Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 21

 

М.Хэрлэнбаярт холбогдох захиргааны
зөрчлийн талаар
226/2017/0024/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Болор-Уянгыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд  явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар  сарын 21-ний өдрийн 75 дугаар шийтгэврийг эс зөвшөөрч, зөрчил гаргагч М.Хэрлэнбаярын давж заалдах гомдлоор түүнд холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Бэрх хотод 1989 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр  хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар багт оршин суух Боржигон овогт Мөнхбаярын Хэрлэнбаяр РД:СА89060716/
Зөрчил гаргагч М.Хэрлэнбаяр нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 51-24 ХЭҮ улсын дугаартай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчилд холбогджээ.
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 78 дугаар шийтгэврээр: М.Хэрлэнбаярыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар 10 хоног баривчлах шийтгэл ногдуулж  шийдвэрлэжээ.
Зөрчил гаргагч М.Хэрлэнбаяр нь  давж заалдах гомдолдоо: Би 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байхдаа аавынхаа машиныг барьсан нь үнэн. Харин согтуугаар автомашин жолоодоогүй. Иймд надад оногдуулсан хариуцлагын үнэн зөвийг олж өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
   Зөрчил гаргагч М.Хэрлэнбаяр  нь  2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байж, 51-24 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасан болох нь тогтоогдсон байна.
Харин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон талаар зөрчил гаргагчийн өөрийнх нь тайлбараас өөр нотлох баримт зөрчлийн материалд авагдаагүй байх тул түүний давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 78 дугаартай шийтгэврийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “10” гэснийг “7” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэврийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
Энэхүү магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болно.


    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА
    ШҮҮГЧИД                                            Я.АЛТАННАВЧ
                                                                                                      Б.СҮХГОМБО