| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 2125002060261 |
| Дугаар | 70 |
| Огноо | 2022-03-30 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 70
Д.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал, Ж.Нарантуяа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний 312 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 13 дугаар магадлалтай, Д.Б-д холбогдох 2125002060261 дугаартай хэргийг прокурор Л.Оюунтуяагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1965 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “***” ТМК-ийн жолооч ажилтай, **, ял шийтгэлгүй, Б овогт Д-н Б-, /РД:***/.
Д.Б- нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат Манханы 14 дүгээр гудамжинд иргэн Д.Ж-ыг зодож архины шил буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 5 жил хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 5 жил хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... Шүүгдэгч Б овгийн Д-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай ... гэснийг ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Б овогт Д-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай ... гэж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй... гэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй... гэж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын ... 5 жилийн ... гэснийг ...3 жилийн... гэж, ...эдлэх ялыг 3 жилийн ... гэснийг... эдлэх ялыг 1 жилийн... гэж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын ... 3 жилийн ... гэснийг ...1 жилийн... гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж,
шүүгдэгч Д.Б-ы ... зүйл ангийг хөнгөрүүлж өгнө үү ... гэсэн давж заалдах гомдол, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргалын давж заалдах гомдлын ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү ... гэсэн хэсгийг тус тус хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд прокурор Л.Оюунтуяа бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
1. Шүүгдэгч Д.Б- нь ...Д.Ж-тай үл ялих зүйлээр шалтаглан маргаж улмаар мориноос нь татаж унаган толгой руу нь цохиж өшиглөн, зодож, ...архины шилээр толгой руу нь 2 удаа цохиж, жижиг модон шатаар хөл рүү нь цохиж ...хүнд зэргийн гэмтэл хохирол учруулсан нь хохирогч Д.Ж-, гэрч И.Ц-н мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогддог.
Шүүгдэгч Д.Б-ы бусдын биед санаатай халдан зодож архины шилээр толгой руу нь цохиж хагарсны дараа дахин хагарсан архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.4-т заасан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатайгаар учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай үйлдэл мөн.
Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирогчийн биед хүнд хохирол учруулахдаа тухайн архины шилийг тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан нөхцөл байдал тогтоогдохгүй, хохирогчийн толгойн тус газарт цохиж буюу гэмт хэрэг үргэлжилж байх явцад уг архины шил хагарсан үйл баримт тогтоогдож байх тул Эрүүгийн хууль тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн гэж үзэж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн үндсэн шинж нь зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан байхыг шаарддаг ба зэвсгийн чанартай зүйл нь иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж хэрэгслийг хамааруулж ойлгоно гэж заасан ба архины шил нь иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх эд зүйлд хамаарч байхад давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хууль тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн гэж дүгнээд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Б- нь тохиолдлын шинжтэйгээр архины шил халаасандаа хийж явсан боловч гэмт хэрэг үйлдэх үедээ архины шилээр хохирогчийн толгойн тус газарт цохиж гэмтэл учруулсан ба гэмт хэрэг үйлдэх үедээ ахуйн зориулалттай эд зүйл буюу архины шилийг өөрийн хийж буй үйлдэлд хүч оруулах, хүч нэмэгдүүлэхээр зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэх үйл баримт тогтоогдож байна. Монгол хэлний тайлбар толинд “зэвсэг” гэдгийг аливаа зүйлийг хийхэд чухал хэрэглээтэй хэрэгслийг ойлгоно гэж, “зэвсгийн чанартай бусад зүйл” гэж ахуйн болон ахуйн зориулалт бүхий бусад эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж заасан.
Шүүгдэгч Д.Б- нь архины шилийг тухайн хийж буй гэмт үйлдэлдээ хүч оруулахаар зэвсгийн чанартайгаар ашигласан учир энэ бол зэвсгийн чанартай зүйлийг хэрэглэж бусдын биед хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар хүндрүүлж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн бодит байдлыг тогтоох, эх сурвалжийг магадлах хууль хэрэглээтэй холбоотой томъёоллыг зөвтгөж шийдвэрлэсэн гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэж байна. Прокурор эсэргүүцэл бичихдээ хэл зүйн хувьд зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэдгийг хэрхэн яаж ялгах тухай тайлбарласан. Эрүүгийн хуулийн концепцийн заалт нь аутентик тайлбараар зэвсэг, зэвсгийн чанартай зүйл гэж юу юм бэ гэдгийг хууль зүйн түвшинд тайлбарласан. Тэгэхээр хууль зүйн түвшинд нэг мөр ойлгож тайлбарласан асуудлыг тусгайлан бэлтгэсэн гэдэг ойлголтоор тайлбарлаж үгүйсгэх боломжгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэр томъёог хэрэглэх, Эрүүгийн хууль, хэргийн зүйлчлэлийн хувьд нотлох ажиллагаанд эргэлзээ бүхий нөхцөл байдал байгаа учир давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан гэмт хэргийн талаар онолын болон хууль хэрэглээний түвшинд Улсын дээд шүүхийн тайлбар зөвлөмж албан ёсоор бий болоогүй нөхцөл байдал дээр шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх /Эрүүгийн хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн гэж/ зарчмыг шүүх зөв ойлгож хэрэглэсэн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний 312 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 13 дугаар магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа хэлсэн саналдаа “Миний хувьд давж заалдах шатны шүүхээс Д.Б-ы эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан оролцсон. Давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн бөгөөд тус магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 8 дугаартай прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Прокурорын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар дээд шатны прокурорын шийдвэрийг доод шатны прокурор хянаж, эсэргүүцэл бичих тухай зохицуулалт байгаа. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.6 дугаар зүйлд зааснаар эсэргүүцэл дээр тухайн албан тушаалтан нэр усаа бичээгүй, мөн ямар үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах тухай заалтаа тодорхой бичээгүй, Эрүүгийн хэрэг хянан тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-д заасныг баримтлан дээд шатны прокурор эсэргүүцэл бичив гэсэн байна. Тэгэхээр дээд шатны прокурор бичээгүй, доод шатны прокурор буюу аймгийн прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Оюунтуяа бичсэн байгаа юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлд зааснаар прокурорын хяналтын эрх зүйн хэлбэр болсон эсэргүүцэл нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй. Улсын ерөнхий прокурорын газраас хуульд заасан үндэслэлээр буцаан авахгүйгээр ажлын үзүүлэлтийг урьтал болгож хүлээж авсан нь үндэслэлгүй байна. Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “Д.Б-ы үйлдсэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчлэн тогтоосугай” гэж буруу байдлаар бичсэн. Зэвсгийн чанартай тусгайлан бэлтгэсэн гэсэн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, дараа нь яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн. Үүнийг анхан шатны шүүх анзаараагүй шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ талаар дурдахад прокурор “шинэ прокурор яллах дүгнэлт бичихдээ алдаатай бичсэн байна”, уучлаарай гэсэн асуудал ярьсан. Шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа, эрхэм шүүгч нарт энэ асуудлыг хэлэх нь зүйтэй байх гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Прокурор Л.Оюунтуяагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Д.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Д.Б- нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат Манханы 14 дүгээр гудамжинд иргэн Д.Ж-ыг зодож, архины шил буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийн гэмт хэргийн шинжийн талаар анхан болон давж заалдах шатны шүүх харилцан адилгүй хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, шүүгдэгчийн үйлдэл, түүний гэм буруугийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж хэргийн үйл баримтыг тогтоон, түүнд хууль зүйн дүгнэлт хийхдээ, Эрүүгийн хууль, түүнд тусгагдсан хэм хэмжээний агуулгыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй буюу архины шилээр цохисон үйлдлийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан буюу тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр зүйлчилсэн нь үндэслэл муутай болжээ.
Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.Б-ыг хохирогч Д.Ж-ы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь нотлогдон тогтоогдсон, харин гэмтэл учруулахдаа архины шилийг тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогчийн толгойн тус газарт цохиж буюу гэмт хэрэг үргэлжилж байх явцад уг архины шил хагарсан үйл баримт тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгсэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын нэмэгдэл шинжүүдийн нэгэн адил гэмт хэргийн зүйлчлэл, оногдуулах ялын төрөл, хэмжээнд нөлөөлдөг бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн аутентик тайлбарт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийн талаарх ойлголтыг тодорхойлон тусгажээ.
Гадаад хэлбэрийн хувьд архины шилний хагархай нь хүний амь бие, эрүүл мэндэд гэмтэл учруулж болох эд зүйлийн шинжийг илэрхийлж байгаа боловч эдгээр зүйл, хэрэгслийг урьдчилан төлөвлөж, тусгайлан олж авч бэлтгэсэн, засаж тохируулсан байх, энэ нь гэм буруутай хүний санаа зорилго, сэтгэл зүйн хандлагад багтаж байсан үйл баримт нотлогдсон тохиолдолд зэвсэг хэрэглэсэн шинжид хамруулахаар хууль тогтоогч тогтоосон болох нь дээр дурдсан тайлбараас тодорхой байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Б- нь гэмт санаагаа хэрэгжүүлсэн гэмт үйлдэлдээ хүч нэмэгдүүлэх зорилгоор архины шилийг хагалж, зориуд урьдаас төлөвлөж, тусгайлан олж авч бэлтгээгүй байх бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсний улмаас өөрийгөө хянах, үйл хөдлөлөө удирдах чадвар нь тодорхой түвшинд буурсан үедээ, бусадтай маргаан өрнүүлж, улмаар бусдыг зодох явцдаа, тухайн үед үүссэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын цаг мөчид "архины шил" ашиглан бусдад гэмтэл учруулсан түүний үйлдэл уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарахгүй байгаа талаар давж заалдах шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.
Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой байдаг. Тиймээс гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжид хамаарах гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга, газар, цаг, хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл нь гэмт хэргийн нийгмийн аюулыг багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлыг эерэг болон сөргөөр үнэлэхэд хүргэж, ялын бодлогод шууд нөлөөлдөг тул тэдгээрийг заавал тогтоож тодорхойлох нь зүйтэй.
Дээрхээс гэмт хэрэг үйлдсэн арга гэдэг нь тухайн этгээдээс өөрийн гэмт санаа, зорилгоо хэрэгжүүлэхдээ урьдаас сонгон авсан, Эрүүгийн хуульд заасан тодорхой үйлдлийн илрэх хэлбэр байдаг бөгөөд энэ нь гэмт хэргүүдийг хооронд нь ялган зүйлчлэх гол шалгуур болно.
Түүнчлэн давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэнтэй холбогдуулан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч болон хохирогч нарын хуулиар хамгаалагдсан хууль ёсны эрх ашигт сөргөөр нөлөөлж, тэдний хуулиар олгогдсон эрхийг аливаа нэгэн хэлбэрээр хасч, хязгаарласан, энэ нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн “...давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх” агуулгатай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний 312 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 13 дугаар магадлалыг хэвээр үлдээж, прокурор Л.Оюунтуяагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ С.БАТДЭЛГЭР
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Б.ЦОГТ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН