| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2019/0044/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/47 |
| Огноо | 2019-05-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.М |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2019/ШЦТ/47
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга П.Рэнцэндорж,
улсын яллагч Б.Мөнхдөл,
шүүгдэгч Ю.Д, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овгийн Ю-н Д-д холбогдох эрүүгийн 1917000250024 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19 оны 12 дугаар сарын 21-нд өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ковшийн операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын дүгээр баг, дугаар байрны тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн гэх С овгийн Ю-н Д /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ю.Д нь тэнссэн хугацаандаа буюу 2019 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 6 дугаар байрны 1-1 тоотод үйл ажиллагаа явуулдаг цагаан идээний дэлгүүрийн цонхоор нэвтэрч нэрмэл архи 15 литр, айраг 20 литр, ааруул 6 килограмм зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Ш.Н нийт 230 000 төгрөгийн хохирол урчуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Ю.Д нь 2019 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 6 дугаар байрны 1-1 тоотод үйл ажиллагаа явуулдаг цагаан идээний дэлгүүрийн цонхоор нэвтэрч нэрмэл архи 15 литр, айраг 20 литр, ааруул 6 килограмм зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Ш.Н нийт 230 000 төгрөгийн хохирол урчуулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.1. Шүүгдэгч Ю.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
1.2. Шүүгдэгч Ю.Д мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
Би 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 13 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 6 дугаар байрны 1-4 тоотод байх гэрээсээ гараад Шивээговь сумын Мини маркетын хажууд байх хуучин ажиллуулдаг байсан бээжин барааны дэлгүүрийн байрнаас очиж сандал авахаар явахдаа замаараа дэлгүүрээс 0.5 граммын Стандарт нэртэй 1 шил архи аваад бээжин барааны дэлгүүрт очиж ганцаараа уучихаад гэртээ ороод шалны гранизаа хийж дуусгаад Н эгч мах эвдээд өгөөч гэж байсан учир Н эгчийн цагаан идээний дэлгүүр лүү орсон. Тэгтэл Н эгч чи нээрээ үнэтэй юм аа, хэдэн төгрөгийн үнэтэй юм гэж тоглоомоор хэлж байсан. Тэгэхээр нь дүү нь завгүй ажилтай байгааг та мэдэж байгаа шүү дээ одоо болтол мах нь гэсээгүй байна, гэсэхээр нь эргэж орж ирье гэж хэлчихээд Э ах ууц эвдээд өгөөч гэж байсан учир 17 цагийн орчимд ууцыг нь эвдэж өгөхөөр эмнэлгийн баруун талд байх Э ахын гэрт очсон. Тэгээд ууцыг эвдэж байсан чинь Энхбаатар ах 0.5 граммын Хараа нэртэй архи задалсан, тэгээд тэр архийг бид хоёр хувааж уусан. Тэгээд би гэртээ ирээд хоолоо хийж идчихээд байж байтал 21 цагийн үед ээж Улаанбаатар хотоос ирсэн. Тэгээд би шалны граниз янзалсан, дэлгүүрийн