| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0725/э |
| Дугаар | 0788 |
| Огноо | 2019-05-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 0788
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: М.Баярмаа
улсын яллагч: Э.Намуун
хохирогч : Ц.Оюунбаяр
шүүгдэгч: Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Х Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1906002660978 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Х Б, 19 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын материалын технологийн инженер мэргэжилтэй, хувиараа мужааны ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо дүгээр байрны тоотод оршин суудаг, дугаар хороо тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Х.Б нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны орой Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 31 дүгээр байрны 15 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох маргалдан түүний хацар луу нь алгадаж гуя руу өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.
Хохирогч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 27-ний өдөр эхнэр О оюутан ангийн шинэ жилийн уулзалтанд яваад 2018 оны 12 дугаар сарын 28-ний 00.00 цагийн орчимд гэртээ ирсэн. Эхнэр маань байрны орцонд 2 давхарын шатан дээр хэвтэж байсан. Би ахтайгаа /Б хамт/ хамтаар орцны хажууханд тамхи татчихаад орж ирэхдээ харсан. Тухайн үед эхнэрийгээ орцруу орохыг хараагүй. Охин О дээрээс бууж ирээд ах бид 3 гэрлүү 5 давхарт өргөж оруулсан. Гэрт оруулаад ах Б яваад өгсөн. Эхнэр О хувцасыг тайлаад унтуулсан. Янз бүрийн шарх, бэртэл, гэмтэл ажиглагдаагүй. Гэхдээ их согтуу тасарсан байдалтай байсан болохоор нь хэнтэй хаана уусан юм, яаж гэртээ ирсэн юм гээд уур хүрээд эхлээд нэг алгадсан. Түүний дараа бид хоёр маргалдаад гуяруу нь цохисон. Дахиад нэг удаа алгадсан. Тэгээд 03.00 цагийн орчимд унтацгаасан. 2018 оны 12 дугаар сарын 28,29-ний өдөр гэрээсээ гараагүй. 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн үүрээр эхнэр О ёолж байсан. Тэгээд түргэн дуудаад тариа хийлгээд эхнэр маань унтаад өгсөн. 18.00 цагийн орчимд ирээд дахиад толгой өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд такси бариад 1 дүгээр эмнэлэг орж тариа хийлгэсэн. Дараа нь СХД-ийн эмнэлэг ороод тэнд дусал хийлгүүлээд томографын зураг авахуулах гээд гэмтлийн эмнэлэгт ирсэн. Тэнд очоод томографийн зэрэг авахуулсан. Үзсэн эмч нь ноцтой гэмтэл байхгүй, гавлын яс, нүдний ухархай зүгээр, бага зэрэг хаван байна. Маш бага цус харвалттай гэсэн хариу хэлээд өнөөдөр хэвтэж эмчлүүл гэж хэлсэн гэжээ. /хх-ийн 12/
Хохирогч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр миний сурч буй Удирдлагын академын шинэ жилийн баяр болсон. Би тараад 03.50 цагийн орчимд байрныхаа 3 давхарын шатан дээр явж байгаад ходоод хүчтэй өвдөөд байхаар нь охин О утсаар дуудаад цүнхээ утастайгаа өгч явуулсан. Би охиндоо ээжийх нь бие өвдөөд байна шатан дээр жоохон хэвтэж байгаад орий гэж хэлсэн. Охин гэртээ орж миний юмнуудыг тавьчихаад эргээд гарч ирээд миний дэргэд зогсож байхад манай нөхөр Б бид хоёр дээр ирсэн. Б согтуу байсан. Тэгээд намайг ингэтлээ архи уугаад согтуу новш чинь гээд өргөөд гэрлүү оруулсан. Гэрт ороод намайг орон дээр хэвтэж байхад татаж унагаагаад алгадаад гяр руу өшиглөөд зодоод байсан. Намайг зодож дуусаад өөр хүнтэй унтсан гээд байсан. Би унтаагүй гэдгээ хэлж шинжилгээ өгч болно гэхэд маргааш очиж өг гэж хэлж байсан. Түүнээс хойш миний бие өвдөөд 29-ны өдрөөс толгой хүчтэй өвдөөд байсан. 30-нд 130-т үзүүлээд ГССҮТ-д ирсэн. Одоо тархинд цус харвасан гэсэн оноштой хэвтэж байна. Маш жижиг цус учир хагалгаанд орохгүй гэсэн гэжээ. /хх-н 6-9/
Насанд хүрээгүй гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө байсан байхаа хэдэн цаг болж байсныг санахгүй байна манай аав Б, Б ах 2 ойрхон гарчихаад ирий гэж хэлээд гарахаар нь би гэртээ байж байтал ээж над руу залгаад гарч ирээд ээжийнхээ цүнхийг аваадхи гэхээр нь би гараад цүнхийг нь авах гээд гартал ээж 2 давхарын шатан дээр суугаад ээжийх нь толгой өвдөөд явж чадахгүй байна. Ээжийнхээ цүнхийг аваад гэртээ орж бай гэхээр нь би цүнхийг нь аваад гэртээ ороод аав руу залгах гэсэн чинь аав гар утсаа орхисон байсан. Удалгүй аав, Б ах хоёр ээжийн 2 талд нь гарсан суганаас нь өргөөд оруулаад ирсэн. Би удалгүй өөрийнхөө өрөөнд ороод унтаад өгсөн. Тухайн үед ээжээс архи үнэртэхгүй байсан. Манай ээж архи уудаггүй юм. Өмнө нь аав ээжийг зодож цохиж байгаагүй гэжээ. /хх-н 19-20/
Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд Баянзүрх дүүргийн дугаар хороо тоотод байрлах баз хүргэн Х.Б уулзаад тэдний гэрлүү орж байтал Ц.О уг байрны 2-3 давхарт гардаг шатан дээр сууж байсан. Тэгэхээр нь яасан бэ юу болсон яагаад сууж байгаа юм гэсэн чинь ангийхантайгаа шинэ жилийн баяр тэмдэглээд ирлээ гэртээ орох гэсэн чинь чаддаггүй толгой өвдөөд сууж байна гэж хэлэхээр нь Бямбацогт бид хоёр 2 талаас нь сугадаад гэрт нь оруулсан чинь Б эхнэрийнхээ хувцсыг тайлаад хөнжилд оруулж өгөхөөр нь би гэрээс нь явсан. Намайг тэднийд байхад янз бүрийн маргаан хэрүүл болоогүй. Би хөдөө амьдардаг болохоор энэ хүмүүсийн амьдралыг сайн мэдэхгүй гэжээ. / хх-н 29-31/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 19/
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 929 тоот шинжээчийн дүгнэлт:
1.Ц.О биед тархи доргилт, их тархины аалзан хальсны доорхи голомтлог цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэжээ. /хх-н 25/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 24,26/
Х.Бн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 22/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 21/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 26/,
Х.Бд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 32/ прокурорын тогтоол /хх-н 33-34/ яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 36-38/,
Х.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 39-40/ зэрэг болно.
Х.Бт нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны орой Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 31 дүгээр байрны 15 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.О маргалдан түүний хацар луу нь алгадаж гуя руу өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... Х.Бт согтуу байсан. Тэгээд намайг ингэтлээ архи уугаад согтуу новш чинь гээд өргөөд гэрлүү оруулсан. Гэрт ороод намайг орон дээр хэвтэж байхад татаж унагаагаад алгадаад гяр руу өшиглөөд зодоод байсан. Намайг зодож дуусаад өөр хүнтэй унтсан гээд байсан. Би унтаагүй гэдгээ хэлж шинжилгээ өгч болно гэхэд маргааш очиж өг гэж хэлж байсан. Түүнээс хойш миний бие өвдөөд 29-ны өдрөөс толгой хүчтэй өвдөөд байсан. 30-нд 130-т үзүүлээд ГССҮТ-д ирсэн. Одоо тархинд цус харвасан гэсэн оноштой хэвтэж байна. Маш жижиг цус учир хагалгаанд орохгүй гэсэн мэдүүлэг /хх-н 6-9/
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 929 тоот шинжээчийн дүгнэлтээр Ц.О биед тархи доргилт, их тархины аалзан хальсны доорхи голомтлог цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэж тогтоогдсон байна. /хх-н 25/
Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Ц.О уг байрны 2-3 давхарт гардаг шатан дээр сууж байсан. Тэгэхээр нь яасан бэ юу болсон яагаад сууж байгаа юм гэсэн чинь ангийхантайгаа шинэ жилийн баяр тэмдэглээд ирлээ гэртээ орох гэсэн чинь чаддаггүй толгой өвдөөд сууж байна гэж хэлэхээр нь Б бид хоёр 2 талаас нь сугадаад гэрт нь оруулсан чинь Х.Б эхнэрийнхээ хувцсыг тайлаад хөнжилд оруулж өгөхөөр нь би гэрээс нь явсан. Намайг тэднийд байхад янз бүрийн маргаан хэрүүл болоогүй гэсэн мэдүүлэг / хх-н 29-31/
Шүүгдэгч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Гэхдээ их согтуу тасарсан байдалтай байсан болохоор нь хэнтэй хаана уусан юм, яаж гэртээ ирсэн юм гээд уур хүрээд эхлээд нэг алгадсан. Түүний дараа бид хоёр маргалдаад гуя руу нь цохисон. Дахиад нэг удаа алгадсан. Тэгээд 03.00 цагийн орчимд унтацгаасан. 2018 оны 12 дугаар сарын 28,29-ний өдөр гэрээсээ гараагүй. 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн үүрээр эхнэр О ёолж байсан. Тэгээд түргэн дуудаад тариа хийлгээд эхнэр маань унтаад өгсөн. 18.00 цагийн орчимд ирээд дахиад толгой өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд такси бариад 1 дүгээр эмнэлэг орж тариа хийлгэсэн. Дараа нь СХД-ийн эмнэлэг ороод тэнд дусал хийлгүүлээд томографын зураг авахуулах гээд гэмтлийн эмнэлэгт ирсэн. Тэнд очоод томографийн зэрэг авахуулсан. Үзсэн эмч нь ноцтой гэмтэл байхгүй, гавлын яс, нүдний ухархай зүгээр, бага зэрэг хаван байна. Маш бага цус харвалттай гэсэн хариу хэлээд өнөөдөр хэвтэж эмчлүүл гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Х.Б дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул Х.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ц.О шүүгдэгч Х.Б нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгийн улмаас Х.Б цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Х Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Б нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 166.667 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Б нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэргийн улмаас Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Х.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН