| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0063/Э |
| Дугаар | 63 |
| Огноо | 2019-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 63
2019 01 10 63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч А.Мөнхзул,
шүүгдэгч Н.Х-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х- овогт Н-гийн Х-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1808 0044 0000000000 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Х- овгийн Н-гийн Х- Монгол Улсын иргэн, 1976 оны 7 дугаар сарын 18-нд Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 10-16 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр цэцэрлэгт багш ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 7 дугаар гудамжны 000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Н.Х-нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 61 дүгээр байрны 15 тоотод байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох Б.Баянбайдрагийн дагз, нуруун тус газар нь 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Х-: Би гэм буруугаа ойлгож байгаа учир мэдүүлэг өгөхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 1808 0044 64554 дугаартай хэргээс:
1. Хохирогч Д.Баянбайдрагийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн:
“...2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би өөрийн эхнэр Н.Х-, дүү нарын хамт Ханын материалын орчимд байдаг нэг газар орж караокед дуулаад пиво ууж сууж байгаад өөрийн ах Бат-Эрдэнийн хамт гэртээ ороод унтаж байсан. Араас эхнэр Н.Х-нь нилээн орой болчихсон байхад орж ирэхээр нь би “яасан оройтож ирдэг юм” гэж хэлсэн. Тэгтэл манай ахыг унтаж байхад нь сэрээгээд гэрээс гаргаад явуулчихаар нь миний уур хүрээд маргалдаж байгаад манай эхнэр Н.Х-нь гал тогооноос хутга аваад миний толгой орчим газарт зүсчихсэн. Тэгэхэд манай гэрт манай бага хүү байсан. Тэгээд эхнэр хутгаа цонхоор гаргаж шидчихээд гүйгээд гараад явчихсан. Цагдааг манай хүүхэд дуудсан байх, тэгээд түргэн дуудаад Цэргийн эмнэлэгт очоод толгойдоо оёдол хийлгэсэн. ...” гэх мэдүүлэг [1],
- мөн дахин мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сары 11-ний өдөр мэдүүлсэн:
“...Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Мөн өөрөө тухайн үед эгч Батбаатарыг ямар шалтгаанаар явсныг сайн ойлголгүй Н.Х-тэй маргалдаад Н.Х-г нэг удаа толгой хавьцаа нь цохиж байснаа санаж байна. Тухайн үед миний буруутай үйл ажиллагаа байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед Н.Х-намайг цэцгэн хэлбэртэй ягаан өнгийн хутгаар гэмтээсэн. Намайг гэмтээсэн хутга нь би автобусанд явж байхдаа авч явдаг байсан ажлын зориулалттай гал тогооны хутга байсан. ...” гэх мэдүүлэг [2],
2. Шүүгдэгч Н.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн:
“...2018 оны 01 дүгээр сарын 12-ны орой хадам эгч Батбаатарынхаас Батбаатар, нөхөр Баянбайдраг, Мөнгөө нөхрийн хамт, Бат-Эрдэнэ нарын хамт Ханын эцэст байрлах караоке ороод 2 шил архи авч Батбаатар, нөхөр Баянбайдраг, Мөнгөө түүний нөхөр, Бат-Эрдэнэ нартай хувааж уугаад тэндээсээ гараад бүгдээрээ манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 61 дүгээр байрны 15 тоот руу явсан. Цуварч ард ардаасаа гэр рүү ороод ор дэрээ засаад унтсан. Тэгээд Бат-Эрдэнэ болон манай нөхөр Баянбайдраг нар түрүүлээд хэвтсэн. Тэгж байтал Батбаатар эгч манайд хонохгүй гэхээр нь би хоноод яваач яасан юм бэ гэхэд Батбаатар эгч би гэртээ цүнхээ орхичихсон өглөө ажилтай гэж хэлээд яваад өгсөн. Би унтаж байтал Баянбайдраг өшиглөөд толгой руу нэг удаа цохихоор нь би эсэргүүцээд Баянбайдрагийг түлхсэн. Тэгээд дахиад толгой руу цохихоор нь би ах болох Бат-Эрдэнийг дуудаад энэ дүүдээ хэлээч гэж хэлэхэд Бат-Эрдэнэ би яаж мэддэг юм бэ гэж хэлээд гараад явчихсан. Тэгээд би Баянбайдрагтай эхлээд том өрөөнд маргалдаж байгаад дараа нь гал тогоо руу ороод маргалдсан. Тэр үед би гал тогооны өрөөнд цонхны тавцан дээр байсан ягаан өнгийн иштэй хутгыг аваад Баянбайдрагтай маргалдаад хутгаа булаацалдаад том өрөө рүү орсон. Би тэрнээс хойш хэсэгхэн зуур юу болсноо санахгүй байсан. Нэг ухаан ороод харсан чинь Баянбайдрагийн шанаа хэсгээс цус гарчихсан, харин миний баруун гарт хутга байхаар нь би тэр үедээ шоконд ороод хутгаа цонхоор шидсэн. Тэгээд би Баянбайдрагийн толгой тархийг чинь бооё гэсэн чинь Баянбайдраг толгойгоо боолгохгүй өрөө дамжаад яваад байсан. Тэгээд гэрээр нил цус болчихсон байсан. Тэгээд байж байтал гаднаас манай хүү болох Алтанхуяг орж ирээд Баянбайдраг бид хоёрыг харангуутаа гарж гүйгээд цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нар намайг аваад явсан. Бид хоёр тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Баянбайдраг бид хоёрыг маргалдаж байх үед гэрт бид хоёроос өөр хүн байгаагүй. Баянбайдраг бид хоёр хоорондоо хадам эгчээс болж маргалдсан. Баянбайдраг намайг хадам эгчийг хөөж явуулсан байна гэж өшиглөөд бид хоёр маргалдаж эхэлсэн. Тухайн үед би Баянбайдрагтай эхлээд том өрөөнд маргалдаж байгаад дараа нь гал тогоо руу ороод маргалдсан. Гал тогооны өрөөний цонхны тавцан дээр байсан ягаан өнгийн иштэй хутгыг аваад Баянбайдрагтай маргалдаад хутгаа булаацалдаад том өрөө рүү орсон. Тэрнээс хойш хэсэгхэн зуур юу болсноо санахгүй байсан. Нэг ухаан ороод харсан чинь Баянбайдрагийн шанаа хэсгээс цус гарчихсан, харин миний баруун гарт хутга байхаар нь би тэр үедээ шоконд ороод хутгаа цонхоор шидчихсэн юм. Тухайн үед Баянбайдрагийн шанаанаас нь цус гараад миний баруун гарт хутга байхаар нь би тэр үедээ шоконд ороод цонхоор шидчихсэн юм. ...” гэх мэдүүлэг [3] ,
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 532 дугаартай дүгнэлтэд:
Болсон хэргийн товч: 2018 оны 1 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнөө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 61-15 тоотод оршин суух Д.Баянбайдрагийн эхнэр Н.Х-согтуурсан үедээ хутгалж гэмтээсэн гэх.
“...хэргийн материалаас: 2018.01.13-ны 08 цаг 02 минут Яаралтай тусламжийн хуудсанд зовиур шархаар өвдөнө, цээжээр хатгаж өвдөнө гэнэ. Шөнийн 03 цагийн орчимд эхнэр нь хутгалсан гэнэ. Үзлэгт биеийн байдал дунд, арьс цэвэр чийглэг, артерийн даралт 110/70 мм.муб, уушиг 2 талд цулцангийн амьсгалтай. Хэсэг газрын үзлэгт нурууны зүүн талд сээрний 4-5 дугаар нугалмын түвшинд доороосоо дээшээ чиглэлтэй 1 см өргөнтэй хутгалагдсан шархтай, хуйханд ар дагзандаа 3 см орчим шархтай. Цээж гэрэлд харсан бичлэгт плеврт хий, шингэнгүй харах үед, хоёр уушигны зураглал олширсон, уг өргөн, өрц /+/, синус чөлөөтэй, зүрх судас ердийн. Давтан цээж гэрэлд харахад плеврт хийгүй, шингэнгүй гэжээ. Онош 4-5 дугаар нурууны түвшинд болон дагзны хуйханд хутгалагдсан шарх гэжээ.
ДҮГНЭЛТ:
1. Д.Баянбайдрагийн биед дагз, нурууны зүүн талд сээрний 4-5 дугаар нугалмын түвшинд хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч эмч Ш.Цэцэгмаа/ ... гэсэн дүгнэлт [4] ,
4. Хэргийн газрыг хамгаалсан тухай тэмдэглэл, 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг [5] ,
5. Цэргийн төв эмнэлгийн 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 08 цаг 02 минутад үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас [6], аюулын зэргийн үнэлгээ[7], гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ [8],
6. 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хутганд үзлэг хийсэн тэмдэглэлд “...хутганы нийт урт 22 см, ажлын хэсгийн өргөн нь дунджаар 2 см, ажлын хэсгийн урт 11 см хэмжээтэй ягаан өнгийн иштэй цэцгэн хээтэй хутга байсан...” тухай тэмдэглэл [9], хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол [10],
7. Н.Х-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа [11], оршин суугаа хаягийн тодорхойлолт[12], Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Н.Х-гийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийн лавлагаа[13], Авто тээврийн үндэсний төвийн Н.Х-гийн өмчлөлд тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа[14], Н.Х-гийн 2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт [15], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [16], Д.Баянбайдраг Н.Х-нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар[17], Н.Х-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд[18], хохирогч Д.Баянбайдрагийн хүсэлт [19], яллагдагч Н.Х-гийн хүсэлт [20], хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол [21], хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал [22] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Н.Х-нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор шийдвэрлэж, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагчаас гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Н.Х-нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Д.Баянбайдрагийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй, зөвшөөрч байгаа гэсэн тайлбарыг гаргасан.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Х-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Н.Х-, хохирогч Д.Баянбайдраг нар нь 2007 онд гэрлэлтээ батлуулж гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч байгаа гэрлэгчид байх ба Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 61 дүгээр байрны 15 тоотод оршин суудаг байна.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ бүртгүүлсэн эхнэр, нөхрийг гэрлэгчид гэж тодорхойлсон байдаг.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.
Дээрх хуульд зааснаар шүүгдэгч Н.Х-, хохирогч Д.Баянбайдраг нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна.
Шүүгдэгч Н.Х-, хохирогч Д.Баянбайдраг нарын аль аль нь 2018 оны 01 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх ба, мөн өдөр тэд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 61 дүгээр байрны 15 тоот гэртээ “хохирогч Д.Баянбайдраг нь “миний ах Бат-Эрдэнийг гэрээсээ хөөлөө” гэх шалтгаанаар эхнэр Н.Х-тэй хэрүүл маргааныг үүсгэж тэд маргалдсан, улмаар шүүгдэгч Н.Х-нь гал тогооны өрөөнөөсөө ахуйн зориулалтаар хэрэглэдэг хутгыг авч гэр бүлийн хамаарал бүхий хүн болох нөхөр Д.Баянбайдрагийн дагз, нуруун тус газар нь 2 удаа хутгалж, дагз, нурууны зүүн талд сээрний 4-5 дугаар нугалмын түвшинд хутгалагдсан шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
- Хохирогч Д.Баянбайдрагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би өөрийн эхнэр Н.Х-, дүү нарын хамт Ханы материалын орчимд байдаг нэг газар орж караокед дуулаад пиво ууж сууж байгаад өөрийн ах Бат-Эрдэнийн хамт гэртээ ороод унтаж байсан. Араас эхнэр Н.Х-нь нилээн орой болчихсон байхад орж ирсэн. ...манай ахыг унтаж байхад нь сэрээгээд гэрээс гаргаад явуулчихаар нь миний уур хүрээд маргалдаж байгаад эхнэр Н.Х-нь гал тогооноос хутга аваад миний толгой орчим газарт зүсчихсэн. ...түргэн дуудаад Цэргийн эмнэлэгт очоод толгойдоо оёдол хийлгэсэн. ...” гэх мэдүүлэг [23], мөн түүний дахин өгсөн: “...Н.Х-намайг цэцгэн хэлбэртэй ягаан өнгийн хутгаар гэмтээсэн. Намайг гэмтээсэн хутга нь би автобусанд явж байхдаа авч явдаг байсан ажлын зориулалттай гал тогооны хутга байсан. ...” гэх мэдүүлэг [24],
- Н.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 12-ны ...караоке ороод 2 шил архи авч Батбаатар, нөхөр Баянбайдраг, Мөнгөө, түүний нөхөр, Бат-Эрдэнэ нартай хамт хувааж уусан. ...тэндээсээ гараад бүгдээрээ манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 61 дүгээр байрны 15 тоот руу явсан. ...ард ардаасаа гэр рүү ороод ор дэрээ засаад унтсан. Тэгж байтал Батбаатар манайд хонохгүй гэхээр нь би хоноод яваач яасан юм бэ гэхэд Батбаатар би гэртээ цүнхээ орхичихсон өглөө ажилтай гэж хэлээд яваад өгсөн. Би унтаж байтал Баянбайдраг өшиглөөд толгой руу нэг удаа цохихоор нь би эсэргүүцээд Баянбайдрагийг түлхсэн. Тэгээд дахиад толгой руу цохихоор нь би ах болох Бат-Эрдэнийг дуудаад энэ дүүдээ хэлээч гэж хэлэхэд Бат-Эрдэнэ би яаж мэддэг юм бэ гэж хэлээд гараад явчихсан. Тэгээд би Баянбайдрагтай эхлээд том өрөөнд маргалдаж байгаад дараа нь гал тогоо руу ороод маргалдсан. ...би гал тогооны өрөөнд цонхны тавцан дээр байсан ягаан өнгийн иштэй хутгыг аваад Баянбайдрагтай маргалдаад хутгаа булаацалдаад том өрөө рүү орсон. ...нэг ухаан ороод харсан чинь Баянбайдрагийн шанаа хэсгээс цус гарчихсан харин миний баруун гарт хутга байхаар нь би тэр үедээ шоконд ороод хутгаа цонхоор шидчихсэн. ...Бид хоёр тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...би гал тогооны өрөөний цонхны тавцан дээр байсан ягаан өнгийн иштэй хутгыг аваад Баянбайдрагтай маргалдаад хутгаа булаацалдаад том өрөө рүү орсон. ...” гэх мэдүүлэг [25]
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалд хийсэн шүүх эмнэлгийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 532 дугаартай дүгнэлт [26]
Цэргийн төв эмнэлгийн 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас [27], аюулын зэргийн үнэлгээ[28], гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ [29], хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол гэрэл зураг [30] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй,үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Н.Х-, хохирогч Д.Баянбайдраг нар нь согтууруулах ундааны зүйлийг аль аль нь хэтрүүлэн хэрэглэсэн шүүгдэгч, хохирогч нарын хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцол, хохирогч Д.Баянбайдраг нь шүүгдэгч Н.Х-г өшиглөх, толгой руу нь цохих, түлхэх зэрэг үйлдэл хийж, анх хэрүүл маргаан үүсгэсэн хохирогчийн зүй бус ажиллагаа зэргээс болсон байна.
Шүүгдэгч Н.Х-нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Д.Баянбайдрагийг хутга буюу зэвсэг хэрэглэн хутгалж биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангасан байна.
Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Н.Х-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Баянбайдрагийн бие махбодид хөнгөн хохирол учирсан ба хохирогч Д.Баянбайдраг нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь Н.Х-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг Н.Х-д танилцуулсан байна.
Мөн шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ улсын яллагчаас Н.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Н.Х-нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно
Шүүхээс шүүгдэгч Н.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Х-нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.
Шүүгдэгч Н.Х-нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй зэргийг, мөн хуульд зааснаар шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлогыг тус тус үндэслэн шүүгдэгч Н.Х-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Х-нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
4.Бусад асуудлаар
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х- овогт Н-гийн Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-д торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан хугацаанд буюу 90 хоногт биелүүлэхийг тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгохыг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Х-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.Баянбайдраг нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн нийт уртын хэмжээ 22 см, ажлын хэсгийн өргөн нь дунджаар 2 см, ажлын хэсгийн урт 11 см хэмжээтэй ягаан өнгийн иштэй цэцгэн хээтэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Н.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
[1] Хавтаст хэргийн 26-27 дугаар тал.
[2] Хавтаст хэргийн 28-29 дүгээр тал.
[3] Хавтаст хэргийн 84-85 дугаар тал.
[4] Хавтаст хэргийн 40 дүгээр тал.
[5] Хавтаст хэргийн 15-16, 19-21 дүгээр тал.
[6] Хавтаст хэргийн 39 дүгээр тал.
[7] Хавтаст хэргийн 87 дугаар тал.
[8] Хавтаст хэргийн 89-106 дугаар тал.
[9] Хавтаст хэргийн 72 дугаар тал
[10] Хавтаст хэргийн 74 дүгээр тал.
[11] Хавтаст хэргийн 44 дүгээр тал.
[12] Хавтаст хэргийн 45 дугаар тал.
[13] Хавтаст хэргийн 47 дугаар тал.
[14] Хавтаст хэргийн 49 дүгээр тал.
[15] Хавтаст хэргийн 50 дугаар тал.
[16] Хавтаст хэргийн 51 дүгээр тал.
[17] Хавтаст хэргийн 55 дугаар тал.
[18] Хавтаст хэргийн 56-66 дугаар тал.
[19] Хавтаст хэргийн 123 дугаар тал.
[20] Хавтаст хэргийн 126 дугаар тал.
[21] Хавтаст хэргийн 129 дүгээр тал.
[22] Хавтаст хэргийн 130 дугаар тал.
[23] Хавтаст хэргийн 27 дугаар тал.
[24] Хавтаст хэргийн 28-29 дүгээр тал.
[25] Хавтаст хэргийн 84-85 дугаар тал.
[26] Хавтаст хэргийн 40 дүгээр тал.
[27] Хавтаст хэргийн 39 дүгээр тал.
[28] Хавтаст хэргийн 87 дугаар тал.
[29] Хавтаст хэргийн 89-106 дугаар тал.
[30] Хавтаст хэргийн 72-74 дүгээр тал.