байрнаас сандал ширээ авчирсан талаар хэлэхэд чи чинь архи уучихсан юм уу гэж хэлэхээр нь би тиймээ өдөр уусан гэж хэлсэн. Тэгээд ээж дэлгүүрийн байранд хайрцагтай хувцаснууд байгаа, тэрнээс ээжийнхээ хувцасыг аваад ир гэхээр нь би дэлгүүрийн байрнаас хайрцагтай хувцаснуудыг гэрт оруулж өгчихөөд 21 цаг өнгөрч байсан шиг санагдаж байна гэрээс гараад явж байгаад Н эгчтэй орцонд таарсан. Тэгсэн чинь нөгөө махаа яасан бэ гэсчихлээ гэж хэлэхээр нь Шивээговь сум 1-р баг, 6-1-1 тоотод байрлах цагаан идээний дэлгүүрт Н эгчтэй цуг орсон. Тэгэхэд Н эгчийн хоёр хүүхэд болох Б, О нар надтай зөрөөд гарсан. Харин би Н эгчид махыг нь эвдэж өгчихөөд бид хоёр дэлгүүрээс нь цуг гарсан. Тэгээд дахиад мини маркетын хажууд байх хуучин ажиллуулдаг байсан Бээжин барааны дэлгүүрийн байрнаас хувцаснуудаа авчрахаар явах замдаа О ахтай таарсан. Тэгсэн чинь О ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эхнэртэйгээ явж байсан. Тэгээд надаас архи зарж байгаа газар байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би нэрмэл зарж байгаа газар байна гэж хэлсэн чинь авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь танд хэд байгаа юм гэж асуухад 10000 төгрөг байна гэж хэлсэн. Тэгээд Шивээговь сумын 1-р баг, 8-4-19 тоот руу Н эгчийнх рүү явсан. Тэгээд очоод хаалгыг нь тогштол хүргэн нь хаалгаа нээсэн. Тэгэхээр нь би нэрмэл байгаа юу гэж асуухад байгаа гэж хариулсан. Тэгэхээр нь 2 литр нэрмэл авъя гэж хэлсэн. Тэгээд хүргэн нь за хаана байж байх юм гэхээр нь би гадаа байж байя гэж хэлсэн. Тэгсэн чинь 10-20 минутын дараа Н эгчийн хүргэн нь пивоны савтай нэрмэл архи авч гарч ирээд 2 литртэй байхгүй 2.5 граммын савлагаатай нэрмэл архи байна гэсэн. Н эгчийн хүргэнийг гарч ирэхээс нь өмнө О ах, Ц эгч нарыг охин Н нь аваад явчихсан. Тэгэхээр нь би уг нэрмэл архийг ах нь авъя, маргааш өглөө мөнгөө аваарай гэж хэлсэн. Тэгээд 2.5 литрийн савтай нэрмэл архийг бээжин барааны дэлгүүрт ороод ганцаараа уусан. Тэгээд дэлгүүрээс яаж гарснаа санахгүй байгаа юм. Тэгээд би 01 цаг болох гэж байхад гэртээ орохоор явж байгаад 6 дугаар байрны 1 дүгээр орцны ертөнцийн зүгээр хойд талд байх шатаар дээшээ авирч орцны хаалганы дээд талд байх тавцангаар дамжин Н эгчийн цагаан идээний дэлгүүрийн цонхоор орсноо санаж байна. Тэгээд нэг мэдсэн эмнэлгийн хашааны орчимд 5 литрийн савтай 2 ширхэг нэрмэл архи, 5 литрийн савтай 1 ширхэг айраг бариад явж байсан. Тэгээд Энхбаатар ахынд очоод айраг, мөн нэрмэл архи халааж уусан. Онон ахын гэрээс яаж гарснаа мэдэхгүй байгаа юм. Би О ахын гэрт очихдоо 5 литрийн нэрмэл архи авч очсон гэсэн. Энэ нэрмэл архийг хаанаас авч очсон талаараа санахгүй байгаа юм. О ахын гэрт яаж очсон талаараа мэдэхгүй байна. Нэг мэдсэн өглөө О ахынд унтаж байсан. Тэгээд өглөө эрт 8 цагийн үед О ахынхаас гараад И-той таараад Э ахынд очоод жижиг данханд байсан нэрмэл архи уусан. Тэгээд Э ахын ууцны махыг З-д чаначихаад хүргэж өгчихөөд гэр лүүгээ явж байгаад цагдаад баригдсан. Би архи уухаараа болсон зүйлийг маргааш нь санадаггүй, Э ахын гэрээс гараад хаагуур яаж явсан талаараа санахгүй байна. Би Н эгчийн дэлгүүрээс эд зүйл хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна. Н эгчид хохирлыг барагдуулсан. Би Н эгчид өөрийнхөө зав зайгаар байнга туслаж байдаг болохоор би баригдсан ч Н эгч гайгүй байх гэж согтуу ухаанаар бодоод дэлгүүрт цонхоор орсон байх гэж бодож байна. Э ахын гэрээс гараад хаагуур яаж явсан талаараа санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/,
1.3. Хохирогч Ш.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би Говьсүмбэр аймгийн Шивээговь сум 1-р баг 6 дугаар байрны 1 тоотод цагаан идээ зардаг юм. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 03-ны өглөө 07 цаг 23 минутын орчимд Шивээговь сум 1-р баг 6 дугаар байрны 1 тоотод байрлах цагаан идээний дэлгүүр лүү явж байсан чинь манай дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн тийш харсан хойд талын цонхны салхивч онгорхой байсан. Тэгээд яагаад цонх онгойчихсон юм бол гэж бодчихоод дэлгүүр лүүгээ ороод цонхоо хаасан. Тэгтэл хөлдөөгчний хаалга нь хагас нээлттэй байсан. Хаах гэтэл хөлдөөгчинд байсан чихэртэй дугуй ааруулнаас 6 килограмм ааруул алга болсон байсан. Тэгээд цагаан идээнүүдээ харахад хөлдөөгчийн урд буюу ертөнцийн хойд талд байсан 5 литрийн савтай нэрмэл архинаас 15 литр буюу 3 ширхэг нэрмэл архи, урд талын өрөөнд байсан 5 литрийн савтай нэрмэл архинаас 15 литр буюу 3 ширхэг нэрмэл архи, урд талын өрөөнд байсан 5 литрийн савтай айрагнаас 4 ширхэг буюу 20 литр айраг байхгүй байсан. Тэгээд би буцаад гэртээ очоод хүүхдүүддээ дэлгүүрт хулгай орсон байна гэж хэлээд хүргэн Б, охин О нарын хамт цагдаад очиж мэдэгдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/
Манай хүргэн Б айргаа 5 литрийн 25 ширхэг саванд хийж урд талын өрөөнд газарт өрж тавьсан. Харин нэрмэл архиа 5 литрийн 5 ширхэг саванд хийж хойд талын өрөөнд хөлдөөгчний өмнө өрж тавьсан. Хөлдөөгчинд нийт 40 килограмм ааруул байснаас би 02 дугаар сарын 02-ны өдөр 7 килограмм ааруул зарсан. Үүнээс 3 килограмм чихэртэй дугуй ааруул байсан. Харин чихэртэй дугуй ааруулыг 1 килограммаар нь савлаж нийт 15 уут буюу 15 килограммыг зарсан. Ааруулаа цагдаа ирээд үзлэг хийсний дараа тоолж үзэхэд 6 килограмм чихэртэй дугуй ааруул байсан ба 6 килограмм дутсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
1.4. Гэрч Э.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай хадам ээж Н Шивээговь сумын 1-р баг, 6-1-1 тоотод цагаан идээ зардаг юм. 2019 оны 02 дугаар сарын 01-ний орой Улаанбаатар хотоос 220 литр айраг, 47 литр монгол архи /нэрмэл/, ааруул цагаан идээ авчирсан. Тэгээд өдөр 13 цагийн үед дэлгүүр дээрээ буулгасан. Тухайн үед ээж бид хоёр л байсан. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өглөө 10 цагийн орчимд би 6-р байрны 1-1 тоотод ээжийн цагаан идээ зардаг дэлгүүрт очсон. Тэгээд айргийг нь 5 литрийн 25 ширхэг саванд хийгээд урд талын өрөөнд газарт өрж тавьсан. Харин нэрмэлийг 5 литрийн 5 ширхэг саванд хийчихсэн хойд талын өрөөнд хөлдөөгчний өмнө өрж тавьсан. Тэгээд би 14 цагийн үед гэртээ очсон. Ээж цагаан сарын буузаа хийнэ гэсэн учир О бид хоёр 18 цагийн орчим ээж дээр очсон. Тэгээд бууз хийлцээд 22 цагийн үед гэр лүүгээ явсан. 2019 оны 02 дугаар сарын 03-ны өглөө 07 цаг өнгөрч байхад 6-р байрны 1-1 тоотод байх цагаан идээ зардаг дэлгүүр лүү явсан. Тэгээд удалгүй буцаж орж ирээд дэлгүүрт хулгай орсон байна савласан айраг, монгол архи байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд бид нарт цагдаад мэдэгдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,
1.5. Гэрч Э.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай ээж Н Говьсүмбэр аймаг Шивээговь сум 1-р баг, 6-1-1 тоотод цагаан идээ зардаг юм. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ээж Н цагаан идээгээ зарангаа цагаан сарын буузаа хийгээд би Б-н хамт 18 цаг өнгөрч байхад очсон. Тэгээд бууз хийлцээд 22 цаг өнгөрч байхад явсан. Тэр үед Ж ах Б бид хоёртой зөрж орсон. Харин ээж Н орой 23 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Харин 2019 оны 02 дугаар сарын 03-ны өглөө ээж Н Шивээговь сум 1-р баг, 6-1-1 тоотод очиж буузаа уутлах, цэвэрлэгээ хийхээр явсан юм. Тэгсэн 20-30 минутын дараа ээж Н орж ирээд цагаан идээнээс маань алдагдсан байна. Цонх онгорхой байна гэж хэлээд тэгээд бид хоёр Шивээговь сумын цагдаагийн хэсэг дээр ирж мэдэгдсэн. Өөр надад мэдэж байгаа зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
1.6. Гэрч Г.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2019 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 03 цаг 05 минутын үед манайх болох хөтөлийн 2-5 тоотод Ж буюу Д орж ирсэн. Орж ирэхдээ баруун гартаа 5 литр хуванцар цэвэр усны савтай монгол архи барьсан байсан. Ж буюу Д Г эгчээ монгол архи байгаа юм, та уухуу гэж байсан. Тэр архийг нь би уугаагүй. Тэгээд удаагүй гараад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
1.7. Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2019 оны 02 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө цагаан сарын ууцаа чанахаар бэлтгээд байж байтал 02 дугаар сарын 03-ны өдрийн шөнийн 01 цагийн үед Д манайд ирсэн. Тухайн үед Д 5 литрийн савтай 2 ширхэг нэрмэл архи, 5 литрийн савтай 1 ширхэг айраг барьчихсан байсан. Тэгэхээр нь хаанаас юу аваад ирсэн талаар асуухад Д гэрийнхээ цагаан сарын нэрмэл архи, айрагнаас аваад ирлээ гэж хэлэхээр нь чи хамаагүй гэрийнхээ нэрмэл айрагнаас аваад болж байгаа юм уу гэж хэлэхэд 5 литрийн савтай 1 ширхэг нэрмэл архи би ууна, та нэгийг нь аваарай гэж хэлсэн. Тэгээд Д өлсөж байна гэхээр нь би бууз жигнэж өгсөн. Тэгээд 5 литрийн савтай 1 ширхэг монгол архинаас халааж бид хоёр уусан. Тэгээд би одоо амарлаа гэж хэлэхэд Д шөнийн 03 цагийн үед гараад явсан. Өглөө 8 цаг өнгөрч байхад нэг танихгүй залуутай орж ирээд тэгээд манайд ууж байгаад үлдээсэн нэрмэл архинаас нь бид гурав уусан. Би уг нэрмэл архинаас хоёр гурав татаад дахиж уугаагүй. Харин Д болон цуг явсан залуу хоёр нэрмэл архи болон айрагнаас ууцгаасан. Тэгээд байж байтал гэрт миний төрсөн дүү болох О 09 цаг өнгөрч байхад ирээд сар шинэ болох гэж байхад яахаараа уудаг юм бэ загнасан. Д-тай цуг ирсэн залуу надад ууц чанаж өгье гэж байсан учир О тэр хоёрыг тэр залууг гэрт нь хүргэж өгсөн. Тэрнээс хойш Д болон тэр залуу манайд ирээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
1.8. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай охин Н, хүү Х, нөхөр О бид нар 2019 оны 02 дугаар сарын 02-ны орой 23 цагийн үед гэртээ унтаж амарцгаасан. Тэгээд өглөө сэрэхэд Д манайд унтаж байсан. Д-с өөр хүн байгаагүй. Өглөө Д нь 02 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө манай нөхөр О-той монгол архи хувааж уусан гэж байсан. Тэгээд өглөө 8 цаг өнгөрч байхад юм хэлэлгүй гараад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
1.9. Гэрч С.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2019 оны 02 дугаар сарын 02-ны орой 22 цаг өнгөрч байхад Д-тай 7-р байрны гадаа таарсан. Тэгээд би дэлгүүр хаачихсан байна, монгол архи зарж байгаа газар байна уу гэж асуусан. Тэгсэн чинь Д байна, би аваад ирье гэж хэлээд цаашаа явсан. Тэгтэл манай охин Н ирээд эхнэр бид хоёрыг гэр лүү авч яваад харьж амарсан. Харин 02 дугаар сарын 03-ны шөнө 04-05 цагийн орчимд Д Шивээговь сум 2 дугаар баг Сүүжийн 1-9 тоотод байх манай гэрт ирж хоноод өглөө 8 цаг өнгөрч байхад явсан. Тухайн үед ганцаараа явж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
1.10. Гэрч Д.И мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2019 оны 02 дугаар сарын 03-ны өглөө Д-тай гэрээсээ гарч яваад таарсан. Тэгээд жоохон монгол архи байна, цуг явж ууя гэж хэлэхээр нь зөвшөөрөөд бид хоёр Э ахынд очсон. Тэгсэн 5 литрийн савтай монгол архи байснаас данханд хийгээд халаагаад ууж байтал 09 цаг өнгөрч байх шиг санагдаж байна. Э-н дүү болох О ирээд та нар яв гэж хэлсэн. Тэгээд би Э ахын ууцыг чанаж өгнө гэж байсан болохоор Э ахын цагаан сарын ууцыг нь аваад О-р гэртээ хүргүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
1.11. Гэрч О.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2019 оны 02 дугаар сарын 02-ны орой 22 цаг өнгөрч байхад Шивээговь сум, 1-р баг, 7 дугаар байрны хойд талаас аавыгаа аваад Сүүжийн 19 тоотод байх гэртээ очсон. Тэгээд утсаар фэйсбүүк орж байгаад 02 дугаар сарын 03-ны өдрийн шөнө 02 цаг 20 минутын орчимд унтаж амарсан. Тэгэхэд манайд ямар ч хүн орж ирээгүй. Харин үүрээр цагийг нь мэдэхгүй байна дүнгэр дүнгэр гээд хүн яриад байгаа бололтой байсан. Тухайн үед би зурагт асаалттай орхисон юм байх гэж бодоод буцаад унтаж амарсан. Тэгээд өглөө ажилдаа явахаар 08 цаг гээд сэртэл Д манайд унтаж байсан. Хэдэн цагт ирснийг нь мэдэхгүй байна.
...2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 11 цагийн үед манай ээж болох Б над руу залгаад Д үүрээр ирэхдээ 5 литрийн савтай нэрмэл архи авчирч аавтай чинь уусан юм. Тэр нь хулгайнх байсан байна гэж хэлж байсан. Ээжээс сонссоноор бол 5 литр нэрмэл авчирсан юм байна лээ. Тэгээд тэр өдөр аав /О/ руу залгаад яасан юм бэ, юу болсон юм бэ гэж асуухад шөнө Д ахдаа ганц нэрмэл архи авчирлаа гэхээр нь би яаж үгүй гэхэв тэгээд уусан, хулгайнх гэдгийг мэдээгүй гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
1.12. Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2019 оны 02 дугаар сарын 03-ны өглөө 09 цагийн үед манай ах Э над руу залгаад цагаан сарын дутуу зүйлсээ авахаар яриахаар нь би гэрт нь очсон юм. Тэгсэн чинь гэрт нь Д, З нар нилээд хамалцуу сууж байсан. Тэгэхээр нь хөөгөөд тэгээд З нь Э ахын ууцыг өгнө гээд би гэрт нь Д-н хамт буулгаж өгөөд явсан.
...Би 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед Э ахын гэрт очиход 5 литрийн савтай нэрмэл архи бага зэрэг байсан. Мөн 5 литрийн савтай айраг дундуур байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
1.13. Гэрч С.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Н эгч 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 20 литр айраг, 64 литр нэрмэл архи авсан. Мөн 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 300 литр айраг авсан. Өөр цагаан идээ аваагүй. Би нэрмэл архи сүү тараг зардаг. Ааруул тос зэрэг цагаан идээ огт зардаггүй.
...Би Н эгчид айргаа 1 литрийг нь 3000 төгрөгөөр, нэрмэл архи 1 литрийг нь 2000 төгрөгөөр зарсан.
...Би хувиараа айраг, нэрмэл архи зардаг болохоор бүртгэл огт хөтөлдөггүй. Зарлагын падан нэхвэл өгдөг. Н эгчийн хувьд манайхаас айраг, нэрмэл архи байнга авдаг. Зардагын падан огт авдаггүй гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
1.14. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7 дугаар хуудас/,
1.15. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/,
1.16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1120 дугаартай шинжээчийн дүгнэлт:
- Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ.
- Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг гарын мөр шинжилгээнд тэмцэхгүй.
- Шинжилгээнд тэнцсэн 1 дугаартай 1 ширхэг гарын мөр MN003510002527 дугаараар бүртгэгдсэн Ю.Д гэгчийн зүүн гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн мөр байна.
- Шинжилгээнд тэнцсэн 1 ширхэг санд бүртгэлтэй этгээдүүдийн гарын хээний дардас, санд бүртгэгдсэн эзэнгүй хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна.
Дүгнэлт гаргасан: Мэргэшсэн шинжээч, цагдаагийн хошууч А.А /хх-ийн 41 дүгээр худас/,
1.17. Шинжээчийн 1120 дугаартай дүгнэлтэд хавсаргах зургуудын үзүүлэлт /хх-ийн 42-44 дүгээр хуудас/,
1.18. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 009/006 дугаартай шинжээчийн дүгнэлт:
- Хэргийн газраас гэрэл зургийн аргаар ирүүлсэн гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.
- Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гутлын мөр нь Ю овогтой Д-с хураан авсан гутлын мөртэй тохирч байна.
- Шинжилгээнд ирүүлсэн мөр болон харьцуулах загвараар ирүүлсэн гутлын улны дардас нь хээний ерөнхий хэлбэр, хэмжээ, хоорондын байрлал болох хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна.
- Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөр болон харьцуулах загвараар ирүүлсэн гутлын мөрний дардас нь ерөнхий шинж тэмдэг нь харьцуулах боломжгүй ч хувийн онцлог шинж тэмдгээрээ хоорондоо тохирч байна.
Дүгнэлт гаргасан: ГСА-н ШША-ны криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Г.Мөнхдөлгөөн /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
1.19. Шинжээчийн 006 тоот дүгнэлтэнд хавсаргах зургийн үзүүлэлт /хх-н 51-55 дугаар хуудас/,
1.20. Эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 70 дугаар хуудас/,
1.21. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7 дугаар хуудас/ зэрэг болно.
Прокуророос шүүгдэгч Ю.Д-н үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Ю.Д, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй боловч өмгөөлөгч Б.Батчимэг нь “шүүгдэгч Ю.Д нь хохирогч Ш.Н-д учруулсан 230 000 төгрөгний хохиролыг бүрэн төлж барагдуулсан боловч уг цагаан идээний дэлгүүрээс ааруул 6 килограммыг хулгайлсан болох нь тогтоогдохгүй байгааг анхаарч үзнэ үү” гэх хүсэлтийг гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасныг шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь:
Хохирогч Ш.Н-н “...цонх яагаад онгойчихсон юм бол гэж бодчихоод дэлгүүр лүүгээ ороод цонхоо хаасан. Тэгтэл хөлдөөгчний хаалга нь хагас нээлттэй байсан. Хаах гэтэл хөлдөөгчинд байсан чихэртэй дугуй ааруулнаас 6 килограмм ааруул алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1120 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/, Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 009/006 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-50 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ю.Д нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 6 дугаар байрны 1-1 тоотод үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ш.Н-н цагаан идээний дэлгүүрийн цонхоор нэвтэрч ааруул 6 килограммыг хулгайлсан болох нь тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ю.Д-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Ю.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:
2.1. Хохирогч Ш.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад учирсан 230 000 төгрөгийн хохирлыг Дүүрэнжаргал бүрэн барагдуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/
2.2. Гэрч Д.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай хүү Д нь Улаанбаатар хотод 1987 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн. Манайх 3 хүүхэдтэй. Д нь айлын 2 дахь хүүхэд. 1996 онд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд анх элсэн орж 2003 онд 8-р ангиа төгсөж байсан. 2003 онд Налайх дүүрэгт техникийн мэргэжлийн сургуулийг операторчин мэргэжлээр төгссөн. Хувийн уурхайгаар ковшийн оператороор ажиллаж байсан. Одоо Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1-р баг, 6 дугаар байрны 1-4 тоотод манай нөхөр Ю бид хоёртой хамт амьдардаг. Хувийн зан байдлын хувьд миний хүү их сайн хүүхэд байгаа юм, хүнд их тусар хуу, нийтэч, өглөгч, их сайхан сэтгэлтэй хүн... гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/
2.3. Гэрч Ю.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай ах Д нь 2 дахь хүүхэд. 1987 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Шивээговь сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийг 2003 онд, Налайх дүүргийн техник мэргэжлийн сургуулийг 2005 онд ковшийн операторчин мэргэжлээр суралцаж төгссөн. Одоо Говьсүмбэр аймгийн Шивээговь сум 1-р баг, 6 дугаар байрны 1-4 тоотод аав Ю, ээж Д нарын хамт амьдардаг. Манай аавын биеийн байдал тун тааруу учир Д ах л харж ханддаг. Манай ах ганц бие болохоор архи уугаад байгаа нь сул тал болчихоод байгаа юм. Зан байдлын хувьд их сайхан сэтгэлтэй, хүнд тусархуу, сайн ах, сайн хүү, мэргэжил боловсрол муутай ч гэсэн хүн чанартай хүн байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/
2.4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 дугаар хуудас/
2.5. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 84-89 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ю.Д-н өмгөөлөгч Б.Батчимэг нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “...шүүгдэгч Ю.Д-н эцэг эх нь өндөр настай хүмүүс байдаг. Мөн шүүгдэгч Ю.Д нь хохиролоо төлж барагдуулсан... Иймд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан заалтыг хэрэглэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасныг шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь:
Шүүгдэгч Ю.Д нь урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан ба уг тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан заалтыг шүүхээс хэрэглэх боломжгүй байна.
Шүүгдэгч Ю.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч Ю.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Д нь тэнссэн хугацаандаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож шүүгдэгч Ю.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оноолоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Д-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Д-д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ю.Д нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний баримт бичиг, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Ю-н Д-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ю.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Д-н Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оноосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Д-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Д-д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Ю.Д нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний баримт бичиг, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Ю.Д-н хорих ял эдлэх хугацааг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