Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 56

 

 

 

 

 

      2019           01             08                                          56

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 НЭРИЙН Ө

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч М.Амарзаяа,

хохирогч М.У-,

шүүгдэгч Н.Ө-, түүний өмгөөлөгч Б.Болортуяа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0331/,

гэрч М.Э-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С- овогт Н-н Ө-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808 0284 000000 дугаар эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: С- овогт Н-н Ө- Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Ж” ХХК-нд ээлжийн инженер ажилтай, ам бүл 4, нөхөр, 02-05 насны хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Салхитын 00 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Хайрхан хорооллын 54-А байрны 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Н.Ө- нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан хорооллын 00 орон сууцны В1 давхрын Д тоотод М.У-г “халуун ус өгсөнгүй, хохироолоо” гэх шалтгаанаар цохиж, үснээс нь зулгааж, нүүр цээжийг нь самардан маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Н.Ө- мэдүүлэхдээ: 2015 оны 11 дүгээр сарын 15-нд “Эй эс Эс инженеринг” компанитай байрны гэрээ байгуулсан бөгөөд, хугацаандаа ашиглалтанд ороогүй байж байгаад манай байр 2016 оны 9 дүгээр сард ашиглалтанд орсон.

2018 оны 5 дугаар сарын 15-наас эхлэн манай байрны халуун ус ирэхгүй байсан. Энэ талаар Улаанбаатар дулааны шугам сүлжээ компаниас ус тасалсан эсэхийг асуухад “Эй эс Эс инженеринг” компани өртэй байгаа гэсэн хариуг өгсөн бөгөөд оршин суугчид халуун усгүй хохирсоор байсан. Гэртээ ус халаагаад хувцсаа угааж байтал хүйтэн ус тасарсан. Тэгэхээр нь гэрээсээ гараад халуун, хүйтэн усны тоолуураа шалгах гэтэл манай  тоолуур байгаагүй. Ингээд Сууц өмчлөгчдийн холбоо байрладаг В-1 давхарт очиход М.У- өрөөндөө сууж байсан. М.У-д манай гэрийн халуун, хүйтэн усны тоолуурыг өг, ус тавьж өг гэсэн. М.У- мөнгөө төл гэж хариу хэлсэн. Би өөрт байсан 40.000 төгрөгийг өгөөд, гэртээ ороод мобайл банкиар 85.000 төгрөг М.У- руу шилжүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлчихлээ, тоолуур тавьж өг гэж нөхрөөрөө хэлүүлсэн боловч ус тавьж өгөөгүй. Тэр өдөр хүүхдүүд 14 цагаас 17 цаг хүртэл усгүй байсан тул хоол ундгүй өнжсөн. 17 цагийн үед халуун, хүйтэн усны тоолуурыг тавьж өгөөгүй тул нөхрөөрөө дахиад хэлүүлэхэд М.У- нь “сейфэндээ хийгээд гадуур явж байна. Очиж байгаад болъё, хүлээж бай” гэж хэлсэн. 17 цаг өнгөрөөгөөд М.У-гийн өрөө рүү очиход өрөөндөө байгаагүй, харин М.У- нь гадаа тоглоомын талбай дээр ажилчидтайгаа инээж хөхрөөд явж байхаар нь очоод “манай халуун, хүйтэн усыг тавьж өгөөч” гэж хэлсэн.  Ундармаа “миний ажлын цаг болоогүй байна” гээд явах гэхээр нь гарнаас нь татсан чинь миний биед гар хүрлээ гээд намайг зөрүүлээд алгадсан. Бид хоёр барьцалдаж авсан. Тэгээд би барьцалдахаа болиод хоёр хүүхдээ дагуулаад гэртээ орсон. Гэртээ ороод толинд харсан чинь миний өрөөсөн монетон ээмэг байхгүй байхаар нь эргэж тоглоомын талбайд очиж хайхад байгаагүй. Тэгээд М.У-гийн өрөө рүү ороод “миний монетон ээмгийг өг” гэж хэлсэн чинь М.У- намайг харааж, үзэгний саваа авч шидэхээр далайж байгаад ширээн дээрээ хүчтэй тавьсан. Ширээгээ тойрч ирээд намайг эхлээд заамдаж үсдэж, маажиж, өшиглөсөн. Намайг үсдэхээр нь зөрүүлээд үсдсэн, маажсан, өшиглөсөн. Бид хоёр үсдэлцээд зогсож байхад М.У- намайг түлхэхэд шкаф унаж, ширээн дээр байсан чихрийн таваг унаад хагарсан. М.У- намайг үсдээд унагаад дээрээс мордоод суусан. Долоовор хурууг хугалах гээд хойш нугалсан. Би шүүх цагдаагаар шийдүүлье гэхэд М.У- миний дээрээс боссон. Тэр үед үйлчлэгч орж ирэхэд нь цагдаа дууд гэсэн. 18 цаг 30 минутын үед хоёр цагдаа ирэхээр нь болсон асуудлыг хэлж байхад лифтнээс ээж маань бууж ирсэн. Тухайн үед намайг үсдүүлсэн, маажуулсан байхыг ээж маань харсан. 5 дугаар сарын 30-наас хойш 6 дугаар сарын  03-ны өдрийг хүртэл манай гэр халуун, хүйтэн усгүй, хоёр хүүхдэдээ хоол хийж өгөх боломжгүй байсан. Анх байрыг авч байхад “Эй эс Эс инженеринг” компани тоолуурыг танай эзэмшил гэж хэлсэн. Сууц өмчлөгчдийн холбоо тоолуур хураан авах, усыг хаах эрх байдаггүй юм байна лээ гэв.

 

Хохирогч М.У- мэдүүлэхдээ: Н.Ө- манай “Эй эс Эс инженеринг” компанийн барьсан Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан хорооллын 54А орон сууцны захиалагч байсан. Оршин суугч Н.Ө-тай гол маргалдах болсон шалтгаан нь сууц өмчлөгчдийн холбооны 6 сарын төлбөрөө төлөөгүй, мөн тухайн өдөр усаа хаалгах болсон шалтгаан нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өглөө байрны лифтэнд “танай компани дулааны сүлжээ компанид өртэй байна, өрөө төл гэх зэргээр бичиж наасан бөгөөд компанийн нэр хүндэд халдсан, үндэслэлгүй ташаа мэдээлэл оршин суугч нарт тараасан юм. Ингээд Н.Ө-ыг дуудаж уулзаад, 13 сая төгрөгийн өр бол манайхаас хамааралгүй, манай сууц өмчлөгчдийн холбоо хүсэлтээ эрчим хүчний зохицуулах хороонд өгсөн, зохицуулах хороонд асуудал шийдэгдээд ус тавигдана гэдгийг хэлсэн. Гэтэл Н.Ө- нь “өрөө төл өрөө төл” гэж олон нийтэд үндэслэлгүй мэдээлэл тараасан. Н.Ө- өөрөө сууц өмчлөгчдийн холбоонд 124.000 төгрөгийн төлбөрөө ч төлөөгүй байсан. Тухайн өдөр би 16.00 цагийн үед зохицуулах хороо явж ирээд, байрны гадаа сангийн инженер бетон зутгаж байсан тул тэнд нь хүүхдийн тоглоомын талбай бариулах асуудлыг яриад зогсож байсан. Энэ үед Н.Ө- ирээд “усаа тавь” гэсэн. Н.Ө- өөрөө үүргээ биелүүлээд төлбөрөө төлөөд явсан бол усыг нь хаах шаардлага байгаагүй. Ус тавих хооронд Н.Ө- нь гөлөг, нохой гэж хэл амаар доромжилж хүмүүсийн дэргэд нэр хүндэд халдаж, миний биед гар хүрсэн. Тэгэхээр нь би Н.Ө-ыг алгадаагүй, түлхсэн. Н.Ө- нь намайг олон нийтийн дунд хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод гэр рүүгээ орсон. Би слессерь Баясгалан руу залгаад Н.Ө-ын төлбөрийн асуудлыг шалгаад төлбөрийн асуудалгүй болсон бол усыг нь тавьж өгөөрэй гэж хэлсэн. Ингээд өрөөндөө сууж байтал Н.Ө- орж ирээд “гөлөг минь, монетон ээмэг өг” гэж гүтгэсэн. Би түүнд өрөөнөөс гар гэж хэлсэн, үзэгний савыг далайсан гэхдээ шидээгүй. Өрөөнөөс гар гэж хэлэхэд миний үснээс зулгаасан. Би биеэ хамгаалах гэж гарыг нь барьсан, дээр нь гарч суухад Н.Ө- миний гуяны дотор талаас чимхэж, үснээс зулгаасан, хоёр хөхний дунд цээжний төв хэсэгт самардсан, энэ нь одоо сорви үлдсэн. Үснээс маш их хэмжээгээр зулгааж хуйх өвчтэй болж, эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед 120.000 төгрөгөөр томографикийн шинжилгээ хийлгэсэн, 7 хоног  100.000 төгрөгөөр бариа хийлгэсэн. Мөн миний өрөөний сейфний шил хагарсан, чихрийн таваг хагарсанд компани үнэлгээгээ гаргасан.

Н.Ө- нь хувийн зан характер маш муу, хүсэлтээ зөв гаргаагүй учраас ийм асуудал болсон. Түүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Н.Ө- дараа төрийн болон төрийн бус үйлчилгээний байгууллагатай хандах хандлага нь өөрчлөгдөх байх.

Шүүхийн хэлэлцүүлэгт Н.Ө- хохирсон, Ундармаа намайг зодсон гэж яриад байна, хохирсон юм бол шүүх эмнэлэгт үзүүлэхгүй яасан юм бэ, гүтгэж яриад байх юм. Хүнийг ажлын байран дээрээ сууж байхад орж ирээд хэл амаар доромжилчихоод өөрөө буруугүй гээд зогсож байна. Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх 124.000 төгрөг нь нийтийн үйлчилгээний цэвэрлэгээ, ус дулааны зардал юм. Н.Ө- нь 6 сарын хугацаанд сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөөгүй, хог бусад зардлаа надаар төлүүлсэн. Н.Ө-ыг хог, үйлчилгээний зардлаа төлөөч гэхээр намайг зодсон. Барилгын тухай хуулинд тухайн өмч нь нийтийн өмчид шилжсэний дараа тухайн хүний өмч болдог. Тоолуур Н.Ө-ын өмч болоогүй байсан. 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өмчид нь очсон. Н.Ө-д манай компанийн зүгээс байр захиалж байхад нь их хөнгөлөлттэй хандсан. Эднийх 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр урьдчилгаа 20 хувь буюу 12.800.000 төгрөг төлөөд байрандаа орсон. Н.Ө-ыг төлөөд 2 сар болонгуут байрандаа оруулсан. Бүтэн  нэг жил буюу 2017 оны 5 дугаар сар хүртэл нэг ч зээл төлөхгүй үнэ төлбөргүй байрандаа амьдарсан. Тэр хугацаанд урьдчилгаа 10 хувиа цувуулж төлсөн. Н.Ө-ын зээлийг бүтээхээр “Голомт” банктай гэрээ байгуулсан. Эхний 6 сарын хүүний нэг хувийг “Эй эс эс инженеринг” ХХК төлсөн. Зээлэнд нь хамруулах гэж “Эй эс эс инженеринг” ХХК үйл ажиллагааны зардлаас 4.000.000 төгрөг зарцуулсан. Н.Ө-ыг зээлэнд хамруулах дансны хуулга нь хүрэхгүй байсан учраас өөрийн нөхрийн компани дээр гэрээт ажилтан гэж баримт гаргаж байж түүнийг ипотекийн 8 хувийн зээлд хамруулж өгч байсан. Би Н.Ө-ын төлөө гүйсэн. Н.Ө-д хувийн өс хонзон санах зүйл байхгүй баймаар юм гэв.       

 

Гэрч М.Э-мэдүүлэхдээ: Тэр өдөр өглөө ажилдаа ирээд оффист байж байтал М.У- Н.Ө-тай хэрүүл хийж байсан. Ус тавьж өг гэсэн хэрүүл болж байсан. Н.Ө- нилээн уурласан байдалтай байсан. Н.Ө-ынх олон сар сууц өмчлөгдийн холбооны төлбөрөө төлөөгүй байсан. Тэгээд би ажлаасаа гараад үдээс хойш эргэж оффист орж ирэхэд эмх замбараагүй болсон, өрөөний шилэн эдлэл хагарсан, М.У-гийн үс нь сэгсийсэн, цээж нүүр нь улайсан, хоорондоо маргалдсан байдалтай байсан. Цагдаа дуудсан гэж байсан. Цагдаа ирээд Н.Ө-ыг дуудсан гэв.

 

Хоёр. Эрүүгийн 1808 0284 000000000 дугаартай хэргээс:

                     

1.Хохирогч М.У-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн:

“...2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ө- нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайрхан 54а байр нийтээрээ халуун усгүй болчихсон байсан чинь барилгын компани болох “Эй эс эс инженеринг” ХХК-ийн нэр хүндэд халдаж цахилгаан шатанд А4 цаас дээр гараар бичсэн хоёр хуудас бичиг байхаар нь би хуулж аваад ажлынхаа өрөөний шинээр дээр тавьсан. Нийт оршин суугч нартаа халуун ус яагаад нийтээрээ тасарсан талаар тайлбар гаргаж манай орон сууцны сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанаас үл хамаарч эрчим хүчний зохицуулах газраас мэдэгдэл ирсэн талаар зар тавьсан. Ө- нь манай сууц өмчлөгчдийн холбооны албан тасалгаанд 12 цагийн орчим орж ирээд над руу “чи 2017 оны мэдэгдэл гаргаж тавьчихаад юу гээд байгаа юм, халуун усаа өг” гэж хэл амаар доромжлохоор нь сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөхийг шаардаж “та 6 дугаар сарын төлбөр төлөөгүй байна, төлбөрөө төлчих, халуун ус тасарсан нь манай сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаатай холбоотой асуудал биш” гэж тайлбарласан. Ө- “чамд хэзээ ч төлбөр төлөхгүй” гэж хэлээд гараад явсан. Төлбөрөө төлөхгүй бол хэрэглээний усыг хязгаарлана гэж утсаар өмнөх өдөр нь мессэжээр мэдэгдсэн. Тэгээд 17 цагийн  орчим  гадаа тоглоомын талбай дээр ажил хийж байхад Ө- ирээд “гөлөг минь чи ус тавь” гэж хэлээд миний баруун гар руу гараараа нэг удаа цохиод авахаар нь “чи яаж байгаа юм бэ, хүний биед гар хүрээд” гэж хэлээд зүүн хацар руу нь нэг удаа алгадсан чинь Ө- орилж “гөлөг авгай” гэж байгаад гэр рүүгээ орсон. Тэгээд би ажлынхаа өрөө рүү ортол ардаас Ө- ганцаараа орж ирээд “хулгайч авгай минь сурчихсан юм бэ, миний монетон ээмгийг өг, алга болчихсон байна, ээмэг өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би аваагүй, би яаж мэдэх юм, битгий ажлын өрөөнд орж ирээд орилоод бай гар” гэж хэлээд сандлаас босоод өрөөнөөс гаргах гэтэл миний үснээс зулгааж нүүр, цээж самардаж үснээс зулгааж, би дээр нь гарч дарж суусан. Тэгээд “одоо ...тайвшир, би чамайг тавина” гэж хэлээд тавьж дээрээс нь боссон. Тэгээд Ө- босож тайвширч буйдан дээр суухаар нь “муухай юм бэ, эмэгтэй хүн байж“ гэж хэлээд 102 тусгай дугаарт дуудлага өгсөн. Тэр үед Ө- манай өрөөнөөс гараад явсан. Тухайн үед миний хамраас цус гарчихсан, нүүр ам цээж хумсны шарх болчихсон, үс зулгаагаад уначихсан ажлын өрөө эмч замбараагүй болчихсон байсан. Тэгээд хоёр цагдаа ирээд Ө-ын гэр нь хаана байдаг вэ, хамт явна гэхээр нь гэрийн хаягийг нь зааж өгөөд “би энэ ажлын байрандаа зодуулсан, та нарыг дагаж явахгүй” гэж хэлсэн. Маргааш нь буюу 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр танай цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж өгсөн. Би дүгнэлтүүдтэй нэг бүрчлэн уншиж танилцсан, дүгнэлттэй холбогдолтой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Үнэн зөв гарсан байна лээ. Өглөө 12 цагт Ө- манай өрөөнд орж ирэхэд манай инженер Энхмэнд, захирал Даваа-Ундараа нар байсан. Орой 17 цагийн үед гадаа байхад слесерь Сэнгэ, Баясгалан нар байсан. Харин сүүлд өрөөнд байхад Ө- бид хоёр байсан. Өөр хүн байгаагүй. Би гомдолтой байна. Нэр хүндэд халдсан, ажлын байранд эд хөрөнгөд халдсан. Үүнд бичиг хэргийн шүүгээний шилийг хагалсан. Чихрийн таваг хагалсан. Эдгээр зүйлийн үнэлгээг баримтаар хэрэгт хавсаргасан. Толгойн компьютер томографийн зураг авахуулсан 120.000 төгрөг, шүүх эмнэлгийн шинжилгээний төлбөр 8.000 төгрөг, толгойн бариа 100.000 төгрөг, сорвины тос 20.000 төгрөг, байгууллагад чихрийн таваг 18.000 төгрөг, шүүгээний хаалганы шил 28.000 төгрөг нийт 274.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн унааны зардал мөнгийг оруулна. Одоогоор баримт байхгүй. Баримт гаргаж өгнө. ...” гэх мэдүүлэг [1] ,

 

2. Гэрч Г.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгсөн:

“...2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр би хүүхдийн тоглоомын талбай дээр гагнуур хийгээд байж байтал байрны Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны дарга Ундармаа оршин суугч Ө-тай үг хэлээр маргалдаж байсан. Би гагнуураа хийчихээд буцаад хартал Ундармааг Ө- хацар руу нь алгадаж харагдсан. Тэр хоёр СӨХ-ын мөнгө төгрөг өгсөн, өгөөгүй ус хаалаа гээд маргалдаж, усны тоолуурыг нь салгачихсан байхад өөрсдөө холбох хэрэгсэл тавьчихаад тэрийг нь Ундармаа бид нараар салгуулчихсан чинь Ө- бид нар руу дайраад байсан. Сүүлд маргалдаж байгаад дууссаны дараа Ө- монетон ээмэг алга болчихлоо гэж хэлж байсан. ...Ундармаа өрөөндөө тэр хүүхэнтэй хамт байж байгаад гадаа гарч ирээд намайг дуудаад өрөөнд нь ороход тэд хоорондоо зодоон хийсэн бололтой Ундармаагийн хүзүү, нүүр нь улайчихсан харагдсан. ...гэх мэдүүлэг [2],

 

3. Гэрч Б.Даваа-Ундараа мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгсөн:

“...2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр /цагийг нь сайн санахгүй байна/ гаднаас ажлын байрандаа ороход СӨХ-ын дарга Ундармаа үс толгой нь арзайчихсан, бусдад зодуулчихсан байдалтай харагдсан. Би түүнээс юу болсон талаар асуухад “өглөө орж ирсэн оршин суугч эмэгтэй орж ирээд үг хэлээр доромжилж зодсон” гэж хэлсэн. Өрөөнд байсан эд зүйлсээс чихрийн таваг хагарчихсан харагдсан. Ундармаа, Ө- СӨХ-тэй холбогдолтой 8 хувийн зээлийн талаар ташаа мэдээлэл наасан асуудлаас болж маргалдсан гэж надад хэлсэн. Ямар ч байсан СӨХ-ын төлбөр, лифтэнд Ө- СӨХ-тэй холбогдолтой болон 8 хувийн зээлийн талаар ташаа мэдээлэл наасан асуудлаас болж маргалдсан гэж Ундармаа хэлсэн. ...” гэх мэдүүлэг [3] ,

 

4. Гэрч М.Энхмэндийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгсөн:

“...2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 09 цагийн орчим ажил дээрээ ирээд сууж байтал оршин суугч Ө- гэх эмэгтэй орж ирээд их уурласан. СӨХ-ын дарга Ундармаатай тэр эмэгтэй маргалдаж, СӨХ-ын мөнгө өгөхгүй бас усыг чинь тавихгүй /усаар хангах боломжгүй/ гэж ярьж байсан. Тэр үед СӨХ-ын дарга Ундармаа Ө- хоёр хоорондоо маргалдаад тэр оршин суугч Ө- нь Ундармаа руу янз бүрийн үг хэлээр доромжилж нүүр рүү нь мөнгө шидэж харагдсан. Тэгж байгаад Ө- мөнгөө газраас  хамаад аваад явсан. Намайг байхад Ундармаа Ө- хоёр хоорондоо бие биеэ цохиж зууралдсан, зодолдож цохисон юм байхгүй. Ус хаасан, СӨХ-ын мөнгө өгөөгүй гэх шалтгаанаар Ундармаа, Ө- хоёр маргалдсан. ...2018 оны 5 дугаар сарын 30-ны орой 17 цагийн орчим өрөөндөө ороход Ундармаа ганцаараа хүзүү нь улаан эрээн болчихсон, нүүр нь улайчихсан хумсны сорив харагдсан. Мөн өрөөн доторх төмөр шкаф уначихсан газар шилэн эдлэл хагарчихсан харагдсан. Ундармаагаас юу болсон талаар асуутал өглөө өрөөнд орж ирсэн оршин суугч Ө-д зодуулчихлаа гэж хэлж байсан. Ундармаагийн хүзүү, цээж, нүүрний зарим хэсгээр улайчихсан харагдсан. ...” гэх мэдүүлэг [4],

 

5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэгийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 7010 дугаартай дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт: Баруун хацрын хажуу дунд хэсэгт 0,1х0,1 см, 1х0,1 см, 0,5х0,1 см, 0,4х0,1 см, хамрын нурууны зүүн доод хэсэгт 0,2х0,3 см, 0,2х0,2 см, дээд уруулын зүүн хэсэгт 0,3х0,2 см, 0,1х0,2 см, эрүүний баруун доод хэсэгт 1,4х0,1 см, дунд хэсэгт 1,5х0,5 см, цээжний зүүн урд доод хэсэгт 8х1,5 см, зүүн шууны гадна дунд хэсэгт 1,5х0,1 см, 2х0,1 см, доод хэсэгт 0,4х0,1 см, улаан хүрэн өнгийн зулгаралтуудтай, цээжний баруун урд дунд хэсэгт 3,5х1 см, 4,5х1 см, 4х1 см хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Баруун чамархай, зулай хэсгийн хуйх нилэнхүйдээ улайж хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй, үс олон жижиг газар хэсэгчилж унасан байдалтай.

2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Натур” толгойн КТГ-д өөрчлөлтгүй.  

ДҮГНЭЛТ:

1. М.У-гийн биед баруун хацар, хамрын нуруу, дээд уруул, эрүү, цээж, зүүн шуунд зулгаралт, цээжинд цус хуралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэсэн дүгнэлт /шинжээч эмч Б.Долгормаа/ [5],

 

6. Фодволкийг 10.000 төгрөгөөр үнэлсэн ”Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээ[6], хохирогч М.У-гийн гомдолд хавсаргасан гэрэл зургууд [7]

 

7. Шүүгдэгч Н.Ө-ын иргэний үнэмлэхийн лавлагаа [8], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас[9], 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн  Сонгинохайрхан дүүргийн 6 хороо, Хайрханы 54-А байрны 55 тоотод шилжин ирсэн тухай тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт [10], “Жинст өргөө” ХХК-ний 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 086 дугаартай “Н- овогтой Ө- нь 2018 оны 1 дүгээр сарын 02-ноос тус компанид ээлжийн инженер ажилтай, нэг сарын 700.000 төгрөгийн үндсэн цалинтайгаар ажилладаг” болохыг тодорхойлсон тодорхойлолт [11], Н.Ө-ын 2018 оны 1 сараас 10 дугаар сарын хоорондох нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт [12],”Хаан” банкинд эзэмшигчээр бүртгэлтэй Н.Ө-ын депозит дансны хуулга [13], түүний хувийн байдлын талаар баримтууд [14]зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ:

Шүүгдэгч Н.Ө- нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр иргэн М.У-г халуун ус өгсөнгүй, тоолуур хурааж авч хохироолоо гэх шалтгаанаар үснээс нь зулгааж самардан маажиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдсон байна.

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь Н.Ө- хүлээцтэй ханддаггүй, өөрийнх нь тавьж буй шаардлага нь бусдын үйл ажиллагаанд хамааралгүй байхад хохирогчийн эрх чөлөөнд халдсан байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогч М.У- эхэлж халдаад шүүгдэгч Н.Ө- аргагүй хамгаалалт хийсэн мэтээр ярьж байх боловч хохирогч М.У-гийн зүгээс Н.Ө-ыг гэрт нь ороод эсвэл гадаа чөлөөтэй явж байхад нь халдаагүй. Хохирогч М.У-г ажлын байрандаа ажлаа хийж байхад халдсан нь хэн бэ, хохирогчийн биед түрүүлж халдсан хүн нь Н.Ө- бөгөөд түүний үйлдлийг таслан зогсоох үйлдлийг хохирогч хийсэн. Хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас түүнд өөрт нь гэмтэл учирсан гэж өмгөөлөгч маргаж байх боловч М.У- Н.Ө-ыг газар хэвтүүлээд дарсан байхдаа өөрийнхөө цээжийг маажих юм уу гэж үзэж байна.

 Шинжээчийн дүгнэлтийн тухайд Н.Ө- өөрийнх нь эрх чөлөөнд халдсан гээд гомдолтой байсан бол шинжээч томилуулах эрхтэй байсан. Гэрч Н.Ө-ын байдлыг хараад гэмтэл учраагүй байсан гэж мэдүүлж байна. Н.Ө- мөрдөн байцаалтын шатанд шинжээч томилуулах хүсэлт гаргаж шинжээч томилсон, нэг талыг баримтлан хэргийг шалгасан асуудал байхгүй. Иймд Н.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогчид учирсан шууд зардал томографикийн шинжилгээний төлбөр 120.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, толгойн бариа 100.000 төгрөгийг Н.Ө-аас гаргуулж олгох, харин байгууллагын эд хөрөнгөд нэхэмжилж байгаа төлбөрийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортуяагаас “...хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг сайн тогтоосон байх шаардлагатай. Маргаан СӨХ-ын мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаас үүссэн, халуун ус өгсөнгүй гэснээс үүсээгүй. Хохирогчийг шалтгаангүй барьж авч зодоогүй, хохирогчийн буруутай байдал байгаа тул Н.Ө-д холбогдох үйлдэл холбогдол  гэмт хэргийн шинжтэй эсэх нь эргэлзээтэй байна. Цагдаагийн байгууллагад Н.Ө-, М.У- нар хоёулаа гомдол гаргасан байхад М.У-д шинжээч томилж гэмтлийн зэрэг тогтоогдсон, харин Н.Ө- шүүгдэгч болж, 6 сарын дараа Н.Ө-д шинжээч томилсон. Нэг удаа алдагдсан, үснээс нь зулгаасан, цамцнаас нь зулгааж цээжийг нь самардаж урсан гэж байгаа бол хохирогчид учирсан гэмтэл ч мөн адил Н.Ө-д учрах боломжтой. Н.Ө- М.У-д хүч хэрэглээд байна уу, М.У- Н.Ө-д хүч хэрэглээд байна уу, эсвэл харилцан үсдэлцээд байна уу гэдгийг зааглах ёстой байсан. Хохирогчийн талаар гарсан шинжээчийн дүгнэлтэд тархины бүтцэд өөрчлөлт байхгүй гэсэн байхад шинжээчийн дүгнэлт гарснаас хойш 8 хоногийн дараа толгойгоо бариулсан асуудал яригдаж байгаа нь эргэлзээтэй байна. Хохирогч өөрөө Н.Ө-ыг газар хэвтүүлж дээр нь дараад суусан гэж мэдүүлээд байхад хохирогчид учирсан гэмтэл хэзээ үүссэн бэ, Н.Ө-ын дээр дараад сууж байхад эсэргүүцэл үзүүлсний улмаас гэмтэл үүссэн байж болох юм. Хохирогч М.У- Н.Ө-ын дээр дараад суусан, хурууг нь хойш дарсан байхад хохирогч аюулыг зайлуулсан гэж ярьж болохгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан. Хохирогч М.У- Н.Ө-ын дээр нь гараад суусан, гарыг нь барьсан байхад хохирогч энэ гэмтлийг авсан байх боломжтой тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой. Хохирогчид айлын тоолуурыг авах ямар эрх хэмжээ байгаа юм бэ. Хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн. Иймээс Н.Ө-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал.

Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Ө-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

  1. Гэм буруугийн талаар:

            Хэргийн үйл баримтаас үзвэл хохирогч М.У- нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны “Хайрхан” хорооллын 54А орон сууцны Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар ажилладаг, харин шүүгдэгч Н.Ө- нь дээрх байрны оршин суугч байна.

2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Хайрхан” хорооллын 54-А орон сууцны гадна болон тус байрны В1 давхрын Д тоотод  байрлах Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа явуулдаг ажлын байранд шүүгдэгч Н.Ө- нь М.У-тай “усны тоолуур хурааж авлаа, халуун хүйтэн ус хааж хохироолоо”, “хулгайч авгай минь сурчихсан юм бэ, миний монетон ээмгийг өг, алга болчихсон байна, ээмэг өг” гэж үг хэлээр доромжлон хэрүүл маргаан үүсгэж маргалдан, улмаар үснээс нь зулгааж нүүр, цээжийг нь самардаж эрүүл мэндэд нь баруун хацар, хамрын нуруу, дээд уруул, эрүү, цээж, зүүн шуунд зулгаралт, цээжинд цус хуралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

-хохирогч М.У-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр  иргэн Ө- нь ...нийт оршин суугч нартаа халуун ус тасарсан талаар тайлбар гаргаж ..зар тавьсан. 12 цагийн орчим Ө- нь манай СӨХ-ын албан тасалгаанд орж ирээд “чи 2017 оны мэдэгдэл гаргаж тавьчихаад юу гээд байгаа юм халуун усаа өг” гэж хэл амаар доромжлохоор нь та 6 дугаар сарын төлбөр төлөөгүй байна, төлбөрөө төлчих, халуун ус тасарсан нь манай СӨХ-ын үйл ажиллагаатай холбоотой асуудал биш ээ гэж тайлбарласан. Ө- “чамд хэзээ ч төлбөр төлөхгүй” гэж хэлээд гараад явсан. ...17 цагийн  орчим  гадаа тоглоомын талбай дээр ажил хийж байхад Ө- ирээд “гөлөг минь чи ус тавь” гэж хэлээд баруун гар руу гараараа нэг удаа цохиод авсан. ...Тэгээд би ажлынхаа өрөө рүү ортол ардаас Ө- ганцаараа орж ирээд “хулгайч авгай минь сурчихсан юм бэ, миний монетон ээмгийг өг, алга болчихсон байна, ээмэг өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би аваагүй, би яаж мэдэх юм, битгий ажлын өрөөнд орж ирээд орилоод бай гар” гэж хэлээд сандлаас босоод өрөөнөөс гаргах гэтэл миний үснээс зулгааж нүүр, цээж самардаж үснээс зулгаасан. ...“муухай юм бэ, эмэгтэй хүн байж“ гэж хэлээд 102 тусгай дугаарт дуудлага өгсөн. ...Тухайн үед миний хамраас цус гарсан, нүүр ам цээж хумсны шарх болчихсон, үс зулгаагаад уначихсан ажлын өрөө эмх замбараагүй болчихсон байсан. ...” гэх мэдүүлэг [15], мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/

- Гэрч Г.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр би хүүхдийн тоглоомын талбай дээр гагнуур хийгээд байж байтал СӨХ-ын дарга Ундармаа оршин суугч Ө-тай үг хэлээр маргалдаж байсан, би гагнуураа хийчихээд буцаад хартал Ундармааг Ө- хацар руу нь алгадаж харагдсан. Тэр хоёр СӨХ-ын мөнгө төгрөг өгсөн, өгөөгүй ус хаачихлаа гээд маргалдсан. ...Сүүлд маргалдаж дууссаны дараа Ө- монетон ээмэг алга болчихлоо гэж хэлж байсан. ...Ундармаа өрөөндөө тэр хүүхэнтэй хамт байж байгаад гадаа гарч ирээд намайг дуудаад өрөөнд нь ороход тэд хоорондоо зодоон хийсэн бололтой Ундармаагийн хүзүү, нүүр нь улайчихсан харагдсан....гэх мэдүүлэг [16],

- Гэрч Б.Даваа-Ундараагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ...ажлын байрандаа ороход СӨХ-ын дарга Ундармаа үс толгой нь арзайчихсан, бусдад зодуулчихсан байдалтай харагдсан. ...юу болсон талаар асуухад “өглөө орж ирсэн оршин суугч эмэгтэй орж ирээд үг хэлээр доромжилж зодсон” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг [17]

- Гэрч М.Энхмэндийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 09 цагийн орчим ажил дээрээ ирээд сууж байтал оршин суугч Ө- гэх эмэгтэй орж ирээд их уурласан. ...Ундармаа Ө- хоёр хоорондоо маргалдаад Ө- нь Ундармаа руу янз бүрийн үг хэлээр доромжилж нүүр рүү нь мөнгө шидэж харагдсан. Тэгж байгаад Ө- мөнгөө газраас аваад явсан. ...Ус хаасан, СӨХ-ын мөнгө өгөөгүй гэх шалтгаанаар Ундармаа, Ө- хоёр маргалдсан. ...орой 17 цагийн орчим өрөөндөө ороход Ундармаа ганцаараа хүзүү нь улаан эрээн болчихсон, нүүр нь улайчихсан хумсны сорив харагдсан. Ундармаагаас юу болсон талаар асуутал өглөө өрөөнд орж ирсэн оршин суугч Ө-д зодуулчихлаа гэж хэлж байсан. Ундармаагийн хүзүү, цээж, нүүрний зарим хэсгээр улайчихсан харагдсан. ...” гэх мэдүүлэг[18], мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ ,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 7010 дугаартай дүгнэлт[19], хохирогч М.У-гийн гомдолд хавсаргасан гэрэл зургууд [20] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Н.Ө- нь тус гэмт хэргийг шууд санаатай үйлдлээр үйлдсэн байх ба, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортуяагаас шүүгдэгч Н.Ө- аргагүй хамгаалалт хийсэн гэж тайлбарласан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасныг үндэслэн Н.Ө-д холбогдох хэргийг цагаатгаж  өгнө үү гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Н.Ө- нь хохирогч М.У-г ажлын байран дээрээ байхад өрөөнд нь орж ирж хэрүүл маргаан үүсгэн, улмаар үснээс нь зулгааж, нүүр цээжийг нь маажих зэргээр эрх чөлөө, бие махбодид нь халдсан тул хохирогч М.У- шүүгдэгч Н.Ө-ыг газар хэвтүүлж, түүний үйлдлийг таслан зогсоосон үйлдэл хийсэн, түүнээс Н.Ө-д өөрт нь эсхүл түүний ойр дотны хүний амь нас эрүүл мэндэд хууль бус довтолгоон М.У- хийсэн гэх, Н.Ө- нь аргагүй хамгаалалт хийсэн гэж  үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Мөн шинжээчийн 7010 дугаартай дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтлийг тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэж дүгнэсэн, нөгөө талаас шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд дурдсанаар хохирогч нь өөрөө өөртөө гэмтэл учруулах боломжгүй юм.

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч, хохирогч нар хоёулаа гомдол гаргасан байхад Н.Ө-д шинжээч томилоогүй гэж мэтгэлцэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Ө-ын биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгох мөрдөгчийн тогтоол гарсан байх ба, Н.Ө-аас шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэсэн тэмдэглэл хэрэгт авагдсан байна.[21]

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нарын харилцан үл ойлголцлоос болсон байна.  

            Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортуяагийн гаргасан Н.Ө-д холбогдох хэргийг цагаатгах дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Ө-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч М.У-гийн бие махбодид хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч нь компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн төлбөрийн 120.000 төгрөгийн, “Сайхан хан энерги” ХХК-нд бариа засал хийлгэсэн эмчилгээний төлбөр 100.000 төгрөгийн, шүүх эмнэлэгт үзлэг хийлгэсэн 8000 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байх ба, эдгээр 228.000 төгрөгийг нэхэмжилснийг гэм буруугийн шүүх хуралдааны дараа шүүгдэгч Н.Ө-аас хохирогч М.У-гийн Хаан банкинд эзэмшдэг дансанд шилжүүлж, хохирол нөхөн төлөгдсөн байна.

Харин хохирогч М.У-гаас сууц өмчлөгчдийн холбооны ажлын байранд байсан чихрийн таваг хагарсан, шүүгээний шилэн хаалганы шил нь хагарсан гэж 46.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч тус хэрэгт хамтатган шийдвэрлэх боломжгүй, байгууллагын эд хөрөнгийг М.У- шаардах эрхгүй холбогдох байгууллага нь нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            3.Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс сэрэмжлэх зорилготой байдаг бөгөөд шүүгдэгч Н.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.300.000 төгрөгийн торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортуяагаас гэм буруугаа хүлээж байгаа хүнд хөнгөн ял, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй бол хүнд ял оногдуулдаг байж болохгүй. Н.Ө- гэм буруугаа хүлээх үүрэггүй, өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талд маргасан. Анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн хүнд юунаас урьдчилан сэргийлээд байгаа юм. Улсын яллагчийн дүгнэлтэд гаргасан ялын хугацааг багаар тогтоож, хэсэгчлэн төлөх хугацааг 2 жилээр тогтоож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.Ө- нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй буюу урьд ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлын зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Ө-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Н.Ө-ын ажилладаг байгууллага болох “Жинст өргөө” ХХК-ний 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 086 дугаартай цалинг тодорхойлсон баримт [22]-д үндэслэн торгох ялыг төлөх хугацааг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

4. Бусад асуудлын талаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С- овогт Н-н Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ө- нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан хугацаанд буюу 90 хоногт биелүүлэхийг тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Н.Ө- нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч М.У-д энэ тогтоолоор төлөх төлбөргүй зэргийг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 35-36 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 37-38 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 39-40 дүгээр тал.

[5] Хавтаст хэргийн 44 дүгээр тал.

[6] Хавтаст хэргийн 46, 47, 49, 50 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 15-20 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 67 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 65 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 68-69 дүгээр тал.

[11] Хавтаст хэргийн 73 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 90 дүгээр тал.

[13] Хавтаст хэргийн 74-75 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 70-72 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 35-36 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 37-38 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 39-40 дүгээр тал.

[19] Хавтаст хэргийн 44 дүгээр тал.

[20] Хавтаст хэргийн 15-20 дугаар тал.

[21] хавтаст хэргийн 53 дугаар тал.

[22] хавтаст хэргийн 73 дугаар тал.