Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 53

 

 

 

 

 

    2019           01            08                                         53

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Н.Ундрах,

хохирогч Ч.Б-,

шүүгдэгч М.Д-, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2156/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б- овогт М-ийн Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808 0387 000000 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б- овогт М-ийн Д- Монгол Улсын иргэн, 1969 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Г-”  Энхтайваны өргөн чөлөө гудамжны 301 дүгээр байрны 162 тоотод оршин суух, урьд ял  шийтгэлгүй (РД:ТК69090471).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч М.Д- нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянголын 27-33 тоот хашаанд түр хугацаагаар үлдээсэн байсан иргэн Ч.Б-ын эзэмшлийн “Doosan-210 WV” загварын молоток гэж нэрлэгддэг экскаваторын доргиурт хошууг “намайг ав гэсэн” гэж хуурч авч, 13.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Д-гээс: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд мэдүүлэг гаргахгүй гэв.

2. Хохирогч Ч.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би 2014 онд М.Д- болон бусад хүмүүстэй хамтарч Төв аймгийн Сэргэлэн суманд өндөр хүчдэлийн шугам татах ажил хийсэн. Ингээд уг ажлаа дуусаад өөрийн молоток буюу доргиурт хошууг хамт ажил хийсэн Д.Дэлгэрхааны хашаанд тавьсан байсан юм. Гэтэл М.Д- надаас зөвшөөрөл авалгүйгээр миний нэрийг барьж очоод Д.Дэлгэрхаанаас доргиурт хошууг авч яваад бусдад худалдсан байсан. М.Д- нь надад ижил төстэй доргиурт хошууг худалдан авч өгсөн, хохирлыг барагдуулсан. Нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 1808 0387 000006 дугаартай хэргээс:

1. Хохирогч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өгсөн:

“...Би 2015 онд “Doosan 210 WV” маркийн экскаваторт ашиглагдсан молоток буюу доргиурт хошууг Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 27-33 тоотод оршин суудаг Д.Дэлгэрхаан гэх танил айлын хашаанд түр хугацаагаар тавьсан юм. Гэтэл 2018 оны 3 дугаар сард Д.Дэлгэрхаантай уулзаад тэдний хашаанд тавьсан молотокоо очиж авах талаар хэлэхэд “2015 оны 10 дугаар сарын орчимд М.Д- ирээд чамайг аваарай гэсэн гээд манай дүү Энх-Амгалангийн кранаар зөөлгөөд аваад явсан шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд би Д-тэй утсаар яриад “чи Д.Дэлгэрхааны хашаанд тавьсан молотокыг авсан юм уу” гэхэд “надад мөнгөний хэрэг болоод 4.000.000 төгрөгөөр зарсан, хэнд өгснөө мэдэхгүй байна” гэсэн. Би М.Д-гээс молотокыг төлж хохирол барагдуулах талаар хэлэхэд одоог хүртэл хохирол барагдуулахгүй байна. Тус молоток нь “Doosan 210 WV” маркийн экскаваторт ашиглагддаг 50х120х80 см хэмжээтэй, 1 тонн орчим жинтэй, хуучин ашиглаж байсан цул төмөр хийцийн хошуу хэлбэртэй, 50.000.000 төгрөгийн үнэ хүрэх зүйл байгаа юм. Би молотокыг үнэлгээний газраас гаргасан үнэлгээгээр нэхэмжилнэ. Хохирол төлбөрийг барагдуулчихвал гомдолгүй. ...” гэх мэдүүлэг [1],

2. Гэрч Б.Энх-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өгсөн:

“...2015 онд шиг санаж байна, нэг өдөр намайг гэртээ байхад манай хадам ах Д.Дэлгэрхаан над руу утсаар яриад ...манайх руу ороод хашаанд байгаа молотокыг кранаараа ачиж яваад буулгаад өгчих, хүн нь манай хашаанд ирсэн байгаа” гэж хэлсэн. Хадам ах Д.Дэлгэрхааных манайтай залгаа хашаа болохоор би хашаа руу нь явж ороход М.Д- гэх хүн ирсэн байсан. Би түүнээс “хаана буулгах юм” гэхэд “22-ын товчоо чигтээ аваачина” гэж хэлсэн. Тэгээд би молотокыг нь крантай машинаараа өргөж ачиж яваад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо хуучин товчооны орчимд нэг хашаанд аваачиж буулгасан. Манай хадам ах Д.Дэлгэрхааны хашаанд нь байгаа харагддаг байсан. Д.Дэлгэрхаан ах над руу утсаар яриад молотокыг авахаар хүн нь ирсэн байна, чи ачиж яваад буулгаад өгчих гэхээр нь өөрийн крантай машинаараа өргөж ачиж авч яваад буулгаж өгсөн. Тиймээс хэний эзэмшил, өмчлөлийнх болохыг мэдэхгүй. Намайг буулгаад өгчихөөрэй л гэж хэлсэн. Би ачиж авч яваад буулгаж өгөөд явсан болохоор молотокыг мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг [2],

 

3. Гэрч Д.Дэлгэрхааны мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн:

“...2015 оны хавар шиг санаж байна Төв аймгийн Сэргэлэн суманд Ч.Б-ыг өндөр хүчдэлийн шугам татах ажил гүйцэтгэхэд нь би хамт ажилласан. Тэгэхэд Ч.Б- ах уг ажилд ашиглаж байсан молотокыг намайг хашаандаа аваачаад тавьчихаарай гэсэн. Би Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 27-33а тоотод дүүгийнхээ хашаанд авчирч буулгасан. Ингээд 2015 оны намар шиг санаж байна, нэг өдөр Ч.Б- ах утсаар яриад “ах нь молотокыг авах гэсэн юм, чи хаана байна” гэхээр нь “би гэртээ байна, та ирээд ав” гэж хэлсэн. Ингээд Ч.Б- ах хэд хоног ирж аваагүй байтал нэг өдөр М.Д- над руу утсаар яриад “молоток авах хэрэгтэй байна” гэхээр нь Ч.Б- ах авна гэж ярьж байсан болохоор М.Д-г явуулаад л авахуулж байгаа юм байна гэж бодоод “тэг тэг” гэж хэлсэн. М.Д- авч явахдаа Энх-Амгалантай яриад түүний машинаар өргүүлж ачуулаад авч явсан байсан. ...2016 онд Төв аймгийн Сэргэлэн суманд өндөр хүчдэлийн шугам татах ажилд ажиллаж байгаад хот руу буцах болоход Ч.Б- ах молотокыг хашаандаа аваачаад буулгачих гэж хэлээд өгч явуулж байсан. Тэгээд хашаанд нэг жил гаран болоод нэг өдөр Ч.Б- ах утсаар яриад очиж авна гэж яриад удаагүй байтал хэд хоногийн дараа нь намайг гадуур ажилтай явж байхад М.Д- мөн утсаар яриад молоток авах гэсэн юм гэхээр нь Болор ах авна гэж ярьж байсан болохоор л  М.Д-г явуулаад авахуулж байгаа юм байна гэж бодоод “тэг тэг” гээд дүү Энх-Амгаланд хэлээд өгүүлсэн. ...” гэх мэдүүлэг [3]

 

4. Шүүгдэгч М.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...2015 оны хавар Болор Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт өндөр хүчдэлийн шугам татах ажлын тендер авсан гээд хамтарч ажиллах санал тавиад би зөвшөөрөөд хамтарч ажилласан. Тэгэхэд Ч.Б- өндөр хүчдэлийн шугам татах ажилд хэрэглэхээр молоток ажиллуулахаар авчраад ажиллуулж чадаагүй болохоор ажил дуусаад буцааж авч явах болоход нь би Д.Дэлгэрхааны машин дээр ачаад Ч.Б-т аваачаад өгчихөөрэй гэж хэлээд явуулсан. Харин Ч.Б- Д.Дэлгэрхааныг аваачиж өгөхөд нь өөрийнхөө хашаанд аваачаад буулгачих гэж хэлээд хашаанд нь тавиулсан байсныг би мэдэж байсан болохоор 2015 оны 10 дугаар сард надад мөнгөний хэрэг болоод би Д.Дэлгэрхаантай утсаар яриад танай хашаанд байгаа молотокыг авч зарах хэрэгтэй байна, Болор намайг аваарай гэсэн юм гэж хэлээд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 27-33 тоот хашаанд нь очиж авсан. Тэгэхдээ надад молоток өргөх кран байхгүй болохоор Энх-Амгалан гэх залууг гуйгаад түүний кранаар өргүүлээд 22-ын товчооны цаахан талд тухайн үед молоток авч байсан нэг газарт очиж нэг эрэгтэй хүнд 6.000.000 төгрөгөөр зарсан. Ингэхдээ мөнгийг өөрийн дансаар дамжуулан авч байсан. Надад мөнгөний хэрэг байсан болохоор молотокыг зараад мөнгөтэй болж болох юм гэж бодоод Дэлгэрхаантай утсаар яриад молоток авч зарах гэсэн юм, Болор аваарай гэсэн юм гэж хэлээд авч явсан. Дараа нь Болор мэдээд молоток авч өг гэхээр нь түүний молотокыг зарсан хүнээ олох гэж тухайн газраар яваад олоогүй, бодвол нүүгээд явсан байх. ...” гэх мэдүүлэг [4],

 

5. “Doosan 210 WV” маркийн эксковаторын молоток 1 ширхэгийг 13.000.000 төгрөгөөр үнэлсэн "Ашид билгүүн" ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний дүгнэлт [5], хохирогч Ч.Б-ын хохирлоо барагдуулж авсан тухай 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хүсэлт [6],

 

6. Шүүгдэгч М.Д-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа [7], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас[8], М.Д-гийн “Хаан” банкинд эзэмшдэг дансны хуулгад 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 6.000.000 төгрөгийн орлого орсон тухай лавлагаа [9], мөн түүний “Капитал” банкинд эзэмшдэг депозит дансны хуулга [10], түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай Авто тээврийн газрын лавлагаа[11] болон М.Д-гийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө өнөөдрийн байдлаар эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй талаар Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа [12] зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Талуудаас нотлох баримтын талаар хасуулах, шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх талаар санал гараагүй болно. 

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагчаас гаргасан дүнэлтдээ шүүгдэгч М.Д- нь хохирогч Ч.Б-ын эзэмшлийн “Doosan 210” маркийн молоток гэж нэрлэгддэг экскаваторын доргиурт хошууг “намайг ав гэсэн” гэж хуурч авсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан үед үйлдэгдсэн байх боловч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн 2015 оны Эрүүгийн хууль нь оногдуулах ялыг хөнгөрүүлсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэгээс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгч М.Д- нь гэм буруугийн талаар маргахгүй гэсэн болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Д-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч М.Д-, хохирогч Ч.Б- нар нь 2015 онд Төв аймгийн Сэргэлэн суманд өндөр хүчдэлийн шугам татах ажлыг хамтран гүйцэтгэж, тухайн ажил дууссаны дараа Ч.Б- нь хэрэглэж байсан өөрийн эзэмшлийн “Doosan 210 WV” загварын молоток буюу доргиурт хошууг хамтран ажил хийсэн Д.Дэлгэрхааны хашаанд түр хугацаагаар тавиулахаар түүнд үлдээсэн байна. Үүнийг шүүгдэгч М.Д- нь тухайн үед мэдсэн бөгөөд улмаар амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр “Д.Дэлгэрхааны Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 27-33 тоот хашаанд байсан иргэн Ч.Б-ын “Doosan 210 WV” загварын молоток буюу доргиурт хошууг Ч.Б- намайг ав” гэсэн гэж худал хэлж залилан авч, хохирогчид 13.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2015 онд экскаваторт ашиглагдсан “Doosan 210 WV” загварын молоток буюу доргиурт хошууг Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 27-33 тоотод оршин суудаг Д.Дэлгэрхаан гэх танил айлын хашаанд түр хугацаагаар тавьсан юм. ...2018 оны 3 дугаар сард Д.Дэлгэрхаантай уулзаад ...тэдний хашаанд тавьсан молотокоо очиж авах талаар хэлэхэд “2015 оны 10 дугаар сарын орчимд М.Д- ирээд чамайг аваарай гэсэн гээд манай дүү Энх-Амгалангийн кранаар зөөлгөөд аваад явсан шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд М.Д-тэй утсаар яриад “чи Д.Дэлгэрхааны хашаанд тавьсан молотокыг авсан юм уу” гэхэд “надад мөнгөний хэрэг болоод 4.000.000 төгрөгөөр зарсан гэсэн. ...” гэх мэдүүлэг [13], мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

- Гэрч Д.Дэлгэрхааны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны хавар шиг санаж байна, Төв аймгийн Сэргэлэн суманд Ч.Б-ыг өндөр хүчдэлийн шугам татах ажил гүйцэтгэхэд нь би хамт ажилласан. Тэгэхэд Ч.Б- уг ажилд ашиглаж байсан молотокыг намайг хашаандаа аваачаад тавьчихаарай гэсний дагуу би Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 27-33а тоот хашаанд авчирч буулгасан. ...нэг өдөр Д- над руу утсаар яриад “молоток авах хэрэгтэй байна” гэхээр нь Ч.Б- ах авна гэж ярьж байсан болохоор М.Д-г явуулаад л авахуулж байгаа юм байна гэж бодоод “тэг тэг” гэж хэлсэн. ...М.Д- авч явахдаа Энх-Амгалантай яриад түүний машинаар өргүүлж ачуулаад авч явсан байсан. ...” гэх мэдүүлэг [14] ,

- Гэрч Б.Энх-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 онд шиг санаж байна, нэг өдөр намайг гэртээ байхад манай хадам ах Д.Дэлгэрхаан над руу утсаар яриад “...манай хашаанд байгаа молотокыг кранаараа ачиж яваад буулгаад өгчих, хүн нь манай хашаанд ирсэн байгаа” гэж хэлсэн. ...би хашаа руу нь явж ороход М.Д- гэх хүн ирсэн байсан. ...би молотокыг нь крантай машинаараа өргөж ачиж яваад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо хуучин товчооны орчимд нэг хашаанд аваачиж буулгасан. ...” гэх мэдүүлэг [15],

- Шүүгдэгч М.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Болор өндөр хүчдэлийн шугам татах ажилд хэрэглэхээр молоток ажиллуулахаар авчраад ...ажил дуусаад буцааж авч явах болоход нь би Д.Дэлгэрхааны машин дээр ачаад Ч.Б-т аваачаад өгчихөөрэй гээд явуулсан. ...Ч.Б- Д.Дэлгэрхааныг аваачиж өгөхөд нь өөрийнхөө хашаанд аваачаад буулгачих гэж хэлээд хашаанд нь тавиулсан байсныг би мэдэж байсан. ...2015 оны 10 дугаар сард надад мөнгөний хэрэг болоход би Дэлгэрхаантай утсаар яриад танай хашаанд байгаа молотокыг авч зарах хэрэгтэй байна, “Болор намайг аваарай гэсэн юм” гэж хэлээд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 27-33 тоот хашаанд нь очиж авсан. ...молотокыг ...6.000.000 төгрөгөөр зарсан. ...молотокыг зараад мөнгөтэй болж болох юм гэж бодоод Дэлгэрхаантай утсаар яриад молоток авч зарах гэсэн юм “Болор аваарай” гэсэн юм гэж хэлээд авч явсан....” гэх мэдүүлэг, "Ашид билгүүн" ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний дүгнэлт [16] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил сайн харилцааг ашиглах, худал амлах, төөрөгдүүлэх гэх зэрэг аргаар үйлдэгддэг.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч М.Д- нь мөнгө олох зорилгоор хохирогч  Ч.Б-ын эзэмшлийн “Doosan-210 WV” загварын молоток гэж нэрлэгддэг доргиурт хошууг “М.Д- намайг ав гэсэн” гэж иргэн Д.Дэлгэрхаанд худал хэлж, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, шунахай сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч залилсан байна. Түүнчлэн залилан авсан эд хөрөнгийг бусдад 6.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан болох нь шүүгдэгч М.Д-гийн “Хаан” банкны дансны хуулгаар тогтоогдсон бөгөөд уг мөнгийг байрны зээл, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх зэргээр зарцуулсан байдал нь шүүгдэгч өөрийн мэдэлд залилан авсан эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх субъектив санаа зорилготой үйлдсэн байна.

