Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 06

 

 

 

 

 

 

    2018          12            25                                          06

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч Ц.Ж-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш- овогт Ц-ийн Ж-д холбогдох эрүүгийн 1808 0314 000000дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Ш- овогт Ц-ийн Ж- нь Монгол Улсын иргэн, 1956 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Талх Чихрийн 11 дүгээр байрны 91 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Баянгол амны задгай тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл:  

1. Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 1980 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 38 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зүйлийн 76.6 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 1981 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан,

2. Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 35 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 73 дугаар зүйлийн А-д зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж, 1988 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүх захирамжаар 3 сар 3 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

3. Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 2006 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүхийн захирамжаар 10 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, (РД:ЗЮ56051011).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ц.Ж-нь 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын амны задгай тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Д.Давааг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Ж-шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 1808 0314 91564 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Д.Даваагийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гэртээ амарч байх үед манай нөхөр Ц.Ж-хөрш Ганбаатарын хамт архи уусан. Ганбаатарыг гарсны дараагаар бид хоёр ялимгүй зүйлээс маргалдаж тэрээр миний нүүрний баруун хэсэгт гараараа нэг удаа цохисон. Өглөө босоход нүүр хавдаж хөхөрсөн байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг [1],

2. Гэрч Т.Ганбаатарын хэрэг бүртгэлтэд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өгсөн:

“...2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байдаг байшингаа эргэх гэж очоод байж байтал Ж- “гэрт ороод хоол ид” гэхээр нь бид хамт гэр рүү нь ортол Даваа бууз гаргаад зогсож байсан.  Ж- ойрд уулзсангүй гээд нэг шил 0,75 литрийн хэмжээтэй Хараа архи задалсан. Түүнийг нь хувааж уугаад би явсан. Намайг байх хооронд янз бүрийн муудалцах маргалдах зүйл болоогүй. ...” гэх мэдүүлэг [2],

 

 

3.Гэрч Ж.Бэлэгдэмбэрэлийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр өгсөн:

“...Манай аав Ж- 1956 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн. Эхээсээ арван нэгүүлээ айлын 2 дахь хүү болон мэндэлсэн. Дундговь аймагт бага насаа өнгөрөөсөн 4 дүгээр ангийн боловсролтой. Манай аав Ж-, ээж Даваа нар 1976 оны үед гэр бүл болж байсан. Манай аав нь миний мэдэж байгаагаар тээврийн жолооч хийдэг байсан, 2016 онд тэтгэвэртээ гарсан. Сонгинохайрахн дүүргийн 22 дугаар хороонд ээж Даваагийн хамт амьдардаг. Миний аав дуу цөөтэй, хүнд тусархуу, архи дарс уугаад байдаггүй, их цайлган сэтгэлтэй, эхнэр болон үр хүүхдүүдээ хайр халамжтай сайн хүн. ...” гэх мэдүүлэг [3]

 

4. Шүүгдэгч Ц.Ж-гийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байтал манай хөрш Ганбаатар байшингаа эргэх гээд ирсэн байсан тул түүнийг гэртээ оруулж хоол, цай идүүлж нэг шил 0,75 литрийн хэмжээтэй архи хувааж уусан. Би тэр үед нилээн согтоод юу болсон талаар сайн санахгүй байна. Маргааш нь манай эхнэр намайг зодож гэмтээсэн байна гэж цагдаад гомдол гаргасан байсан. Даваагийн биед учирсан гэмтлүүдийг ба гараараа цохиж учруулсан байхаа. Сайн санахгүй байна. ...” гэх мэдүүлэг [4],

 

5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед  хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 7875 тоот дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэг: Баруун нүдний дээд, доод зовхинд тод хүрэн улаан өнгийн, захаараа шаргал өнгийн туяа бүхий цус хуралттай, бага зэрэг овойж хавдсан, баруун хацрын төвгөр орчимд тэмтрэхэд эмзэглэл ихтэй. Баруун бугалганы дотор доод гадаргууд 7х5см тод хүрэн улаан өнгийн захаараа шаргал өнгийн туяа бүхий, зүүн шууны гадна доод гадаргууд 4х5см бүдэг хөх өнгийн цус хуралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

ДҮГНЭЛТ:

1. Д.Даваагийн биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /шинжээч Н.Энхцолмон/...” гэсэн дүгнэлт [5],

 

6. Шинжээч А.Амгаланболдын хэрэг бүртгэлтэд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өгсөн “...Баруун бугалга, зүүн шууны цус хуралт дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь ... мөргөхөд үүсэхгүй ба цохилтын хүчээр үүснэ. ...” гэх мэдүүлэг [6],

 

7. Шүүгдэгч Ц.Ж-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа [7], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шалгасан хуудас/ шүүх хуралдаанд шинээр гаргасан/, түүний нэр дээр хувийн сууц бүртгэлтэй талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа [8], Ц.Ж-ы нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа [9], Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны тодорхойлолт [10], Ц.Ж-ы “Хаан" банкинд эзэмшдэг дансны хуулга [11], Ц.Ж-ы талаарх захиргааны зөрчлийн лавлагаа[12], хохирогч Д.Даваа, шүүгдэгч Ц.Ж-нарын хүсэлт[13], хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол [14], хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын саналыг яллагдагчид танилцуулсан баримт [15] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч  Ц.Ж-нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 273  дугаар тогтоолоор шийдвэрлэж, яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Ж-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Ц.Ж-, хохирогч Д.Д-нар нь 1980 онд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулж гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарсан байх ба тэд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын амны задгай тоотод амьдардаг байна.

