Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 216/МА2016/00006

 

Н.Ц-А нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай  

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Х.Байгалмаа, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн  хуралдаанаар;

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 134/ШШ2016/00080 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч:  онд төрсөн, 28 настай, эрэгтэй, Улаанбаатар хот, С дүүрэг,  дугаар хороо,  байрны  тоотод оршин суух, Ц овогт Н Ц-А /РД: , утас: -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг дахь П к /РД:, улсын бүртгэлийн дугаар: / холбогдох

 

ажилд эгүүлэн тогтоох, 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс шүүхийн шийдвэрийн дагуу ажил, албан тушаалд эгүүлэн авах өдөр хүртэлх ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг нэг өдрийн 42 857 төгрөгөөр, хоол унааны нэмэгдэл хөлсийг нэг өдрийн 2000 төгрөгөөр тооцож олгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийлгэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч С.У гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ц-А, хариуцагчийн итгэмжлэгдсэн

 

төлөөлөгч Ч.Батжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Л.Даваасүрэн, нарийн бичгийн дарга А.Энхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Нэхэмжлэгч Н.Ц-А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 сарын 04-ний өдрийн А/30 тушаал нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм, бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай гэсэн байна. Энэ тушаалын 2 дугаар хавсралтад Говьсүмбэр аймаг дахь П к бүтэц орон тоог баталж, миний эрхэлж байсан ажлын байранд 2 орон тоог ТҮ-7-оор цалинжихаар заасан. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 сүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэл нь намайг ажлаас халах тухай тушаалтай зөрчилдөж байна. Тухайн орон тоо нь хасагдсан эсхүл цөөрсөн зүйл байхгүй, гэтэл энэ үндэслэлээр намайг ажлаас халсан боловч сонгон шалгаруулалт зарлаж, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Н.Н Нийгмийн түншлэл, статистик хариуцсан ажилтнаар, Б.Д Нийгмийн түншлэл, ажил мэргэжлийн чиг баримжаа хариуцсан ажилтнаар томилсон. Хариуцагч талаас төслийн ажилтан гэдэг агуулгаар намайг ажлаас халсан гэсэн тайлбар өгсөн. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн мэргэжлийн боловсрол сургалтын төсөл дээр гэрээ байгуулж, төслийн удирдлага намайг ажилд томилсон тушаал гаргаагүй.

Харин хөдөлмөрийн гэрээг Говьсүмбэр аймаг дахь П к байгуулж, гэрээний дагуу намайг захирлын тушаалаар томилсон учраас намайг ажлаас буруу халсан гэж үзэж байна.

Иймд ажилд эгүүлэн тогтоох, 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс шүүхийн шийдвэрийн дагуу ажил, албан тушаалд эгүүлэн авах өдөр хүртэлх ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг нэг өдрийн 42 857 төгрөгөөр, хоол унааны нэмэгдэл хөлсийг нэг өдрийн 2000 төгрөгөөр тооцож олгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийлгэхийг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.

 

Хариуцагч Говьсүмбэр аймаг дахь П к шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус коллеж нь Н.Ц-А хөдөлмөрийн гэрээ байгуулж, тушаал гарган, Нийгмийн түншлэл, мэргэжлийн чиг баримжаа хариуцсан мэргэжилтнээр ажиллуулж байсан. Н.Ц-А төрийн албан хаагч гэдгийг нотолсон зүйл нэг ч байхгүй. Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт төслийн гэрээ дуусаж, Нийгмийн түншлэл, мэргэжлийн чиг баримжаа хариуцсан мэргэжилтэн Н.Ц-А уг төсөл гэрээ сунгаагүй учир цалингийн санхүүжилтийг төслөөс санхүүжүүлэхгүй болсонтой холбогдуулан манай сургуулиас 1 сард 900 000 төгрөгөөр цалинжуулж ажиллуулах боломжгүй болсон.

Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/30 дугаар тушаалаар Говьсүмбэр аймаг дахь П к бүтэц орон тоог баталж, Нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээл, судалгаа хариуцсан ажилтан, нийгмийн түншлэл, статистик хариуцсан ажилтан гэсэн хоёр орон тоо баталж, ТҮ-7 шатлалаар цалинжихаар болсон. Манайд батлагдсан бүтэц орон тоо нь 83 байгаа ба нийгмийн түншлэл, ажлын чиг баримжаа олгох мэргэжилтэн гэж албан тушаал байхгүй. Гэхдээ манайх ажлын байрны тодорхойлолт болон бусад ерөнхий болон тусгай шаардлагаар ажлын байрны тодорхойлолт боловсруулаад, цалин санг нь шийдээд, Германы олон улсын хамтын ажиллагааны төсөлтэй гэрээ байгуулаад 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл гэрээ байгуулаад Н.Ц-А авч ажиллуулж байсан. Энэ гэрээ нь Хөдөлмөрийн сайдын А/30 дугаар тушаалаар батлагдсан хоёр орон тооны албан тушаалд хамаарахгүй, харин дээрх гэрээгээр нийгмийн түншлэл ажлын чиг баримжаа олгох ажилтныг танай дээр шинээр бий болгоё, үүний цалин санг 1 сарын 900 000 төгрөг, нийт цалин сан нь 7 200 000 төгрөгийн цалин олгохоор тусгаж өгсөн. Төслөөс 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 1 дүгээр үе шатны гэрээ дуусна, 2 дугаар үе шатыг хэрэгжүүлэх бол Н.Ц-А хамтарч ажиллахгүй. Яагаад гэвэл төсөл сургууль хоёрын дунд гүүр болсон хүн нь дутмаг сул ажиллаж байна. Иймэрхүү байвал энэ төслийг зогсооно гэж утсаар мэдэгдэж байсан. Үүний дагуу тухайн үед Н.Ц-А цаашид гэрээг сунгах боломжгүй гэж мэдэгдсэн. Уг төслийн хүрээнд Нийгмийн түншлэл ажлын чиг баримжаа олгох ажилтнаар Н.Ц-А ажиллуулахаас гадна маш их хөрөнгө оруулалт манай сургуульд орж ирдгээрээ давуу талтай. Үүний дагуу манай сургуульд тусдаа анги нээж, ангид хэрэглэгдэх хичээл, үйлдвэрлэлийн хэрэглэгдэхүүн буюу тоног төхөөрөмжүүдийг оруулж ирдэг.

Н.Ц А хөдөлмөрийн гэрээнд ямар нэгэн цалингийн шатлал заагаагүй, харин цалинг 900 000 төгрөг гэж тусгасан. Түүний цалин санг төслөөс санхүүжүүлэх боломжгүй болсонтой холбогдуулан тус сургуулиас 900 000 төгрөгийн цалингаар цалинжуулах боломжгүй тул түүний орон тоог хассан.

Харин түүнийг ажлаас халсны дараа буюу 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Нийгмийн түншлэл, ажил мэргэжлийн чиг баримжаа хариуцсан мэргэжилтэн гэх орон тоог дахин бий болгосон тул нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж одоо Б.Д гэх хүн ажиллаж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Ц-А Говьсүмбэр аймаг дахь П к Нийгмийн түншлэл, ажил, мэргэжлийн чиг баримжаа хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Говьсүмбэр аймаг дахь П к нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 634 419 төгрөгийг гаргуулж, Н.Ц-А-д олгохоор, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Ц-А нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 127 300 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн төлөөлөгч С.У давж заалдах гомдолдоо: ...Тус коллеж нь Н.Ц-А хөдөлмөрийн гэрээ байгуулж, тушаал гарган нийгмийн түншлэл, мэргэжлийн чиг баримжаа хариуцсан мэргэжилтнээр ажиллуулж байсан. Ашигт малтмалийн салбар дахь төслийн гэрээ дуусаж, Нийгмийн түншлэл мэргэжлийн чиг баримжаа хариуцсан мэргэжилтэн Н.Ц-А уг төсөл гэрээ сунгаагүй учир цалингийн санхүүжилтийг төслөөс санхүүжүүлэхгүй болсонтой холбогдуулан манай сургуулиас 1 сард 900.000 төгрөгөөр цалинжуулж ажиллуулах боломжгүй болсон.

Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/30 дугаар тушаалаар Говьсүмбэр аймаг дахь П к бүтэц орон тоонд нийгмийн түншлэл, ажлын чиг баримжаа олгох мэргэжилтэн гэж албан тушаал байхгүй, мөн Н.Ц-А эгүүлэн авахад сургуулийн цалин сан хүрэлцэхгүй болно.

