Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2019/0664

 

 

“А Б Э А Ж Э Б Э” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, Л.И, Б.Сн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Л.Б, Д.А, хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г, Э.Н, Б.Н, Б.У нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0663 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “А Б Э А Ж Э Б Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, тус яамны “Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0663 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 12 дугаар зүйлийн 12.2, 16 дугаар зүйлийн 16.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 55 дугаар зүйлийн 55.3.3-д заасныг тус тус баримтлан Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамны “Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан,Сэлэнгэ төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 03/2670 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/3998 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан “Дэд бүтцийн хөгжил- Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 03/2669 дугаар “З л” компанитай Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгүүлэхээр “Гэрээ байгуулах эрх олгох” мэдэгдлийг хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын яам, “З л” компанитай байгуулсан 2019/157 дугаар “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээг хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 03/1911 дугаартай мэдэгдлийн дагуу “А Б Э А Ж Э Б Э” компанитай гэрээ байгуулахыг даалгах” “А Б Э А Ж Э Б Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо: “3ахиргааны актын хууль зүйн үндэслэлийг нягтлаагүй шийдвэрлэсэн.

Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 03/10 дугаар албан бичгээр тендерийн хугацааг сунгасан тухай тендерт оролцогч компаниудад мэдэгдсэн бөгөөд уг захиргааны актын хууль зүйн үндэслэлийг шүүх хянаж үзэлгүйгээр шүүхийн шийдвэрт үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, тендерийн баталгааг тендер нээснээс хойш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тооцохыг мэдэгдэхээр тус тус шийдвэрлэсэн...” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл уг тендер шалгаруулалт эхнээсээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явагдсан эсэхийг хянаж үзэлгүйгээр Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 03/10 дугаар албан бичгийг хуульд нийцсэн мэт үзсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч хүлээн авсан бүх тендерийг тендерийн баримт бичигт заасан газар, товлосон хугацаанд нийтийн өмнө нээх бөгөөд тендер нээх хугацааг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 1 цагийн дотор байхаар товлоно” гэж заасан бөгөөд уг хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т заасан “Захиалагч гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хянан шийдвэр гаргах бөгөөд ...” гэсэн нь тендер нээх хугацааг сунгах тухай зохицуулалт болохгүйг шүүх анхаарч үзсэнгүй.

Тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 23 дугаар зүйлийн 23.1-д “Захиалагч тендерүүдийг ТШӨХ-д заасан захиалагчийн хаягаар, ТШӨХ-д заасан огноо, цагаас өмнө хүлээн авна” гэж, 23.2-т “Захиалагч 11 дүгээр зүйлийн дагуу тендерийн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулсны улмаас тендер хүлээн авах эцсийн хугацааг сунгасан тохиолдолд захиалагч болон тендерт оролцогчийн эрх, үүрэг сунгасан хугацааны туршид хэвээр хадгалагдана” гэж тус тус заасан нь ноцтой зөрчигдсөн болно. Сангийн яамнаас 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/3998 дугаар албан бичгээр үнэлгээг дахин хийхийг захиалагчид даалгасан бөгөөд ингэхдээ Сангийн яам нь зөвхөн гомдол гаргагч “З л” компанийн гомдолд дурдсан асуудлыг шалгаж хариу өгсөн.

Өөрөөр хэлбэл, Сангийн яам хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэлгүй, тендер шалгаруулалтыг бүхэлд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явагдсан эсэхийг хянаж үзэлгүйгээр, гомдол гаргагч компанийн гаргасан шаардлагад нийцүүлсэн мэдэгдэл гаргасан. Шүүх Сангийн яамны уг мэдэгдлийг захиргааны үйл ажиллагаанд зарчимд нийцсэн эсэхийг анхаарч үзсэнгүй. Шүүх тендерийн үнэлгээний хорооны үнэлгээ, шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, үнэлгээ хийх журам, үнэлгээний хорооны үйл ажиллагаа, зохион байгуулалтыг зохицуулсан журамд нийцсэн эсэхийг судалж үзсэнгүй.

Барилга,хот байгуулалтын яамны 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 03/2669 дүгээр албан бичгээр “З л” компанид гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг, 03/2670 дугаар албан бичгээр “А Б Э А Ж Э Б Э” компанийн тендерээс татгалзсан мэдэгдлийг тус тус хүргүүлсэн. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах” гэж захиалагчийн эрх, үүргийг заасан байхад захиалагч эрх, үүргээ хэрэгжүүлээгүй шүүх харгалзсангүй болно.

Хууль зөрчсөн мэдэгдэл, албан бичигт үндэслэсэн гэрээ хууль зөрчөөгүй байх үндэслэлгүй болно. Шүүх энэ талаар дүгнэж үзсэнгүй.Тендерийн үнэлгээний хорооноос “Магнуссентурион констракшн" компанийн гүйцэтгэх захирал гэх этгээдийн төлөөлөх эрх, тусгай зөвшөөрөл, ажлын туршлага, санхүүгийн чадавхийг тус тус Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу хянаж үзээгүй, үнэлж шалгаагүй болно. Тендер шалгаруулалтыг зохион байгуулах болон тендерийг үнэлэх, хянах, дүгнэлт гаргах бүхий л ажиллагаа холбогдох хууль, журамд нийцсэн эсэхийг шүүх дүгнэж үзсэнгүй.

Шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй болно. Шүүхийн шийдвэрийн 18, 19 дүгээр хуудсанд "... шалгуур үзүүлэлтийг хангаагүй, мэдээллийг ирүүлээгүй нь тогтоогдох бөгөөд ...” гэж, 20 дугаар хуудсанд “... бүрэн хангасан нь тогтоогдож байх тул гэж тус тус заасан боловч ямар нотлох баримтаар тогтоогдож байгааг, эсхүл ямар нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа талаар шийдвэртээ тусгаагүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь “хууль ёсны үндэслэл бүхий байна” гэсэнтэй нийцэхгүй байх тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Барилга, хот байгуулалтын яамнаас зарласан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд Австри улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл”-ийн зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “А Б Э А Ж Э Б Э” ХХК болон гуравдагч этгээд “З л Э Э Б Э” ХХК-ууд оролцож, тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар хурлаар тендерүүдэд үнэлгээ хийж “З л Э Э Б Э” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж, “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн “А Б Э А Ж Э Б Э” ХХК-тай гэрээ байгуулах талаар зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Улмаар тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч “З л Э Э Б Э” ХХК-аас Сангийн яаманд гомдол гаргаж, уг гомдлыг Сангийн яам хянаад 6-1/3998 дугаар албан бичгээр ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасныг зөрчсөн хэмээн тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн байна.

Үүний дагуу тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр хурлаар тендерүүдэд дахин үнэлгээ хийж нэхэмжлэгч “А Б Э А Ж Э Б Э” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж, “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн “З л Э Э Б Э” ХХК-тай гэрээ байгуулах талаар зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэж, Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 03/2670 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “А Б Э А Ж Э Б Э” ХХК-ийн ирүүлсэн тендерээс ерөнхий инженер Bernhard Gruber-ийн гүйцэтгэсэн ажлын туршлагын талаар мэдээлэл ирүүлээгүй гэсэн үндэслэлээр татгалзаж байгааг мэдэгдэж, гуравдагч этгээд “З л Э Э Б Э” ХХК-д гэрээ байгуулах тухай 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 03/2669 дүгээр албан бичгээр мэдэгджээ.

Нэхэмжлэгчээс “эрхгүй этгээд гаргасан тендер шалгаруулалттай холбоогүй хуульд тусгайлан заагаагүй асуудлаар гаргасан гомдлын дагуу тендер хүлээн авах хугацаа сунгасан нь хууль зүйн үндэслэлгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан бүх нөхцөлийг хангасан тендерийн материал хүргүүлсэн байхад үндэслэлгүйгээр тендерээс татгалзсан нь манай байгууллагын эрх ашгийг зөрчиж байна” гэсэн үндэслэлээр маргасан байна.

Захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 6.3 /г/-д төслийг гүйцэтгэх ерөнхий инженер нь гэрээнд заасан ажилтай төрөл, үнийн дүнгээрээ дүйцэх ажил дээр ажилласан туршлагатай байх ба сүүлийн 3 жилд гадна гудамжны гэрэлтүүлгийн олон улсын төслийн удирдагчаар ажиллаж байсан туршлагатай байхаар заасан бөгөөд нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерээс үзэхэд ерөнхий инженер Bernhard Gruber-ийн дээрх төслийн гэрээнд заасан ажилтай төрөл, үнийн дүнгээрээ дүйцэх ажил дээр ажилласан, 3 жилд гадна гудамжны гэрэлтүүлгийн олон улсын төслийн удирдагчаар ажиллаж байсан туршлагатай эсэхийг нотолсон баримт ирүүлээгүй нь тогтоогдож байх тул уг шаардлагыг хангаагүй гэж үзсэн Сангийн яамны 6-1/3998 дугаар албан бичиг үндэслэлтэй байна.

