| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2019/0153/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/171 |
| Огноо | 2019-05-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2019/ШЦТ/171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч Б.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х-т холбогдох эрүүгийн 1938009000180 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Х.
Шүүгдэгч Б.Х- нь 2018 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Их Урц” зочид буудлын 2 тоот өрөөнөөс иргэн Д.Ц-гийн гар утсыг хулгайлж 830.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Х- нь шунахайн сэдэлтээр 2018 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Их Урц” зочид буудлын 2 тоот өрөөнөөс иргэн Д.Ц-гийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 830.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,
- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,
- Камерийн бичлэгтэй Си ди-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
- Эд зүйл, баримт, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/,
- О.М-ы: “Хулгайд алдагдсан А-6 маркын андройд гар утсаа 3/04-ний өдөр мөрдөгч, цагдаагийн дэслэгч Билгүүнээс хүлээн авсан нь үнэн болно” гэх тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/,
- Хохирогч Д.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө 01 цагийн үед би өөрийн найз О-ын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг “Их Урц” нэртэй зочид буудалд орсон. Тэр үед “Их Урц” буудлын үйлчлэгч гэх настайвтар эгч гарч ирсэн бөгөөд О-ын хамтаар 2 номерын өрөөнд орсон. Бид хоёр өрөөндөө байж байгаад доод давхрын нойлын өрөө рүү хамт буусан. Би буудлын өрөөнөөс гарахдаа гар утсаа орон дээр тавиад гарсан байсан. Тэгээд бид хоёр буцаад буудлын өрөө рүүгээ ороод байж байтал миний орон дээр тавьсан гар утас алга болсон байсан. Тэгээд юу болов гээд утсаа хайгаад буудлын камерийг шүүтэл О- бид хоёрыг нойл орох хооронд үл таних том биетэй хоёр залуу гаднаас орж ирээд миний байсан 2 номерын өрөө рүү ороод гарч явж байсан. Би тэр хүнийг миний утсыг авсан гэж бодож байна. ...Би 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гар утсаа хүлээж авсан. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21-24 дүгээр хуудас/,
- Гэрч Ж.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр би “Их Урц” зоогийн газарт ажил дээрээ жижүүрээр гарч байсан юм. Шөнийн 01 цагийн орчимд гаднаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд өрөө авъя гэхээр нь 2 давхрын 2 номерын өрөөнд оруулсан. Тэгээд 03 цаг болж байхад миний өрөөний хаалгыг нөгөө хоёр хүн нүдэхээр нь онгойлгож өгсөн чинь эмэгтэй нь би утсаа алдчихлаа гэсэн. Тэгээд камерийн бичлэг шүүж үзэхэд 35-40 орчим насны хоёр эрэгтэй гаднаас орж ирээд нэг нь надтай уулзаж байх хооронд нөгөө залуу нь буюу өндөр тарган майжигдуу доголон хүн нь 2 номерын өрөөнд орчихоод гараад явсан бичлэг байсан. Утсаа алдсан гэх эмэгтэй, эрэгтэй хоёр тухайн үед өрөөгөө онгорхой орхиод 00-ын өрөө рүү орсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 27-ны шөнийн 01 цагийн орчим найз Ц-тэй Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэс бааранд таарсан. Бид хоёр Эрдэнэс баарнаас гараад найз Ц-гийн гар утсыг гуйгаад би өөрийн утасны сим картаа хийгээд мөнгөө өөрийн данс руу шилжүүлж авсан. ...тэгээд бид хоёр “Их Урц” нэртэй зочид буудалд орсон. Уг буудлын үйлчлэгч нь эмэгтэй хүн байсан бөгөөд бид хоёр одоо яг номерыг нь санахгүй байна, нэг давхраас өгсөж гардаг шатны хажуу талын өрөөнд орсон. Удалгүй Ц-гийн хамтаар нэг давхрын нойлын өрөө орохоор өрөөнөөс гарсан. Ц-г нойлд байхад гаднаас үл таних хоёр эрэгтэй орж ирсэн бөгөөд өндөр нь сайн байна уу ахын дүү өрөө байна уу гэж надаас асуусан. Би мэдэхгүй байна, 2 давхарт үйлчлэгч нь байгаа, та дээд давхарт гараад асуу гэж хэлсэн. ...Бид хоёр нойл ороод буцаад өрөө рүүгээ ороод 30-аад минут болоод Ц- гар утас алга болчихлоо гээд хайж эхэлсэн. Тэгээд олдохоо байхаар нь камер шүүтэл надтай зөрсөн хоёр залуугийн өндөр, майга хөлтэй залуу нь манай өрөө рүү ороод гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч Б.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын эхээр өөрийн төрсөн дүү Батсүх овогтой Х- 99389114 дугаарын утаснаас над руу залгаад “би нэг хүнээс гар утас худалдаж авсан чинь хулгайн гар утас байсан юм байна. Би одоо энэ утсыг машинд тавиад явууллаа, та Хөвсгөлийн Цагдаагийн газрын мөрдөгч Билгүүн гэдэг хүнд аваачаад өгчих” гэж надад хэлсэн. 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр би Улаанбаатар хотоос ирсэн автобуснаас цаастай гар утас хүлээн авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