Иймд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Н.Ц-А нь Говьсүмбэр аймаг дахь П к холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас чөлөөлөх албан мэдэгдэл өгч танилцуулаагүй 30 хоногийн цалин, ажилгүй байх үеийн цалин бөгөөд амралтын мөнгө, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө зэрэг хохирлыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй  байсан бүх хугацааны цалин хөлсийг нэг өдрийн 42857 төгрөгөөр, хоол, унааны нэмэгдэл хөлсийг нэг өдрийн 2000 төгрөгөөр тооцож олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийлгэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

 

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа ажилд томилсон болон ажлаас халсан тушаал/хх-4, 31/, тойрох хуудас/хх-5/, нийгмийн түншлэл, мэргэжлийн чиг баримжаа хариуцсан мэргэжилтнийг сонгон шалгаруулахтай холбоотой баримтууд /хх-32-37/, төрийн албан хаагчийн анкет /хх-63/, ажил байдлын тодорхойлолт/хх-65/,  хөдөлмөрийн гэрээ/хх-59/ зэрэг нотлох баримтуудад  үндэслэн  гаргасан байх бөгөөд эдгээр нотлох баримтууд нь түүнийг төрийн албан хаагч болохыг нотолно гэсэн  тайлбарыг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Н.Ц-А төрийн албан хаагч гэдгийг нотолсон зүйл нэг ч байхгүй, ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт төслийн хүрээнд хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авсан  ба одоо уг гэрээ дуусаж нийгмийн түншлэл, мэргэжлийн чиг баримжаа хариуцсан мэргэжилтэн Н.Ц-А төслийн гэрээ сунгагдаагүй, цалингийн санхүүжилтийг төслөөс санхүүжүүлэхгүй болсон, тус сургуулиас нэг сард 900 000 төгрөгөөр цалинжуулан ажиллуулах боломжгүй болсон тул түүнийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэсэн тайлбарыг гаргаж  маргажээ.

 

Хэрэгт авагдсан Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Говьсүмбэр аймаг дахь П к хамтын ажиллагааны гэрээ/хх- 69/, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс тус коллежид хандсан  бичиг/хх-85/ болон зохигчдын тайлбар  зэргээс үзэхэд  “ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт  төсөл”  нь 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байх бөгөөд үүний дагуу  тус коллеж нь “нийгмийн түншлэл, мэргэжлийн чиг баримжаа хариуцсан мэргэжилтэн”-ний сонгон шалгаруулалт зарлаж зар явуулсны дагуу нэхэмжлэгч Н.Ц-А бүртгүүлэн тэрээр уг сонгон шалгаруулалтад шалгарч тэнцсэний улмаас тус коллежийн захирлын 2014.09.05-ний өдрийн Б/67 тоот тушаалаар “Нийгмийн түншлэл, мэргэжлийн чиг баримжаа хариуцсан мэргэжилтэн”-ээр  томилогдож,  мөн өдөр талууд “хөдөлмөрийн гэрээ” байгуулсан  байна.

 

 Хариуцагч Говьсүмбэр аймаг дахь П к захирлын 2016 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн Б/47 тоот  тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/30 дугаар тушаалыг тус тус  үндэслэн  ... төслийн гэрээ дуусаж, ...цалингийн санхүүжилтийг төслөөс санхүүжүүлэхгүй болсон гэж  үзэж нэхэмжлэгч Н.Ц-А үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

 

Энэ нь хэрэгт авагдсан Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Говьсүмбэр аймаг дахь П К хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээ/хх-69-76/, Н.Ц-А ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал/хх-4,31/, нийгмийн түншлэл, мэргэжлийн чиг баримжаа хариуцсан мэргэжилтнийг сонгон шалгаруулахтай холбоотой баримтууд /хх-32-37/,  ажил байдлын тодорхойлолт/хх-65/, хөдөлмөрийн гэрээ/хх-59/ зэрэг нотлох баримтуудаар   тогтоогдож байна. Дээрх үйл баримт тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй болно.

 

Гэтэл анхан шатны шүүх  нь хэргийн оролцогчдоос гаргасан, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан,  тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглээгүйгээс шийдвэр нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй  байна.

 Учир нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Төрийн албан тушаалыг эрхэлж,  бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ” гэж  хуульчлан зохицуулсан.

Хэдийгээр нэхэмжлэгч Н.Ц-А нь Говьсүмбэр аймаг дахь П к захирлын 2014.09.05-ний өдрийн Б/67 тоот тушаалаар “Нийгмийн түншлэл, мэргэжлийн чиг баримжаа хариуцсан мэргэжилтэн”-ээр  томилогдож,  мөн өдөр талууд  “хөдөлмөрийн гэрээ”/хх-59/ байгуулсан  байх боловч  тэрээр дээрх албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч ажиллаж байгаагүй,  төслөөс цалинжиж байсан  байна.

 

Энэ нь хэрэгт авагдсан хамтын ажиллагааны гэрээ/хх-69-76/ болон  цалин хөлсөө хаанаас авч байсан тухай тайлбарласан зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээний 5 дахь хэсгийн 5.1-д нэмэлт болгон талууд тохирч оруулсан “ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжил боловсрол сургалтын төслөөс Н.Ц-А цалинд 900 000 төгрөг гэсэн заалт/хх-59/ зэргээр тогтоогдож байна.

 

Иймээс нэхэмжлэгчийг төрийн албан хаагч гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй  байх тул  талуудын хооронд Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй,  харин  Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний үндсэн дээр хөдөлмөрлөх харилцаа үүссэн”  гэж  давж заалдах шатны шүүх дүгнэж байна.   

Түүнчлэн “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт төсөл”-ийн хүрээнд  нэхэмжлэгч Н.Ц-А “нийгмийн түншлэл, ажил мэргэжлийн чиг баримтаа олгох мэргэжилтэн”-ээр төслөөс цалинжуулж ажиллуулж байсан гэрээний хугацаа нь 2016.02.29-ний өдрөөр (төслийн гэрээнд заагдсан) дуусгавар болсон  гэж үзэх үндэслэлтэй ба талууд төслийн гэрээний хугацаа дахин сунгагдаагүй,  хугацаа нь дууссан гэдгийг  мэдэж байсан гэсэн  тайлбарыг  шүүхэд гаргасан болно.  

Иймээс  талуудын хооронд байгуулагдсан “хөлсөөр ажиллах гэрээ”-ний хугацаа нь 2016 оны 02 дугаар  сарын 29-ний өдөр дуусгавар болсон байх тул хариуцагч нь 2016 оны 03 дугаар сарын 17-ний өдөр  гэрээг дуусгавар болгож нэхэмжлэгч Н.Ц-А “нийгмийн түншлэл, ажил мэргэжлийн чиг баримтаа олгох мэргэжилтэн”-ий үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4, 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсгийг тус тус  зөрчөөгүй  байна.

 

 Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримт зэргээс үзэхэд талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа биш, иргэний эрх зүйн “хөлсөөр ажиллах гэрээ”-ний үндсэн дээр хөдөлмөрлөх харилцаа үүссэн байхад хариуцагч нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан, улмаар хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тухай эрх зүйн акт гаргахдаа энэхүү маргаанд хамааралгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-дэх заалтыг баримталсан зэрэг нь хуулийг буруу хэрэглэсэн алдаа болсныг дурдах нь зүйтэй.

 

 Мөн анхан шатны шүүх нь дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэж, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэл болсон.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Ц-А “ажилд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй  байсан бүх хугацааны цалин хөлсийг нэг өдрийн 42857 төгрөгөөр, хоол, унааны нэмэгдэл хөлсийг нэг өдрийн 2000 төгрөгөөр тооцож олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

 

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 134/ШШ2016/00080 дугаар шийдвэрийг  хүчингүй болгож, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 364 дугаар зүйлийн 364.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Ц-А ажилд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй  байсан бүх хугацааны цалин хөлсийг нэг өдрийн 42857 төгрөгөөр, хоол, унааны нэмэгдэл хөлсийг нэг өдрийн 2000 төгрөгөөр тооцож олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь   хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172  дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал  гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг  хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ТЭГШСУУРЬ

                                                    ШҮҮГЧ                              Х.БАЙГАЛМАА

                                                    ШҮҮГЧ                              Н.БОЛОРМАА