Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 79

 

П.Н-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, С.Баатар, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны 105 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаар магадлалтай, П.Н-т холбогдох 2032000000116 дугаартай хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-ын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ***,

урьд нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ялаар,

2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, З овогт П-н Н- /РД:***/

П.Н- нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг Хараагийн 1-11 тоотод оршин суух иргэн Т.Э-гийн гэрт иргэн Б.Г-ыг зодож, түүний биед баруун 2,3,4,5 дугаар хавирга дотогш хальсаа цоолж сэртэн үүссэн хугаралтай, 6,7,8 дугаар хавирга эгэмний дунд шугамаар, 2,3,4 дугаар хавирга далны дунд шугамаар хоёрлосон хугаралтай, 6,7,8 дугаар хавирга суганы арын шугамаар хоёрлосон хугаралтай, 9,10 дугаар хавирга суганы арын шугамаар хугаралтай, зүүн 3,4,6 дугаар хавирга эгэмний дунд шугамаар хугаралтай, хугарлын харалдаа хавирганы хальсанд доор хар хүрэн өнгийн цус хуралт, уушгинд хатгагдсан шарх, зүүн гарын тохойн үений дотор хэсэгт язарсан шарх, баруун хөмсөгний дээд хэсэг, хөмсөгний гол хэсэг, зүүн тал, хамрын нурууны дээд хэсэг, баруун нүдний дээд зовхины гадна хэсэг, доод зовхины гадна доод уруул, эрүүний баруун тал, хэвлийн баруун хажуу хэсэг, цээжний баруун доод хэсэг, баруун гарын тохойн үений гадна доод хэсэг, шууны гадна хэсэгт зулгаралт, цээжний булчин хавирга, үнхэлцгийн урд хэсэг, эрүүний баруун хажуу хэсэг, цээж, баруун мөр, бугалга, тохойн дотор хэсэг, баруун гарын алганы ар хэсэг, зүүн гарын бугалганы дотор хэсэг, тохойн, шууны гадна хэсэг, бугуйны үений гадна, алганы ар хэсэг, хэвлийн баруун доод хэсэг, зүүн ташаа, баруун хөлийн өвдөгний үений гадна доод хэсэг цус хуралт гэмтэл бүхий олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, өөрийн үйлдлийн харгис хэрцгий аргынхаа үр дагаврыг хүсэж, санаатайгаар онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх шүүгдэгч П.Н-ыг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-т 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-аас 5,927,606 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б-н Г-д олгуулахаар тогтоож шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: “1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан прокуророос П.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, П.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.”,

2 дахь заалтыг: “2. П.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10 /арван/ жилийн хорих ялаар шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчлөлт оруулж,

шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г- “...Би амь хохирогчийн төрсөн ах. Бид эцэг, эхээс хоёулаа энэ хорвоод мэндэлсэн, багаас хоёулаа өнчин өссөн. Миний бие ганц дүүгээ хэрцгий балмад алуурчны гарт онц хэрцгийгээр тарчлан зовоолгож, тамлуулж алдсандаа одоо ч итгэж чадахгүй явсаар л байна. Яагаад ийм маш тодорхой хэргийг ямар учраас давж заалдаад дээрээс нь онц хэрцгий алуурчныг шагнаад байгааг ойлгож хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Цаазын ялгүй юм чинь насаар нь хорих байх гэж бодтол 14 жил өгсөнд их гомдож, гайхсан. Би бүр дотроо хүнийг /махны машинд хийсэн мэт/ алсан хүн иймхэн ял авдаг юм уу гэж бодож байтал давж заалдаад бүр шагнуулаад, зүйл ангиа өөрчлүүлээд 10-хан жил авсныг үнэхээр хүлээн зөвшөөрч чадахгүй.

Надад хуулийн нарийн мэдлэг байхгүй, өмгөөлөгч ч аваагүй яагаад гэхээр маш тодорхой хэрцгий аллага үйлдсэн гэтэл алуурчин 2 өмгөөлөгч авч бодвол их мөнгө төлдөг байх /талийгаачийн чинь оршуулгын зардлыг төлж барагдуулаагүй/ үнэхээр ой гутам өрөвдөлтэй инээдтэй шүүхийн шийдвэр гаргуулсанд маш их гомдолтой, эсэргүүцэж байх тул уг хэргийг дахин хянаж насаар нь хорих ял оноож өгнө үү гэж хүсэж байна” гэжээ.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч П.Н-т холбогдох хэргийн Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд “шүүгдэгч П.Н- нь согтуу байсан ба хохирогчийг олон удаа цохисны улмаас хохирогчид гэмтэл учирч нас барсан боловч хохирогчийг зориуд зовж зүдрэх, тарчлахаар нөхцөл байдалд хүргэн амь насыг нь хохироох хүсэл зоригоор уг гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна гэж дүгнэж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч П.Н- нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ иргэн Б.Г-ыг зодож түүний биед олон тооны шарх гэмтэл үүсгэж “хүнийг алах” гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн болох үйл баримт тогтоогдсон байна. Шүүгдэгч нь хохирогчийн биед удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр олон тооны гэмтэл учруулах явцдаа түүнийг өвтгөн шаналгах, тарчилган зовоож байгаа гэдгээ ухамсарлах бүрэн боломжтой байсан ба шууд санаатайгаар үүнийг хүсэж үйлдсэн байхад давж заалдах шатны шүүх онц харгис хэрцгийгээр алаагүй гэдгийг үгүйсгэн нотлох баримтад үндэслэн няцааж, хууль зүйн дүгнэлт өгч чадаагүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаартай магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 15 дугаар магадлалаар хохирогчид учирсан олон тооны гэмтлүүдийг хэзээ, хаана, хэрхэн, яаж учруулсан талаар нотлох баримт хангалттай авагдаагүй байна, нотлон тогтоох нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн боловч олон тооны гэмтлийг хохирогчид учруулсан, онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлон тогтоогоогүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа.

Хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүссэн болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа боловч дээрх гэмтлийг П.Н- нь онц харгис хэрцгий аргаар учруулсан болох нь тогтоогдоогүй. Зөвхөн хохирогчид олон тооны шарх гэмтэл учирсан гэдэг үндэслэлээр хэргийг хүндрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Согтуурлын зэргийг хэрэг учрал болсны маргааш нь 15 цагт авсан байдаг, тэгэхээр П.Н- нь болсон үйл явдлыг бүрэн ойлгох чадвартай байсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн шаналган зовоох, үхэлд хүргэх зорилгыг П.Н- агуулаагүй, харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж санаатайгаар үйлдээгүй, тухайн гэмт хэрэг гэрч, хохирогч, шүүгдэгч нарын хооронд болсон хэдий ч хэргийг прокурорт буцааснаар дээрх үйлдлийг бүрэн нотолж, тогтоож чадаагүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Баатар хэлсэн саналдаа “Урд өдөр нь эрүүл саруул явж байсан, маргааш нь олон тооны шарх гэмтэлтэй байсныг харсан олон гэрчүүд байдаг. Гэвч тухайн шөнө юу болсон талаар ганцхан Э-н согтуу байдлаа эргэн санасан, дүрсэлсэн, мэдүүлгээсээ эргэж буцсан байдлаар өгсөн мэдүүлгээс өөр ямар ч баримт байдаггүй. Цаг алдалгүй авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээг аваагүй. Тухайлбал, Э- болон Н-ын бие хувцсанд үзлэг хийгээгүй, криминалистик шинжилгээнд яагаад өгөөгүй вэ гэдэг асуудал гарч ирнэ. Н- нь тухайн шөнө О- гэдэг айлд очиж хоносон байдаг бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 47-48 дугаар талд авагдсан нотлох баримтаар нотлогдсон ба очоод гар, хөлөө угаагаагүй, шууд унтсан, өглөө нь цагдаагийн байгууллагад дуудагдаж очсон. П.Н- өмсөж явсан хувцастайгаа хоригдоод 2 сарын дараа сольсон. Цагдан хорих 413 дугаар ангийн байранд очиход нь үзлэг хийсэн бөгөөд үзлэгийн тэмдэглэлд ил харагдах шарх сорви байхгүй байсан нь эргэлзээ төрүүлж байна. Хохирогчийн биед учирсан олон тооны гэмтлийг хэн, хэзээ, хэрхэн, яаж учруулсан талаар ямар ч баримт авагдаагүй, хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тодруулаагүй, гэмт хэргийн субьектив талын шинжийг тогтоогоогүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-ын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч П.Н-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч П.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг Хараагийн 1-11 тоотод оршин суух иргэн Т.Э-гийн гэрт иргэн Б.Г-ыг зодож, түүний биед олон тооны шарх, гэмтэл үүсгэж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо тухайн хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх П.Н-т холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийг шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.Н-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин П.Н-ыг гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийг тарчлааж, зовоож шаналгах, үхэлд хүргэх санаа зорилго байсан эсэх нь эргэлзээтэй байна гэсэн дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсөн давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт хохирогчийг алахын өмнө буюу алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, түүнчлэн өлсгөж, цангаасан, осгоосон, хөлдөөсөн, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, ойр дотны хүмүүсийнх нь дэргэд алж тэдгээрийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэргийг хамааруулан үздэг.

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд амь хохирогч Б.Г-ын биед баруун 2, 3, 4, 5 дугаар хавирга, дотогш хальсаа цоолж сэртэн үүссэн хугаралтай, 6, 7, 8 дугаар хавирга эгэмний дунд шугамаар, 2, 3, 4 дүгээр хавирга далны дунд шугамаар хоёролсон хугаралтай, 6, 7, 8 дугаар хавирга суганы арын шугамаар хоёролсон хугаралтай, 9, 10 дугаар хавирга суганы арын шугамаар хугаралтай, зүүн 3, 4, 6 дугаар хавирга эгэмний дунд шугамаар хугаралтай, хугарлын харалдаа хавирганы хальсан доор хар өнгийн цус хуралт, уушгинд хатгагдсан шарх буюу цээжний хөндийн эрхтний гэмтлийн улмаас нас барсан байх ба энэ олон тооны шарх, гэмтэл хохирогчид өвдөлт, зовиур, маш их эмзэглэлийг бий болгосон нөхцөл байдал, түүнчлэн хохирогчид эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй байсан талаарх дүгнэлтүүд болон гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримтууд нь П.Н-ын үйлдлийн обьектив илрэл, арга, давтамжийн шинж чанар, тэрхүү үйлдэлдээ хандах шүүдэгчийн сэтгэхүйн хандлагыг хүнийг онц харгис хэргийгээр алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон байх ба шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх П.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгдэгчид 14 жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-ын гаргасан “...насаар нь хорих ял оногдуулж өгнө үү гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны 105 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

ШҮҮГЧ                                                         Б.БАТДЭЛГЭР

                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН