Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 73

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 15 өдөр

      Дугаар 181/ШШ2016/00073       

   

          Улаанбаатар хот

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

              

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3-р хороо, Тээвэрчдийн гудамж-6, “CCS-MGL” ХХК-ийн байр, 4 давхарт байрлах, “Өвөрзалаат” ХХК /РД: 5251605/-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, Саруул оффис-3-307 тоотод байрлах, “Ди-И-Ти” ХХК /РД: 5917689/-д холбогдох

 

Түрээсийн гэрээний төлбөрт 14 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад                        

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

                                             

Нэхэмжлэгч “Өвөрзалаат” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Манай “Өвөр залаат” ХХК нь замын барилгын салбарт үйл а-иллагаа явуулж байгаа бөгөөд өөрийн өмчлөлийн олон төрлийн машин, механизмтай болно.

“Ди-И-Ти” ХХК нь Хан-Уул дүүргийн Шинэ яармаг хорооллын зүүн урд талд гүйцэтгэж байгаа замын барилгын ажлын талбай дээр ажиллуулах усны машин шаардлагатай байна гэж манай “Өвөр залаат” ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг түрээслэж ажиллуулах санал гаргасан тул бид 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр №Т-150928 тоот “Тээврийн хэрэгслийн түрээсийн гэрээ”-г байгуулан өөрийн өмчлөлийн 46-71 УБЛ улсын дугаартай Усны машин буюу Chu Sheng маркийн 1 ш Цистернийг 30 хоногийн хугацаатайгаар, 1 сарын түрээсийн төлбөрийг 6.000.000 төгрөгийн байхаар, мөн тус компанийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гүйцэтгэж байгаа газан шугам хоолойн ажлыг гүйцэтгэхэд түрээсийн механизм шаардлагатай гэсэн тул 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр №Т-2 тоот “Механизмын түрээсийн гэрээ’’-г байгуулан өөрийн өмчлөлийн CAT 330 D маркийн 1 ш Экскаваторыг 1 хоногийн 500.000 /таван зуун мянга/-н төгрөгийн төлбөртэйгээр, 7 хоногийн хугацаагаар тус тус түрээслүүлсэн.

Түрээслүүлэгч болох манай компанийн зүгээс Түрээслэгчид итгэл үзүүлэн урьдчилгаа төлбөр огт авалгүйгээр тээврийн хэрэгсэл, механизмаа түрээслүүлэн ажиллуулсан байхад харин Түрээслэгч болох “Ди-И-Ти” ХХК нь дээр дурьдсан гэрээнүүдээр хүлээсэн Түрээсийн төлбөр төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэлгүй Түрээслүүлэгчийн эрх ашгийг хохироож байна.

Бидний зүгээс 1 салбарт ажилладаг байгууллагын хувьд ажлын онцлогийг нь ойлгон, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ хэмээн итгэл үзүүлэн, хүлээцтэй хандаж ирсэн бөгөөд дурдсан гэрээнүүдийг байгуулсанаас хойш түрээсийн төлбөрөө төлөхийг удаа дараа утсаар ярьж шаардахад удахгүй төлнө, хэд хоногийн дараа мөнгө орж ирэхээр өгнө гэж явсаар одоог болтол нэг ч төгрөг төлөөгүй болно.

Түрээслэгч болох “Ди-И-Ти” ХХК нь талуудын хооронд байгуулсан №Т-150928 тоот тээврийн хэрэгслийн түрээсийн гэрээ”-ний үндсэн төлбөрт 6,000,000 төгрөг, уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.6-д түрээслүүлэгч тал нь түрээсийн төлбөрийг гэрээийн 2 дугаар зүйлийн 2-4-т заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг түрээслүүлэгчид төлөх үүрэгтэй” гэсний дагуу алдангид 3 600 000 төгрөг №Т-2 тоот “механизмын түрээсийн гэрээ”-ний үндэсэн төлбөрт 3 500 000 төгрөг уг гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т “Түрээслэгч тал нь төлбөрөө хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг түрээслүүлэгчид төлөх үүрэгтэй” гэсний дагуу алдангид 1 764 000 төгрөг төлөх ёстой болсон.

Хариуцагчаас нийт 14 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

                                                                                                                           

Хариуцагч “Ди-И-Ти” ХХК-ийн захирал Г.Эрдэнэцогт шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч “Өвөрзалаат” ХХК-ийн нэхэмжилсэн 14 250 000 төгрөгийг хариуцагч “Ди-И-Ти” ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Өвөрзалаат” ХХК нь хариуцагч “Ди-И-Ти” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 14 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Ди-И-Ти” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 14 250 000 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.“Өвөрзалаат” ХХК нь “Ди-И-Ти” ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 14250000

төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч “Ди-И-Ти” ХХК нь бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229 700 төгрөгийн тал хувь болох 114 850 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас, хариуцагч “Ди-И-Ти” ХХК-иас 114 850 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Өвөрзалаат” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

ШҮҮГЧ                                     С.ХИШИГБАТ