Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 08

 

 

 

 

 

     2018          12            26                                          08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Т.Отгонтөгс,

хохирогч Э.С-,

шүүгдэгч Ү.Б-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б- овогт Ү-ийн Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0296 000000000 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б- овогт Ү-ийн Б- Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Багануур дүүрэгт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хими технологич мэргэжилтэй, “Х-” ХХК-нд менежер ажилтай, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хорооллын 6 дугаар байрны 80 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 10 дугаар гудамжны 0000-тоотод түр оршин суух хаягтай, урьд:

-2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсоныг Хэнтий аймгийн прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0000-дугаар тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Ү.Б-нь 2018 оны 6 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Зочин хүнс” ХХК-ийн хашаанд хохирогч Э.С-ын нүүрэн тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

1. Шүүгдэгч Ү.Б-мэдүүлэхдээ: 2018 оны 6 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө манай хүргэн Мөнх-Эрдэнэ ядраад байна гэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байдаг “Зочин хүнс” ХХК-ний хашаанд үйл ажиллагааг нь хариуцаж үлдээд ажиллаж байсан. Гэтэл Саруулзам үйл ажиллагаа явуулж байгаа цехийн гадна машинтай ирээд архи уухаар нь би битгий архидан согтуураад бай гэж хэлж байсан. Гэвч Саруулзам архидан согтуураад байсан, улмаар манай борлуулагч Очтулгыг цохихоор нь манай ажилтныг цохилоо, мөн согтуурлаа, үйлдвэрийн байр руу орж гараад архи уух уу гээд байсан болохоор түүнийг нүүрэнд нь нэг удаа цохисон. Саруулзам нь Очтулгын хамаатан юм билээ. Очтулга, Саруулзам хоёр хоёулаа л согтуу байсан. Саруулзамын эрүүл мэндэд учирсан гэмтлийг би учруулсан. Тухайн үед миний буруу л даа. Саруулзам нь эмчилгээний зардалд компьютер томографикийн үзлэгийн 120.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, хагалгааны зардал зэргийг нэхэмжилсэн. Үүнээс 128.000 төгрөгийг нь төлөхөд бэлэн байна. Харин хагалгааны зардлыг шүүхээс яаж шийдэхийг харна. Хохирогчоос уучлалт гуйж байна гэв.

 

2. Хохирогч Э.С- мэдүүлэхдээ: 2018 оны 6 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө миний үеэл Бямбасүрэн Сэлэнгэ аймаг руу борлуулалтанд явах гэсэн юм, чиний машинаар яваад ирье гээд дуудахаар нь шөнө 03 цагийн үед “Зочин хүнс” ХХК-ний хашааны гадаа очсон. Очиход Бямбасүрэнгийн авч явах бүтээгдэхүүн нь бэлэн болоогүй байсан тул тус компаний хашааны гадна архи ууж байтал Б- миний араас ирээд намайг цохисон. Тэгээд би цагдаа дуудсан. Цагдаа ирээд хоорондоо тохиролц гэж хэлээд биднийг 25.000 төгрөгөөр торгосон. Ингээд би улсын эмнэлэгт үзүүлэх гэтэл даатгал төлөөгүй гээд хүлээн авахгүй байсан. Хувийн эмнэлгээр явах гэхээр мөнгө байхгүй, Б- эмчлүүлэх мөнгийг өгөөгүй тул гомдлоо цагдаагийн байгууллагад гаргасан. Б- нь миний нүүрэнд хоёр удаа цохисон. Гэмтлийн улмаас хамрын хагалгаанд орохоор түүнээс 1.170.000 төгрөг нэхэмжилсэн. Учир нь хамрын таславчийн хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Хамар байнга битүүрдэг зовиуртай болсон. Мөн компьютер томографийн зураг авахуулсан мөнгийг нэхэмжилсэн гэв.

