| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/03507/и |
| Дугаар | 4810 |
| Огноо | 2016-06-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 4810
| 2016 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 101/ШШ2016/04810
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х СӨХ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.Э холбогдох
Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 578,793 төгрөг, алданги 57,931 төгрөг, бусад зардалд нотариатын хөлс 5000 төгрөг, нийт 641,724 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” сууц өмчлөгчдийн холбоо, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“*******” сууц өмчлөгчдийн холбоо нь Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороололд байрлах “*******” сууц өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалан үйл ажиллагаа явуулж байна. Тус хотхоны ******* тоотод байрлах сууц өмчлөгч А.******* нь 2014 оны 4 дүгээр сараас 12 дугаар саруудын, 2015 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарын, 2016 оны 01, 02 дугаар саруудын нийтийн зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөр 578,793 төгрөгийг сууц өмчлөгчдийн холбоонд төлөөгүй байна. Сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар уг төлбөрийг төлөх үүрэгтэй юм. А.******* нь сууц өмчлөгчдийн холбоотой байгуулсан “Сууц өмчлөгчдийн холбоо, сууц өмчлөгчдийн хооронд нийтийн зориулалттай орон сууцны ашиглалтын явцад үүсэх харилцааг зохицуулах гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.4-т “Орон сууцны ус, дулаан, цахилгаан, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг хуульд заасны дагуу дараа сарын 25-ны дотор төлөх бөгөөд хэрэв хугацаанд нь төлөөгүй болон хэтэрсэн хоног тутамд нийт хөлсний 0.5 хувьтай тэнцэх алданги төлнө” гэж заасны дагуу 2015 оны 9 дүгээр сард гэрээ байгуулагдсан бөгөөд энэ хугацаанаас 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх нийт төлбөрийн алданги 57,931 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Мөн А.*******ы хууль, гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаагийн улмаас бусад оршин суугчдын эрх ашиг зөрчигдөж, сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах ажиллагааны зардал /нотариатын хөлс болон бусад/ нийт 5000 төгрөг болосон тул уг мөнгийг нэмж нэхэмжилж байна.
Анх нэхэмжлэл гаргахдаа 2014 оны 4 дүгээр сараас гэж гаргасан боловч 2014 оны 3 дугаар сарын төлбөр 578,793 төгрөгт орсон байгаа болно.
Иймд А.*******аас нийт 641,724 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А.******* шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч А.*******д холбогдуулан 2014 оны 3 дугаар сараас 12 дугаар сар, 2015 оны 01-12 дугаар сар, 2016 оны 01, 02 дугаар сарыг дуусталх сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 578,793 төгрөг, 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны алданги 57,931 төгрөг, бусад зардал буюу нотариатын зардал 5000 төгрөг, нийт 641,724 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч А.*******д нэхэмжлэгч “*******” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гардуулсан, ийнхүү хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон шүүхээс тогтоосон хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаарх тайлбараа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй юм.
Хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй боловч шүүх нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар дараахи байдлаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
“*******” сууц өмчлөгчдийн холбоо нь Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, *******ы 103/1 дүгээр байрны сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор байгуулагджээ.
Ийнхүү Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, *******ы 103/1 дүгээр байрны 20 тоотод оршин суугч А.*******тай 2015 оны 9 дүгээр сард “Сууц өмчлөгчдийн холбоо, сууц өмчлөгчдийн хооронд нийтийн зориулалттай орон сууцны ашиглалтын явцад үүсэх харилцааг зохицуулах гэрээ”-г байгуулсан байна.
А.*******тай 2015 оны 9 дүгээр сард дээрх гэрээг байгуулсан байх боловч энэхүү хугацаанаас өмнө “*******” сууц өмчлөгчдийн холбоо нь холбогдох үйлчилгээгээ үзүүлж байсан байна.
Хариуцагч А.******* нь 2014 оны 3 дугаар сараас 12 дугаар сар, 2015 оны 01-12 дугаар сар, 2016 оны 01, 02 дугаар сарыг дуусталх сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 578,793 төгрөгийг төлөөгүй болох нь Төрийн банкны 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 3406/76 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.
Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр нь 2014 оны 3, 4, 5, 6, 7 дугаар саруудад нэг сарын төлбөр 27,500 төгрөг, 2014 оны 8 дугаар сард орон сууцны метр квадратыг 198 төгрөгөөр тооцдог болж сарын төлбөр тус 20 тоот оршин суугчийн хувьд 30,577.40 төгрөг, 2016 оны 01 дүгээр сараас лифтны үнэ нэмэгдэж 32,577.40 төгрөг тус тус болсон болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэхүү хугацааны нийт төлбөр нь 722,470.6 төгрөг болж байна.
Мөн уг төлбөрөөс гадна 2015 оны 7 дугаар сард орцны хаалга хийлгэж, айл бүрээс 30,555.56 төгрөгийг төлбөрт оруулан тооцжээ.
А.******* нь 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 82,500 /27,500х3/ төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 91,732.20 төгрөг, нийт 174,232.2 төгрөгийг “*******” сууц өмчлөгчдийн холбоонд төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Ийнхүү хариуцагч А.******* нь сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 578,793 /722,470.6+30,555.56-174,232.2/ төгрөгийг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлөхөөр заасны дагуу төлөх үндэслэлтэй байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан “Сууц өмчлөгчдийн холбоо, сууц өмчлөгчдийн хооронд нийтийн зориулалттай орон сууцны ашиглалтын явцад үүсэх харилцааг зохицуулах гэрээ”-ний 2.4-т хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт хөлсний 0.5 хувийн алданги тооцохоор зааж гэрээ байгуулагдсан 2015 оны 9 дүгээр сараас хойшхи хугацааны алдангид 57,931 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу сууц өмчлөгчдийн холбооноос шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гарсан зардалд 5000 төгрөгийг нэхэмжилэх эрхтэй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргийг хэрэгжүүлээгүй байна.
Иймд сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 578,793 төгрөг, алданги 57,931 төгрөг, нийт 636,724 төгрөгийг хариуцагч А.*******аас гаргуулж, нэхэмжлэгч “*******” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс 5000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хариуцагч А.*******д шүүх хуралдааны товыг түүний ******* дугаарын утсаар 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 16 цаг 07 минутад холбогдож мэдэгдэх ойлголоо гэсэн, мөн түүний оршин суух хаягийн дагуу мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар хүргүүлэхэд тэрээр 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр өөрөө хүлээн авсан байх боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч А.*******аас сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 578,793 төгрөг, алданги 57,931 төгрөг, нийт 636,724 /зургаан зуун гучин зургаан мянга долоон зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс 5000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосгугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,902 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 19,751 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