Шүүгдэгч М.Д-гийн дээрх үйлдэл нь бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

Шүүгдэгч М.Д- нь бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үйлдсэн байх ба түүний үйлдсэн гэмт хэрэг нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан” зүйл, хэсэгт хамаарахаар байна.

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж эхэлсэн байх ба Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Д-д холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж, тус зүйл, хэсгээр яллах дүгнэлт үйлджээ.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 /бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч үлэмж хэмжээний хохирол учруулах/ дахь хэсэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах/-тэй нийцэж байна.

Түүнчлэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг нь эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний /12.240.000-60.000.000/ төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /450.000-14.000.000/ төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байх ба дээрх зүйл хэсэг тус бүрт оногдуулах ялын төрөл, хэмжээний хувьд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь оногдуулах ялын хувьд сонгох төрөлтэй, мөн  хөнгөрсөн байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Д-д холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэж яллах дүгнэлт үйлдсэн нь зөв гэж шүүх дүгнэсэн ба шүүхээс шүүгдэгч М.Д-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзэв.

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.   

 

Хохирогч Ч.Б-ын эзэмшлийн “Doosan-210 WV” загварын молоток гэж нэрлэгддэг доргиурт хошууг  "Ашид билгүүн" ХХК-иас 13.000.000 төгрөгөөр үнийг тогтоосон байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.Д- нь залилан авсан эд хөрөнгөтэй ижил төрлийн буюу доргиурт хошууг хохирогч Ч.Б-т өгч, хохирлыг барагдуулсан талаар хохирогч 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүсэлт[17]-ийг хэрэгт ирүүлсэн, мөн шүүх хуралдаанд хохирогчоор энэ талаар мэдүүлсэн тул шүүгдэгч М.Д-г хохирогч Ч.Б-т төлөх төлбөргүй гэж үзэв.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч М.Д-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийг хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм гэсэн дүгнэлтийг гаргасан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг шүүгдэгч М.Д-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзэж байна. Мөн шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учирсан хохирлыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа, түүнчлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж,  улсын яллагчийн дүгнэлтэд дурдсан 6 сарын хорих ялаас шүүгдэгчийг чөлөөлж өгнө үү гэж мэтгэлцсэн.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Д- нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн байгууллагын санд бүртгэлгүй байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуульд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээд хууль заасан нөхцөлийг хангасан тохиолдолд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эсэхийг шүүх эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхээр хуульчилсан.

Шүүгдэгч М.Д- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг шүүх хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Иймээс эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, мөн шүүгдэгч М.Д-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг түүнд хэрэглэх, хорих ялаас чөлөөлөх шаардлагагүй гэж шүүх үзэж, энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэгийн гаргасан дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

 

4. Бусад асуудлаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, М.Д- нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй,  түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б- овогт М-ийн Д-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-д хорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Д-д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх  албадлагын арга хэмжээг тэнссэн 6 (зургаа) сарын хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч М.Д- нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ч.Б-т төлөх төлбөргүй зэргийг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА

 


[1] хавтаст хэргийн 10-11 дүгээр тал.

[2] хавтаст хэргийн 17-18 дугаар тал.

[3] хавтаст хэргийн 19-20 дугаар тал.

[4] хавтаст хэргийн 39-40 дүгээр тал.

[5] хавтаст хэргийн 27-29 дүгээр тал.

[6] хавтаст хэргийн 68 дугаар тал.

[7] хавтаст хэргийн 46 дугаар тал.

[8] хавтаст хэргийн 44 дүгээр тал.

[9] хавтаст хэргийн 43 дугаар тал.

[10] хавтаст хэргийн 56 дугаар тал.

[11] хавтаст хэргийн 51 дүгээр тал.

[12] хавтаст хэргийн 50 дугаар тал.

[13] хавтаст хэргийн 10-11 дүгээр тал.

[14] хавтаст хэргийн 19-20 дугаар тал.

[15] хавтаст хэргийн 17-18 дугаар тал.

[16] хавтаст хэргийн 27-29 дүгээр тал.

[17] хавтаст хэргийн 68 дугаар  тал.