| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2016/00249/И |
| Дугаар | 146/ШШ2016/00268 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 146/ШШ2016/00268
|
|
|
|
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Өндөрширээт сумын 3 дугаар багт оршин суух, 1960 онд төрсөн, эрэгтэй, Даньдаг овгийн Дэмбэрэлийн Нармандах /РД: ЙК60030811/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 2 дугаар багт оршин суух, 1992 онд төрсөн, эрэгтэй, Шар овгийн Батмөнхиийн Адъяа /РД: ЙК92092719/-д холбогдох
“1.500.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Нармандах, хариуцагч Б.Адъяа, нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Нармандах шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Дэмбэрэл овогтой Нармандах нь 2015 оны 07 дугаар сарын 08-нд Есөнзүйл сумын баруун талд Батмөнх овогтой Адъяа, Гонгор овогтой Батбаяр нарын хамт морь манаж хонож байсан бөгөөд Адъяа нь миний мөнгөн хазаартай эмээлтэй мориноос азаргаа хэрж холбож хоноё гээд гуйж аван шөнийн 01 цагийн үед уулзаж асуухад байгаа гэсэн удалгүй морь азарга алга гээд миний мориор яваад өглөө нар гарч байхад “Сүүл цохио” гэдэг газар морь өрөөлттэй азарга нь холбоотой хамт явж байсан. Адъяагийн гэр нь “Сүүл цохио” гэдэг газар байдаг учир миний эмээл хазаартай морийг аав Батмөнхөд өгч явуулаад өөрөө ээжийнхээ дүү болох Ц.Хадбаатарын машин дээр азаргаа ачиж ирсэн. Миний мөнгөн хазаартай эмээлтэй морийг олсон уу гэхэд олсон гэсэн. Энэ үед Г.Батбаяр гэдэг хүн байсан. Бид нар наадам тараад орой морио Адъяагийн гаднаас морио авах гэтэл хазаар нь байхгүй байсан. Тэгээд азаргаа авъя гэхэд алга байна лээ гэсэн. Надад хэлэхгүй яасын гэхэд таниас айгаад хэлээгүй юм. Би олж өгнө гээд гуйгаад байсан. Адъяагийн аав ээж, ээжийн дүү Ц.Хадбаатар нар бүгд хамт байсан. Тэгээд одоо болтол төлж өгөхгүй удлаа. Хазаар нь миний дүү Дэмбэрэл овогтой Даваагийн хазаар байгаа юм. Битүү ороолттой хуучны хазаар байгаа юм. Эзэн Д.Даваа нь 1.500.000 төгрөг өг гээд байгаа юм. Үүнийг зохих хууль тогтоомжийн дагуу шалгаж үзэж төлүүлж өгөхийг хүсч, намайг хохиролгүй болгож өгнө үү.
Би Адъяатай хамт 2015 оны 07 дугаар сарын 07-ны орой морь манаж хоносон. Тэгэхэд Батбаяр байсан. Би мориныхоо эмээлийн бүүргэнд хазаарыг нь хийгээд чөдөрлөөд тушсан байсан. Гэтэл Адъяаг азаргаа таны морьтой хэрээд холбоод хоноё гээд тайлаад авсан. Би Адъяаг аашилж байгаа юм биш. Тэр өдөр нь Адъяа надад миний морины хазаарыг байхгүй байна гэж хэлсэн бол ийм зүйл болохгүй байх байсан. Би азарага, үрээ хоёроо тэр шөнө манаж хоносон. Гэтэл шөнийн 1 цаг 30 минутын үед байх цаг хэд болж байна гэж Адъяа ирж асуусан. Тэгэхээр нь би утасныхаа цагийг хараад 1 цаг 30 минут болж байна гэж хэлсэн. Адъяа мэдэж байгаа. Тэгээд буцаж яваад 2 цаг орчмын дараа ирээд ахаа миний хэрсэн 2 морь алга гээд надад морио өгчих гээд аваад явсан. Би морио өгөөд азаргаа аваад хоцорсон. Гэтэл ирэхгүй нилээн удаж байгаад ирснээ олдохгүй байна гэсэн. Би мотоциклоо Есөнзүйл сумын хойд талын гандан дээр орхисон байсан. Тэгсэн мотоцил дээр чинь очоод морийг чинь уячихаад явъя гэхээр нь би тэг тэг гэсэн. Тэгээд өглөө болсон. Батбаяр бас адуу манаж хоносон.Тэгээд Адъяаг ирэхээр нь яасан гэсэн чинь таны эмээлтэй морь өрөөлдсөн байна. Миний морь гэрийнхээ наана очиж явна гэсэн. Тэгээд яасан гэсэн чинь таны морийг эмээлтэй нь уячихлаа гэсэн. Эмээл хазаар бүрэн үү гэсэн чинь бүрэн гэсэн. Би тэгэхээр нь сайн хүүхэд байна гэж хэлсэн. Тэгээд Батбаярын машин дээр морио ачаад Адъяа мотоциклтой араас дагаж явсан. Тэгээд гандангийн тэнд очоод морио буулгаж байхад Адъяагийн ах бор үрээ машин дээрээ ачаад ирсэн. Тэгээд л өдөр наадамласан. Орой наадмаас ирээд би Адъяагийн аавтай гэрт айраг уугаад байж байтал эд нар гадаа азаргаа буулгаад миний морийг ачиж байгаа харагдсан. Тэгээд би гэртээ очоод хоолоо идчихээд байж байтал манай хүүгийн эхнэр ирсэн байж байгаад эхнэрээ хүргэж өгөхөөр явахдаа ааваа хазаараа авсан уу гэсэн. Чи хазаараа аваагүй юм уу Адъяа мэдэж байгаа. Байсан гэсэн гэж надад хэлсэн гэж хэлсэн. Гэтэл байхгүй байна гэсэн. Тэгээд манай банди Адъяагаас асуусан чинь хазаар чинь миний морийг авахад байхгүй байна лээ гэсэн. Тэгээд би орой нь Адъяагийнд очсон. Тэгэхэд Адъяагийнд Хадбаатар гэдэг ах нь, ээж нь байсан. Тэгэхээр нь чи яахаараа надад хазаар байхгүй байсан гэж хэлээгүй юм бэ гэсэн чинь таниас айгаад хэлээгүй гэсэн. Юунаас нь айдаг юм тэр үед нь хэлсэн бол хоёулаа хүнд хэлээд хайж болох байсан гэж хэлээд би буцаад явсан. Маргааш өглөө нь бид хоёр эрж хайж явсан. Тэр хавиар явсан тэгэхэд хүн байгаагүй. Тэр шөнө Адъяагийн хэлж байгаагаар нэг мотоциклтой хүн мотоциклийн гэрэл нь унтарч асаад явж байсан гэсэн. Тэгээд тэр хүнтэй уулзсан чинь би шөнө адуугаа эрээд явж байсан гэсэн. Тэгээд би баримтгүй болчихсон. Сүүлдээ хүмүүсээс сураад зарим хүмүүст нь захиж хэлээд олдохгүй байсан. Би Адъяаг мориноос холдоно гэж бодоогүй. Миний морь өлөн байсан. Тэгээд сүүлдээ бид хоёр ярьж хөөрсөн. Тэгсэн Адъяа одоо болохоор би төлөхгүй гээд байгаа. Би хазаарын үнэ болох 1.500.000 төгрөг нэхэмжилж байна. Тэр манай дүүгийн хазаар. Би дүүгээ гомдолгүй болгомоор байна. Тэр хазаар дээр үеээс уламжлагдаж ирсэн хазаар. Манай дүү намайг 1.500.000 төгрөг өг гээд байгаа гэв.
Хариуцагч Б.Адъяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 07 дугаар сарын 07-ны орой би үрээгээ ачаад явах гэж байтал Нармандахын хүүхэд Баянаа намайг надтай цуг хоночих гээд байсан. Би Нармандахын мөнгөн эмээл хазаартай мориноос морио холбоё гэж гуйгаагүй. Эмээл хазаараа авахгүй юм уу гэж 2-3 удаа хэлсэн. Гэтэл ерөөсөө авахгүй байсан. Би дэргэд нь Нармандахын мориноос өөрийнхөө морийг уяад хоносон. Морийг нь хол авч яваагүй. Би шөнө 3 цагийн үед морио алдсан. Өглөө нь би морийг нь уяан дээр уяад орхисон. Эмээл хазаартай морийг нь би гэрийнхэндээ хүлээлгэж өгөөгүй. Тэгээд би Нармандахыг бага зэрэг халамцуу байхаар нь эмээл хазаартай морь чинь байна лээ л гэж хэлсэн. Түүнээс би төлж өгнө гэж хэлээгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Нармандах нь хариуцагч Б.Адъяад холбогдох “1.500.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь “мөнгөн хазаарын үнэ болох 1.500.000 төгрөгийг гаргуулна” гэж шүүх хуралдаанд тайлбарлажээ.
Хариуцагч нь шүүх хуралдаанд “би мөнгөн хазаарыг огт аваагүй, хазаарын үнэ 1.500.00 төгрөгийг төлөх үндэслэлгүй” гэж маргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын талаар нотолсон нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, нотлож чадаагүй байна.
Иймд нэхэмжлэгч Д.Нармандахын хариуцагч Б.Адъяад холбогдох “1.500.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна. .
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Нармандахын хариуцагч Б.Адъяад холбогдох “1.500.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН