Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2023/0034

 

С.М-ийн нэхэмжлэлтэй,

Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн

хамгааллын сайдад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:                Ц.Цогт

           Шүүгчид:                                  Д.Батбаатар

                                                                М.Батсуурь

                                                                Х.Батсүрэн

            Илтгэгч: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга:        А.Гантогтох

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 221/ШШ2023/0004 дүгээр шийдвэртэй хэргийг,

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, хариуцагч Эрүүл мэндийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, О.Г нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ хугацааг шинэчлэн батлах тухай” 2021 оны А/758, А/197 дугаар тушаалын 6 дугаар зүйлд миний өвчин хамаарагдах хэсгийг нэмж оруулах”

2. Хэргийн нөхцөл байдал:

2.1. Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/758, А/197 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах “Ердийн өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа”-г, хоёрдугаар хавсралтаар “Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа”-г шинэчлэн баталж, энэ тушаалыг мөрдөж ажиллахыг Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв, салбар, орон нутгийн комисс, эмнэлгийн байгууллагын Эмнэлэг хяналтын комисст тус тус үүрэг болгожээ.

2.2. Нэхэмжлэгч С.М-оос “... миний бие бага наснаасаа чихний үрэвсэлт өвчнөөр өвдөж 2001 онд ЭХҮТ-ийн чихний мэс засалд орж хэнгэргэн хальс нөхүүлсэн. Байнгын эмчийн хяналтад байсаар ирсэн. 2020 онд зүүн чихний хэнгэргийн хальс нөхөх мэс заслыг 3 дугаар эмнэлэгт хийлгэсэн. Одоо сонсгол муу хэвээр байна. 2019 онд ХЧА 50 хувь тогтоолгосон. 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр сунгасан. 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 1 жилийн хугацаатай сунгагдсан. 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хугацааг сунгуулахаар хандахад “Таны хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох заалт хангагдахгүй байгаа тул цуцална” гэсэн. Гэтэл миний чихний сонсголын бууралт сүүлийн 3 удаагийн сонсголын бичлэгээр: 1.OD 15.2  2.OD 26.0  3.OD 30.15  DF-р буурсаар байгаа. Зүүн чих OS 52.15 бууралттай. Эдгээрээс харахад миний сонсгол байнга муудсаар байна. Би юм сонсохгүйн дээр чихэнд олон нэмэлт чимээ зэрэгцэн сонсогдож чих шуугьдаг зовуурьтай. Удаан хугацаанд үргэлжлэхэд толгой өвдөж эргэдэг. Иймд маргаан бүхий актын сонсголын бууралттай байгаа заалтын сонсголын бууралттай өвчний жагсаалтад үүнийг тусгаагүйн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсанаа тогтоолгож чадахгүй байгаа, эрүүл хүмүүсийн адил дүгнэгдэж, хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй байна” гэж тайлбарлан, журмын хавсралтын холбогдох хэсэгт өөрийн өвчний оношийн кодыг нэмж оруулахаар маргана.

2.3. Хариуцагч Эрүүл мэндийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: “... нэхэмжлэгч С.М Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан газрын даргад “... нягтлан дүгнэж, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож өгнө үү” гэх агуулга бүхий өргөдлийг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн. Уг өргөдлийн дагуу Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Б 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 6/143-Ө дугаар албан бичгээр “хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох боломжгүй тухай” хариуг хүргүүлсэн. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Мэргэжлийн салбар зөвлөлүүд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөгжлийн магадлах төв бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Азийн хөгжлийн банкны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/89 дүгээр тушаалаар байгуулсан. Ажлын хэсэг 16 удаа цахимаар, 5 удаа сургалт хэлэлцүүлэг, 1 удаа биечлэн хэлэлцүүлэг, хуралдааныг тус тус зохион байгуулж даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн боловсруулан батлуулсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны цахим хаягт хамтарсан тушаалын төслийг 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл байршуулж санал боловсруулан батлуулсан. Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/758, А/197 дугаар хамтарсан тушаал нь шинэчлэгдэн батлагдахдаа санал авах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу гүйцэтгэсэн” гэх,  

2.4. Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас: “...Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хүчингүй болгосон 2017 оны “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай” А/39, А/12 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтын 6.1-д хоёр чихний сонсгол: Хэнгэргэн хальс нөхсөний дараа дуу дамжуулах хэлбэрээр сонсголын түвшин 41-45 дб, мэдрэл- мэдрэхүйн ба холимог хэлбэрт /41-55 дб/ бууралттай бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 50-59 хувиар, хугацааг 1 жилээр тогтоож байсан ба тухайн өвчний кодыг тусгадаггүй байсан. А/758, А/197 дугаар хамтарсан тушаалыг батлахдаа шинээр Олон улсын өвчний ангилал ICD-10-ын өвчний кодыг тусгаж өгсөн. Иймд тухайн тушаалын нэгдүгээр хавсралтын 6.1-д “Хоёр чихний сонсгол: Хэнгэргэн хальс нөхөх, дунд чихний нөхөн сэргээх мэс заслын дараа дуу дамжуулах хэлбэрээр сонсголын түвшин /41-45 дб/, мэдрэл-мэдрэхүйн ба холимог хэлбэрт /41- 55 дб/ бууралттай, чих шуугилттай буюу Н70, Н71, Н72 өвчний кодоор” оношлогдох иргэнд хөдөлмөрийн чадвар алдалт тогтоохоор заасан. Нэхэмжлэгч С.М-ийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн оношилгоо шинжилгээ Аудиограммд баруун чихний сонсгол бууралт 51.25 дб, зүүн чихний сонсгол бууралт 30 дб бууралттай байгаа нь А/758, А/197 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтын 6.1 дэх заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг үргэлжлүүлэн сунгах боломжгүй, өвчний заалтын хувь хэмжээнд хүрэхгүй байна. Нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны хэм хэмжээний акт нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн батлагдсан. ... Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлийн 5596 дугаарт бүртгэгдсэн. Иймд, Захиргааны хэргийн шүүхэд хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гаргасан хэм хэмжээний актад нэмэлт, өөрчлөлт оруулахыг даалгаж шийдвэрлэх эрх хуулиар олгогдоогүй” гэх агуулгатай тайлбарыг тус тус ирүүлжээ.

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр:

 3.1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааныг анхан шатны журмаар хэлэлцэж, “... Нийгмийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар хамтран гаргасан маргаан бүхий А/758, А/197 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “... Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ хугацааг шинэчлэн баталсан”, уг тушаал нь Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

3.2. ... шүүх хуралдаанд гэрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар гаргаснаас үзвэл С.М нь өөрийн өвчний оношийг тодруулахаар дахин шинжилгээ хийлгэн зохих журмын дагуу шат шатны мэргэжлийн эмч нарын зөвлөгөөн, мэргэжлийн салбар зөвлөлийн томилсон зөвлөх эмчийн багт хандаж дүгнэлт гаргуулан өөрийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоолгох асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой байсан.

3.3. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.5.6-д зааснаас үзэхэд маргаан бүхий Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ хугацааг шинэчлэн батлах тухай” 2021 оны А/758, А/197 дугаар тушаал болон С.М-д хамааралтай гэж үзэх 6 дугаар хэсэг нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар нэгэн хуультай зөрчилдсөн гэж үзэх боломжгүй бөгөөд харин ч сонсголын бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгох иргэний хувьд эерэг үйлчлэлтэй акт байж болохоор байна.

3.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд шүүхээс гаргах шийдвэрийн төрлийг нэрлэн заасан бөгөөд 106.3.8-д шүүх захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох шийдвэр гаргахаар заасан. Хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагын баталсан захиргааны хэм хэмжээний актын тухайд түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоохоос өөрөөр уг актад нэмэлт өөрчлөлт оруулах боломжийг хуулиар зохицуулаагүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй. ... ” гэж дүгнэн, Нийгмийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч С.М-ийн давж заалдах журмаар гаргасан гомдол:

4.1.  “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 221/ШШ2023/0004 дүгээр шийдвэртэй зарим талаар санал нэгдэхгүй байгаа тул гомдол гаргав.

4.2. Миний бие С.М 2019 оноос ХЧА-ын 50%-иар тогтоолгон үзүүлэн сунгуулж байсан. 2022 оны 05 дугаар сарын 19-нд ХЧА-ыг сунгуулахаар Эрүүл мэндийн 7 дугаар төвийн хяналтын эмчид хандахад цаашид үргэлжлүүлэн сунгах боломжгүй ЭМЯ, ХНХЯ-ны сайдын хамтарсан тушаалаар батлагдсан ХЧА-ыг тогтооход баримтлах ердийн өвчний жагсаалт ХЧА-ын хувь хэмжээг тогтоох заалтын жагсаалтад таны онош багтаагүй тул цуцална гэсэн. Би Баянгол дүүргийн эмнэлгийн магадлалын комиссын дарга С-д хандахад бид хуулинд заасны дагуу ажиллана бид мөрдөх ёстой гэсэн хариуг амаар өгсөн юм. Улмаар би ЭМЯ-ны мэргэжлийн зөвлөх эмчийн үзлэгт хамрагдах өөрийн зовуурьт байдлын тухай бичиж хүсэлт гаргасан. ЭМЯ нь чиглэл өгч зөвлөхүүдэд ханддагийг би мэддэг.

4.3. 2019 онд чих хамар хоолойн мэргэжлийн шинжээч эмчийн дүгнэлт гаргуулах зөвшөөрлийг ЭМЯ-аас чиглэл өгч би “ЭМЖЖ” чих хамар хоолойн эмч, ЭХЭШҮТ-д байрлах шинжээч эмчид үзүүлэн дүгнэлт гаргуулан ХЧА-ыг тогтоолгож байсан юм. Энэ баримт өвчний картанд бичигдсэн, нотлох баримтаар хавсаргагдсан байгаа. Надад: 1) 2001 онд ЭХЭШҮТ-д зүүн чихэнд, 2) 2020 онд Улсын гуравдугаар төв эмнэлэгт баруун чихэнд мэс засал хийсэн. Би сул сонсох, сонсохгүйн дээр дагалдах зовуурь өөрчлөлт үүсдэг байхад мэдсээр байж ХЧА-ыг цуцлуулахаар комиссын хуралд орох биш сунгуулахын тулд чих хамар, хоолойн зөвлөх эмч нарын дүгнэлт гаргуулахаар ЭМЯ-нд хандсан. ЭМЯ-ны газрын дарга Б ХЧА-ыг тогтоох боломжгүй, хуулийг баримтална гэсэн хариу өгсөн юм. ЭМЯ-ны чиглэлгүй бол зөвлөх эмч нар хүлээж авдаггүй, үзүүлэх боломжгүй байдаг. Үүний дараа Хүний эрхийн үндэсний комисст хандсан. ЭМЯ-аас ХЭҮК-д ирүүлсэн хариу бичиг, иргэнд өгсөн хариу 2 өөр байсан юм. Xуулийн заалтаар иргэний асуудлыг шийдвэрлэх нөхцөл байсан тул би арга буюу 2021 оны А/758, А/197 дугаартай тушаалын 6-р хэсгийн чих сонсголын бууралттай хүний ХЧА-ыг тогтоох заалтын дугаар хэсэгт нэмэх боломжийг гаргаж өгөхийг хүссэн юм.

4.4. Миний сонсголын бууралт сонсголын бичлэгт тодорхойлогдсон 1,3-р зэргийн дүлий гэсэн оноштой. Шүүх хуралд гэрч Ж чих хамар хоолойн зөвлөхийн тайлбарласнаар сонсгол бууралт өвчин биш, чих хамар хоолойн салбарт сонсгол бууралт, тэнцвэр алдалт, дуугүй болох 3 үндсэн шинжтэй Н-90 гэсэн онош жагсаалтаас хасагдаагүй 2 чих нь хоёулаа 2-р зэргийн сонсгол буураллтай байх ёстой. Эхний эмч үзээд Н-90 гэсэн онош байхгүй болсон гэж үзсэнээс дараагийн 2 комиссын хуралд ороогүй байна гэсэн.

4.5. Би өөрийн эрүүл мэнд чихнийхээ талаар тодорхой дүгнэлт гаргуулахын тулд ЭМЯ-нд хандаад тусыг олоогүй. Би заавал ХЧА-ыг цуцлуулах хуралд орох ёстой байсан гэж бодохгүй байна. Шүүхийн шийдвэрт иргэдэд эерэг үйлчлэлтэй акт гэснийг зөвшөөрөх боловч ЭМЯ-ны жагсаалтад дурдагдаж багтаагүй сонсголын бууралттай нэгэнд ХЧА-ыг тогтоох зайлшгүй шаардлагатай үед хэрхэн хандаж болохыг заасан мэргэжлийн чиглэлийг орхигдуулсан нь намайг сунгуулахын тулд өнөөдрийг хүртэл гарц хайхад хүргэжээ гэж үзэж байна. Энэ заалтад ямар нэг өөрчлөлт ороогүй тул би үргэлжлүүлэн үзлэг шинжилгээнд хамрагдах ч заалтаа баримтлан хүлээн авах эсэх нь эргэлзээтэй юм. ЭМЯ-ны дээрх хандлагаас үүдэн би комиссын хуралд орох боломж гараагүй. Иргэн би хуралдаа ороогүй байдлаар шийдвэрлэгдсэн тул гомдолтой байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээв.

6. Нийгмийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж заасны дагуу Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2021 оны А/758, А/197 дугаар тушаалаар батлагдсан “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа”-г тодорхойлсон журам нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан “хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэр” буюу захиргааны хэм хэмжээний акт байна.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн” болохыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тодорхойлох, 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” шийдвэрийг шүүхээс гаргахаар тус тус заажээ.

8. Нэхэмжлэгч С.М-оос Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2021 оны А/758, А/197 дугаар тушаалаар батлагдсан “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай” журмын 6 дугаар зүйлд өөрт хамаарах өвчнийг нэмж тусгуулах агуулгатай нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй, энэ талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

9. Тодруулбал, Нийгмийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх хэмжээний дагуу хариуцагч нар маргаан бүхий журмаар “хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтооход баримтлах өвчний жагсаалт”-ыг  баталсан, ямар өвчин уг жагсаалтад багтах ёстой, эсхүл багтах ёсгүй зэргийг тогтоох эрх хэмжээг захиргааны хэргийн шүүхэд олгоогүй тул нэхэмжлэгч С.М-ийн өвчний оношийг уг жагсаалтад оруулах эсэхийг шүүх шийдвэрлэх, ийм асуудлаар хэм хэмжээний актад өөрчлөлт оруулахыг хариуцагч нарт даалгах шийдвэрийг шүүхээс гаргах боломжгүй юм.

10. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2017 оны А/39, А/12 дугаар тушаалаар “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа”-г баталсан,  журмын 1 дүгээр хавсралт: Ердийн өвчний жагсаалтын 6.1-д “хоёр чихний сонсгол: Хэнгэргэн хальс нөхсөний дараа дуу дамжуулах хэлбэрээр сонсголын түвшин 41-45 дБ, мэдрэл-мэдрэхүйн ба холимог хэлбэрт 41-55 дБ бууралттай” гэж, 6.2-т “хоёр чихний сонсгол: дуу дамжуулах хэлбэрээр сонсголын түвшин 56-70 дБ ба мэдрэл мэдрэхүйн холимог хэлбэрт 56-70 дБ бууралттай” гэж тус тус заасан, нэхэмжлэгч С.М нь дээрх журмын 6.1 заалтаар, Олон улсын өвчний ангилал: H90 оноштойгоор Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 2019, 2020, 2021 онд тус тус хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар тогтоолгож байжээ.

11. Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2021 оны А/758, А/197 дугаар тушаалаар дээрх журмыг шинэчлэн баталсан, ингэхдээ Ердийн өвчний жагсаалтын 6.1-д “хоёр чихний сонсгол: Хэнгэргэн хальс нөхөх, дунд чихний нөхөн сэргээх мэс заслын дараа дуу дамжуулах хэлбэрээр сонсголын түвшин /41-45 дБ/, мэдрэл-мэдрэхүйн ба холимог хэлбэрт /41-55 дБ/ бууралттай, чих шуугилттай” гэж, 6.2-т “нэг чихний сонсгол: Дунд чихний нөхөн сэргээх мэс заслын дараа дуу дамжуулах болон холимог хэлбэрээр сонсголын түвшин 51-ээс дээш дБ, чих шуугилт болон тэнцвэр алдалт хавсарсан, нөгөө чих нь мэдрэл мэдрэхүйн /40-өөс дээш дБ/ сонсгол бууралттай, чих шуугих хам шинж хавсарсан” гэж, уг өвчнийг “Олон улсын өвчний ангилал: H70, H71, H72” гэж тодруулсан хэсэг нэмэгдсэн, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох эрх бүхий этгээдээс хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох заалт хангагдахгүй байгаа” гэх үндэслэлээр 2022 онд нэхэмжлэгч С.М-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг сунгахаас татгалзсан, нэхэмжлэгчээс “... “таны хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох заалт хангагдахгүй байгаа тул цуцална” гэсэн, ...  эрүүл хүмүүсийн адил дүгнэгдэж хөдөлмөрийн чадвараа алдсанаа тогтоолгож чадахгүй байна” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан байна.

12. Нэхэмжлэгч С.М нь 2022 онд “баруун чихний сонсгол бууралт 51.25 дБ, зүүн чихний сонсгол бууралт 30 дБ бууралттай” өвчнөөр оношлогдсон, түүнчлэн, түүний “сонсгол бууралт” өвчний байдал нь журмын 6.2-т заасан “нэг чихний сонсгол: Дунд чихний нөхөн сэргээх мэс заслын дараа дуу дамжуулах болон холимог хэлбэрээр сонсголын түвшин 51-ээс дээш дБ, чих шуугилт болон тэнцвэр алдалт хавсарсан ...” гэх оноштой нийцэж байгаа эсэх талаар талууд маргаагүй, хариуцагч нараас “... С.М нь дахин оношоо тодруулах, хүсэлтээ гаргах  боломжтой” гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж байх тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон “хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа сунгуулах”-тай холбоотой асуудлаа “өөрийн өвчний оношийг тодруулахаар дахин шинжилгээ хийлгэн зохих журмын дагуу шат шатны мэргэжлийн эмч нарын зөвлөгөөн, мэргэжлийн салбар зөвлөлийн томилсон зөвлөх эмчийн багт хандаж дүгнэлт гаргуулах, өөрийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоолгох асуудлаарх хүсэлтээ эрх бүхий этгээдэд дахин гаргах замаар шийдвэрлүүлэх боломжтой” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

13. Иймд, нэхэмжлэгчийн гаргасан “ ... ЭМЯ-ны жагсаалтад дурдагдаж багтаагүй сонсголын бууралттай нэгэнд хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох зайлшгүй шаардлагатай үед хэрхэн хандаж болохыг заасан мэргэжлийн чиглэлийг орхигдуулсан ..., энэ заалтад ямар нэг өөрчлөлт ороогүй тул би үргэлжлүүлэн үзлэг шинжилгээнд хамрагдах ч заалтаа баримтлан хүлээн авах эсэх нь эргэлзээтэй, ... ЭМЯ-ны дээрх хандлагаас үүдэн би комиссын хуралд орох боломж гараагүй, иргэн би хуралдаа ороогүй байдлаар шийдвэрлэгдсэн тул гомдолтой байна” гэх гомдлоор нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 221/ШШ2023/0004 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.ЦОГТ         

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                  Д.БАТБААТАР

                                                                                                  М.БАТСУУРЬ

                                                                           Х.БАТСҮРЭН