Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 361

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн Б.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төмөр зам дах Цагдаагийн газрын даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Төмөр зам дахь цагдаагийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/91 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож бичүүлэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Н нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Т би Төмөр замын цагдаагийн газарт цагдаа зохицуулагчаар 2016 оны 02 дугаар сард ажилд орсон. Тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд 2016 сарын 11 дүгээр сарын 25-ны өдөр ээлжийн амралттай байх хугацаандаа Төв аймгийн Зуунмод хотод байх гэртээ байхдаа архидан согтуурч захиргааны зөрчилд холбогдсон. 

Гэтэл Төв аймгийн цагдаагийн газраас Төмөр зам дахь Цагдаагийн газарт миний захиргааны зөрчлийн талаар мэдэгдсэнээр Төмөр зам дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Б 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/91 тоот тушаалаараа намайг “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 8.1, 8.3, 8.6, 12.12 дахь заалтуудаар ажлын бус цагаар ээлжийн амралттай байх хугацаандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэн саатуулагдаж, бусадтай зүй бус харьцан цагдаагийн алба хаагчийн ёс зүйг зөрчсөн гэж үзэж, төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас хууль бусаар халсанд гомдолтой байна. 

Би ээлжийн амралттай байх хугацаандаа гэр орондоо амарч, найз нөхдүүдтэйгээ уулзаж иргэнийхээ эрхийг эдэлж байсан бөгөөд төрийн тусгай албан хаагчийн хувиар албаны ямар нэг үүрэг гүйцэтгээгүй байсан. Цагдаагийн алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа өргөдөл, гомдлын үндсэн дээр албаны шалгалт хийж, зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэдэг. Гэтэл хэн нэгэн иргэн Цагдаагийн албан хаагч Б.Т миний албаны үйл ажиллагаатай холбоотойгоор гомдол гаргасан зүйл байхгүй. Би захиргааны зөрчилд холбогдсон үйлдэлдээ албадан саатуулагдаж, торгуулж, эцэст нь ажлаасаа халагдсан. Өөрөөр хэлбэл нэг зөрчилд 3 удаа шийтгэл хүлээсэн. Албаны шалгалт хийгээд зөрчлийн шинж байдлыг үнэлж дүгнээд Зөвлөлийн хуралдаанд гаргасан санал нь “Албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах”-аар танилцуулж гарын үсэг зуруулсан байтал Газрын даргын саналаар ажлаас халсан зэрэг нь хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх үндсэн хууль, шударга ёсны заалтуудыг зөрчиж ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна. 

Төв аймгийн Цагдаагийн газар болон хариуцагч талаас гаргасан баримтуудад Б.Т нь цахилгаанчны эрх чөлөөнд халдсан, согтуугаар зодож танхайрсан, хоолойг нь боосон гэсэн 3 янзын үйлдлийг хэлдэг. Төмөр зам дахь Цагдаагийн газрын дарга Н.Б сахилгын дүрмийн 8.1-т заасны дагуу Д.Б-д албаны шалгалт явуулах үүрэг болгосон ба тэмдэглэлд тусгагдсан Д.Б-ийн тайлбараас харахад энэ шалгалтаар Б.Т нь тухайн иргэнийг зодоогүй, биед нь гэмтэл учраагүй, хоолойг нь боогоогүй ба зөвхөн заамдаж авсан нь тогтоогдсон. Иймд Б.Т нь ямар учраас ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна. Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 8.1-т зааснаас үзвэл хуралдаанаар хэлэлцэх эсвэл дарга шууд тушаал гаргаж ажлаас халах зохицуулалттай. Төмөр зам дахь Цагдаагийн газрын дарга Н.Б шууд халах эрх мэдлээ хэрэгжүүлэлгүйгээр албаны шалгалт явуулах үүрэг өгч, зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж байгаа нь нөхцөл байдлыг тодруулах зорилготой байсан гэж үзэж байна. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд Б.Т нь ээлжийн амралттай байсан, Д.Б-ийн биед гэмтэл учруулаагүй, хоолойг нь боогоогүй гэдэг нь тогтоогдсон бөгөөд албан шалгалт явуулсан албан тушаалтан нь ажлаас халахгүйгээр цалингийн хувиар хасах сахилгын шийтгэл оногдуулах санал ирүүлсэн. Иймд Төмөр зам дахь цагдаагийн газрын даргын шууд ажлаас халсан  сахилгын шийтгэл нь хүндэдсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэж байна.