 

Хоёр. Эрүүгийн 1808 0296 51357 дугаартай хэргээс:

1.Хохирогч Э.С-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 8 дугаар сарын 20-нд өгсөн:

“...2018 оны 6 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 03 цагийн үед үеэл Бямбасүрэнгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Зочин хүнс” ХХК-аас хиам авч Сэлэнгэ аймаг руу борлуулалтаар явахаар очсон. Тэгсэн хиам нь болоогүй байсан учраас тэр хашаанд нь хүлээсэн. Мөн тэр хашаанд манай хүргэн Очтулга хөдөө борлуулалтаар явахаар хиамаа хүлээж байсан. Шөнө 05 цагийн орчимд орон нутгаас борлуулалтаар явж байгаад ирлээ гээд хүргэн Очтулгын таньдаг залуу ирсэн байсан. Бид гурав нийлээд “Зочин Хүнс” ХХК-ийн хашааны гадаа машинд 0.5 литрийн 1 шил, 0,75 литрийн 1 шил архи хувааж уусан. Тэгээд согтуу “Зочин Хүнс” ХХК-ийн хашаанд хүргэн Очтулгатай юм яриад зогсож байтал араас нэг залуу ирээд миний мөрөн дээр дарахаар нь эргээд хартал миний нүүр рүү 2 удаа гараараа цохисон. Би тэрнээс “яагаад цохисон юм” гэж асуухад надаас зугтаад үйлдвэр рүүгээ орчихоод надад юм хэлээгүй. Тэр залууг Б- гэдэг юм байна лээ. Уг нь Б- гэдэг залуу “цагдаа сэргийлэхээр яваад яах юм, би чиний хохирлыг барагдуулж өгье” гээд улсын эмнэлгүүдээр явсан боловч намайг “эрүүл мэндийн даатгал төлөөгүй гээд үзэхгүй, хувийн эмнэлгээр яв” гэсэн. Тэгтэл Б- надад тийм мөнгө байхгүй гээд намайг хаяад явсан учраас би цагдаагийн байгууллагад хандсан. Миний хамар гэмтсэн учраас би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгосон. Би шүүх эмнэлгийн 7537 дугаартай дүгнэлттэй танилцсан. Б- гэдэг залуутай би ямар нэгэн байдлаар маргалдаж муудалцсан асуудал байхгүй. Намайг ямар шалтгаанаар цохисныг нь мэдэхгүй. Намайг “чи үйлдвэрийн хашаанд танхайрсан” гээд байсан. Намайг Б- цохиход хажууд манай хүргэн Очтулга байсан. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Б- гэдэг залууд цохиулснаас хойш бүх зүйлийг санаж байна. Тэрнээс өмнөхийг согтуу байсан болохоор сайн санахгүй байгаа. Миний хамар, уруул хэсэгт учирсан гэмтлийг Б- гараараа 2 удаа цохиж учруулсан. Харин мөр, хэвлийн гэмтлийг би согтуудаа хатуу юман дээр нидэрсэн байж магадгүй.... ” гэх мэдүүлэг [1],

 

2. Гэрч М.Очтулгын хэрэг бүртгэлтэд 2018 оны 11 дүгээр сарын 19-нд өгсөн:

 “...2018 оны 6 дугаар сарын 07-ны орой манай эхнэрийн талын хамаатан Саруулзам манайд ажилладаг Бямбасүрэнтэй хамт ирсэн байсан. Тэгээд 2018 оны 6 дугаар сарын 08-ны өглөө үүрээр орон нутаг руу явах гээд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зочин хүнс” ХХК-ийн хашаанд ирээд Саруулзамтай тааралдсан. Тэр үед Саруулзам архи уусан согтуудуу байсан. Саруулзам бид хоёр юм яриад зогсож байсан чинь Б- ирээд Саруулзамын нүүрэн тус газарт нь цохиод тэр хоёр муудалцаад Саруулзам явсан. ...Ажлын хашаанд архи уулаа гэж уурлаад л цохих шиг болсон. Намайг харж байхад Саруулзамын нүүрэнд нь нэг удаа Б- цохисон. Цохиулсны дараа Саруулзамын хамар нь гэмтсэн байсан. ...” гэх мэдүүлэг [2],

 

3. Шүүгдэгч Ү.Б-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр яллагдагчаар өгсөн:

