Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 54

 

 

 

           

 

      2019         01           08                                             54

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Д.Ганчимэг,

хохирогч Г.М-,

шүүгдэгч Б.О-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т- овогт Б-ийн О-өд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808 0501 000000 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Т- овогт Б-ийн О- нь Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, хувиараа дэлгүүр ажиллуулдаг гэх, ам бүл 8, эхнэр, 3 хүүхэд болон 2 дүү, хадам эх нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоогийн 9 дүгээр гудамжны 0000 тоотод оршин суух, урьд ял шийтгэл:

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 702.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Б.О-нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө иргэн Г.М-ын эзэмшилд байсан “Х” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч уг картнаас 715.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирлыг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.О-мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө ажлаа тараад 71-50 УБО “Т” загварын машинтай явж байхад 22-23 цагийн үед хохирогч залуу гар өргөхөөр нь уг залууг авсан. Хохирогч залуу намайг бааранд хамт орчих, 1 цагийн 10.000 төгрөг, 1 километрийг нь 1000 төгрөгөөр тооцож хоёулаа салах хүртлээ нийт гарах мөнгийг өгье гэж тохиролцсон. Тэгээд хохирогч залуу бид хоёр эхлээд Цамбагаравын тэндэх “Queen” нэртэй бараанд ороод хүнгүй болохоор нь тэндээс гараад “Best” бааранд орсон. Хохирогч залуу архи захиалаад би ус захиалж уугаад бид хоёр “Best” баарнаас гарахаар болж тооцоогоо авахад 46000 төгрөг  болсон байсан. “Best” баар карт уншихгүй гээд АТМ-ээс мөнгөө аваад хүрээд ир гэсэн. Би бааранд тооцооны барьцаанд үлдсэн. Тэгсэн хохирогч залуу АТМ-ээс 46.000 төгрөг биш 460.000 төгрөг аваад ирсэн. Тус мөнгөнөөс нь “Best” баарны тооцоонд 50.000 төгрөг өгөөд, 4000 төгрөг хариултанд авсан. Хохирогч залуу бид хоёр “Best” баарнаас гараад би 32-н “АТМ“ дээр очоод хохирогчийн илүү авсан байсан, үлдэгдэл мөнгө болох 420.000 төгрөгийг картанд нь буцааж хийж өгсөн. Тэгээд удалгүй би такси үйлчилгээнд явсан мөнгөө авъя гэхэд өгөхгүй, бид хоёр маргалдсан. Би хохирогчтой хамт 3 цаг гаруй хамт явсан байсан, мөн 10 гаруй километр зам явсан. Энэ мөнгөө нэхээд бид маргалдахад  хохирогч машинаас буусан. Хохирогч буухдаа машинд банкныхаа картыг үлдээсэн байсан. Тэгэхээр нь би картыг нь аваад “АТМ” дээр очоод үлдэгдлийг нь шалгасан чинь 720.000 төгрөг байсан. Бид хоёр маргасан байсан болохоор уурандаа картанд нь байсан 715.000 төгрөгийг авсан. АТМ ороод буцаад ирсэн чинь хохирогч залуу байхгүй байхаар нь би гэртээ харьсан. Анхнаасаа мөнгийг нь авъя гэсэн бодол байгаагүй, тухайн үед хүнд өртэй байсан болохоор өрөө дарах гэж мөнгийг нь авсан гэв.

 

