| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0005/Э |
| Дугаар | 11 |
| Огноо | 2018-12-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Чинбилиг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 11
2018 12 26 11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Б.Чинбилиг,
шүүгдэгч Э.Ц-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ч-овогт Э-ын Ц-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0491000000 дугаар хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Ч-овгийн Э-ын Ц- Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа гагнуурын ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 1 дүгээр гудамжны 000 тоотод оршин бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 6 дугаар гудамжны 05 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Э.Ц-нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 0000 тоотод хамт архи ууж байсан Д.Ц-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ц-гээс: Мэдүүлэг гаргахгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 1808 0491000000 дугаартай хэргээс:
1.Хохирогч Д.Ц-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн орчим нэрийг нь мэдэхгүй зүс таних ахтай гудамжинд тааралдаад бид 0.5 литрийн 1 шил архи манай хашаанд хувааж уусан. Тухайн архиа ууж дуусаад тэр ах яваад өгсөн, би гэр рүүгээ орж унтаж байгаад 17 цагийн орчим сэрээд гэрээс гарч гудамжинд гартал танил болох Бэхээ, Ц- хоёртой тааралдсан юм. Ц- архи ууя гэхээр нь би Бэхээгийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 7-11 тоот гэрт нь орж уусан. Тухайн үед Бэхээгийн гэрт нь явж ороход хүн байгаагүй. Бэхээ, Ц- бид гурав архи хувааж ууж дуусаад Цагаанаа бид хоёр архиныхаа халуунд хоорондоо юм ярьсан. Бид хоорондоо юм ярьж байгаад маргалдаад эхэлсэн. Би тухайн үед нилээн согтсон. Тэгээд маргалдаж байтал Ц- миний хоолойноос боохоор нь би “зүгээр бай” гэж хэлээд сууж байтал Цагаанаа миний зүүн нүд рүү нэг удаа өшиглөөд, би нүүрээ дарсан. Тэгтэл гараараа нүүр рүү 3-4 удаа цохисон. Миний хамраас цус гараад Бэхээ “боль” гээд Цагаанааг цааш нь түлхэж надаас холдуулсан. Би гэрээс нь гарч өөрийнхөө гэрт очсон. Гэртээ ирээд дүү болох Отгонсүррэн рүү залгаж “хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. Отгонсүрэн ирээд цагдаа дуудаж Цагаанаагийн гэрт нь хамт очиж цагдаад барьж өгсөн. Ц- миний зүүн нүд рүү нэг удаа өшиглөөд, бас нүүрээ гараараа дарсны дараа гараараа миний нүүр рүү 3-4 удаа цохисон. Ц- намайг цохихыг Бэхээ харсан. Би Ц-гээс эмчилгээний зардлаа гаргуулаад авчихвал гомдол саналгүй. Эмчилгээнд 400,000 гаран мянган төгрөг гарсан. Бас нүдний хагалгаанд орох юм. Тэр зардал нь 850,000 төгрөг болно гэсэн. ...” гэх мэдүүлэг [1],
2. Гэрч Б.Б-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 0000 тоот гэртээ танил болох Ц-, Ц- бид гурав нэг шил 0,75 литрийн архи авч уусан. Тухайн архийг уухаас өмнө нь Ц-, Ц- нар архи уусан согтуу байсан. Архийг ууж дуусаад тэр хоёр архины халуунаас болоод согтоод хоорондоо гэнэт маргалдаад эхэлсэн. Маргалдаж байтал Ц- Ц-г “цаашаа бай” гээд түлхээд байсан, би “боль” гэж хэлээд тэр хоёрыг салгасан. Тэр хоёрыг салгаад гэрээс гарч мод аваад буцаад ороод иртэл Ц-ын хамраас цус гарсан байдалтай байсан. Би “юу болсон бэ” гэхэд Ц- надад “Ц- сая нэг удаа нүүр рүү өшиглөчихсөн” гэж хэлсэн. Тухайн үед гэрт Ц-, Ц- хоёр л байсан. Би гэрээс гараад ердөө удаагүй тэр хоёрын асуудал маш хурдан хугацаанд болсон. ...Ц- Ц-ыг намайг гэрээс гараад явсны дараа нэг л удаа нүд рүү нь өшиглөсөн байсан. Би өшиглөж байхыг нь хараагүй, намайг гэрт ороход Ц-ын хамраас цус гарчихсан “Ц- намайг өшиглөчихлөө” гэж хэлсэн. Ц-гээс “чи өшиглөсөн юм уу” гэж асуухад Ц- “тиймээ, би өшиглөчихсөн” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг [2],
3. Гэрч Э.Мөнгөнцэцэгийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн:
“...Манай ах болох Ц- нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 6-5 тоотод эхнэр Урангоо, 6 настай хүүгийнхээ хамтаар амьдардаг. Манайтай гэр нь ойрхон байдаг. Ц- ...гагнуурын ажил хувиараа хийдэг, зан харилцааны хувьд гайгүй, төлөв томоотой. Харин архийг байнга хэрэглэдэг хүн байгаа юм. Архи уухаараа зан харьцааны хувьд давьтаргүй болдог. ...” гэх мэдүүлэг [3]
4. Гэрч Ж.Бадамгаравын хэрэг бүртгэлтэд 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн:
“...Манай хүү Ц- нь 1990 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Э-ын 3 дахь хүүхэд болж Улаанбаатар хотод мэндэлсэн. Ц- нь 1 ах, 1 эгчтэй доороо 2 дүүтэй юм. Ц- нь Нийслэлийн 76 дугаар сургуульд сурч 8 дугаар анги төгсөөд, барилгын техникумд элсэн орж төгссөн. Коллежоо төгсөөд Сайн ломбарданд 2 жил гаран ажиллаад тэр ажлаасаа гарч одоо хувиараа гагнуурын ажил эрхэлдэг. Ц- архийг нилээн уудаг, архи уугаад зан нь эвдрээд байгаа юм. ...” гэх мэдүүлэг [4],
5. Шүүгдэгч Э.Ц-гийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчаар өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад танил болох Ц-тай тааралдаад бид хоёр нэг шил архи хувааж уусан. Тухайн архийг уучихаад танил болох Бэхээ гэх залуугийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 7-11 тоот гэрт нь явж очиж Бэхээг дуудаж уулзсан. Тэгээд дахиж нэмж архи аваад Бэхээгийн гэрт нь Ц- бид 3 хамт хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусаад согтоод Ц- бид хоёр хоорондоо юм ярьж байгаад үг ярианаасаа болоод хоорондоо маргалдсан. Би Ц-ыг боогоод Ц- бас намайг боогоод байсан. Бие биенийгээ боож байхад Бэхээ салгасан, салгаж байхад Ц- миний нүүр рүү хальт гараараа цохисон. Гэхдээ тэр цохилт нь ороогүй миний нүүрийг шүргээд л өнгөрсөн. Би Ц-ыг сууж байхад явж очоод шууд түүний нүүр хэсэг рүү өмсөж явсан ажлын бакалаар өшиглөсөн. Ц- нүүрээ дараад доошоо суухаар нь гараараа дагз хэсэг рүү нь цохисон. Бэхээ орж ирээд больцгоо гэж хэлсэн. Тухайн үед Ц-ын хамраас цус гарсан. ...Ц- бид хоёрт маргалдах болсон шалтгаан байхгүй, архинаас болоод л согтоод хоорондоо маргалдсан. Би Ц-ын нүүр рүү өшиглөөд бас гараараа толгой руу нь нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг [5]
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12704 дугаартай дүгнэлтэд:
“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн дээд, доод зовхинд хөх ягаан өнгийн цус хуралт үүсч зовхи анигдсан, хамрын нуруунд 2х1,5 см зулгарч тав тогтсон, хамрын нуруу мурийсан.
2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн толгойн компьютер томографикт: зүүн ухархайн дотор ба доод хана, хамрын баруун зүүн хажуу хана хугаралтай, хамрын таславч мурийсан. Зүүн нүдний эргэн тойронд зөөлөн эдэд хаван хавдартай.
ДҮГНЭЛТ:
1. Д.Ц-ын биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгарал, зүүн ухархайн дотор ба доод хана, хамрын баруун зүүн хажуу хана хугаралтай, хамрын таславч мурийлт тогтоогдлоо.
2 Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгджээ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч эмч Б.Ариунзул/ ...” гэсэн дүгнэлт [6],
7. Шинжээч Б.Ариунзулын хэрэг бүртгэлтэд 2018 оны 11 дүгээр сарын 23-нд өгсөн: “...Дээрх гэмтлүүд нь тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Эдгээр гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 1 удаа цохиход үүснэ, 2, 3 цохиход ч үүсэх боломжтой. ...” гэх мэдүүлэг [7]
8. Хохирогч Д.Ц-ын иргэний үнэмлэхийн лавлагаа [8], “Med trauma hospital” эмнэлгийн компьютер томографикийн шинжилгээ[9], Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар[10], хохирогч Д.Ц-ын гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтууд[11], мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзлэгийн төлбөр төлсөн тухай бэлэн мөнгөний орлогын ордер баримт,[12], хохирол барагдуулах тухай хэлцэл гэсэн баримт /шүүхэд шинээр ирүүлсэн/,
9. Шүүгдэгч Э.Ц-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа [13], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [14], Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны тодорхойлолт [15], гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа [16], Э.Ц-гийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа [17], Хаан банкинд хамтран эзэмшигчээр бүртгэлтэй Э.Ц-гийн депозит дансны хуулга [18] зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүх хуралдаанд улсын яллагч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ Э.Ц-гийн үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон тул Э.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал.
Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Ц-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Ц-нь хохирогч Д.Ц- болон Б.Б- нарын хамт 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 7-11 тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн байх ба улмаар Д.Ц-тай маргалдаж түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, мөн хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь зүүн дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгарал, зүүн ухархайн дотор ба доод хана, хамрын баруун зүүн хажуу хана хугаралтай, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч Д.Ц-ын хэрэг бүртгэлтэд өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ...17 цагийн орчим гэрээс гарч гудамжинд гартал танил болох Бэхээ, Ц- хоёртой тааралдсан ...Ц- архи ууя гэхээр нь би Бэхээгийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 7-11 тоот гэрт нь орж уусан. ...Цагаанаа бид хоёр архиныхаа халуунд хоорондоо юм ярьсан. Бид хоёр хоорондоо юм ярьж байгаад маргалдаад эхэлсэн. Ц- миний хоолойноос боохоор нь би “зүгээр бай” гэж хэлээд сууж байтал Цагаанаа миний зүүн нүд рүү нэг удаа өшиглөөд би нүүрээ дарсан. Тэгтэл гараараа нүүр рүү 3-4 удаа цохисон. Тэгээд миний хамраас цус гараад Бэхээ “боль” гээд Цагаанааг цааш нь түлхэж надаас холдуулсан. ...” гэх мэдүүлэг [19],
-гэрч Б.Б-ын хэрэг бүртгэлтэд өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай гэрт танил болох Ц-, Ц- бид гурав нэг шил 0,75 литрийн архи авч уусан. ...тэр хоёр архины халуунаас болоод согтоод хоорондоо гэнэт маргалдаад эхэлсэн. Тэгээд маргалдаж байтал Ц- Ц-г “цаашаа бай” гээд түлхээд байсан, би “боль” гэж хэлээд тэр хоёрыг салгасан. Тэгээд гэрээс гарч мод аваад буцаад ороод иртэл Ц-ын хамраас цус гарсан байдалтай байсан, би “юу болсон бэ” гэхэд Ц- надад “Ц- сая нэг удаа нүүр рүү өшиглөсөн” гэж хэлсэн. ...би Ц-гээс “чи өшиглөсөн юм уу” гэж асуухад Ц- “тиймээ, би өшиглөчихсөн” гэж хэлсэн. ...Архи ууж сууж байгаад л хоорондоо маргалдаад эхэлсэн ...” гэх мэдүүлэг [20],
-Шүүгдэгч Э.Ц-гийн хэрэг бүртгэлтэд яллагдагчаар өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад танил болох Ц-тай тааралдаад бид хоёр нэг шил архи хувааж уусан. Тэгээд Бэхээ гэх залуугийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 7-11 тоот гэрт нь явж очиж Бэхээг дуудаж уулзсан. ...дахиж нэмж архи аваад Бэхээгийн гэрт нь Ц- бид гурав хамт хувааж уусан. ...архиа ууж дуусаад согтоод Ц- бид хоёр хоорондоо юм ярьж байгаад үг ярианаасаа болоод хоорондоо маргалдаад би Ц-ыг боогоод Ц- бас намайг боогоод байсан. ..бие биенийгээ боож байхад Бэхээ салгасан. ...би Ц-ыг сууж байхад явж очоод шууд түүний нүүр хэсэг рүү өмсөж явсан ажлын бакалаараа өшиглөсөн. ...Ц- нүүрээ дараа доошоо суухаар нь гараараа дагз хэсэг рүү нь цохисон. Бэхээ орж ирээд больцгоо гэж хэлсэн. Тухайн үед Ц-ын хамраас цус гарсан байсан....” гэх мэдүүлэг [21]
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12704 дугаартай дүгнэлтэд[22], шинжээч Б.Ариунзулын мэдүүлэг [23] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Э.Ц-нь шууд санаатай үйлдлээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан байх бөгөөд тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нар согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас болсон байна.
2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ц-ын бие махбодид хөнгөн хохирол учирсан байх ба хэрэгт компьютер томографийн шинжилгээний төлбөр 120.000 төгрөг төлсөн баримт, мөн шатахууны зардал 82.200 төгрөгийн баримт, нийт 202.200 төгрөгийн баримтыг ирүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Ц-нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 400.000 төгрөгийг хохирогч Д.Ц-т нөхөн төлсөн буюу баримтын хүрээнд хохирол бүрэн төлөгдсөн байна.
Харин хохирогч Д.Ц- нь шүүгдэгч Э.Ц-тэй 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хэлцэл гэсэн баримт үйлдэж цаашид 450.000 төгрөг авахаар харилцан тохиролцож байх боловч энэ талаарх зардал гарсан нотлох баримт хэрэгт байхгүй тул тус хэлцлээр тохиролцсон гэх мөнгийг гаргах хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд шүүгдэгч энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй байна.
3.Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Э.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг гурваас дээш сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү гэж мэтгэлцсэн.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Ц-нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд шүүхээс шүүгдэгч Э.Ц-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан түүнд 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, орлогыг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
4. Бусад асуудлын талаар.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Ц-цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч-овогт Э-ын Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сар буюу 150 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Ц-нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор хохирогч Д.Ц-т төлөх төлбөргүй зэргийг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Ц- нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Э.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
[1] Хавтаст хэргийн 06-07 дугаар тал.
[2] Хавтаст хэргийн 21-23 дугаар тал.
[3] Хавтаст хэргийн 20 дугаар тал.
[4] Хавтаст хэргийн 21 дүгээр тал.
[5] Хавтаст хэргийн 55-56 дугаар тал.
[6] Хавтаст хэргийн 09 дүгээр тал.
[7] Хавтаст хэргийн 13-14 дүгээр тал.
[8] Хавтаст хэргийн 42 дугаар тал.
[9] Хавтаст хэргийн 10 дугаар тал.
[10]Хавтаст хэргийн 43 дугаар тал.
[11] Хавтаст хэргийн 46-47 дугаар тал.
[12] Хавтаст хэргийн 38 дугаар тал.
[13] Хавтаст хэргийн 25 дугаар тал.
[14] Хавтаст хэргийн 41 дүгээр тал.
[15] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.
[16] Хавтаст хэргийн 28 дугаар тал.
[17] Хавтаст хэргийн 32 дугаар тал.
[18] Хавтаст хэргийн 35 дугаар тал.
[19] Хавтаст хэргийн 06-07 дугаар тал.
[20] Хавтаст хэргийн 21-23 дугаар тал.
[21] Хавтаст хэргийн 55-56 дугаар тал.
[22] Хавтаст хэргийн 09 дүгээр тал.
[23] Хавтаст хэргийн 13-14 дүгээр тал.