Түүнчлэн Сангийн яамнаас ажиллах хүчний болон санхүү, техникийн чадавхтай давхцаж байгаа гэсэн үндэслэлээр гуравдагч этгээдийн тендерийг үнэлээгүй захиалагчийн шийдвэрийн үндэслэлгүй талаар дурдаж, тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-д заасны дагуу мэдэгдсэнийг тендерийн Үнэлгээний хороо хүлээн авч, дахин хянан үзэхдээ нэхэмжлэгч “А Б Э А Ж Э Б Э” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийг зөрчөөгүй байна.

Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж тус тус заасан бөгөөд нэгэнт Сангийн яамнаас нэхэмжлэгчийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичгийн бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 6.3 /г/-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн төдийгүй, энэ тохиолдолд мөн хуулийн 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасны дагуу “З л Э Э Б Э” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендер гэж дүгнэсэн Үнэлгээний хороо болон захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болно гэж заасны дагуу “З л Э Э Б Э” ХХК-аас тендерийн баримт бичгийг англи хэл дээр олгогдоогүй талаар гомдол гаргасныг захиалагчаас хүлээн авч тендерийн баримт бичгийг тендерийн урилга нийтлэгдэх өдрөөс өмнө бэлэн болгосон байх, тендерийн баримт бичиг, гадаадын этгээд худалдан авах ажиллагаанд оролцох эрхтэй бол монгол хэлнээс гадна олон улсын худалдаанд өргөн хэрэглэгддэг хэл дээр бэлтгэнэ гэсэн үүргийнхээ хүрээнд тендер нээх хугацааг сунгаж шийдвэрлэсэн хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, хуульд тусгайлан заагаагүй асуудлаар гаргасан гомдлын дагуу дур мэдэн тендер хүлээн авах хугацааг сунгасан гэж үзэх боломжгүй буюу нэхэмжлэгчээс 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цаг 35 минутад тендерийн материалаа хүргүүлснээр уг асуудлаар маргах эрхгүй, тендер нээх хугацааг сунгасны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй.

Түүнчлэн анхан шатны шүүх ... хуулийг ноцтой зөрчсөн, буруу тайлбарлаж хэрэглэсэн, хууль журамд заасны дагуу бүрэн гүйцэд үнэлээгүй, буруу дүгнэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...тендер хүчинтэй байх хугацаа дууссан байхад гэрээ байгуулсан. ... анхан шатны шүүхийн шүүгч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиас үзэхэд “гэрээ байгуулах эрх олгох” нь тендер шалгаруулах үйл ажиллагааны сүүлчийн үе шат /тендер ирүүлэх, нээх, хянан үзэх, үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/ бөгөөд энэхүү цогц үйл ажиллагаа нь бүхэлдээ “тендер хүчинтэй байх хугацаа”-нд хэрэгжихээр байна.

Харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасан “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно” гэж заасан нь тендерийн хугацааг сунгахтай холбоотой бөгөөд ингэснээр тендер хүчин төгөлдөр байх хугацаанд гэрээ байгуулах зорилго бүхий зохицуулалт гэж ойлгохоор байна.  

Хэрэгт авагдсан Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 03/2202, Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 6-1/4004 дүгээр албан бичгүүдээс үзэхэд тендер хүчинтэй байх хугацааг тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна гэж заасны дагуу тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан өдрөөс 30 хоногоор сунгагдсан байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, харин шийдвэрийн Тогтоох хэсэгт нэхэмжлэлийн 2 шаардлагыг давхардуулан шийдвэрлэсэн алдаа гаргасан байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулж, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0663 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “... Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 03/2670 дугаартай “А Б Э А Ж Э Б Э” компанийн тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулах, ... Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 03/1911 дугаартай мэдэгдлийн дагуу “А Б Э А Ж Э Б Э” компанитай гэрээ байгуулахыг даалгах” гэснийг хасч, 2 дахь заалтад “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                         ШҮҮГЧ                                                                          Э.ЗОРИГТБААТАР

                         ШҮҮГЧ                                                                          Г.БИЛГҮҮН

                         ШҮҮГЧ                                                                          Д.БААТАРХҮҮ