- Хулгайд алдсан гэх гар утсыг 830.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 36 дугаар хуудас/,
- “Мобиком корпораци” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 13/797 дугаартай албан бичиг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “2018 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө ...Ланд-80 маркын автомашинтай үл таних эрэгтэй хүнийг зогсоогоод “Их-Урц” буудал хүргүүлэхээр явсан. ...Тэгээд би ...жолоочтой хамт гарч яваад “би буцаж орж хүн хараад ирье” гэж хэлээд номерыг нь мэдэхгүй голын өрөөнд орон дээр байсан гар утсыг нь авч куртикны халаасандаа хийгээд буудлаас гараад явсан. ...Миний буудлаас хулгайлсан гар утас нь Самсунг А-6 маркын гар утас байсан ба шаргал өнгийн андройд үйлдлийн системтэй гар утас байсан. ...миний хулгайлсан гар утсыг миний төрсөн ах Т- гар утасны эзэнд нь хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 47 дугаар хуудас/,
- Б.Х-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/,
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж
байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Б.Х- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь камерын бичлэг, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Х- нь шунахайн сэдэлтээр 2018 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Их Урц” зочид буудлын 2 тоот өрөөнөөс иргэн Д.Ц-гийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 830.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/, камерийн бичлэгтэй Си ди-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, эд зүйл, баримт, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/, О.М-ы тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/, хохирогч Д.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-24 дүгээр хуудас/, гэрч Ж.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/, гэрч Б.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, хулгайд алдсан гэх гар утсыг 830.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 36 дугаар хуудас/, “Мобиком корпораци” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 13/797 дугаартай албан бичиг /хх-ийн 44-45 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгчийн мэдүүлж байгаа “Би 2018 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө 00 цаг өнгөрч байх үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-17-02 тоотод архи ууж байгаад “Их-Урц” буудал орохоор гэрээсээ гараад явсан” /хх-ийн 53/ гэх мэдүүлгээс үзвэл шүүгдэгчийн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, иргэд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг байдал, эд хөрөнгөө хайхрамжгүй байдлаар орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Б.Х- нь 2018 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Их Урц” зочид буудлын 2 тоот өрөөнөөс шунахайн сэдэлтээр иргэн Д.Ц-гийн гар утсыг хулгайлж 830.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна.
Шүүгдэгч Б.Х-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 830.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
О.М-ы: “Хулгайд алдагдсан А-6 маркын андройд гар утсаа 3/04-ний өдөр мөрдөгч, цагдаагийн дэслэгч Билгүүнээс хүлээн авсан нь үнэн болно” гэх тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” юм.
Шүүгдэгч Б.Х- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Хөвсгөл аймгийн “Мөрөн Хот тохижилт, Үйлчилгээний төв” ХХК-д хог ачилтын ажил хийлгүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан Си Ди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ыг 340 /гурван зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар, Хөвсгөл аймгийн “Мөрөн Хот тохижилт, Үйлчилгээний төв” ХХК-д хог ачилтын ажил хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Б.Х-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан Си Ди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