Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 24

 

 

 

 

 

                                                

      2019         01          02                                              24

                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч О.М-, түүний өмгөөлөгч Ө.Болормаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0583/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ш- овогт О-ийн М-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0490 00000002 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Ш- овогт О-ийн М- нь Монгол Улсын иргэн, 1998 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ангийн 3-б ангид суралцдаг, Төв аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар баг Булгийн 0000 тоотод оршин суух бүртгэлтэй боловч хэрэгт холбогдох үедээ Улаанбаатар хотод Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 11 дүгээр гудамжны 114 тоотод түр оршин сууж байсан, урьд ял шийтгэлгүй

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.М- нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Орчлон” хорооллын 00000 тоотод байрлах иргэн Б.Б-ийн гэрээс 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 4 ширхэг мөнгөн аяга хулгайлж бусдад 480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М-аас: Мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 1808 0490 00000 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөн:

 “...2018 оны 10 дугаар сарын 21-ний өглөө манай гэрээс дүү Ичинхорлоо түүний найз залуу М- нар түрүүлж яваад араас нь би эхнэр Дулмаагийн хамтаар 09 цаг өнгөрөөгөөд гарсан. ...Орой эхнэр Дулмаа утсаар яриад “гэрт байсан 4 ширхэг мөнгөн аяга хулгайд алдагдсан байна, түлхүүр тааруулж орж ирж ирсэн юм шиг байна, Ичинхорлоогийн гэрийн түлхүүр алга болсон байна гэж хэлсэн. Манай гэрээс шинэ цагийн дунд гарын 4 ширхэг мөнгөн аяга алдагдсан. 4 ширхэг дунд гарын мөнгөн аягыг 2015 онд “Хархорин” захаас нэгийг нь 120.000 төгрөгөөр худалдаж авсан. 480.000 төгрөг болж байна. Манай дүү Ичинхорлоогийн найз залуу М-ыг сэжиглэж байна. Манай гэрт амьдардаг хүмүүс гэрийнхээ эд зүйлсийг авахгүй. Ичинхорлоогийн гэрийн түлхүүр алдагдсан. Хулгайч болохоор гэрт түлхүүр тааруулж орж ирсэн болохоор сэжиглэж байна. ...” гэх мэдүүлэг [1],

-дахин 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг “...Манайхаас М-ын авч явсан 4 ширхэг мөнгөн аягыг 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын шуудангаас тосож авсан. 4 ширхэг мөнгөн аягыг манай дүү Ичинхорлоо руу М- нь утсаар ярьж байгаад явуулсан байсан. Ичинхорлоо Баян-Өндөрт байсан юм. Тэндээс наашаа нь хот руу дахиж явуулж би авсан. Дээрх аягануудад эвдрэл гэмтэл байхгүй, зүгээр байсан. М- нь хулгай хийхээс өмнө 10 гаран хоногийн өмнө манай дүү Ичинхорлоогийн найз банди нь гээд ирж 3-4 хонож байсан. Нэхэмжлэх зүйл байхгүй, алдагдсан эд зүйлээ буцааж авсан. ...” гэх мэдүүлэг [2],

 

2. Гэрч Н.Ичинхорлоогийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өгсөн “... Би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 41 дүгээр байрны 177 тоотод ах Баттөр, эгч Дулмаа, дүү Баянжаргал нарын хамт амьдардаг. 2018 оны 10 дугаар сарын 21-ний өглөө би ажилдаа явсан. Манай найз залуу М- өглөө 7 цаг 40 минутын үед гэрээс гарч явсан. Гэрээс хамгийн сүүлд эгч Дулмаа, ах Баттөр нар 9 цагийн орчим гарч явсан байсан. 21 цагийн үед би гэр рүү орсон чинь эгч Дулмаа 4 ширхэг мөнгөн аяга алдагдсан байна гэсэн. Тэгээд би өөрийнхөө түлхүүрийг цүнхэндээ үзэхэд байгаагүй. 2018 оны 10 дугаар сарын 20-ны орой гэртээ ирэхдээ түлхүүрээрээ хаалга онгойлгож орж ирсэн. Гэртээ орж ирээд гал тогооны өрөөний текен дээр тавьчихдаг юм. Тухайн шөнө манай гэрт эгч Дулмаа, ах Баттөр, манай найз залуу М- нар хоносон. Манай хаалганд ямар нэг эвдрэл гэмтэл байгаагүй учир миний түлхүүрээр хүн онгойлгож ороод хулгайлсан байх гэж бодож байна. Алдагдсан 4 ширхэг мөнгөн аяга нь манай ах Баттөрийн эзэмшлийн аяга юм. ...” гэх мэдүүлэг [3],

 

3. Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “...М- нь 1998 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, миний ганц хүү юм. Төв аймгийн Дэлгэрхаан суманд сумын сургуулийн 9 дүгээр ангийг 2016 онд төгсөөд, одоо Үндэсний Их сургуулийн 3 дугаар курсэд суралцдаг. ..Би хүүгээ хулгайн хэрэг хийсэн гэхэд итгэж өгөхгүй байна. ...Нэг найз охинтой болсон тэр нь мөнгөний хэрэг болоод хамт өөрийнхөө эд зүйлийг ломбарданд тавиад авах гэсэн юм гээд надаас 10 хоногийн өмнө 120.000 төгрөг авсан. М- надад хулгайн хэрэг хийсэн талаар хэлээгүй. Гэхдээ хулгай гэж найз охиныхоо гэрийн түлхүүрээр найз охиныхоо хамт гэрт нь ороод мөнгөн аягануудыг нь аваад ломбарданд найз охиныхоо хамт тавьсан гэж байсан. Тэр аягануудыг авч байхад найз охин нь байсан өөрөө мэдэж байсан гэсэн шүү дээ....” гэх мэдүүлэг [4],

 

4. Шүүгдэгч О.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн:

“...Манай сургуулийг 2018 оны хавар төгссөн Ичинхорлоо гэх охинтой найзалж 2018 оны 9 дүгээр сарын үед Ичинхорлоогийн Сонгинохайрхан дүүргийн “Орчлон” хороололд байх байранд нь очиж хоёр удаа хоносон. ...2018 оны 10 дугаар сарын өдрийг нь сайн санахгүй байна, Ичинхорлоогийн гэрт нь хоноод маргааш өглөө нь 07 цагийн үед хичээлдээ би түрүүлж гарсан. Тэдний гэрт Ичинхорлоо болон түүний эгч, ах нар нь үлдсэн. ...Би тэднийд урд орой нь хоол идэж байгаад үүдэнд гутлын тавиур дээр байсан улаан оосортой 2 ширхэг гэрийн түлхүүрийг нь аваад маргааш өглөө нь гарсан. Өдөр нь 13 цаг 30 минутын үед Ичинхорлоогийн гэрт ирээд хаалгыг нь урд орой авсан гэрийнх нь түлхүүрээр онгойлгоод ороход хэн ч байгаагүй. Тэдний том өрөөний урд талын хананд байрлах хүрэн өнгийн стенкэн дотор байсан жижигхэн 4 ширхэг мөнгөн аягыг тэдний гэрт орохоос өмнө ТҮЦ-нээс авсан цэнхэр өнгийн гялгар уутанд хийж аваад гарсан. Гарахдаа гэрийн хаалгыг нь цоожлоод түлхүүрийг 3 хоногийн дараа байх хороололд явж байхад хаясан байсан. Авсан аягануудаа 3, 4 дүгээр хорооллын “Сайн” нэртэй ломбарданд 160.000 төгрөгөнд, өөрийнхөө иргэний үнэмлэхийн ТҮЦ машины лавлагаагаар тавьсан. Би ганцаараа явж байгаад ломбарданд тавьсан. Мөнгөөрөө тэр өдрөө хорооллын гадуур хувцас зардаг газраас 38.000 төгрөгөөр жинсэн өмд авсан. Мөн 20.000 төгрөгөөр хоолонд орсон. 20.000 төгрөгөөр хичээлийнхээ бие даалтыг хийлгэсэн. РС тоглоомын газарт ганцаараа орж 35.000-36.000 төгрөгөөр тоглосон. I phone 5 маркийн гар утасны батерейг 18.000 төгрөгөөр солиулж,  утасныхаа дэлгэцийг 45.000 төгрөгөөр янзлуулсан. Мөн утасны гэр, цэнэглэгч 20.000 төгрөгөөр авсан. Автобусны картыг 10.000 төгрөгөөр цэнэглүүлсэн. Ичинхорлоод 10.000 төгрөгийг “Хаан” банкны дансаар нь шилжүүлсэн. Би түлхүүрийг нь авсан талаар хэлээгүй. Тэднийд очиход мөнгөн аяганууд стекэн дээр нь өрөөстэй байдаг байсан. Мөнгөн аягануудыг нь 2018 оны 10 дугаар сарын сүүлээр аваад буцаагаад Ичинхорлоод шуудангаар өгч явуулсан. Аягануудыг авах талаар Ичинхорлоо болон ахад нь хэлээгүй. ...Дээрх аягануудыг авахад Ичинхорлоо хамт байгаагүй, би ганцаараа орж авсан. Би ээж О-т хэлэхээс айгаад Ичинхорлоо бид хоёр хамт байсан юм гэж худал хэлсэн юм. ...” гэх мэдүүлэг [5],

 

5. 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [6],

 

6. 2015 онд авсан, хуучин хэрэглэж байсан гэх мөнгөн аяга 4 ширхэгийг  нэг бүрийн үнэ 120.000 төгрөг, нийт 480.000 төгрөгөөр үнийг тогтоосон тухай “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 326 дугаартай үнэлгээний тайлан [7],

 

7. Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан “Орчлон хорооллын 41 дүгээр байрны Сууц өмчлөгчдийн холбооны хяналтын камерын бичлэг бүхий CD-г хураан авсан ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 30 дугаартай тогтоол [8],

- Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 41 дүгээр байрны гадна камерын бичлэгийг буулгасан цагаан өнгийн CD-г эд мөрийн тооцох тухай мөрдөгчийн тогтоол [9],  

- дээрх камерын бичлэгт 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд “... М- нь 13 цаг 32 минут 48 секундэд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 41 дүгээр байрны урдуур хар өнгийн ханцуй байхгүй куртиктэй, хар өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай алхаж байгаа бичлэг, 13 цаг 33 минутад хохирогчийн байрны орц руу алхаж байгаа бичлэг, 13 цаг 45 минут 52 секундэд хохирогчийн орцноос баруун гартаа цагаан өнгийн гялгар ууттай, уутны цаанаас олон эд зүйлийг давхарлаж тавьсан мэт ирмэг хэсэг нь товойсон харагдаж байгаа, гялгар ууттай зүйлээ баруун гартаа барьсан байна... гэсэн тэмдэглэл, бичлэгийг буулгасан гэрэл зураг [10],

8. Шүүгдэгч О.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа[11], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас[12], О.М- нь Монголын Үндэсний Их сургуульд “эрх зүйч мэргэжлээр 3 дугаар ангид суралцдаг тухай” тодорхойлолт[13], шүүгдэгч О.М-ын хувийн байдалтай холбоотой баримтууд[14] зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагчаас гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч О.М- нь иргэн Б.Б-ийн гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд нууцаар нэвтрэн орж, хууль бусаар 4 ширхэг мөнгөн аягыг хулгайлж, хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, үнэлгээний тайлан, хэргийг газар үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт зэргээр тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Болормаа болон шүүгдэгч нараас гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй гэсэн болно.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.М-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

I.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч О.М- нь иргэн Б.Б-ийн дүү Н.Ичинхорлоотой үерхэж, найз нөхдийн харилцаатай болж гэрт нь очдог байсан байх ба 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр О.М- нь иргэн Б.Б-ийн гэрт хонох явцдаа гэрийн үүдний гутлын тавиур дээр байсан Н.Ичинхорлоогийн эзэмшлийн улаан өнгийн оосортой гэрийн түлхүүрийг нууцаар авсан байна. Улмаар маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 13-14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Орчлон” хорооллын 41-177 тоотод байрлах иргэн Б.Б-ийн гэрт дээрх нууцаар авсан түлхүүрээр онгойлгон орж, зочны өрөөний ханын стенкэн дотор байсан 4 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, Б.Б-д 480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 21-ний өглөө манай гэрээс дүү Ичинхорлоо түүний найз залуу М- нар түрүүлж явсан, араас нь би эхнэр Дулмаагийн хамтаар 09 цаг өнгөрөөгөөд гарсан ...Орой нь эхнэр Дулмаа утсаар яриад “гэрт байсан 4 ширхэг мөнгөн аяга хулгайд алдагдсан байна, түлхүүр тааруулж орж ирж ирсэн юм шиг байна, дүү Ичинхорлоогийн гэрийн түлхүүр алга болсон байна гэж хэлсэн.  ...манай гэрээс шинэ цагийн дунд гарын 4 ширхэг мөнгөн аяга алдагдсан. ...” гэх мэдүүлэг [15],

-гэрч Н.Ичинхорлоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 21-ний өглөө би ажилдаа явсан. Манай найз залуу М- өглөө 7 цаг 40 минутын үед гэрээс гарч явсан. ...21 цагийн үед би гэр рүү орсон чинь эгч Дулмаа 4 ширхэг мөнгөн аяга алдагдсан байна гэсэн. Би өөрийнхөө түлхүүрийг цүнхэндээ үзэхэд байгаагүй. ...Манай хаалганд ямар нэг эвдрэл гэмтэл байгаагүй учир миний түлхүүрээр хүн онгойлгож ороод хулгайлсан байх гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг [16]

