| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 101/2016/04821/И |
| Дугаар | 33 |
| Огноо | 2016-06-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо, Бэлхийн 2 дугаар гудамж 16 тоотод оршин суух, Боржигон овогт Оюуны Алтансүх/РД: УХ89103173/-ийн хүсэлттэй,
Г.Батбаярыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2011 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12-р хороо Булгын 1-р гудамжинд Оюуны Алтансүх миний бие Г.Батбаяртай бид жаахан архи ууж хамт явж байтал нь Г.Батбаяр нь ямар нэг шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газар цохиж О.Алтансүх миний биед хүндэвтэр хүндэвтэр гэмтэл учруулсан юм. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс шалгаж, шинжээчийн дүгнэлтээр миний биед хүндэвтэр гэмтэл учирсан. Гэтэл “Өршөөлийн тухай” хуулийг үндэслэн Г.Батбаярын хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн үед миний нүүрний баруун доод яс, эрүүний яс хугарсан байсныг эвлүүлж хадсан. Нүдэнд их хэмжээний цус хурж, шүднүүд мэдээгүй болсон байсан. Миний биеийн эрүүл мэнд муудаж, сэтгэцийн эмнэлэгт хэвтэж шинжилгээ хийлгэж байсан. Надад хүндэвтэр гэмтэл учруулсан Г.Батбаяр нь Эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа өөрийн гэм бурууг хүлээж, надад учируулсан гэм хорын хохирлыг төлнө гэж удаа дараа мэдүүлж байсан. Миний бие өөрт учирсан гэм хорыи хохирлыг хариуцагч Г.Батбаяраас гаргуулахаар Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхэд хандсан. Г.Батбаяр нь эрүүгийн хэрэг үүсэх үед Баянзүрх дүүргийн 13-р хороололын 6 дугаар хороо, 1-р байр 164 тоотод оршин суудаг гэж мэдүүлэг өгч байсан. Энэ хаягаар нь Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхэд нэхэмжлэл гаргахад Г.Батбаярыг энэ хаяг дээр байхгүй байна гэж иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Г.Батбаярыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тодорхой болгох шаардлагатай байна. Иймд Г.Батбаярыг эрэн сурвалжилж өгнө үү.” гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч О.Алтансүх нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Галбадрахын Батбаярыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Иргэн Г.Батбаярын оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн № 344 тодорхойлолтоор тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч нь мөнгөн төлбөрийн үүрэгтэй холбоотой иргэний эрх зүйн маргаанд Г.Батбаярыг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.
Шүүх Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Галбадрахын Батбаярыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагч О.Алтансүхын гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Галбадрахын Батбаярыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Г.Батбаярыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч О.Алтансүхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