Хохирогч Г.М- мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр эхнэртэйгээ “Солонго” кафе, караокед байсан. Тэр үед эхнэрийнхээ жижиг цүнхийг үүрсэн байсан. Тэгээд эхнэртэйгээ маргалдаад гарахдаа эхнэрийн жижиг цүнхийг үүрсэн чигээрээ гарсан байсан. Тэр караокенаас гараад такси барьж, энэ О- гэх залуутай тааралдсан. Тэгээд дуудлагын жолооч дуудаад цагийн мөнгийг нь өгөөд тохиролцож болдог байсан болохоор жолооч О- гэх энэ залуутай цагийн 10.000 төгрөг өгөхөөр тохиролцоод эхлээд “Queen” бааранд, дараа нь “Best” бааранд орсон. Тэгээд “Best” бааранд ороод юм захиалж уугаад тасраад, түүнээс хойш юу болсныг санахгүй байгаа юм. Үүрээр Цамбагаравын дунд зам дээр цүнхээ үүрсэн явж байгаад ухаан орсон. Тэгтэл цүнхэн дотор эд зүйл, карт алга болсон. Гэртээ хариад, маргааш нь дансны хуулга авахад мөнгө нь зарлагадсан байсан. Буцаад бааранд очиж эд зүйлээ асууж олж авсан, харин банкны картаа олоогүй. Картыг яаж авсаныг мэдэхгүй байна гэв.      

 

Хоёр. Эрүүгийн 1808 0501 0000000000 дугаартай хэргээс:

 

1.Хохирогч Г.М-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн:

“...Би 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр эхнэртэйгээ муудалцаад Баянгол дүүргийн 20 хорооны “Queen” гэх нэртэй баарны ойролцоогоос такси барихад номер дугаар нь тодорхойгүй цагаан өнгийн “приус-10” загварын автомашинд суусан. Тэндээсээ Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Best” баар руу хүргүүлж үйлчлүүлэхээр суусан. Тэгээд таксины жолоочид ханиндаа суучих, ах нь километрийн мөнгийг өгье, дээрээс нь цагийн 10.000 төгрөг өгнө” гэж хэлтэл нөгөө зүс үл таних залуу харилцан зөвшөөрч цуг “Best” баар руу орж үйлчлүүлсэн. Тэндээ байж байгаад ойр зуурын юм авч дайлсан. Тэгээд би өөрөө нэг мэдэхэд согтоод тэр зүс үл таних залуутай хаана яаж салснаа сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд өглөө 05 цаг өнгөрч байх үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн эмнэлгийн ойролцоо явж байгаад ухаан ороод юмаа шалгаж үзтэл цүнхэнд байсан ...Хаан банкны виза карт ...байгаагүй. Хаан банкны данснаас 715.000 төгрөг нөгөө зүс үл таних залуу уншуулан авсан байна лээ. ...Би тэр таксины жолоочийг л гэж таамаглаж байна. Ойролцоогоор 20 гаран насны хүрэн бор царайтай туранхайдуу биетэй 170 орчим см өндөр нуруутай ямар нэгэн шарх сорви мэнгэ гээд ажиглагдаагүй жирийн гонзгойдуу царайтай нарийндуу дуу хоолойтой улаан өнгийн саравчтай малгайтай жинсэн өмд, пүүзтэй дээгүүрээ хүрэндүү ледиринэн куртиктай дотуураа юүдэнтэй малгайтай цамцтай байсан. ...” гэх мэдүүлэг [1],

 

2. 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Best” баарны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 23 цагийн үеийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Г.М- нь “Best” баарны гадаа цагаан өнгийн приус 10 маркийн улсын дугаар нь тодорхойгүй машинаас жолоочийн хамт буугаад тус баар руу орох бөгөөд уг жолооч улаан өнгийн саравчтай малгайтай, гадуураа бор өнгийн хавар намрын нимгэн куртиктэй, дотуураа хар бараан өнгийн нооцсон цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, доогуураа цагаан саарал өнгийн түрийтэй годон гуталтай ойролцоогоор 167 см орчим өндөр туранхайдуу биетэй 26 орчим насны залуутай хохирогч Г.М- орох бөгөөд 26-ны 03 цаг 02 минут 37 секундэд тухайн таксины жолооч текэн дээр зогсож хүн хүлээсэн байдалтай байж байгаад 03 цаг 13 минут 58 секундэд тус баарны үүдээр гарсан ...” гэх тэмдэглэл [2],

 

3. Гэрч О.Мөнгөншүрийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн:

“...Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо Солонго паабын тэр хавиар нөхөртэйгөө явж байгаад бид хоёр хоорондоо муудалцаад Мөнхжаргал намайг орхиод явсан. Намайг орхиод явах үед Мөнхжаргал миний цүнхийг энгэртээ үүрчихсэн байсан. Тухайн үед дансанд байсан 964.000 төгрөг нь манай нөхөр Мөнхжаргалын мөнгө байсан. Манай нөхөр геологи хайгуулын өрмийн мастер ажилтай бөгөөд 10 дугаар сарын цалингаа миний дансанд хийлгэсэн байсан юм. ...” гэх мэдүүлэг [3],

 

4. Шүүгдэгч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн:

“...Би 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 23 цагийн үед ажлаа тараад харих гээд явж байхдаа нэг хүн аваад явъя гэж бодоод Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо “Солонго” караокены урдаас гар өргөж байгаа хүнийг авсан чинь орж ирээд “Манай эхнэр энэ “Солонго” зочид буудалд согтуу унтаж байгаа. Хоёулаа зүүн тийшээ явж Цамбагаравын тэнд байдаг “Queen” нэртэй баар луу очоод би орчихоод гараад ирье” гэж хэлж ороод удалгүй буцаж гарч ирээд “Чи надтай хамт явчих. Би чамд нэг цагийн 10.000 төгрөг, мөн нэг километрийн 1000 төгрөг өгье” гэхээр нь хамт явахаар болсон. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны  “Best” баар дээр ирээд намайг цуг оръё гэхээр нь би цуг орсон. Нөгөө залуу ороод өөртөө хоёр ширхэг шар айраг авч уугаад нэмж бараг 10 гаруй шар айраг уусан байх. Удалгүй нилээн согтчихсон байсан. ...Би шөнийн ...03 цагийн үед байхаа, гадна нь нэг тамхилаад ороод ирсэн чинь нөгөө такси барьсан залуу ширээн дээрээ суучихсан тус баарны зөөгч болон хамгаалагч нь тооцоогоо хий гээд зогсож байсан. Нөгөө залуу картаар тооцоогоо хийе гэсэн чинь карт уншдаг машин нь ажиллахгүй байхаар нь нөгөө залуу гарч баарны хажуугийн “АТМ”-с мөнгө авчихаад ирье гэж хэлээд гарч яваад удалгүй орж ирэхдээ тооцооны 46.000 төгрөг авах гэж байгаад андуураад 460.000 төгрөг аваад ирсэн байсан. Тэгэхээр нь 460.000 төгрөгөөс нь тооцоог нь хийчихээд баарнаас такси барьсан залуу болон бид хоёр гараад 32 дугаар байрны урд талын “Хаан” банкны “ATM” ороод чи ийм бэлэн мөнгөтэй согтуу явж болохгүй гэж хэлээд би мөнгийг нь өөрийнх нь карт руу нь 03 цаг 30 минутын үед буцааж хийлгэсэн. Тэгээд “одоо чи эхнэр дээрээ очиж амар” гэж хэлээд “Солонго”-ын гадаа машинтайгаа очоод “за одоо би мөнгөө авъя” гэж хэлсэн чинь “май чи энийг ав” гэснээ миний нүүр лүү 3000 төгрөг гаргаж ирээд шидэхээр нь бид хоёр хэсэг маргалдаад, нөгөө такси барьсан залуу хаалга саваад гарахдаа “Хаан” банкны картаа үлдээчихсэн байхаар нь “за за энэ картнаас нь мөнгөө авчихъя” гэж бодоод Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Цамбагаравын автобусны буудлын ард байдаг “АТМ”-д ороод дансных нь үлдэгдлийг шалгахад 715.000 төгрөг байхаар нь бүгдийг нь авчихъя гэж бодоод 715.000 төгрөгийг нь авчихсан. Тэр үед 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 05 цаг болж байсан. Такси барьсан гэх хүнийг өмнө нь харж байгаагүй. Нэрийг нь Мөнхжаргал гэж байх шиг байсан. Бааранд шар айраг авахдаа надад картаа өгч авахуулуулсан бөгөөд тэгэхдээ надад өөрөө картныхаа нууц дугаарыг хэлсэн. Анх дансных нь үлдэгдлийг шалгахдаа цагийн 10.000 төгрөг болон нэг километрийн 1000 төгрөг тооцож авах гэж байсан. Тэгээд Мөнхжаргал намайг таксинд доромжлоод байсан, бас мөнгөө өгөөгүй болохоор нь бага зэргийн дургүй хүрсэндээ бүх үлдэгдэл мөнгийг нь авчихсан. Мөнхжаргал хар урт куртиктэй, жинсэн өмдтэй бас нэг үүрдэг цүнхтэй явж байсан. ...өөрийн 5925252248 дугаарын дансаар 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 10 цагийн үед 1 сая төгрөгийг шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг [4],

 

5. О.Мөнгөншүрийн Хаан банкинд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулганд “...2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 05 цаг 08 минутад АТМ687-с зарлага 715.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн...” тухай  [5],

 

6.Хохирогч Г.М-ыг оролцуулан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...4 дугаарын /Б.О-/ зурган дээр байгаа саарал цамцтай, халимаг хар үстэй, өтгөн хөмсөгтэй, ширүүндүү царайтай, эрэгтэй, 26 орчим насны туранхайдуу биетэй 165-170 см өндөр нуруутай залуу мөн байна...” гэх тэмдэглэл бүхий хэсэг, гэрэл зураг [6],

 

 

7. Шүүгдэгч Б.О-ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [7],  иргэний үнэмлэхийн лавлагаа [8], оршин суугаа хаягийн тодорхойлолт [9], шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг [10] болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Б.О-ийг хохирогч Г.М-ын биед байсан “Хаан” банкны картыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 720.000 төгрөгийн хохирол учруулсан нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, “Хаан” банкны дансны хуулга болон бусад баримтаар тогтоогдсон гэж үзэж, шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.О-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

2018 оны 10 дугаар сарын 25-ны орой хохирогч Г.М- нь замаас такси барихаар гар өргөн зогсоход шүүгдэгч Б.О-нь өөрийн жолоодон явсан 7150 УБО улсын дугаартай “тоёота приус-10” загварын автомашинтай зогсож, Г.М-ыг суулгасан байх ба, хохирогч Г.М- нь шүүгдэгч Б.О-өд “надтай хамт бааранд суучих, хөлсөнд нь цагийн 10.000 төгрөгөөр тооцож мөнгө өгье, нэг километрийг 1000 төгрөгөөр тооцож мөнгө төлье гэж хэлж, тэд тохиролцож “Best” бааранд хамт орж  суусан, хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Дараа нь дахин шүүгдэгч Б.О-ийн автомашинд хохирогч Г.М- суугаад “Солонго” караокены гадна хүргүүлж, машинаас нь буусан, буухдаа О.Мөнгөншүрийн “Хаан” банкинд эзэмшилтэй виза картыг Б.О-ийн автомашинд орхиж буусан үйл баримт тогтоогдож байна.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.О-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Г.М-ын картнаас 715.000 төгрөг хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба шүүх хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтад үндэслэхэд дараах нөхцөл байдал тогтоогдов. Үүнд:

Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө хохирогч Г.М- нь 7150 УБО улсын дугаартай “тоёота приус 10” загварын автомашинаас буухдаа өөрийн биед авч явж байсан, эхнэр О.Мөнгөншүрийн “Хаан” банкинд эзэмшдэг дансны виза картыг машинд орхиж буусныг уг автомашины жолооч шүүгдэгч Б.О-авч, гээгдэл эд хөрөнгө болох картнаас 715.000 төгрөгийг авч завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр эхнэртэйгээ муудалцаад ...такси барихад номер дугаар нь тодорхойгүй цагаан өнгийн приус-10 маркийн автомашинд суусан. ...таксины жолоочид “ханиндаа суучих ах нь километрийн мөнгийг нь өгье, дээрээс нь цагийн 10.000 төгрөг өгнө гэж хэлтэл нөгөө зүс үл таних залуу харилцан зөвшөөрч цуг “Best” баар луу орж үйлчлүүлсэн. ...нэг мэдэхэд согтож ...өглөө 05 цаг өнгөрч байх үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн эмнэлгийн ойролцоо явж байгаад ухаан орсон. ...Хаан виза карт.. байгаагүй. Хаан банкны данснаас 715.000 төгрөг нөгөө зүс үл таних залуу уншуулан авсан байсан. ...Ойролцоогоор 20 гаран насны хүрэн бор царайтай туранхайдуу биетэй 170 орчим см өндөр нуруутай ...улаан өнгийн саравчтай малгайтай жинсэн өмд, пүүзтэй дээгүүрээ хүрэндүү ледиринэн куртиктай дотуураа юүдэнтэй малгайтай цамцтай залуу  байсан. ...” гэх мэдүүлэг [11], мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

-гэрч О.Мөнгөншүрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо “Солонго” паабын тэр хавиар нөхөртэйгөө явж байгаад бид хоёр хоорондоо муудалцаад Мөнхжаргал намайг орхиод яваад өгсөн. Намайг орхиод явах үед нь Мөнхжаргал миний цүнхийг энгэртээ үүрчихсэн байсан. Тухайн үед дансанд байсан 964.000 төгрөг нь манай нөхөр Мөнхжаргалын мөнгө байсан. ...” гэх мэдүүлэг [12],

-шүүгдэгч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо “Солонго” караокены урд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 23 цагийн үед …гар өргөж байгаа хүнийг авсан чинь орж ирээд “Манай эхнэр энэ Солонго гээд зочид буудалд согтуу унтаж байгаа. Хоёулаа зүүн тийшээ явж Цамбагаравын тэнд байдаг “Queen” нэртэй баар луу очоод орчихоод гараад ирье”  ...“Чи надтай хамт явчих. Би чамд нэг цагийн 10.000 төгрөг, нэг километрийн 1000 төгрөг өгье” гэхээр нь хамт явахаар болсон. ...“Best” бааранд ирээд намайг цуг оръё гэхээр нь би цуг орсон. Нөгөө залуу ороод өөртөө хоёр ширхэг шар айраг авч уугаад нэмж бараг 10 гаруй шар айраг уусан, нэлээн согтчихсон байсан ...Тэгээд одоо чи эхнэр дээрээ очиж амар гэж хэлээд Солонгын гадаа машинтайгаа очоод, ...би мөнгөө авъя гэхэд “май чи энийг ав” гэснээ миний нүүр лүү 3000 төгрөг шидээд бид хэсэг маргалдаад нөгөө такси барьсан залуу хаалга саваад гарахдаа Хаан банкны картаа үлдээчихсэн байсан. ...энэ картнаас нь мөнгөө авчихъя гэж бодоод Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Цамбагаравын автобусны буудлын ард байдаг АТМ-д ороод дансных нь үлдэгдлийг шалгахад 715.000 төгрөг байхаар нь бүгдийг нь авчихъя гэж бодоод 715.000 төгрөгийг нь авчихсан. Тэр үед 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 05 цаг болж байсан. ...” гэх мэдүүлэг [13], мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/, О.Мөнгөншүрийн “Хаан” банкинд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга [14], таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг [15], “Best” баарны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг [16] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт аливаа этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Харин гээгдэл эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигч ашиглагчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч ашигласан үйлдлийг ойлгоно.

Тус хэргийн хохирогч Г.М- нь эхнэр О.Мөнгөншүрийн “Хаан” банкинд эзэмшдэг дансны виза картыг хаана орхисон, хаясан, эсхүл хулгайд алдсан гэх нөхцөл байдлаа мэдэхгүй, нэг мэдэхэд гудамжинд ухаан ороод сэрэхэд эд зүйл байгаагүй гэж мэдүүлсэн буюу эх сурвалжаа зааж чадаагүй.

Харин шүүгдэгч Б.О-нь хохирогч Г.М- “Best” баарны төлбөрийг төлөхөөр АТМ-с 46.000 төгрөг авах гээд 460.000 төгрөг авсан байсан тул, баарны тооцоог хийж үлдэх мөнгийг “чи согтуу ийм бэлэн мөнгөтэй явж болохгүй гэж” хэлээд данс руу нь хийж өгсөн гэж мэдүүлэх ба, энэ нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03 цаг 27 минутад О.Мөнгөншүрийн дансанд 420.000 төгрөгийн орлого хийсэн талаар түүний дансны хуулгаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.О-өөс хохирогч Г.М-ын дансанд түүний илүү авсан мөнгийг эргүүлэн хийсэн үйлдэлд дүгнэлт хийвэл хохирогчийн эд хөрөнгийг хулгайлах санаа зорилго агуулаагүй байна гэж үзэх үндэслэл болж байна.

Нөгөө талаас хохирогч банкны виза картаа алдсан эх сурвалжаа зааж чадаагүй, хохирогч “Хаан” банкны картаа машинд орхиод буусан байсан гэж шүүгдэгчээс мэдүүлснийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Б.О-өд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэстэй байна.

Тус гэмт хэргийг шүүгдэгч Б.О-нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шууд санаатай үйлдлээр үйлдсэн байна.

Иймд шүүгдэгч Б.О-ийг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 

2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Б.О-нь хохирогч Г.М-ын картнаас авч завшсан 715.000 төгрөгийг түүнд буцаан өгсөн болох нь шүүгдэгч Б.О-ийн банкны дансны хуулга[17], хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт 715.000  төгрөгийг хүлээн авсан гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.О-ийг хохирогч Г.М-д  төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ

 шүүгдэгч Б.О-нь ажил хөдөлмөр эрхэлдэг гэх баримт хэрэгт авагдаагүй, түүний орлого тодорхойгүй тул торгох ял оногдуулах боломжгүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.О-нь өөрийгөө өмгөөлөн гаргасан дүгнэлтдээ “...миний бие одоо ажил эрхэлж байгаа тул торгох ял оногдуулж өгнө үү. Би бага насны гурван хүүхдээ хардаг, дүү сургуульд орсон, хадам эхийгээ асардаг тул нийтэд тустай ажлыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.  

 

Шүүхээс шүүгдэгч Б.О-өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.О-нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар нэг удаа ял шийтгэгдэж байсан байх ба, түүний гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Иймд шүүгдэгч Б.О-өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хохирогчийн согтуурсан байдлыг далимдуулан түүнийг орхиж явсан эд хөрөнгийг завшсан байдал, мөн хувийн байдал буюу ажил эрхэлдэг гэснийг тодорхойлсон баримтгүй зэргийг харгалзан түүнд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь хувиараа дэлгүүр ажиллуулдаг гэх боловч энэ талаар түүний сарын орлого, санхүүгийн байдлыг илэрхийлсэн нотлох баримт хэрэгт байхгүй тул шүүгдэгч Б.О-ийн торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 

4.Бусад асуудлаар.

Тус хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.О-цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тогтоолд дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “Best” баарны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хяналтын камерийн бичлэг буюу  хохирогч, шүүгдэгч нарын тус баар руу орж буй үйл явц, хувцас зэргийг харуулсан бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.О-өд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Т- овогт Б-ийн О-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ийг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Best” баарны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хяналтын камерын бичлэгийг буулгасан нэг ширхэг CD-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

6. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.О-нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Г.М-д төлөх төлбөргүй зэргийг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.О-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.О-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 18-20 дугаар тал.

[2] Хавтаст хэрийн 11-13 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 49-50 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 36-39 дүгээр тал.

[5] Хавтаст хэргийн 3 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 8-10 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 70 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 79 дүгээр тал.

[9] Хавтаст хэргийн 80 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 51-52 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 18-20 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 49-50 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 36-39 дүгээр тал.

[14] Хавтаст хэргийн 3 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 8-10 дугаар тал.

[16] Хавтаст хэрийн 11-13 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 45 дугаар тал.