“...2018 оны 6 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зочин хүнс“ ХХК-ийн байранд байсан. Тэгтэл жолооч хийх гэж ирсэн Саруулзам гэдэг нөхөр хөдөөнөөс ирсэн борлуулагч нартай архи уугаад яваад байхаар нь би нэг удаа түүний нүүр рүү нь цохисон. Тэгсэн Саруулзам цагдаа дуудаад, цагдаа ирсэн чинь дуудлагаа буцаая, бид хоёр хамраа явж эмчлүүлье гэсэн. Саруулзам бид хоёр нэгдүгээр эмнэлэг, гуравдугаар эмнэлгээр явсан чинь эмчлэхгүй гээд байсан. Тэгээд хөдөө ажил руугаа яваад Саруулзамтай холбоо барьж чадаагүй. Саруулзам бид хоёрын дунд өр авлага, өс хонзон байхгүй. Тэр өдөр анх удаа Саруулзамыг харсан. Саруулзам нь үйлдвэрийн хашаанд архи уугаад байхаар нь яв гэсэн чинь явахгүй хүмүүстэй муудалцах гээд байхаар нь би цохисон. Би Саруулзамын хамар нүүрэнд нэг удаа гараараа цохисон нь үнэн. Нүүрэнд учирсан шархыг би учруулсан. Хэвлий, мөр хэсэгт би ерөөсөө хүрээгүй. ...” гэх мэдүүлэг [3],

 

4.Шүүхийн шинжилгээний Ү-ний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7537 дугаартай дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт: Хамрын нуруу дунд хэсгээр зүүн тийш мурий, тэмтрэлтээр бага зэрэг эмзэглэлтэй, бага зэрэг овойж хавдсан, доод уруулын дотор салстад 0.8х0.8 см, 1.2х0.3 см зах ирмэг тэгш бус язарсан шархтай, уг шарханд шаргал өнгөр тогтсон байдалтай, доод уруулын баруун хэсэгт бага зэрэг овойж хавдсан, хэвлийн зүүн дээд хэсэгт 4.5х0.8см, зүүн мөрөнд 5.5х1.3см хүрэн бор өнгийн тав бүхий захаараа тав нь хуурч буй зулгаралттай. ...

Мөнгөн гүүр эмнэлгийн рентген оношилгоонд: “... хамрын ясны урд 1/3 хэсэгт гадаргуу бага зэрэг жигд бус болсон өөрчлөлттэй, ...хамрын таславч дунд 1/3 хэсгээр баруун тийш мурийлттай, хамар ясанд шинээр илэрхий гэмтлийн гаралтай өөрчлөлтгүй.

2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн чих хамар хоолойн эмчийн үзлэгт: хамрын хэлбэр гэмтлийн гаралттай мурийсан. Таславч S хэлбэрийн мурийлттай, хамрын яс болон мөгөөрсөн хэсгийн зааг доош суусан, эмээл хэлбэрийн хамар болсон. Онош: хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт.

2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Мөнгөн гүүр эмнэлгийн ктг-н шинжилгээнд: “...хамар яс хоёр талд цөмөрсөн, хугарлуудтай,  хамрын таславч хугарсан, баруун тийш мурийсан....”

ДҮГНЭЛТ:

1. Э.С-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад шарх, зөөлөн эдийн няцрал, хэвлий, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч эмч Т.Чимэд-Очир/ ...” гэсэн дүгнэлт [4],

 

5. Шинжээч Т.Чимэд-Очирын хэрэг бүртгэлтэд 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өгсөн: “...Дээрх гэмтлүүд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Саруулзамын хамрын гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. ...” гэх мэдүүлэг [5],

 

6. Хохирогч Э.С-ын хэрэгт ирүүлсэн шүүхийн шинжилгээний Ү-ний хүрээлэнгийн шинжилгээний төлбөр шилжүүлсэн баримт [6] , эмчилгээний зардал нэхэмжилсэн баримтууд [7],

 

7. Шүүгдэгч Ү.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа [8], Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /нэг удаагийн ял шийтгэгдсэн тухай/ [9], Цагдаагийн ерөнхий газрын гомдол, мэдээлэл, зөрчлийн талаарх санд Ү.Б-ийн талаар бүртгэгдсэн лавлагаа [10], оршин суугаа хаягийн тодорхойлолт [11], гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа[12], Ү.Б-ийн “Хаан” банкинд эзэмшдэг депозит дансны хуулга [13], “Ү.Б-ийн тус компанид 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс одоог хүртэл менежерээр ажиллаж байгаа бөгөөд сарын дундаж цалин 800.000 төгрөг болохыг тодорхойлсон ” “Х-” ХХК-ийн тодорхойлолт [14] зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүх хуралдаанд улсын яллагч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Ү.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал.

Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ү.Б-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг Ү-лэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ү.Б-нь 2018 оны 6 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зочин Хүнс” ХХК-ийн хашаанд хохирогч Э.С-ыг үйлдвэрийн хашаанд архи уулаа гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Э.С-ын хэрэг бүртгэлтэд өгсөн “...2018 оны 6 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 03 цагийн үед “Зочин хүнс” ХХК-аас хиам авч Сэлэнгэ аймаг руу борлуулалтаар явахаар очсон. Тэгсэн хиам нь болоогүй байсан учраас тэр хашаанд нь хүлээсэн. Мөн тэр хашаанд манай хүргэн Очтулга хөдөө борлуулалтаар явахаар хиамаа хүлээж байсан. Шөнө 05 цагийн орчимд орон нутгаас борлуулалтаар явж байгаад ирлээ гээд хүргэн Очтулгын таньдаг залуу ирж, бид гурав нийлээд “Зочин Хүнс” ХХК-ийн хашааны гадаа машинд 0.5 литрийн 1 шил, 0,75 литрийн 1 шил архи хувааж уусан. ...“Зочин Хүнс” ХХК-ийн хашаанд хүргэн Очтулгатай юм яриад зогсож байтал араас нэг залуу ирээд миний мөрөн дээр дарахаар нь эргээд хартал миний нүүр рүү гараараа 2 удаа цохисон. Би тэрнээс “яагаад цохисон юм” гэж асуухад надаас зугтаад үйлдвэр рүүгээ орчихоод надад юм хэлээгүй. Тэр залууг Б- гэдэг юм байна лээ. ...Б- гэдэг залуутай би ямар нэгэн байдлаар маргалдаж муудалцсан асуудал байхгүй. Намайг “чи үйлдвэрийн хашаанд танхайрсан” гээд байсан. ...Миний хамар, уруул хэсэгт учирсан гэмтлийг Б- гараараа 2 удаа цохиж учруулсан.... ” гэх мэдүүлэг [15], мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

-Гэрч М.Очтулгын хэрэг бүртгэлтэд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 07-ны орой  Саруулзам манайд ажилладаг Бямбасүрэнтэй хамт ирсэн байсан. 2018 оны 6 дугаар сарын 08-ны өглөө үүрээр орон нутаг руу явах гээд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зочин хүнс” ХХК-ийн хашаанд ирээд Саруулзамтай тааралдсан. ...Саруулзам бид хоёр юм яриад зогсож байсан чинь Б- ирээд Саруулзамын нүүрэн тус газарт нь цохиод тэр хоёр муудалцаад Саруулзам явсан. ...Ажлын хашаанд архи уулаа гэж уурлаад л цохих шиг болсон. Намайг харж байхад Саруулзамын нүүрэнд нь нэг удаа Б- цохисон. Цохиулсны дараа Саруулзамын хамар нь гэмтсэн байсан. ...” гэх мэдүүлэг [16],

-Ү.Б-ийн хэрэг бүртгэлтэд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зочин хүнс“ ХХК-ийн байранд байсан. ...Саруулзам гэдэг нөхөр хөдөөнөөс ирсэн борлуулагч нартай архи уугаад яваад байхаар нь би нэг удаа түүний нүүр рүү нь цохисон. ...Саруулзам нь үйлдвэрийн хашаанд архи уугаад байхаар нь яв гэсэн чинь явахгүй хүмүүстэй муудалцах гээд байхаар нь би цохисон. Би Саруулзамын хамар нүүрэнд нэг удаа гараараа цохисон нь үнэн. Нүүрэнд учирсан шархыг би учруулсан....” гэх мэдүүлэг [17], мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

-Шүүхийн шинжилгээний Ү-ний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 7537 дугаартай дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг[18] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан Ү-лэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Ү.Б-нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байгаа боловч шууд санаатай үйлдлээр хүсч үйлдэн хохирогчийг цохиж, түүний эрүүл мэндэд хохирол учруулсан буюу хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч Э.С- үйл ажиллагаа явагдаж байгаа байгууллагын гадна согтууруулах ундаа зүйлийг хэрэглэж, тавьсан шаардлагыг нь биелүүлээгүй байх бөгөөд нөгөө талаас шүүгдэгч Ү.Б-ийн ёс суртахуун, хүмүүс хоорондын харилцаа хандлага, бие биенээ хүндлээгүй зэрэг байдал нь нөлөөлжээ.

Шүүгдэгч Ү.Б-ийн хохирогч Э.С-ын эрүүл мэндэд “хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ү.Б-ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн Ү-лэлтэй гэж шүүх дүгнэв.

 

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон Ү-ний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Мөн “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” талаар Иргэний хуульд заасан тул шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын зардлыг хариуцан арилгах үүрэгтэй юм.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Э.С-ын бие махбодид хөнгөн хохирол учирч, хохирогчоос хэрэгт шүүхийн шинжилгээний Ү-ний хүрээлэнд үзүүлэхэд төлсөн үзлэгийн 8000 төгрөг, 2000 төгрөгийн төлбөр төлсөн бэлэн мөнгөний орлогын ордер [19] болон “Мөнгөн гүүр” эмнэлэгт толгойн компьютер томографийн зураг 120.000 төгрөгөөр авахуулж төлбөр төлсөн баримт [20] зэрэг нийт 130.000 төгрөгийн баримтыг ирүүлсэн байна.

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Ү.Б-нь хохирогч Э.С-д 130.000 төгрөгийг нөхөн төлсөн ба нотлох баримтын хэмжээнд хохирол бүрэн төлөгдсөн байна.

Харин хохирогч Э.С- нь цаашид хамрын таславчийн мурийлтыг засах мэс ажилбарт орох шаардлагатай байгаа талаар мэдүүлж, энэ талаар “Халиунтолгой” ХХК-ний 1.170.000 төгрөгийн зардал гарах тухай нэхэмжлэлийг хэрэгт ирүүлсэн байх боловч тус зардал нь бодитоор гараагүй байх тул уг нэхэмжлэлийг хангах Ү-лэлгүй юм. Иймд хохирогч Э.С- нь цаашид гарах зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

            3.Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Ү.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 570.000 төгрөгийн торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх Ү-лэлтэй.

Шүүгдэгч Ү.Б-нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож, Хэнтий аймгийн прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0000-дугаар тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан байна.

Шүүхээс шүүгдэгч Ү.Б-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Ү.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнийг 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний тодорхой ажил эрхэлдэг байдал, хөрөнгө, цалин хөлс зэргийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Түүнчлэн шүүгдэгч Ү.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

 

4. Бусад асуудлын талаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тогтоолд дурдаж, шүүгдэгч Ү.Б-ийн анд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох зэргийг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б- овогт Ү-ийн Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ү.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Б-ийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс мөн сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 8 (найм) хоногийг түүний эдлэх оруулан, дээрх цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжээр тооцож, нийт 120 нэгж буюу 120.000 төгрөгийг ял эдэлсэнд тооцож, Ү.Б-т оногдуулсан 800 нэгжээс 120 нэгжийг хасч, түүний биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 680 нэгж буюу 680.000 төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Б-ийн эдлэх торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ү.Б-ийн  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор хохирогч Э.С-д төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.С- нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ү.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ү.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 13-14 дүгээр тал.

[2] Хавтаст хэргийн 21-22 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 34-35 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 25 дүгээр тал.

[5] Хавтаст хэргийн 50 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 23 дугаар  тал.

[7] Хавтаст хэргийн 58-61 дүгээр тал.

[8] Хавтаст хэргийн 36 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 37 дугаар тал.

[10]Хавтаст хэргийн 52-53 дугаар тал.

[11]Хавтаст хэргийн 38  дугаар тал.

[12]Хавтаст хэргийн 39 дүгээр тал.

[13]Хавтаст хэргийн 40-49 дүгээр тал.

[14]Хавтаст хэргийн 51 дүгээр тал.

[15] Хавтаст хэргийн 13-14 дүгээр тал.

[16] Хавтаст хэргийн 21-22 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 34-35 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 40 дүгээр тал.

[19] Хавтаст хэргийн 23 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 58 дугаар тал.