-шүүгдэгч О.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...манай сургуулийг 2018 оны хавар төгссөн Ичинхорлоо гэх охинтой найзалж байсан. ...2018 оны 10 дугаар сарын өдрийг нь сайн санахгүй байна, Ичинхорлоогийн гэрт нь хоноод маргааш өглөө 07 цагийн үед хичээлдээ ганцаараа түрүүлж гарсан. ...Би тэднийд урьд орой нь хоол идэж байгаад үүдэнд гутлын тавиур дээр байсан улаан оосортой 2 ширхэг гэрийн түлхүүрийг нь аваад маргааш өглөө нь гарсан. Өдөр нь 13 цаг 30 минутын үед Ичинхорлоогийн гэрт ирээд хаалгыг нь урд орой авсан гэрийнх нь түлхүүрээр онгойлгоод ороход хэн ч байгаагүй. ...том өрөөний урд талын хананд байрлах хүрэн өнгийн стенкэн дотор байсан жижигхэн 4 ширхэг мөнгөн аягыг тэдний гэрт орохоос өмнө ТҮЦ-нээс авсан цэнхэр өнгийн гялгар уутанд хийж аваад гарсан. Гарахдаа гэрийн хаалгыг нь цоожилсон.  Авсан аягануудаа 3, 4 дүгээр хорооллын “Сайн” нэртэй ломбарданд 160.000 төгрөгөнд тавьсан. ...” гэх мэдүүлэг [17], хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [18], “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан [19], Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 41 дүгээр байрны гадна камерын бичлэгийг буулгасан цагаан өнгийн CD-г эд мөрийн тооцох тухай мөрдөгчийн тогтоол [20],  камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, буулгасан гэрэл зураг [21] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч О.М- нь хохирогчийн гэрийн түлхүүрийг сэм  нууцаар авч, хохирогчийн гэрт эзгүй үед нь түлхүүрээр нь онгойлгон орж, хууль бусаар орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлж, өөрийн эзэмшилдээ авсан, хөрөнгийг захиран зарцуулах бололцоо бий болгосноор тус гэмт хэрэг төгссөн байна. Шүүгдэгч О.М- нь хулгайлсан эд хөрөнгийг барьцаалан зээлдүүлэх газар барьцаалж, авсан бэлэн мөнгөөрөө хувцас хэрэглэл авах, гар утсаа завсарлуулах, хоол хүнсэнд зориулсан зэргээс үзвэл тус гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилготой үйлдсэн байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.М-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч О.М-ын хохирогчийн гэрээс авсан 4 ширхэг мөнгөн аягыг хохирогч Б.Б-д биетээр нь буцаан өгсөн байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч О.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий CD-г хэрэгт хавсаргаж үлдээх дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Болормаа гаргасан дүгнэлтдээ О.М- нь гэмт хэргийн улмаас хохирлыг арилгасан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзнэ үү. О.М- нь Монголын Үндэсний Их Сургуулийн эрх зүйн ангид суралцдаг, эмээ, ээж нарын хамт амьдардаг хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, төлөх төлбөргүй зэргийг  харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү гэж мэтгэлцсэн.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.М- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүгдэгч О.М-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

4.Бусад асуудлаар:

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 41 дүгээр байрны гадна камерын бичлэгийг буулгасан CD-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш- овогт О-ийн М-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.М-ыг 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ад оногдуулсан 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.М- нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Б-д төлөх төлбөргүй зэргийг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 41 дүгээр байрны гадна камерын бичлэгийг буулгасан CD нэг ширхэгийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч О.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.М-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 16-17 дугаар  тал.

[2] Хавтаст хэргийн 50 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 9-10 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 16-17 дугаар  тал.

[5] Хавтаст хэргийн 52-53 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 3-6 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 18-19 дүгээр тал.

[8] Хавтаст хэргийн 36-37 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 38 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 26-28 дугаар тал.

[11] хавтаст хэргийн 55 дугаар тал.

[12] хавтаст хэргийн 33 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 57 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 58-61 дүгээр тал.

[15] Хавтаст хэргийн 16-17 дугаар  тал.

[16] Хавтаст хэргийн 9-10 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 52-53 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 3-6 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 18-19 дүгээр тал.

[20] Хавтаст хэргийн 38 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 26-28 дугаар тал.