Шүүгдэгч Ц.Ж-нь 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гэртээ хөрш Ганбаатартай хамт архи ууж, согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн байх ба улмаар согтуурсан үедээ эхнэр Д.Давааг хэл амаар доромжлон, түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн шууны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

-Хохирогч Д.Даваагийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр манай нөхөр Ц.Ж-хөрш Ганбаатарын хамт архи уусан. Ганбаатарыг гарсны дараагаар бид хоёр ялимгүй зүйлээс маргалдаж тэрээр миний нүүрний баруун хэсэгт гараараа нэг удаа цохисон. Өглөө босоход нүүр хавдаж хөхөрсөн байсан. ...” гэх мэдүүлэг [16],

-Ц.Ж-ы хэрэг бүртгэлтэд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр манай хөрш Ганбаатар байшингаа эргэх гээд ирчихсэн байсан тул түүнийг гэртээ оруулж хоол, цай идүүлээд нэг шил 0,75 литрийн хэмжээтэй Соёрхол архи хувааж уусан. ...Маргааш нь манай эхнэр намайг зодож гэмтээсэн байна гэж цагдаад гомдол гаргасан байсан. ...шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Даваагийн биед учирсан гэмтлүүдийг ба гараараа цохиж учруулсан байхаа....” гэх мэдүүлэг [17],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 7875 тоот “...Даваагийн биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо, ...гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” гэсэн дүгнэлт [18], шинжээч А.Амгаланболдын мэдүүлэг [19] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ  шүүгдэгч Ц.Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж дүгнэж, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг бие махбодын хүчирхийлэл; сэтгэл санааны хүчирхийлэл; эдийн засгийн хүчирхийлэл; бэлгийн хүчирхийлэл гэж заасан байх ба гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг тодорхойлох зорилгоор гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээг хийх, мөн цагдаагийн албан хаагч нь гэр бүлийн аюулгүй байдлыг шалгах буюу хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд учирсан, эсхүл учирч болох эрсдэлд аюулын зэргийн үнэлгээг хийхээр хуульчилсан байна.

 

Прокуророос шүүгдэгч Ц.Ж-нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Д.Даваагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байх боловч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан “Аюулын зэргийн үнэлгээ”, 32 дугаар зүйлд заасан “Нөхцөл байдлын үнэлгээ” хийх зэрэг ажиллагааг явуулаагүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ц.Ж-нь хохирогч Д.Даваагийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид байнга халдах зэргээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан “гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр”-ийг агуулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Иймд шүүгдэгч Ц.Ж-ы үйлдсэн гэмт хэрэг нь  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг хангасан, харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, тус зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж-ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ц.Ж-нь хохирогч Д.Даваагийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Д.Д-нь тус хэрэгт гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтыг ирүүлээгүй бөгөөд хохирогчоор нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул энэ талаар тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх хуралдаанд улсын яллагч  эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Ц.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Ц.Ж-нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул тус зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Ж-нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар 3 удаа ял шийтгэгдэж байсан байх боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд эрх зүйн байдлыг нь дордуулах үндэслэл болохгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялын төрөл нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах зэрэг ялтай байх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт хэсэгт жараас дээш насны эрэгтэйд нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахгүй тухай заасан байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Ж-ы 62 настай байдал буюу хувийн байдлыг харгалзан түүнд 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөрөнгө, орлогыг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын буюу 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

4.Бусад асуудлаар

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш- овогт Ц-ийн Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Ш- овогт Ц-ийн Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч Ц.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Ж-нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.Д-нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 23-24 дүгээр тал.

2 Хавтаст хэргийн 29-30 дугаар тал.

3 Хавтаст хэргийн 30 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 27 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 44 дүгээр тал.

[5] Хавтаст хэргийн 31 дүгээр тал.

[6] Хавтаст хэргийн 34-35 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 48 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 46 дүгээр тал.

[9] Хавтаст хэргийн 47 дугаар тал.

[10]Хавтаст хэргийн 63 дугаар тал.

[11]Хавтаст хэргийн 50-52 дугаар тал.

[12]Хавтаст хэргийн 58-61, 63-67 дугаар тал.

[13]Хавтаст хэргийн 71, 75 дугаар тал.

[14]Хавтаст хэргийн 81 дүгээр тал.

[15]Хавтаст хэргийн 80 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 23-24 дүгээр тал.

[17] Хавтаст хэргийн 44 дүгээр тал.

[18] Хавтаст хэргийн 31 дүгээр тал.

[19] Хавтаст хэргийн 34-35 дугаар тал.