Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 01

 

Б.Түмэннасан, Т.Ууганбаяр нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч Т.Ууганбаяр, өмгөөлөгч Б.Амаржаргал нарыг оролцуулан  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 497 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Түмэннасан, Т.Ууганбаяр нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ж.Лхагва-Очир, О.Ариунболд нарт холбогдох

Зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирол 18.735.521 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Түмэннасан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний эмчилгээ хийлгэхэд гарсан хохирол болох 3.500.000 төгрөгөөс бэлэн өгсөн 1.800.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 1.605.471 төгрөгийг хариуцагч Ариунболд, Лхагва-Очир нараас гаргуулах, мөн талийгаачийн авсан группийн зээлийг би өөрөө зээл авч төлсөн тул 1.624.000 төгрөг, хашаа байшин худалдан авсан зээлээс үлдсэн 9.000.000 төгрөг буюу нийт 12.229.471 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Ууганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эрүүгийн хэрэгт би нас барсан ээжийнхээ өмнөөс хохирогчоор тогтоогдсон байгаа. Уг ослоос болж аав минь бие муутай болсон ба эрхэлсэн ажилгүй, манай гэр бүлээс дүү ганцаараа ажил хийдэг тул миний хувьд гомдолтой байдаг. Оршуулгын зардал 1.170.000 төгрөг, бизнесийн зээлийн үлдэгдэл 3.200.000 төгрөг, нийт 4.370.000 төгрөгийг хариуцагч Лхагвадорж, Ариунболд нараас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ж.Лхагва-Очирын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан. Ж.Лхагва-Очир нь уг эрүүгийн хэрэгт өөрөө хохирсон байгаа. Эрүүгийн хэрэгт Лхагва-Очир нь иргэний хариуцагчаар тогтоогдсон тул хохирогч нарт тодорхой хэмжээний хохирол төлсөн байдаг юм. Одоо нэхэмжилж байгаа дээрх хохирол төлбөрийг хариуцах эзэн нь төлөх ёстой гэж үзэж байна. Банкны зээл болон хашаа байшингийн зээлийг хариуцагч нараас гаргуулж, төлүүлэх ёстой юм уу гэдэг дээр эргэлзэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Өмгөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: О.Ариунболд нь гэм хор учруулснаас үүссэн хохирлыг хуульд заасан журмын дагуу төлөх үүрэгтэй. Миний үйлчлүүлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа тул хариуцагчийн тайлбарыг дэмжиж оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын хувьд хангалттай нотлогдож байна уу гээд үзэхэд хангалттай нотлогдохгүй байна. Гаргаж өгсөн баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангахгүй нотлох баримтууд гаргаж өгсөн байна. Нэхэмжлэгч Т.Ууганбаярын тухайд бол талийгаачийн оршуулгын зардлыг болон гэм хор учруулсны төлбөр гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Талийгаачийн олж байсан орлого болон татвар төлж байсан баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа нь ч гэсэн нотлох баримтын шаардлага хангаагүй байна гэж үзэж байна. Талийгаач нь татвар төлж байсан гэх боловч сайн дураараа нийгмийн даатгал, татвар төлсөн орлогыг тодорхойлох боломжгүй гэсэн үндэслэлээр татвар төлж байсан байна. Б.Түмэннасангийн хувьд Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байсан баримтуудыг гаргаж өгсөн боловч мөн л нотлох баримтуудын шаардлага хангаагүй байна гэж үзэж байна. Орон нутгаас явж эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд 13 дугаар маягт авч явах шаардлагатай байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 497 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хариуцагч О.Ариунболдоос 1.513.500 төгрөг, хариуцагч Ж.Лхагва-Очироос 1.513.500 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Түмэннасанд, хариуцагч О.Ариунболдоос 1.975.215 төгрөг, хариуцагч Ж.Лхагва-Очироос 1.975.215 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Ууганбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 9.621.570 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч О.Ариунболдоос 70.769 /далан мянга долоон зуун жаран ес/ төгрөг, хариуцагч Ж.Лхагва-Очироос 70.769 /далан мянга долоон зуун жаран ес/ төгрөг гаргуулж улсын орлогод тус тус оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч О.Ариунболд давж заалдах гомдолдоо: “… Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч Б.Түмэннасан нь эмчилгээний төлбөрт 1.605.000 төгрөг нэхэмжилснээс 1.403.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд түүний нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байсныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Мөн талийгаач Ганхуягийн группын зээл 1.624.000 төгрөг нэхэмжилснийг мөн гаргуулахаар шийдвэрлэсэн нь ямар хуулийн заалтыг баримтлан энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Мөн нэхэмжлэгч Ууганбаяр нь оршуулгын зардал нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн. Гэтэл Ууганбаяр нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлохоор гаргаж өгсөн баримтууд нь мөн л хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байхад үнэлж дүгнэлт хийн хангаж шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд иргэний журмаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн оршуулгын зардлаас 1.170.000 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ баримтын дагуу дахин иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл Ууганбаяр нь нотлох баримтаа хуульд заасан шаардлагын дагуу гаргаж ирүүлээгүй, үүнийгээ нотолж чадахгүй байхад шүүх мөн л хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн. Бизнесийн зээл авахдаа хамтран зээлдэгч нь байгаа барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангах учиртай. Өвлөгдөж байгаа эд хөрөнгөөс өвийн хэмжээгээр өв хүлээн авсан этгээд үүргийг нь гүйцэтгэх байтал мөн л хариуцагч надаас гаргуулахаар шийдвэрлэж байгаад гомдолтой байна.”  гэжээ.

Б.Түмэннасан, Т.Ууганбаяр нар давж заалдах гомдолд гаргасан  тайлбартаа: “… О.Ариунболдын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Түмэннасангийн биед хүнд гэмтэл учирч, эхнэр Ганхуяг нь нас барж ноцтой хор хохирол учирсан эрүүгийн болон иргэний хэрэг нь хангалттай нотлох баримтаар батлагдаж байгаа боловч О.Ариунболд нь Өршөөлийн хуульд хамрагдаж эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсныг далимдуулж иргэний хэрэгт нэхэмжилсэн хохирол төлбөрийг үл зөвшөөрч үндэслэлгүйгээр маргаж давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч бидний иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг батлагдаж байгаа нотлох баримтын хэмжээнд шүүх бодитой үнэлж дүгнэлт хийж шийдвэрлэсэн болно. Гэтэл хариуцагч О.Ариунболд нь иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөвшөөрөхгүй гэх боловч үгүйсгэж байгаа нотлох баримтаа бодитой гаргаж чаддаггүй, хэргийн материалд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн ямар ч баримт байхгүй. Үндэслэлгүйгээр маргаж хохирол төлбөрөөс чөлөөлөгдөх гэсэн үл бүтэх этгээд юм. О.Ариунболд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг үл тоомсорлож хохирогч нарыг басамжлан доромжилсоор байгааг шүүх зориуд анхаарч үзэхийг хүсч байна. Иймд О.Ариунболдын давж заалдсан гомдолд дурдсан үндэслэл нь батлагдаагүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэл батлагдаж байгаа тул анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 497 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Б.Түмэннасан нь гэм хорын хохирол 10.605.471 төгрөг, Т.Ууганбаяр нь гэм хорын хохирол 8.130.050 төгрөг  Иргэний хуулийн 497,  499, 505, 508 дугаар зүйлд заасан үндэслэлээр О.Ариунболд, Ж.Лхагва-Очир нараас нэхэмжилсэн байх ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

О.Ариунболд нь 2015 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Б.Ганхуяг нас барж,  Б.Түмэннасангийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байх ба уг эрүүгийн хэрэгт зам тээврийн осол гаргасан  Истана маркийн 51-48 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Ж.Лхагва-Очирыг иргэний хариуцагчаар /хх-ийн 136-р хуудас/  татсан байна.

Тээврийн хэрэгслийн   ашиглалтын  явцад бусдын амь нас хохирч,  эрүүл мэндэд гэм хор учирч, уг гэм хорыг арилгах үүрэг О.Ариунболд, Ж.Лхагва-Очир нарт хуулийн дагуу үүссэний дээр шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогч Б.Түмэннасан, Т.Ууганбаяр нар нь гэм хорын хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нар нь гэм хорын хохирол нэхэмжлэх эрхтэй байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” боловч нэхэмжлэгч нар гэм хорын хохирлоо хариуцагч О.Ариунболд, Ж.Лхагва-Очир нараас гаргуулахаар нэхэмжилсэн байх тул гэм хорын хохирлыг тэднээс хувааж гаргуулсан нь үндэслэлтэй байна.

Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан тохиолдолд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлд зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй бөгөөд хохирогчийн бусадтай байгуулсан гэрээний үүрэгтэй холбоотой төлбөр тооцоог барагдуулах үүрэг хүлээхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 9.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 231 дүгээр шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Б.Түмэннасанд  эмчилгээний зардалд О.Ариунболд 800.000 төгрөг, Бодь даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компаниас  1.094.529 төгрөг, нийт 1.894.529 төгрөг нөхөн төлөгдсөнийг хасч үлдэх эмчилгээний зардал 1.605.471 төгрөгийг нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байх ба шүүх Хөвсгөл аймгийн прокурорын архиваас эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтыг хуулбарлан авч эрүүгийн хэрэг шийдвэрлэх үед төлөгдсөн эмчилгээний зардал 1.403.000 төгрөгийг давхардуулан гаргуулсан нь үндэслэлгүй байна.

Мөн хохирогч нас барсан тохиолдолд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй бөгөөд хохирогчийн бусадтай байгуулсан гэрээнээс үүссэн үүргийг гэм хор учруулагч хариуцахгүй атал хохирогчийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл 1.624.000 төгрөг, зээлийн гэрээний нэг тал болох банк нэхэмжлэл гаргаагүй байхад хохирогчийн бизнесийн зээлийн үлдэгдэл 3024045 төгрөгийг хариуцагч нараас гаргуулсан нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Б.Түмэннасан, Т.Ууганбаяр нар нь нэхэмжлэлээ хамтран гаргаж, нийт 18.735.521 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн хувийг хариуцагч нарт гардуулсан байх ба шүүх хуралдааны явцад тэтгэврийн зээлийн үлдэгдэл 1.624.000 төгрөг нэхэмжилсэн шаардлагаасаа Т.Ууганбаяр татгалзаж, Б.Түмэннасан нэхэмжилсэн нь  /Т.Ууганбаяр 6.506.050 төгрөг, Б.Түмэннасан 12.229.471 төгрөг, нийт 18.735.521 төгрөг/ нэхэмжлэлийн шаардлагын нийт дүнд нөлөөлөөгүй байх тул хариуцагч нарын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийг зөрчөөгүй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Т.Ууганбаяр нь оршуулгын зардал 3.305.000 төгрөгийн шаардлагаа багасгаж 1.170.000 төгрөг нэхэмжилсэн байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /хх-ийн 21-30-р хуудас/ 926.385 төгрөгийн зардал гарсан нь нотлогдож байна.

Иймд хариуцагч О.Ариунболд, Ж.Лхагва-Очир нараас оршуулгын зардал 926.385 төгрөг гаргуулж, Т.Ууганбаярт олгож, нэхэмжлэгч Б.Түмэннасангийн 12.229.471 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь, Т.Ууганбаярын нэхэмжлэлийн шаардлагаас  3.443.615 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Б.Түмэннасан нь эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хариуцагч О.Ариунболдын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 497 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар О.Ариунболд, Ж.Лхагва-Очир нараас тус тус 463.193 төгрөг гаргуулж  Т.Ууганбаярт олгож, Б.Түмэннасангийн 12.229.471 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь, Т.Ууганбаярын нэхэмжлэлийн шаардлагаас 3.443.615 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилсүгэй.

б/ Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “70.769 /далан мянга долоон зуун жаран ес/”  гэснийг  “13.392 /арван гурван мянга гурван зуун ерэн хоёр/” гэж өөрчилсүгэй.

2. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.СОСОРБАРАМ

                  ШҮҮГЧИД                                 М.ХҮРЭЛБААТАР

                                                      Т.ГАНБАТ