Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/02115

 

 

 

 

 2023 12 06 210/МА2023/02115

 

 

,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27ы өдрийн 102/ШШ2023/03448 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,,,,,,,,,,,,т холбогдох,

 

10,806,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

 

1.1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1231 дугаар шийдвэрээр хариуцагч ,,,,,,,,,,,,аас 6,532,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,т олгохоор шийдвэрлэсэн.

 

1.2. Дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх баримт бичгийн дагуу 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч ,,,,,,,,,,,, нь төлбөр болох 6,532,400 төгрөгийг нэг сарын дотор төлнө гэж бичгээр баталгаа гаргаж улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

 

1.3. Гэвч ,,,,,,,,,,,, нь төлбөрөө төлөөгүй бөгөөд төлбөрийн үлдэгдэл болох 6,500,000 төгрөг дээр 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2 сар 5 хоногийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ бичгээр байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч нэг ч төгрөг төлөөгүй байна.

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний төлбөрт 6,500,000 төгрөг, хүү 704,000 төгрөг, алданги 3,602,000 төгрөг, нийт 10,806,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

 

2.1. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа бодитоор үүсэж байгаагүй.

 

2.2 Дээрхи 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг талууд гарын үсэг зурж нотариатаар батлуулан бичгээр байгуулсан боловч нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний зүйлийг буюу мөнгийг бодитоор шилжүүлэн өгсөн зүйл байхгүй.

 

Зээлдүүлэгч зээлдэгчид гэрээний зүйлийг шилжүүлэн өгснөөр гэрээг байгуулсанд тооцно гэж заасан ба нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлд хариуцагчид бодитоор мөнгө хүлээлгэн өгөөгүй болохоо илэрхийлсэн байх тул хариуцагчид үүрэг үүсээгүй болохыг нотолж байна.

 

Нэгэнт нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний дагуу зээлийн зүйлийг бодитоор шилжүүлэх буюу хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байх тул зээлийн гэрээний 3.3, 3.7 дугаар зүйлд заасан хүү, алдангийг нэхэмжлэх эрх үүсэхгүй.

 

Дүр үзүүлэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч нь төлбөрөө нэг сарын дотор төлнө гэж баталгаа гаргасан.

 

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5, 232 дугаар зүйлийн 232.2, 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,аас 9,750,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,т олгож, нэхэмжлэлээс 1,056,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 187,846 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 170,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

 

4.1. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг үнэн зөв тодорхойлоогүй.

 

Зохигчид 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 4487 дугаартай зээлийн гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулсан ба уг гэрээ нь иргэний хуульд нийцсэн хэлбэрийн шаардлага хангасан. Гэрээний зүйлийг бодитоор шилжүүлээгүй.

 

Нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан гэж дүгнэж, хэрэгт авагдаагүй үйл баримтыг хийсвэрээр дүгнэсэн.

 

4.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү, алдангид нийт 10,806,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт мөн шаардлагаа дэмжиж оролцсон ба анхан шатны шүүхээс зээлийн гэрээ байгуулагдсан эсэх болон уг гэрээ бодитоор биелэгдсэн эсэхэд эрх зүйн дүгнэлтийг хийх шаардлагатай байсан.

 

,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,т мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлэн өгөөгүй.

 

Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч бичгээр тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийн хувьд хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,т холбогдуулан гэрээний үүрэгт 10,806,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээ байгуулагдаагүй, уг гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж маргажээ. /1-р хх 1, 22/

3. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

3.а. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2019/01231 дугаар шийдвэрээр ,,,,,,,,,,,,аас 6,532,400 төгрөг гаргуулан ,,,,,,,,,,т олгож шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон талаар талууд маргаагүй. /1-р хх 6-13/,

 

3.б. Зохигч 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ,,,,,,,,,, нь 6,500,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаагаар зээлдэх, ,,,,,,,,,,,, нь зээл, хүүг тохиролцсон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн. Энэ талаар хэрэгт бичгийн баримт авагдсан. /1-р хх 3/

 

4. Зохигч дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:

4.а. Хариуцагч нь зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг бодитоор хүлээн аваагүй, гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргажээ.

 

4.б. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэргийн баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.

 

Харин талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэжээ.

 

5. Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Зээлийн гэрээ гэх нэршилтэй гэрээний хувьд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсгэсэн хэлцэл байгуулагдсан гэж үзнэ. Учир нь:

 

Нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1231 дугаар шийдвэрээр хариуцагч ,,,,,,,,,,,,аас гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,т олгохоор заасан 6,532,400 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөөгүй бөгөөд талууд уг мөнгөн хөрөнгийн талаар 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2 сар 5 хоногийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр буцаан төлөх тохиролцоог бичгээр байгуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болжээ.

 

Энэ талаархи нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн гэрээг хариуцагч тал няцааж чадаагүй.

 

Өөрөөр хэлвэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлвөл зохих 6,532,400 төгрөгийг төлөөгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй.

 

Маргааны зүйл болох 6,532,400 төгрөг нь хариуцагч ,,,,,,,,,,,,ын нэхэмжлэгч ,,,,,,,,,,т гүйцэтгэвэл зохих үүрэг байх бөгөөд уг үүргийг хэрхэн гүйцэтгэх арга журмыг талууд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээгээр тохиролцсон гэж гэж үзнэ.

 

Иймд талууд хооронд үүрэг үүсээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5.а. Талууд мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.

 

5.б. Анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2019/01231 дугаар шийдвэр, тус шүүхийн шүүгчийн 219 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШЗ2019/09060 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, хугацааны хувьд түүнээс хойш байгуулагдсан зээлийн гэрээ, гараар бичсэн бичвэр зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь харьцуулан дүгнэсэн байна. Анхан шатны шүүхийн Хариуцагч хариулахаас татгалзсан бөгөөд төлбөрийг төлсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй гэснийг буруутгах үндэслэлгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,гийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2023/03448 шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 гэснийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 гэж, 232 дугаар зүйлийн 232.2, 232.4 гэснийг хасаж, шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД