| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 105/2017/0056/Э |
| Дугаар | 223 |
| Огноо | 2017-04-04 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 223
Г.Мягмарсүрэнд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Мөнхтуул, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:.
Прокурор Б.Эрдэнэбаатар,
Ялтан Г.Мягмарсүрэн, түүний өмгөөлөгч М.Идэрхангай, Н.Сосорбарам,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхцэцэг,
Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Мягмарсүрэн, түүний өмгөөлөгч Н.Сосорбарам, М.Идэрхангай нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Мягмарсүрэнд холбогдох 201625012186 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэний илтгэснээр хянан хэлэлцэв.
Хар ямаа овогт Гэрэлдамбын Мягмарсүрэн, 1984 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуучлалын менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3А хэсэг, Улиастайн гудамж 143 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ОЭ84112714/,
Г.Мягмарсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 6 дугаар сарын 7-ны орой 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн эцсийн автобусны буудлын орчим иргэн Б.Баярсайханг заамдан түлхэж ар дагзаар нь газар унаган хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Мягмарсүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Мягмарсүрэнг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Мягмарсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Г.Мягмарсүрэнд оногдуулсан 10 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Г.Мягмарсүрэнгийн цагдан хоригдсон 242 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхцэцэг нь сэтгэл санаанд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Ялтан Г.Мягмарсүрэн гаргасан давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний бие урьд өмнө ямар нэг гэмт хэрэгт холбогдож байгаагүй, тухайн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа, талийгаачийн ар гэрт оршуулгын зардалд 6.000.000 төгрөгийг барагдуулж хохирол, гомдол саналгүй болгосон. Талийгаачийн амь насыг хохироосон нь шууд санаатай бус хөнгөрүүлэх нөхцөлтэйгөөр ял оногдуулсан.
Иймд миний ар гэрийн байдал, бага насны хүүхдүүд, мөн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан хорих ялаас хасч өгнө үү…” гэжээ.
Ялтан Г.Мягмарсүрэнгийн өмгөөлөгч Н.Сосорбарам гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн хүнд эдлэх эрх, эрх чөлөөнд нь шударга шүүхээр хэргээ шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй учир хэдийгээр эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн ч гэсэн ардчилсан нийгэмд амьдарч байгаагийн хувьд үндсэн хуульд тусгайлан зааснаар давж заалдах шатны шүүхэд хандаж хэргийн байдал, хэрэгтний хувийн байдал, хохирогчийн бичгээр гаргаж өгсөн хүсэлт зэргийг анхааран үзэж өгөхийг хүсч энэхүү өргөдлийг бичиж байна.Хохирогчид тухайн үед эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй нэн яаралтай үзүүлж мэс засалд оруулсан бол амийг нь аврах бүрэн боломжтой байсныг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгээр батлагдаж бүтэн 2 өдөр шахам амьд явсан байдаг. Энэрэл эмнэлгийн эмч нар 2,3-р шатлалын эмнэлэгт үзүүлсэн бол /зөв, зөвлөгөө өгсөн бол/ амь аврагдах байсан. Үйлдэл болсноос хойш яаралтай арга хэмжээ аваагүй нь үхэлд ямар нэгэн байдлаар нөлөөлжээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхцэцэг, гэрч Сугар, Эрдэнэ нарын мэдүүлгээс үзэхэд Баярсайхан 10 гаруй жил тасралтгүй, өдөр алгасахгүй архи ууж, архи уучихаад ганцаараа үглээд орилж чарлаад явдаг гэснээс үзэхэд шүүгдэгч Мягмарсүрэнтэй ямар нэгэн байдлаар маргаж зүй зохисгүй үйлдэл гаргасныг үгүйсгэх аргагүй юм. Хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн бичмэл нотлох баримтаар 1.820.343 төгрөг байгаа бөгөөд шүүгдэгч Мягмарсүрэнгийн ар гэр 6.000.000 төгрөг өгсөн байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхцэцэг нь шүүхэд 2 удаа хүсэлт гаргаж Г.Мягмарсүрэн хохирлыг бүрэн төлсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүхээс хөнгөн ял өгөхийг хүссэн байдаг. Г.Мягмарсүрэнгийн өөрийнх нь болон Пүрэвсамбуугийн мэдүүлгээс үзэхэд үйлдсэн хэргийнхээ талаар цагдаагийн ажилтанд яриад буруу үйлдлээ өөрөө ойлгож, сайн дураараа очих гэж байхад нь Цагдаагийн ажилтан чи замын цагдаагийн авто зогсоол дээр байж бай гэж хэлэхэд нь хэлсэн газар нь ирж уулзаад цагдаагийн газар очсон байдаг. Хэргээс бултах, зугтаж оргох ямарч үйлдэл хийгээгүй сайн дураараа очих гэж явахад замд нь уулзаад хамт очсон байдаг.Энэ нь гэмт хэргээ сайн дураараа илчлэн очсоны баримт юм. Хорих ял оногдуулж болох гэмт хэргийг анх удаа үйлдэж, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг нотолж шүүх шийтгэх тогтоолдоо үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов гэсэн юм. Г.Мягмарсүрэн нь дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, 2 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. Төлөв томоотой, бусадтай эвсэг харьцдаг, тусархуу сурсан сургууль хийсэн ажилдаа үнэнч ханддагийг сургууль болон байгууллагын тодорхойлолт хамт ажилладаг хүмүүсийн мэдүүлгээр батлагдаж байна.
Иймд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж, гэм хорыг арилгасан учир хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551дүгээр зүйлийг хэрэглэж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсье...” гэв.
Ялтан Г.Мягмарсүрэнгийн өмгөөлөгч М.Идэрхангай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Н.Сосорбарам өмгөөлөгчтэй хамтран гаргасан гомдлоо дэмжиж байна, нэмж хэлэх зүйл байхгүй…” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Мягмарсүрэн нь энэ хэргийг санаатай биш, санамсаргүй байдлаар үйлдсэн байх гэж бодож байна. Миний дүү нас барсан учраас нэгэнт босч ирэхгүй. Ялтны ар гэрийнхэн миний дүүгийн 2 хүүхдэд энэрэнгүй хандах байх гэж бодож байна. Тиймээс гомдолгүй...” гэв.
Прокурор Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Г.Мягмарсүрэнд ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад тулгуурласан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хэргийн нөхцөл байдлын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд заасныг хэрэглэх боломжгүй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Г.Мягмарсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 6 дугаар сарын 7-ны орой 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн эцсийн автобусны буудлын орчим иргэн Б.Баярсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас заамдан түлхэж ар дагзаар нь газар унаган хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Ялтан Г.Мягмарсүрэн мөрдөн байцаалтын шатанд: “...2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр ажлаа тараад цуг ажилладаг Дамдиндорж гэх залуутай нэг шил архи уугаад 20 цагийн орчим автобусанд суугаад хуучин эцэс дээр буусан. Би автобуснаас бууснаа сайн санахгүй байна. Нэг сэртэл бөөн хүмүүс намайг зодож байсан, тэгээд би таарсан хүнээ шууд толгой руу нь цохиод хойшоо шинэ эцэс рүү алхсан юм. Тэгээд байж байгаад өөрийн цохисон хүндээ санаа зовоод очиход нөгөө дэлгүүрийн үүдэнд босоод суусан байсан. Тэгэхээр нь гэр лүүгээ хариад унтсан. Тэр хүн намайг зодохоор нь толгой руу нь цохитол хойшоо дагзаараа саваад унасан юм. Тэр хүнийг ямар хувцастай байсныг нь санахгүй байна. Би согтуу тасарсан байсан. Миний ухаан санаа орж гараад байсан. ...Би Улиастайн хуучин эцсийн буудал дээр буугаад гэрлүүгээ алхаж явахад хэдэн залуутай мөрөөрөө шүргэлцэж намайг эрүү, толгойнд цохиж унагаад унасан байхад толгой руу өшиглөсөн. Би босч ирээд таарсан хүнийг түлхээд унагаасан. Миний түлхсэн хүн дундаж насны хүн байсан. Тэр хүн хойшоо саваад цементэн дээр унасан.Тэр хүн газар унаад босохгүй хэвтээд байсан. Тухайн үед тэнд байсан хүмүүс намайг “чи хүн алчихлаа шүү дээ, болиочээ” гэсэн. Тэгээд би тэндээсээ гэрлүүгээ алхаад Улиастайн эцсийн “Болор” супер маркет орчихоод буцаад автобусны буудал дээр очиход миний түлхсэн хүн босоод суучихсан ус уугаад байх шиг байхаар нь би буцаад гэрлүүгээ явсан. 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр би автобусны буудал дээр зогсож байхад хоёр хүүхэд хоорондоо “уржигдар энд зодоон болоод нэг хүн нь өнгөрсөн байна аа” гэж байсан. Тэгэхээр нь би төрсөн дүү Пүрэвсамбуу руу утсаар яриад “би нэг хүнтэй муудалцсан юм, тэр хүн нас барсан юм шиг байна, ах нь одоо яах уу” гэхэд манай дүү Пүрэвсамбуу “би цагдаа найзаасаа асууя" гээд утсаа тасдаад удалгүй над руу залгаад “үнэхээр таны муудалцсан хүн нас барсан бол та өөрөө цагдаа дээр очоо” гэсэн. Тэгээд би Нийслэлийн цагдаагийн газар очоод болсон асуудлын талаар цагдаад хэлсэн юм. Би Баярсайханыг зодоогүй, намайг Баярсайхан газар унагаад өшиглөөд байхаар би босч ирээд Баярсайханыг түлхсэн чинь Баярсайхан хойшоо унасан. Би танхайраагүй, зодуулсан учраас тэнд орилж хашгирсан байх....намайг лав унагаачихсан өшиглөөд байсан, хэн өшиглөснийг мэдэхгүй, тэгээд л би босч ирээд нэг хүнийг барьж аваад цаашаа түлхчихсэн, тэгтэл тэр хавьд байсан хүмүүс намайг “Чи хүн алчихлаа шүү дээ” гээд орилж байсан. Миний түлхсэн хүн босч ирэхгүй хэвтээд байсан...” /1-р хх-ийн 133, 135, 136/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхцэцэг мөрдөн байцаалтын шатанд: “...2016 оны 6 дугаар сарын 8-ны 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1889 тоот хашаанд байрлах гэртээ Б.Баярсайхан нь ухаан алдаж унаад нас барсан. 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр миний дүү Б.Баярсайхан 21 цагийн орчим “Улиастай” хүнсний дэлгүүрийн үүдэнд танихгүй махлаг шар залууд зодуулсан гэсэн. Тэр залуу Баярсайханы дагзаар нь цемент мөргүүлээд байсан гэсэн. Харсан хүн нь Сугар гээд таксины жолооч харсан байсан. Мөн Эрдэнээ гэх хүн хажуунаас салгах гэтэл Эрдэнээг махлаг шар залуу зодсон гэсэн.Миний дүү Б.Баярсайхан нь 1975 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн. Б.Баярсайхан нь Жаргалант суманд бүрэн бус дунд боловсрол эзэмшээд Өмнөговь аймгийн Овоотын цэргийн ангид цэргийн алба 3 жил хаагаад Улаанбаатар хотод 1999 онд орж ирээд “Нарантуул” зах дээр хивс зардаг байсан. Б.Баярсайхан нь эхнэр хүүхэдтэй байж байгаад эхнэр хүүхдээсээ салснаас хойш 10 гаруй жил архи уугаад одоогоор Улиастай хуучин эцсээр хар бор ажил хийж амьдардаг байсан. 2012 онд архины эмчилгээнд cap явж байсан. Хүний хувьд хүмүүстэй нийтэч, даруу төлөв, алиа зантай хүн байсан. Б.Баярсайхан ужиг хууч өвчингүй байсан, би гомдолтой байна, бусдын гарт амь насаа алдсан гэж бодож байна. ...Талийгаач миний хамгийн отгон дүү юм. ...Хэдэн онд гэдгийг нь санахгүй байна, 2007 оны үед Долгорсүрэн гэдэг эмэгтэйтэй нэг гэрт орж хоёр хүүхэдтэй болсон бөгөөд хамт амьдраад 1 жил орчим болж эхнэрээсээ салсан. Эхнэр хүүхэд нь одоо хаана байдгийг би мэдэхгүй байна. Салснаас нь хойш холбоо бариагүй. Талийгаач дүү маань архи уудаг байсан....Гэртээ ганцаараа амьдардаг бөгөөд гэр оронгүй хүмүүсийг гэртээ хонуулж байрлуулж тусалдаг байсан. Би оршуулгын зардал 6 сая төгрөгөө нэхэмжилнэ.Надад хохирол гэж 1.800.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгөө нэхэмжилнэ. ...талийгаачийн оршуулгын зардалд нийт 5.645.200 төгрөгийн зардал гарсан. /1 хх-ийн 22-24 дүгээр тал/
гэрч Г.Эрдэнээ мөрдөн байцаалтын шатанд: “...2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 21 цагийн үед Баянзүрх дүүргийн Улиастайн эцсийн автобусны буудал дээр байхад Улиастайн эцсийн “Улиастай” хүнсний дэлгүүрийн үүдэнд Баярсайхан гэх залууг урьд нь харж байгаагүй махлагшар залуу заамдаад боож байсан. Би очоод “чи ядарсан аав шигээ хүнийг яагаад байгаа юм бэ” гээд нөгөө залууг татаад салгатал нөгөө залууг дийлэхгүй болохоор нь дүү Хатанбүүвэйг утсаар дуудаад өөрөө гэрийнхээ гадаа очоод дүүгээ дагуулж очоод дэлгүүрээс ус авахуулаад нүүрний цусаа угааж байтал нөгөө шар махлаг залуу Баярсайханг барьж аваад боогоод байсан. Нэг хартал нөгөө махлаг шар залуу Баярсайханыг газар унагаасан дээр нь гарсан толгойгоор нь цемент мөргүүлэхэд “түг” гээд дуу гарсан. Манай дүү Хатанбүүвэй очоод салгатал жолооч нар “чи болиоч, хүн аллаа” гэхэд нөгөө залуу явсан. Тэгээд манай дүү намайг аваад явсан. ...Би тэр залууг салгах гэтэл намайг шууд цохисон. Б.Баярсайхан тэр залуутай юунаас болж маргалдсан талаар би мэдэхгүй. Намайг очиход барилцаж аваад зогсож байсан.Миний зүүн нүд хөхөрсөн, баруун хөмсөг халцарсан, зүүн чихнээс булаг гараад байгаа. ...тухайн үед Мягмарсүрэн гэх залуу нилээн согтуу Улиастайн хуучин эцэс дээр “муу бааснууд юу юм бэ, Улиастайн хулгайчуудыг ална шүү” гээд орилоод явж байсан чинь Баярсайхан бас согтуу явж таарсан юм. ...Баярсайханыг Мягмарсүрэн Улиастайн хуучин эцсийн “Улиастай” гэдэг хаягтай ногоон дэлгүүрийн урдхан талд цементэн дээр толгойгоор нь тасхийтэл хүчтэй түлхэж унагаагаад дээр нь гараад толгойг нь дахиад мөргүүлсэн. ...Баярсайханы толгой нь ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан чигтэй хэвтэж байсан. Би яагаад сайн мэдэж байна гэхээр би Баярсайханыг ухаан алдсаных нь дараа дээрээс нь сэрээх гээд ус хийсэн юм...”/1-р хх-ийн 32, 227/,
гэрч М.Хатанбүүвэй мөрдөн байцаалтын шатанд: “...2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 21 цагийн орчим гэртээ байж байхад нагац ах Эрдэнээ утсаар залгаад “чи гэртээ ирсэн үү, хаана байна” гэхээр нь “би сая гэртээ ирлээ, одоо машиныг чинь аваачиж өглөө” гэхэд Эрдэнээ ах “чи машин Улиастайн эцэс дээр аваад ир” гэхээр нь би хашаанаас гартал Эрдэнээ ах өөрөө хашааны гадна ирэхээр нь хартал Эрдэнээ ахын зүүн нүд нь цус хурсан байхаар нь “та нүдээ яасан юм бэ” гэхэд “ах нь сая хүн өмөөрч байгаад хүнд цохиулчихлаа” гэхээр “хаана, хэнд цохиулсан юм бэ” гэхэд “хуучин эцэс дээр” гэхээр нь би Эрдэнээ ахтай “Улиастай” дэлгүүрийн гадаа очоод “аль хүнд цохиулсан юм бэ” гэхэд Эрдэнээ ах “Улиастай” дэлгүүрийн үүдэнд зогсож байсан 170-175 орчим өндөртэй, махлаг шар царайтай, халамцуу, хар куртиктэй, хөх цайвар жинсэн өмдтэй, шоотой цагаан малгайтай залуу байсан. Би хажуугаар нь гараад дэлгүүрээс цэвэр ус аваад Эрдэнээ ахын гарыг нь угаалгаад байж байхад миний хойд талд нөгөө шар махлаг залуу талийгаач Баярсайхантай заамдалцаад бие биеэ түлхээд байсан. Шар залуу Баярсайханы дээр нь өнхөрч унаад босохдоо Баярсайханы толгойноос хоёр гараараа барьж байгаад дагзаар нь газар цементэн дээр саваад “түг” гээд чимээ гарсан. Тэгэхээр нь би очоод нөгөө шар залууг түлхэж унагаагаад холдуулсан. Тэгтэл Баярсайхан нь дээшээ хараад хэвтсэн хурхираад байсан.Таксины жолооч нар нөгөө шар залууг “чи хүн алчихлаа, цагдаа дууд” гээд орилсон. Намайг явтал Баярсайхан ухаангүй, амьсгаатай хэвтээд байсан. Тэгээд би гэртээ харьсан. Маргааш нь би өглөө дэлгүүр орох гээд явж байхад Баярсайхан ахтай таарахад хоёр нүд улаан болсон, царай нь цонхигор явж байхаар нь “таны бие гайгүй юу” гэхэд “ахынх нь толгой хөдөлсөн юм шиг байна” гээд надаас тамхи аваад явсан. ...Намайг байхад тэр залуу руу хүмүүс дайрч цохиж зодсон зүйл байхгүй, би Эрдэнээ ахыг дуудахад л очсон. Тэрнээс өмнө юу болсныг мэдэхгүй, мөн намайг явсны дараа юу болсныг мэдэхгүй байна. ...Эрдэнээ ахыг болон Баярсайханыг зодсон залуу согтуу байсан. Баярсайхан болохоор байнга уугаад явж байдаг болохоор эрүүл согтууг нь мэдээгүй, уучихсан л байсан байх...”/1-р хх-ийн 26-31/,
