины ар талын паар руу мөргүүлчих шиг болсон. Намайг машинаа зогсооход Ү-, Б- хоёр барилцаж аваад буусан. Тэр хоёр машинаас буугаад гадаа хэсэг зодолдсон. ...тэр хоёр дээр очиход Б- Ү-ын дээр гараад суучихсан байдалтай байсан. ...тухайн үед Ү-ын дух нь хавдчихсан, хамраас нь цус гоожсон байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
  • Гэрч Э.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ...явж байхад Ү- Д- даргатай маргалдсан уураа бид нарт гаргаж эхлээд О-, Б- нар руу багийн Засаг дарга нар ажлаа хийхгүй байна гэх мэтээр гар хуруугаараа чичилж дайрсан. ...Тэгээд хэсэг байж байхад Ү- дахиад Б-тай маргалдаж байгаад түүнийг барьж аваад машины хамгаалалтын төмрийг мөргүүлэхээр нь би дундуур нь орж салгасан. ...Машин зогсоход Ү-, Б- нар барилцсан чигээрээ буусан. Б-, Ү- хоёр машинаас буугаад хоорондоо ноцолдоод байх шиг байсан. ...намайг машинаас буухад Ү-ын дээр Б- гараад суучихсан байсан. ...Намайг машинд суухад Ү-ын дух нь халцарчихсан, хамраас нь цус гарчихсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 240 дугаартай: “1. С.Ү-ын биед хамар ясны хугарал, тархи доргилт, духны гол хэсэг, баруун чамархайн хэсэг, хамрын нуруу, баруун хацар, баруун сарвууны чигчий хурууны 1-р үенд зулгаралт, духны баруун дээд хэсэг, баруунд дээд зовхи, зүүн дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. 3. С.Ү-ын биед үүссэн хамар ясны хугарал, тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин цус хуралт болон зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 6. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би хохирогч Ү-тай харилцан зодолдсоны улмаас түүний биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Гаргасан үйлдэлдээ их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 64 дүгээр хуудас/,
  • Б.Б-ы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 65 дугаар хуудас/,
  • Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 66 дугаар хуудас/,
  • Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 67 дугаар хуудас/,
  • Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 68 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, хохирогч, шүүгдэгч нар нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, хохирогчийн бусдыг доромжлож хэлсэн зүй бус үйлдэл зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

     Шүүгдэгч Б.Б- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.Ү-тай маргалдан Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төв рүү орж явахад түүнийг гараараа цохиж, өшиглөх зэргээр зодон, хамар ясны хугарал, тархи доргилт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.Б-ы үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч С.Ү- 500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэгт “Онош Үүдэн” эмнэлгийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн компьютер томографийн оношлогооны 180.000 төгрөгийн баримт 1 хуудас, Нэгдсэн эмнэлгийн хүний их эмч Д.Эрдэнэчимэгийн “хамар засуулсан” 30.000 төгрөгийн баримт 1 хуудас, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн диклоденк гэх 4.800 төгрөгийн ПОС системийн баримт 1 хуудас, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн амиокомплекс гэх 55.000 төгрөгийн ПОС системийн баримт 1 хуудас, Голомт банкны 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн И- Цэрэн гэх 4.400 төгрөгийн гүйлгээний ПОС системийн баримт 1 хуудас /хх-ийн 81/, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Хөвсгөл эмийн сан гэх эмийн 23.180 төгрөгийн ПОС системийн баримт 1 хуудас, Төрийн банкны 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Шүүхийн шинжилгээний албаны 100170012006 дугаартай данс руу Ү- нэрээр 8.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт 1 хуудас /хх-ийн 82/ хэрэгт гаргаж өгсөн байх ба шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад

“Онош Үүдэн” эмнэлгийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн компьютер томографийн оношлогооны 180.000 төгрөгийн баримт, Нэгдсэн эмнэлгийн хүний их эмч Д.Эрдэнэчимэгийн “хамар засуулсан” 30.000 төгрөгийн баримт, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн диклоденк гэх 4.800 төгрөгийн ПОС системийн баримт, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн амиокомплекс гэх 55.000 төгрөгийн ПОС системийн баримт, Төрийн банкны 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Шүүхийн шинжилгээний албаны 100170012006 дугаартай данс руу Ү- нэрээр 8.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтууд нь гэм хорын хохиролд хамааралтай гэж үзэж шүүгдэгчээс нийт 277.800 төгрөгийг гаргуулж хохирогч С.Ү-т олгох нь зүйтэй байна.

Харин Голомт банкны 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн И- Цэрэн гэх 4.400 төгрөгийн гүйлгээний ПОС системийн баримт, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Хөвсгөл эмийн сан гэх эмийн 23.180 төгрөгийн ПОС системийн баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Учир нь 4.400 төгрөгийн баримт нь өөр хүний нэрээр бичигдсэн, 23.180 төгрөгийн эмийн баримт нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс өмнөх буюу 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн баримт байгаа болон бусад баримтгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөөгүй байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Б.Б- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 500 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-аас 277.800 /хоёр зуун далан долоон мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Ү-т олгож, бусад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

6. Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЗЖАРГАЛ