Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 34

 

 

 

 

 

 

 

 

      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамж, 42А тоотод оршин суух, Мөрч овогт Баавгайн Лувсан-ОчирРД:/ ХВ62050417/-ийн хүсэлттэй,  

 

Б.Өсөннэмэхийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Лувсан-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр  оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Өсөннэмэх нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нотариатчаар батлуулан 633 дугаар бүртгэлийн гэрээний дагуу 5 000 000/таван сая/ төгрөгийг 6 сарын хугацаатай 5%-ийн хүүтэйгээр зээлсэн. 2016 оны 03 дугаар сарын 20-ний өдрөөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан болно. Одоо надад Б.Өсөннэмэхийн 8886-6866 утасны дугаараас өөр холбогдох зүйл байхгүй байна. Хамгийн сүүлд Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандангийн 1 дүгээр гудамж 13 тоотод хашаанд байдаг гэрт 2 залуутай хамт амьдарч байсан гэж хүнээс сонссон. Надад нэг айлд байгаа гээд хаягаа зааж өгч байсан юм. Би тэр газар нь 2-3 удаа очиж байсан. Сүүлд утсаа авахаа болихоор нь тэр айлд очсон. Гэтэл “Энд амьдрахгүй байгаа, өөр олон хүн асууж ирээд байгаа, хамаатан садан бид нар нь ч олохгүй байна. Та “шүүх, цагдаад хандсан нь дээр байх” гэсэн. Иймд Б.Өсөннэмэхийн оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурваджилж өгнө үү.” гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                    

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Б.Лувсан-Очир нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Өсөннэмэх/РД: ВЮ87121339/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Иргэн Б.Өсөннэмэхийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, зээлийн гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч нь мөнгөн төлбөрийн үүрэгтэй холбоотой иргэний эрх зүйн маргаанд Б.Өсөннэмэхийг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Өсөннэмэх/РД: ВЮ87121339/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагч Б.Лувсан-Очирын гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Жа овогт Балчингийн Өсөннэмэх/РД: ВЮ87121339/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Б.Өсөннэмэх/РД: ВЮ87121339/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Лувсан-Очирын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