гэрч Ш.Сугарын мөрдөн байцаалтын шатанд: “...оройн 22 цагийн үед Улиастайн хуучин эцэст хүн буулгаад “Улиастай” хүнсний дэлгүүрийн үүдний зогсоолд ирж зогсоход нэг танихгүй тарган шар залуу Эрдэнээ гэх таксинд явдаг залуутай барьцалдаад зодолдож байсан. Тэгээд манай таксинд явдаг жолооч нар салгасан юм. Тэгтэл тэр танихгүй шар залуу “Улиастай” дэлгүүрийн урд зогсож байсан Баярсайхантай барьцалдаад эхэлсэн.Тэр үед миний урд нэг машин зогсож байсан болохоор би сайн харж чадаагүй. Тэгээд л хэдхэн секундын дараа “тас” хийх дуу гарсан. Би гайхаад машинаасаа буугаад очтол талийгаач Баярсайхан дээшээ харсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Хажууд нь тарган шар залуу зогсож байсан...” /1-р хх-ийн 33/,
гэрч Д.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд: “...оройн 21.00-оос 22 цагийн хооронд манай дэлгүүрт орж ирсэн хүмүүс гадаа бөөн шуугиан болж байна гэж хоорондоо ярьж байсан. Ер нь орой болох үеэр хөл хөдөлгөөн ихсээд ирдэг. Тэгээд хүмүүс цөөрөөд ирэхээр нь би дэлгүүрийнхээ төмс, ногоог цэгцлэх гээд боссон юм.Тэгээд санамсаргүй үүд рүү харахад талийгаач Баяраа манай дэлгүүрээс 25 метр орчим зайд дээшээ хараад хэвтэж байсан.Тэгэхээр нь би согтуу хэвтэж байна гэж бодоод өнгөрсөн. Ер нь Баяраа гэх залуу энэ хавиар байнга архи уугаад явж байдаг юм. ...Өчигдөр буюу 2016 оны 6 дугаар сарын 8-ны өглөө согтуу явж байхыг нь би цонхоор харсан юм. Тэрнээс хойш хараагүй. Би дэлгүүрийнхээ хөшигийг 21.00 цагт хаадаг юм.Талийгаач Баярааг хүнтэй зодолдсон байхыг хараагүй. Би зөвхөн хэвтэж байхыг нь харсан. ...харин маргааш нь Баярсайханыг хүнд зодуулсан гэж манай дэлгүүрээр орж ирсэн хүмүүсээс сонссон...” /1-р хх-ийн 34/,
гэрч Б.Батсайхан мөрдөн байцаалтын шатанд: “...Би талийгаач Б.Баярсайханы төрсөн ах нь юм. 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр эгч Мөнхцэцэгийнд хоносон юм. Тэгээд 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр өглөө эгчийндээ байхад манай эгчийн охин Шинэ-Эрдэнэ гаднаас ажлаасаа буугаад орж ирээд “Хүүе Баярсайхан ах хуучин эцэс дээр унаж татаад уначихсан гэнээ, сая намайг хуучин эцсээс хүргэсэн жолооч сахал Ууганаа хэллээ” гээд “түргэн дуудчихсан гэж байна” гэхээр нь би эгчийнхээс гараад хуучин эцэс дээр явж очиход Баярсайхан ногоон гуанзны үүдэнд зогсож байсан. Самбарын тэнд юм уншаад байгаа юм уу гэж харагдсан. Тэгээд яваад очиход хүзүү нь мушгираад татаад шууд газар өнхрөөд ойчих гэхээр нь би тосоод гарнаас нь барьж аваад эвтэйхэн хэвтүүлсэн. Тэгтэл миний зүс таних PC тоглоом тоглуулдаг Отгонтөгс хүүхдээ салхилуулж яваад бид хоёрыг харчихаад “Яасан бэ дахиад уначихсан уу” гэхээр нь “харин тиймээ” гэсэн чинь “түргэн дуудъя” гэжд өөрийнхөө утсаар дуудлага өгсөн. ...түргэний эмч Баярсайхан бид хоёрыг аваад шууд “Энэрэл” эмнэлэгт хүргэж өгсөн. Баярсайханыг бичиг баримтгүй болохоор дүүрэг болон бусад эмнэлгүүд авах боломжгүй гэсэн.Тэгээд “Энэрэл” эмнэлэгт 11 цаг өнгөрч байхад очоод хүлээн авах дээр нь орсон.Баярсайханыг хүлээн авахын өрөөнд оруулаад намайг “та цаанаа байж бай, энэ хүнийг ямар ч байсан үзээд эм тариа хийгээд жаахан хэвтүүлж харзнах шаардлагатай байна” гэсэн. Тэгээд би үүдэнд хүлээж сууж байгаад нэг шагайсан чинь Баярсайхан ухаан орчихсон дусал залгуулчихсан хэвтэж байсан. Тэгсэн чинь Баярсайхан намайг хараад “ах та хэзээ хүрээд ирэв ээ” гэхээр нь “ах нь чамтай өглөөнөөс хойш цуг явж байна шүү дээ” гэсэн чинь “би юу ч мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд үдээс хойш сувилагч нь бололтой эмэгтэй Баярсайханыг дагуулчихсан гарч ирээд “Энэ хүнтэй явж байгаа хүн байна уу” гэхээр нь “байна” гэсэн чинь “одоо явч болноо” гэхээр нь би Баярсайханыг аваад “Энэрэл” эмнэлгээс гараад явж байсан чинь хуучин эцсийн буудлын ард Баярсайхан дахиад ухаан алдаад татаад уначихсан. ...Тэгээд гэртээ очоод уртаар 2 удаа амьсгаа аваад нас барчихсан. ...Бат-Эрдэнийд очиж утсаар нь 103 луу би өөрөө ярьж дуудлага өгсөн....тэгээд түргэн ирэхээр нь би эцэс дээрээс тосч аваад гэртээ ирсэн, түргэний эмч үзээд “наад хүн чинь нас барчихсан байна шүү дээ” гэж хэлээд цагдаад дуудлага өгч байсан. ...Талийгаач дүү маань “Энэрэл” эмнэлгээс гараад явж байхад “ахаа миний толгой хүзүү хөшөөд, их л ам цангаад байна, би дахиж архи уухгүй” гэж хэлж байсан. Тэгэхэд бие нь их сул байсан, миний ажигласнаар бие нь их зовиуртай юм ярих ч хэцүү байх шиг байсан, өөр зүйл хэлээгүй, би ч тухайн үед архины хордлого болчихсон байх гэж бодож байсан болохоор хэн нэгэнд зодуулсан цохиулсан талаар талийгаачаас тухайн үед нь юм асуугаагүй. ...Нас барсаных нь дараа өдөр нь Баярсайханыг 6 дугаар сарын 7-ны өдөр л махлаг шар залууд зодуулсан гэж сонссон...” /1-р хх-ийн 38-41/,