Мөн Төв аймгийн Цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26.1.2-т заасныг баримтлан Б.Т-т 1 сар цалингийн 10 хувиар хасах сахилгын шийтгэл оногдуулсан. Иймд Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хууль, Цагдаагийн сахилгын дүрэмд тус тус заасан сахилгын шийтгэл давхардуулж оногдуулж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн.

Мөн Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрэмд сахилгын шийтгэлийг заавал шат дараалан авах зохицуулалт байхгүй ч гэсэн ёс зүйн зөрчлийг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзахгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь хүндэдсэн.

Б.Т нь 12 дугаар сарын 06-ны өдрийн ажлаас халах тушаалыг 12 дугаар сарын 12-ны өдөр танилцан гарын үсэг зурсан гэсэн боловч  Б.Т нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан ба  Цагдаагийн ерөнхий газрын даргын 01 дүгээр сарын 26-ны өдрийн албан бичгийг 01 дүгээр сарын 30-нд гардаж авсан баримтууд байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрээгүй. Мөн Б.Т нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авснаар захирамж гарсан бөгөөд энэ нь захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарласан захирамж биш гэдгийг тайлбарлая. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Т нь 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Төмөр зам дахь Цагдаагийн газарт цагдаа зохицуулагчаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/91 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн.

Б.Т нь 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн цагдаагийн газарт иргэний эрх чөлөөнд халдаж согтуугаар танхайрсан зөрчлөөр саатуулагдсан гэх мэдээлэл манай цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албаны 244050 дугаар утсанд ирсний дагуу цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Б, дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Б-д албаны шалгалт явуулж нөхцөл байдлыг тодруулан цагдаагийн газрын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг бичгээр үүрэг болгосон.

Б.Т нь 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Зуун мод сумын нэгдүгээр баг 17 дугаар байрны 01 тоот эхнэрийнхээ гэрт цахилгаан тасарсан учир “Цахилгаан сүлжээ төв”-д цахилгаан хэрэглэгчийн зүгээс дуудлага өгсөн. Дуудлагын дагуу цахилгаанчин Д.Б цахилгаан хэрэглэгчийн тогийг холбож өгөхөд Б.Т нь “Тог тастсан дуудлага өгөхөд хурдан ирсэнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргаан үүсгэж цахилгаанчин Д.Б-ийг “ална” гэж заналхийлж заамдан авч хоолойг нь боох гэж ноцолдож олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, хэрүүл маргаан, зодоон үүсгэхийг завдан эрх, эрх чөлөөнд нь халдаж нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн байдаг. Энэ дагуу цахилгаанчин Д.Б эрх чөлөөндөө халдуулж, хэл амаар доромжлуулсан талаараа Төв аймгийн цагдаагийн газрын жижүүрийн албанд 2016 оны 11 дүгээр сарын 26- ны өдрийн 19 цаг 30 минутанд иргэн Б.Т-т холбогдуулан гомдол гаргасан. Гомдлын дагуу хөдөлгөөнт эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.М, дэд ахлагч Ч.Б нар Б.Т-ын гэрт шуурхай очиход цагдаагийн алба хаагч нарын хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, бичиг баримтаа үзүүлэхгүй эсэргүүцэл үзүүлж албан үүргээ биелүүлэхэд нь санаатайгаар саад учруулсан, албан үүрэгтэй нь холбогдуулан цагдаагийн алба хаагчдыг доромжлон заналхийлж “Манай гэрээс зайл, та нар дарга нартайгаа хамт цалингаа 20 хувь хүртэл хасуулахдаа бэлдэж байгаарай буруу хүнээрээ оролдож байна шүү би Нийслэлийн цагдаагийн газарт ажилладаг” гэж албан хаагч нарын дүрэмт хувцаснаас зуурч эсэргүүцэл үзүүлсэн байдаг. 

Мөн Төв аймгийн цагдаагийн газарт эрүүлийн цагдаа нар Б.Т-ыг машинаар хүргэх үед цонхоор орилж хашгиран танхайрсан тул бугуйн гав хэрэглэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учир албадан эрүүлжүүлэн саатуулж зөрчилд нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 10,000 мянган төгрөгөөр торгож арга хэмжээ авсан.

Төмөр зам дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн хэсгийн цагдаа зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч Б.Т нь “Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 12.12-т заасан зөрчлийг үйлдсэн цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн, иргэний эрх чөлөөнд халдаж нийтийн хэв журмыг санаатай зөрчсөн, дуудлага мэдээллийн дагуу очсон мэргэжил нэгт цагдаагийн алба хаагч нарыг хэл амаар доромжилж, заналхийлсэн, төмөр зам дахь цагдаагийн газрын нийт алба хаагч нарын албаны нэр хүндийг гутаан доромжилж ноцтой хохирол учруулж, цагдаагийн алба хаагчид байж боломгүй зөрчлүүдийг гаргасан нь тогтоогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт зааснаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Цагдаагийн алба нь төрийн тусгай алба, Цагдаагийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлд цагдаагийн алба хаагчдад сахилгын дүрмийн хүрээнд хариуцлага ногдуулахаар хуульчилсан энэ дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 869 дугаар тушаалаар Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийг батлан нийтээр дагаж мөрдөн зөрчсөн албан тушаалтанд дүрмийн хүрээнд хариуцлага ногдуулж ирсэн.

Цагдаагийн алба хаагчтай холбоотой иргэнээс ирсэн гомдол мэдээлэлд албаны шалгалт явуулахдаа Монгол улсын хууль зүй дотоод хэргийн сайдын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/238 дугаар тушаалаар баталсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журмын хүрээнд явуулдаг. Журамд сахилга, ёс зүйн зөрчил гаргасан, ажлын хариуцлага алдсан талаар иргэд аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнаас гомдол гаргасан буюу мэдээлсэн, алба хаагч өөрөө хүсэлт гаргасан, цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааны талаар хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд гарсан нийтлэл, мэдээлэл, албаны шалгалт явуулахаар шийдвэрлэсэн удирдах албан тушаалтны шийдвэр, албаны шалгалт явуулах эрх бүхий албан тушаалтан сахилга, ёс зүйн зөрчлийн шинж тэмдгийг өөрсдөө илрүүлсэн, эрүүгийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа тохиолдолд албаны шалгалт явуулахаар тусгасан. 

Иргэн Б.Т нь нэхэмжлэлдээ “Би ээлжийн амралттай байх хугацаандаа гэр орондоо амарч, найз нөхдүүдтэйгээ уулзаж иргэнийхээ эрхийг эдэлж байсан бөгөөд төрийн тусгай албан хаагчийн хувиар албаны ямар нэг үүргийг гүйцэтгээгүй байсан” гэх боловч цагдаагийн алба хаагч нь төрийн тусгай алба хаагч, Монгол улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг сахин биелүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах,  үндсэн үүргээ биелүүлэхээр төр иргэдийнхээ өмнө тангараг өргөсөн, цол хэргэм эдэлж, дүрэмч ажиллагаа, тушаал, захирах захирагдах зарчмаар ажилладаг онцлогтой. Энэ дагуу цагдаагийн алба хаагч нь ажлын болон ээлжийн амралттай байх хугацаандаа цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийг чанд мөрдөн, цагдаагийн албаны нэр хүндийг ямагт өндөрт өргөн иргэний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, хууль дээдлэх зарчмыг мөрдлөг болгон ажиллах үүрэгтэй.

Иргэн Б.Т нь гаргасан зөрчилдөө дүгнэлт хийхийн оронд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт ажиллаж байхдаа 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр албаны эрх мэдлээ урвуулж ашиглан саатуулагдсан 21 тээврийн хэрэгслийг дур мэдэн явуулсны улмаас 3 сар хүртэл 20 хувиар цалин хасуулж, 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үндэслэлгүйгээр автомашин саатуулж асуудлыг шуурхай шийдвэрлээгүй дарагдуулсан зөрчлөөр 3 сар 20 хувиар цалин хасуулж сахилгын арга хэмжээ авагдсан, 2013 оны 01 сарын 28-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын даргын 59 тоот тушаалаар ажлын байрны зорилго, зорилтыг хангаагүй захиргааны зөрчлийн 23 материалыг хянан шалгах ажиллагааг явуулаагүй, захиргааны материалыг хуурамчаар бүрдүүлсэн гэх зөрчлөөр төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагдсан. Халагдсаны дараа мөн л Дорноговь аймгийн шүүхэд ажлаас үндэслэлгүй халсан гэж гомдол гаргасан ч нэхэмжлэлийг нь хангаагүй болно. 

Мөн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайрч Төв аймгийн цагдаагийн газарт эрүүлжүүлэгдэн захиргааны арга хэмжээ авагдсан зэргээс үзэхэд Б.Т нь төрийн алба тэр дундаа цагдаагийн албанд ажиллах ёс зүйн хэм хэмжээ байхгүй нь харагдаж байна. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно” гэж заасныг Б.Т нь зөрчин гомдол гаргах хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн.

Б.Т нь сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн аваад дээд шатны байгууллагад гомдлоо гаргасан. Дээд шатны байгууллага болох Цагдаагийн ерөнхий газраас 2017 оны 01 дүгээр сарын 26 ны өдөр иргэн Б.Т-ын гомдлыг шийдвэрлэн хариуг өгсөн. Иргэн Б.Т нь уг шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах ёстой байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гомдол гаргах хугацаагаа хэтрүүлж 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гомдол гаргах хугацаа хэтэрсэн талаар Төрийн албаны зөвлөл 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр иргэн Б.Т-т бичгээр хариу өгсөн байдаг. Б.Т нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаан биш юм.

Б.Т нь ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд өөрөө нэхэмжлэлээсээ татгалзаж шүүх хэргийг нь шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д заасны дагуу тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй атал дахин Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тухайн асуудлаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17 ны өдрийн 00743 дугаар шүүгчийн захирамжийн 3 дахь хэсэгт тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсан.

Б.Т-ын өмнөх архидан согтуурч танхайрсан зөрчил нь захиргааны зөрчил бөгөөд захиргааны арга хэмжээ авагдсан. Байгууллагын даргын Б/91 тушаалаар Б.Т-ыг ажлаас халж байгаа нь сахилгын шийтгэл учраас үүнд шийтгэл давхардуулж оногдуулсан зүйл байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 13.1.2, 13.1.5 дүгээр зүйлд заасан өргөсөн тангарагтаа үнэнч байх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн албаны соёл дэг журмыг сахина гэсэн заалтуудыг зөрчсөн тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Т “Төмөр зам дахь цагдаагийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/91 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож бичүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. 

Төмөр зам дахь Цагдаагийн газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар Б.Т-ыг цагдаа-зохицуулагчийн албан тушаалд томилсон байна . 

Б.Т нь Төмөр зам дахь Цагдаагийн газарт цагдаа-зохицуулагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймагт байх гэрт нь цахилгаан тасарсан тул дуудлага өгсөн бөгөөд дуудлагаар очсон цахилгаанчны өөдөөс танхайрч Төв аймгийн Цагдаагийн газарт саатуулагдсан гэж тус цагдаагийн газраас Төмөр зам дахь Цагдаагийн газар руу мэдэгджээ . 

Уг мэдээллийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд албаны шалгалт явуулахаар Төмөр зам дахь Цагдаагийн газрын даргын шийдвэр гарчээ . Шийдвэрийн дагуу албаны шалгалт явуулахаар томилогдсон дэд хурандаа Д.Б нь холбогдох этгээдүүдээс тайлбар  авч, шалгалтын дүнг Төмөр зам дахь Цагдаагийн газрын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаан дээр илтгэжээ.  Шалгалтын илтгэх хуудаст “Цагдаагийн ахлах ахлагч Б.Т ээлжийн амралттай байх хугацаанд Төв аймгийн 1 дүгээр баг 17 дугаар байрны 01 тоотод дуудлагаар очсон цахилгаанчин Д.Б-тэй маргаан үүсгэж, цахилгаанчныг заналхийлж, заамдан хоолойг нь боож зүй бус харьцаа үүсгэжээ. Цахилгаанчин Д.Б-ийн дуудлагын дагуу дэд ахлагч М.М, Ч.Б нарыг очиход Б.Т согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд цагдаагийн албан хаагч нарыг гэрээсээ хөөж, зүй бус үйлдэл гарган эсэргүүцэл үзүүлсэн тул тус аймгийн цагдаагийн газарт авчирсан” гэжээ. 

Нэхэмжлэгчийн уг танхайрсан үйлдэлд нь холбогдуулан 10,000 төгрөгөөр торгох захиргааны шийтгэлийг ногдуулжээ . Мөн Төмөр зам дахь Цагдаагийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/91 дүгээр тушаалаар Б.Т-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна .  

Цагдаагийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Цагдаагийн төв байгууллагын даргын бүрэн эрхийг заасан бөгөөд 20.1.3-т “Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм, цагдаагийн хүрээний ба эргүүл, харуулын дүрэм, албаны үйл ажиллагаанд дагаж мөрдөх бусад дүрэм, журам, зааврыг энэ хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн батлах, мөрдүүлэх” гэж заасны дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн  598 дугаар тушаалаар “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм” /цаашид ёс зүйн дүрэм гэх/, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 869 дүгээр тушаалаар “Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрэм”-ийг /цаашид сахилгын дүрэм гэх/ тус тус баталжээ. 

Ёс зүйн дүрмийн 2 дахь хэсгийн 2.3-т “Цагдаагийн алба хаагч нь биеэ авч явах байдлаараа цагдаагийн байгууллагын нэр хүндийг цэвэр байлгахыг ямагт хичээж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин мөрдөх үүрэгтэй”, 4 дэх хэсгийн 4.1.6-д “Ажлын бус цагаар Цагдаагийн байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байх, хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж заасан.

Мөн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Энэ дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь тухайн алба хаагчид Цагдаагийн байгууллагын тухай хуульд заасан сахилгын шийтгэл ноогдуулах, албанаас халж, цолыг хураах үндэслэл болно. Сахилгын шийтгэл ноогдуулахтай холбогдсон харилцааг тусгай журмаар зохицуулна” гэж заажээ.  

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайран, бусадтай зүй бус харьцаж ёс зүйн дүрэмд заасан ёс зүйн зөрчлийг гаргасан байх бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч гарын үсэг зуржээ .  

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...Би ээлжийн амралттай байх хугацаандаа гэр орондоо амарч, найз нөхдүүдтэйгээ уулзаж иргэнийхээ эрхийг эдэлж байсан бөгөөд төрийн тусгай албан хаагчийн хувиар албаны ямар нэг үүрэг гүйцэтгээгүй байсан...” гэж тайлбарлаж байна. 

Б.Т нь 2014 онд “...Би алба хаагчийн сахилга, ёс зүйг чанд сахихаа... тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ” гэж тангараг өргөсөн  бөгөөд тэрээр тангараг өргөсөн өдрөөс эхлэн ёс зүйн хэм хэмжээг өөрийн үйлдэл, үйл ажиллагаандаа өдөр тутам мөрдөж ажиллах үүрэгтэй. Тиймээс нэхэмжлэгчийн уг тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй. 

Цагдаагийн албаны тухай хуулийн /2013 оны/ 41 дүгээр зүйлийн 41.1-д “Цагдаагийн албаны тухай хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн албан хаагчид ял шийтгэл ногдуулахааргүй бол Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын хариуцлага ногдуулна” гэж заасан. 

Сахилгын дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар “Цагдаагийн албан хаагч нь Монгол Улсын хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн акт болон байгууллагын дотоод журам, ажил үйлчилгээний стандарт, цагдаагийн алба хаагчийн тангараг, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин биелүүлэхийг цагдаагийн албан хаагчийн сахилга” гэх бөгөөд үүнийг зөрчсөн тохиолдолд мөн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1-д Цагдаагийн төв байгууллага, харъяа нэгж нутаг дэвсгэр хариуцсан болон тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх ба шаардлагатай гэж үзвэл эрх бүхий албан тушаалтан нь шууд тушаал гаргаж сахилгын шийтгэл ногдуулж болохоор заажээ.  

Нэхэмжлэгч Б.Т нь ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн сахилгын зөрчил гаргасныг Төмөр зам дахь Цагдаагийн газрын дарга Н.Б-ы шалгалт явуулах шийдвэрийн дагуу дэд хурандаа Д.Б-ийн явуулсан шалгалтаар тогтоосон байх бөгөөд зөрчлийг Төмөр зам дахь Цагдаагийн газрын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, Б.Т-ыг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулсан нь дээрх хууль, дүрэмд нийцсэн байна.  

Нэхэмжлэгч нь албаны шалгалт явуулаад гаргасан зөрчилд ногдуулсан сахилгын шийтгэл хүндэдсэн гэж тайлбарлаж байна.  

Хэрэгт авагдсан Төмөр зам дахь Цагдаагийн газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэл  болон Б.Т-ын талаар мэдээллийн санд бүртгэгдсэн зөрчлийн бүртгэлээс  үзвэл:

“- Б.Т нь 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундааны зүйл уусан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үедээ  бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, 

- 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр албаны эрх мэдлээ урвуулж, ашиглан саатуулагдсан 21 тээврийн хэрэгслийг дур мэдэн явуулсны улмаас 3 сар хүртэл цалингийн 20 хувиар хасуулсан, 

- 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үндэслэлгүйгээр автомашин саатуулж асуудлыг шуурхай шийдвэрлээгүй гэх зөрчил гаргаж 3 сар цалингийн 20 хувиар хасуулсан, 

- Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 59 дүгээр тушаалаар ажлын байрны зорилго зорилтыг хангаагүй захиргааны зөрчлийн 23 материалыг хянан шалгах ажиллагааг явуулаагүй, захиргааны материалыг хуурамчаар бүрдүүлсэн гэх зөрчлөөр нэг жилийн хугацаатай төрийн албанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халагдсан.

- Улмаар 2014 онд дахин Дорноговь аймгийн Цагдаагийн газарт цагдаагаар томилогдон ажиллаж байх үедээ 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр архи ууж танхайран эрүүлжүүлэгдсэн” байна.   

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 13 дугаар зүйлийн 13.1.2-т “Өргөсөн тангарагтаа үнэнч байх”, 13.1.5-д “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн албаны соёл дэг журмыг сахина”, 26.1.3-т “Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж заасан хуулийн заалтуудаас үзвэл Б.Түвшинбаярыг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан сахилгын шийтгэл ногдуулсан Төмөр зам дахь Цагдаагийн газрын даргын шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, зөрчлийн шинж байдалд тохирсон байна. 

Нэхэмжлэгч торгох арга хэмжээ авсан атлаа ажлаас халж байгаа нь нэг зөрчилд хоёр арга хэмжээ авсан гэж үзнэ гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д “Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаас үзвэл Б.Т-ыг 10,000 төгрөгөөр торгосон нь захиргааны зөрчилд шийтгэл ногдуулсан байх бөгөөд ажлаас халсан тушаал нь сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр байна. Иймд нэг зөрчилд сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулаагүй тул нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс болон өмгөөлөгчөөс “Б.Т-ыг захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаан биш, улмаар иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул захиргааны хэргийн шүүхэд уг асуудлыг шийдвэрлүүлэх үндэслэлгүй” гэжээ.  

Маргаан бүхий захиргааны акт нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гарсан байх бөгөөд нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “...Төмөр зам дахь Цагдаагийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/91 дүгээр тушаалд холбогдох асуудлаар шүүхийн байгууллагад хандаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах болон бусад асуудлуудыг эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй...” гэсэн хариу өгсөн зэргээс үзвэл нэхэмжлэгч иргэний хэргийн шүүхэд хандсан байх үед Б.Т-ын гомдлыг урьдчилан шийдвэрлэсэн хариуг Цагдаагийн ерөнхий газраас өгсөн, нэхэмжлэгч захиргааны хэргийн шүүхэд хандах үндэслэлээр иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь түүнийг захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.  Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн уг тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй. 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл Цагдаагийн албаны тухай хуулийн /2013 оны/ 41 дүгээр зүйлийн 41.1, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн 13.1.2, 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь заалтад заасны дагуу маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн хуулиар олгосон хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй, зөрчлийн шинж байдалд тохирсон байх тул Төмөр зам дахь Цагдаагийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/91 дүгээр тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, нэхэмжлэгч Б.Т-ын “Төмөр зам дахь цагдаагийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/91 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож бичүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.   

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Цагдаагийн албаны тухай хуулийн /2013 оны/ 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.3, 41 дүгээр зүйлийн 41.1, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Т-ын “Төмөр зам дахь цагдаагийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/91 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож бичүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

    ШҮҮГЧ                             Л.ӨЛЗИЙЖАРГАЛ