гэрч Ч.Дашдорж мөрдөн байцаалтын шатанд: “...Талийгаач Баярсайхан бид хоёр бол найзууд юм. ...Баярсайханыг нас барахын өмнөх өдрийнх нь орой 00 цаг өнгөрч байхад Эрдэнээ ах, Ариукаа бид 3 архи уугаад халамцуу Баярсайханы гэрт нь очсон. Очиход гэр нь харанхуй байсан.Тэгээд асааргуураар гэрэл гаргасан чинь Баярсайхан хойд талынхаа орон дээр хэвтэж байсан. Баярсайхан “та нар наагуураа хэвтчихгүй юу” гэсэн. Маргааш өглөө нь Баярсайхан, Эрдэнээ ах хоёр цай чаначихсан намайг “босоод цай уугаарай” гэхээр нь би нэг балгаад “наанаа тавьчих” гэж хэлээд эргээд хэвтээсэн. ...тэгээд намайг очсон чинь Баярсайхан татаж унаад харин ах Батсайхан нь яг таараад түргэн дуудаад ирээд аваад явлаа гэж ярьж байсан. ...таксины жолооч нар “Баяраа чинь амьд уу” гэхээр нь “яасан юм бэ” гэсэн чинь “өчигдөр Баярааг нэг залуу зодоод Улиастайн төвийн Эрдэнээ өмөөрөөд салгасан чинь Эрдэнээг нөгөө залуу нүдийг нь цохичихсон” гэж хэлэхээр нь хэн юм бэ гэж намайг асуусан чинь “нэг бүдүүн шар махлагдуу залуу” гэж хэлсэн.Тэгээд би очсон чинь Баярсайхан хашаан дотроо хэвтэж байхаар нь яваад очтол гэрээс Батсайхан ах гараад ирсэн. Тэгээд надад “Баяраагийн бие муу байна, хэвтчихээд босохгүй явж чадахгүй байна, хоёулаа өргөөд оруулчихъя” гэхээр нь бид хоёр Баярааг өргөөд гэрт нь оруулсан. ...Баярсайханы бие гэнэтхэн дуугарах шиг болоод эвгүй болсон чинь Батсайхан ах юу болж байна гээд очоод толгойг нь барьснаа “түргэн дуудъя” гэсэн.Тэгээд би нэг хэсэг зүүрмэглэчихсэн байсан ба нэг мэдсэн түргэн ирчихсэн “нaaд хүн чинь өнгөрчихсөн байна гэж хэлсэн...” /1-р хх-ийн 225-226/,
гэрч Д.Галаа мөрдөн байцаалтын шатанд: “...Би Баянзүрх дүүргийн 6 дугаар цэцэрлэгт манаачаар ажилладаг. Цэцэрлэг амраад би хувийнхаа 51-04 УБВ улсын дугаартай “Тоёота Раун” загварын машинтайгаа Улиастайн хуучин эцэс дээрээс халтууранд явдаг юм.2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 21-22 цагийн хооронд махлаг шар залуу /Г.Мягмарсүрэн/ манай таксины Эрдэнээг цохисон. Эрдэнээ ч зөрүүлээд цохиод зодолдож байсан....би салгачихаад хүн аваад ойрхон явчихаад буцаад Улиастайн хуучин эцэс дээр ирэхэд нөгөө махлаг шар залуу манай тэр хавиар архи уугаад явж байдаг Баярсайхан гэх залуутай барьцалдаад өөд өөдөөсөө харсан байдалтай зогсож байсан. Машинаасаа буугаад ирэхэд Баярсайхан газар ухаангүй хэвтчихсэн нөгөө шар залуу дээрээс нь босч ирээд шууд миний машины урдаас чигтэй ойртож ирэхээр нь би тэр залууд “Чи хүн алчихлаа шүү дээ, чи ёстой арчаагүй залуу байна, архичинд эр бяраа гаргаад байхдаа яахав дээ” гэж нилээн чанга дуугаар хэлсэн. Тэр залуу над руу юу ч яриагүй. Тэгээд би Баярсайхан дээр очиход ухаангүй дээшээ харчихсан хэвтэж байхаар нь би цаас нугалаад толгой доор нь ивж өгсөн. /1-р хх-ийн 44-45/,
гэрч Ц.Ганхүрэл мөрдөн байцаалтын шатанд: “...2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 16 цаг өнгөрч байхад би өөрийнхөө 12-44 ДАР улсын дугаартай “Тоёото Платз” загварын машинтайгаа Улиастайн хуучин эцэс дээр зогсож байсан чинь цуг таксинд явдаг Эрдэнээ намайг гэртээ хүрээд ир гэхээр нь би гэрт нь очсон чинь гэртээ ганцаараа халамцуу сууж байсан. Тэгээд би тэднийхээс зурагт аваад Эрдэнээтэй цуг манай гэрт ирсэн. Тэгээд би зурагтаа тавьчихаад Эрдэнээд “чи манайд хэсэг унтчихгүй юу” гэсэн чинь “үгүй, гэртээ харина” гэхээр нь хуучин эцэс дээр Эрдэнээг буулгаад тэнд зогсож байгаад нэг хүн аваад “Горхи” руу хүн хүргэж өгөхөөр явсан. Тэгээд Улиастайн хуучин эцэс дээр ирсэн чинь Эрдэнээ хүнд зодуулчихсан гээд нүүр, гараа угаагаад дүүтэйгээ зогсож байсан. ...Тэгэхээр нь би “яасан юм бэ” гэсэн чинь Эрдэнээ “Баярсайханыг хүн зодохоор нь би өмөөрөөд салгасан чинь намайг энэ залуу зодоод гэхээр нь харсан чинь махлагдуу шар залуу цаана зогсож байсан. Урьд нь ганц хоёр удаа харж байсан залуу байсан. Тэгээд би буцаад хүн аваад гахайн байр луу явчихаад ирсэн чинь хар Баярсайханыг нөгөө шар залуу арагш нь толгойгоор нь савж унагаагаад Баярсайхан удаан хэвтэж байгаад босч ирсэн гээд тэр хавьд байсан жолооч нар ярьж байхыг сонссон...” /1-р хх-ийн 46-47/,
гэрч Л.Эрдэнэдаваа мөрдөн байцаалтын шатанд: “...2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 16-17 цагийн үед Улиастайн хуучин эцэс дээр 2 шил пиво уучихсан явж байхад манай таксинд явдаг Эрдэнээ Мягмарсүрэн нар барилцаад авчихсан байж байхад нь би очоод салгасан. Тэгэхэд Эрдэнээ тэр залуу нүд рүүгээ цохиулчихсан хавдчихсан байсан. Тэгээд “юунаас болсон юм бэ” гэсэн чинь Эрдэнээ “энэ залуу Баярсайханыг дээрэлхээд байхаар нь өмөөрсөн юм” гэж хэлсэн. Нөгөө шар залуу хар Баярсайханы дээр нь гарчихсан ноцолдож байсан. Тэгэхээр нь би “Чи энэ муу ядарсан амьтныг дээрэлхээд байхдаа яадаг юм бэ” гээд салгах гээд очих гэсэн чинь манай хүүхдийн найз Дэлка гэх залуу “Та боль, ийм юмнуудтай зууралдаад яадаг юм бэ” гээд намайг аваад явсан. Маргааш нь хуучин эцэс дээр ирэхэд нөгөө шар залуу чинь хар Баярсайханыг дагзаар нь унагаагаад юм мөргүүлээд гэж ярьж байсан. ...дараахан нь Баярсайханыг нас барчихсан гэж сонссон. Тэр залууг урьд нь харж байгаагүй...”/1-р хх-ийн 48-49/,
гэрч Ц.Мөнх-Алдар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр үүрэг гүйцэтгэж байхад 11 цаг 28 минутад “Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн хуучин эцсийн буудал дээр архины хордлого, татаад байна” гэсэн дуудлагыг 99799178 дугаарын утсаар Отгонтөгс гэх хүн өгснийг хүлээн авч хаягийн дагуу очиход хуучин эцсийн зүүн талд 40 орчим насны эрэгтэй хүн сууж байхад нь очиж уулзсан. Тэр хүн татахаа больчихсон байсан. Тэгээд би тэр хүнийг түргэний машиндаа оруулаад даралт, пульсийг нь үзээд, үзлэг хийж валидол эм өгсөн. Ямар зовиур байна гэж асуусан, тэгэхэд нэг их юм ярихгүй байсан. Тухайн үед архины хордлогын шинж байсан, бусад юм ажиглагдаагүй. Тэр хүн нь нилээн архи уудаг царай зүстэй хүн байсан. Тэгээд би “та одоо архи уухгүй гэртээ харьж амар” гэсэн зөвлөгөө өгөөд дараагийнхаа дуудлаганд явсан. Тэгээд “Дуудлага дууслаа дараагийн дуудлага байна уу” гэж холбогдоход “Чиний түрүүний очдог дуудлага чинь дахиад ирсэн, нөгөө хүн чинь дахиад татаад байна гэнэ” гэхээр нь би буцаад Улиастайн хуучин эцэс дээр яваад очиход замын баруун талд дэлгүүрийн урд Баярсайхан хажуу тийшээгээ хараад хэвтэж байсан. Би “энэ хүн татсан юм уу гэж асуухад ах нь болон буудал дээр байсан хүн “наад хүн чинь сая таталт өгөөд байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ер нь эмнэлэгт аваачиж хордлого тайлах эмчилгээ хийлгэе, “энэ хүний бичиг баримт, хордлого тайлах төлбөр байна уу” гэхэд ах нь “байхгүй” гэж хэлсэн. Тэгээд тэр хүнийг ахтай нь цуг авч яваад “Энэрэл” эмнэлэг дээр 11 цаг 55 минутын үед очоод хүлээн авахын эмчид нь хүлээлгэж өгөөд явсан юм...” /1-р хх-ийн 52/,
гэрч М.Мэндбаяр мөрдөн байцаалтын шатанд: “Би 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр “Энэрэл” эмнэлэгт хүлээн авах, эрчимт эмчилгээний их эмчээр сувилагч Туяацэцэгийн хамт үүрэг гүйцэтгэж байсан. 11 цаг 45 минутад 103-аас Б.Баярсайхан гэж хүн хүргэгдэн ирсэн. Баярсайханы биед артерийн даралт, зүрхний цохилт, хүчилтөрөгчийн хангамж, биеийн халуун зэрэг амин үзүүлэлтүүдээр үзлэг хийхэд артерийн даралт нь 110/80, хүчилтөрөгчийн хангамж 98 хувь, зүрхний цохилт 114, биеийн халуун 36,8 ухаантай байсан. Тэр хүн юм асуухад бүдгэвтэр сул цөөн үгээр хариулж байсан. Олон хоног архи уусан архины хордлоготой байна гэж үзээд хордлого тайлах Витамин В15 гр, В65 гр тариаг Натри хлоридын 500 гр-ын дусалд хольж судсаар явуулсан. Дараа нь Калисмес 250 мл-ийг судсанд дуслаар, дараа нь Седуксин 2 гр-аар судсаар тус тус хийж биеийн байдлыг ажигласан. Энэ эмчилгээний дунд би 13 цагийн үед дахин тэр Баярсайхан гэх хүнийг үзэхэд амин үзүүлэлтүүд тогтвортой хэвийн байсан учир “явж чадах уу” гэж асуухад “чадна” гэсэн. Тэгээд 15 цаг 50 минутын орчим зөвлөгөө өгөөд явуулсан. ...Манайд ирэхдээ ухаан бүдгэвтэр, гэхдээ огт ухаан алдсан зүйл байхгүй, асуултад цөөн үгээр сул хариулж байсан. Олон хоног архи уусан гэж байсан, архины хордлогын шинж тэмдэг байсан. Таталт өгөөгүй, үе мөч нь жаахан чанга байсан учир Седуксин судсаар тарьсан. Манай эмнэлэгт тархины гэмтлийг шууд оношлох багажийн шинжилгээний аппарат /КТГ, MRU/ байдаггүй, гэхдээ оношийг тогтоох зорилгоор үзлэгийг дээр хэлсэнчлэн амин үзүүлэлтүүдээр үзэхэд үзүүлэлт нь тогтвортой, тархины гэмтэл авсан гэх тархины гэмтлийн шинжүүд илрээгүй байсан. Тархины гэмтлийн шинж тэмдэг илрээгүй, амин үзүүлэлтүүд тогтвортой хэвийн байсан учир Архины хордлогын 3-р зэрэг гэсэн онош тавьсан. Хамгийн хүнд нь 4-р зэрэг гэж үнэлдэг...” /1-р хх-ийн 53-54/,
гэрч Н.Золжаргал мөрдөн байцаалтын шатанд: “...2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр намайг ээлжинд гарч байхад манай Баянзүрх дүүрэг дэх салбараас 16 цаг 38 минутад Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, сургуулийн 1307 тоот Улиастайн хуучин эцэс “Гэрэл” дэлгүүрийн үүдэнд “хүн ухаан алдаад татаад байна” гэсэн дуудлагыг аваад 17 цаг 40 минутанд Улиастайн хуучин эцсийн гудамжинд байх “Тэрэл” гэдэг дэлгүүр дээр очиход ямар нэгэн хүн байгаагүй, тэр дэлгүүрийн үүдэнд Сургуулийн 1307 тоот хашаа байсан. Тэгээд тэр хавиар машиныхаа дуут дохиог ажиллуулахад ямар нэгэн хүн гарч ирээгүй, хашааных нь хаалга нь онгорхой, дотор нь гэр байсан ба цоожтой байх шиг байсан. Тэгэхээр нь би дуудлага өгсөн 96908557 дугаарын утас руу залгаад “103 дуудсан уу” гэхэд “би хажуугаар нь өнгөрч явж байхад нэг хүн дуудлага өгчих гэсэн гэлүү, хүн татаад байхаар нь дуудлага өгсөн гэлүү нэг тийм юм хэлсэн”, тэгээд тэр дуудлага өгсөн утасны эзэн би одоо явчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би энэ тухай Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Баянзүрх салбарын 3 дугаар ээлжийн зохицуулагч Баатарт энэ тухай мэдэгдээд дараагийнхаа дуудлаганд явсан юм...” /1-р хх-ийн 55/,
гэрч Ц.Ганчимэг мөрдөн байцаалтын шатанд: “...Намайг хүүгийнх нь ангийг дааж авсан цагаас хойш Г.Мягмарсүрэн нь манай эцэг эхчүүдэд үлгэр жишээ болохоор залуу юм, яагаад гэхээр гэр бүлийн таарамжтай сайхан харьцаатай, хүүхэд нь жинхэнэ төлөвшиж байгаа хүүгийнх нь зан харьцаа их нөхөрсөг зөөлөн дулаан байдаг. Хүүхэд бол гэр бүлийн толь гэдэг, Г.Мягмарсүрэн болон эхнэр Мөнгөнчимэг нар нь хүүхэддээ анхаарал халамж сайн тавьдаг, сургууль болон эцэг эхийн зөвлөлөөс зохиогдож буй ажилд идэвхтэй сайн оролцдог тийм л залуу юм. ...Их тусч ямарч л гэсэн зохиож буй ажилд ажлаа зохицуулаад л ирдэг хувийн зохион байгуулалт сайтай залуу. Хүнтэй их ойлголцох чадвар сайтай хүн....архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд сургууль дээр ирж байгаагүй, ууж идсэн гэж сонсож ч байгаагүй. Манай эцэг эхчүүд хааяа ууж идэхээр явсан л байдаг тэр дунд Мягаа явдаггүй өөрийн гэсэн бодолтой залуу...” /1-р хх-ийн 70/,
Шинжээч эмч А.Амгаланболд мөрдөн байцаалтын шатанд: “...Талийгаач Б.Баярсайханы үхэлд хүргэсэн гэмтэл болох гавал тархины битүү гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархины гэмтэл нь дагзны баруун талаас хатуу мохоо зүйл үйлчилснээр зүүн дух, баруун чамархай дэлбэнгийн тархины эдийн няцрал үүссэн. Өөрөөр хэлбэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тархи цалгиж гэмтэл няцрал үүссэн. Б.Баярсайханы гавал тархины битүү гэмтэл нь 24 цаг орчмын өмнө үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Уг тархинд учирсан цусан хурааг шинжилгээнд өгөхөд нас барахаас 24 цаг орчмын өмнө үүссэн байх боломжтой, энэ нь 24 цагаас дээшээ доошоо 6 цагийн хэлбэлзэлтэй байдаг. Энэ гэмтэл шинэ гэмтэл юм. Б.Баярсайханы гавал тархинд учирсан үхэлд хүргэсэн гэмтэл бол хүндээ зовиур өгөхгүй, идэвхтэй хөдөлгөөн хийгээд явах боломжтой юм. Тоног төхөөрөмжгүй үед өвчтөнийг тархины гэмтэл авсан голомтот шинж тэмдэг илэрсэн үед л оношлох боломжтой, голомтот шинж тэмдэг илрээгүй үед өвчтөнийг үзээд оношлох боломжгүй, компьютер, томограф MRI зэрэг аппаратаар л тархины эдэд учирсан гэмтлийг оношилно... тархины хатуу хальсан доорх цусан хураа үүссэн тохиолдолд тархи дарагдал ямар нэгэн голомтот шинж тэмдэг илэрдэггүй. Тэгэхээр уг гавал тархины гэмтлийг авсан хүний амин үзүүлэлтүүд хэвийн байна. Энэрэл эмнэлгийн эмчийн хувьд мэргэжлийн алдаа гаргасан зүйл байхгүй, эмчийнхээ хувьд тухайн өвчтөн /Б.Баярсайханд/ бодит үзлэг хийхэд биеийнх нь амин үзүүлэлтүүд хэвийн байсан, мөн тархины хүнд гэмтэл авсан гэх голомтот шинж тэмдгүүд илрээгүй байсан тул оношлох боломжгүй байсан байна. Мөн Энэрэл эмнэлэгт тархины гэмтлийг оношлох КТГ, MRI зэрэг аппаратууд байхгүй. Эмч өөрийнхөө стандарт шаардлагын дагуу зохих эмчилгээ, тусламжийг үзүүлсэн...” /1-р хх-ийн 76-77/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “…талийгаач Б.Баярсайханы биед гавал тархины битүү гэмтэл, тархины баруун зулай чамархай хэсгийн тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдалт, зүүн дух, баруун чамархай дэлбэнгийн тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, дагзны баруун хэсгийн хуйхан доорх цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болно.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин илрээгүй…” болохыг тогтоосон шинжээчийн 1086 тоот дүгнэлт /1 хх-ийн 83-84/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “…Шинжилгээнд ирүүлсэн “А-8116 Г.Мягмарсүрэн” гэж хаягласан цусанд 1,7 промилли спиртийн агууламж илэрсэн…” болохыг тогтоосон шинжээчийн 5151 тоот дүгнэлт/1-р хх-ийн 86/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Г.Мягмарсүрэн гэж хаягласан цус нь А/П/ бүлгийн харьяалалтай”болохыг тогтоосон шинжээчийн 5150 тоот дүгнэлт/1-р хх-ийн 87/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Талийгаач Б.Баярсайханыг үхэлд хүргэсэн тархины баруун зулай чамархай хэсгийн тархины хатуу хальсан доорх цусан хураа нь нас барахаас 24 цаг орчмын өмнө үүссэн байх боломжтой байна. Талийгаач Б.Баярсайханд 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр цаг алдалгүй гавал тархины мэс заслын эмчилгээ хийсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой байжээ. Энэрэл эмнэлэгт тоног төхөөрөмж, мэргэжилтэн байхгүй учраас гавал тархины гэмтлийг оношлох боломж муутай. Энэрэл эмнэлгийн 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн яаралтай тусламжийн 000091 тоот хуудаснаас үзэхэд тухайн үед Б.Баярсайханы биед гавал тархины гэмтлийн голомтот шинж илрээгүй байсан учраас Энэрэл эмнэлгийн эмч гавал тархины гэмтлийг оношлоогүй байна. Хэрэв гавал тархины гэмтлийн голомтот шинж тэмдэг болох ухаан алдах, хүүхэн хараа нэг талд өргөсөх, нүүрний нэг тал сулрах, нэг талын гар хөл саажих, мэдээгүй болох зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гэмтлийн нарийн мэргэжпийн эмнэлэг рүү яаралтай шилжүүлэх шаардлагатай...” болохыг тогтоосон шинжээчийн 1238 тоот дүгнэлт /1-р хх-ийн 91-92/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн “Г.Мягмарсүрэн нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Г.Мягмарсүрэн нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. СЭМҮТ-н
сэтгэцийн эмчийн хяналтад байдаг гэх баримт үгүй байна. Г.Мягмарсүрэн нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.Мягмарсүрэн нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Г.Мягмарсүрэн нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай
байсан” болохыг тогтоосон шинжээчийн 621 тоот дүгнэлт /1-р хх-ийн 98-100/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 10/ зэрэг хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Г.Мягмарсүрэнгийн гэм буруу, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Давж заалдах шатны шүүхэд ялтан Г.Мягмарсүрэн, түүний өмгөөлөгч М.Идэрхангай, Н.Сосорбурам нарын гаргасан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг судлан үзвэл:
Ялтан Г.Мягмарсүрэн, түүний өмгөөлөгч М.Идэрхангай, Н.Сосорбурам нарын “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан хорих ялаас хасч өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий гомдлуудыг хүлээн авах боломжгүй болно.
Учир нь анхан шатны шүүхээс ялтан Г.Мягмарсүрэнд хорих ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон бусад хувийн байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн болон хэргийн нөхцөл байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Г.Мягмарсүрэндтухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг оногдуулж, хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна” гэсэнтэй нийцэж байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан бол шүүх тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болно…” гэж заасан нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах ёстой гэсэн үүрэг болгосон заалт биш юм.
Хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоосон, анхан шатны шүүх ялтны гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ зөвхөн ялтан Г.Мягмарсүрэнгийн мэдүүлгийг үндэслэл болгоогүй, түүний мэдүүлгээс гадна дээр дурдсан хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч нарын мэдүүлэгтэй нийцэж байгаа мэдүүлгийг үнэлж, дүгнэлт хийсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол үндэслэлтэй болсон байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Г.Мягмарсүрэн, түүний өмгөөлөгч М.Идэрхангай, Н.Сосорбурам нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: