| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0075/Э |
| Дугаар | 73 |
| Огноо | 2019-01-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 73
2019 01 14 73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч А.Мөнхзул,
шүүгдэгч Х.Г-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б- овогт Х-ын Г-од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808 0532 000000 дугаар эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б- овогт Х-ын Г- нь Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, шүхрийн техникч мэргэжилтэй, “П” ХХК-нд фасадчин ажилтай, ам бүл 5, эхнэр 07-23 насны гурван хүүхэд нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Булгийн 2 дугаар гудамжны 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Х.Г-нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Булгийн 2 дугаар гудамжны 02 тоотод байх гэртээ үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Д.П-гийн баруун хацран тус газар нэг удаа алгадаж, өшиглөж унагаан өмдөөрөө гуядаж, тэлээний төмрөөр мөр, дал, бүсэлхий, нуруу, ташаа, цээж, бугуй, хүзүү, шанаан тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Г-мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 14-нд 18 цаг өнгөрч байхад ажлаасаа тараад 084 дүгээр цэргийн ангид хамт ажиллаж байсан Мөнхбаяртай тааралдаад бид хоёр Саппорогийн орчим байдаг баар орж 05 литрийн нэг шил архи авч хувааж уусан. Тэндээс гараад гэртээ харихаар явах замдаа дэлгүүр ороод 200 граммын хараа архи авч уусан. Тэгээд гэртээ ортол эхнэр “чи архи уулаа” гэж намайг загнаж дарамтлахаар нь “чи яахаараа намайг дарамталдаг юм” гээд уурандаа нэг удаа алгадаад, өмдөө тайлж байгаад өмдөөрөө ороолгосон. Эхнэртэйгээ 2001 онд гэр бүл болсон, гэрлэлтээ батлуулаагүй гэв.
Хоёр. Эрүүгийн 1808 0532 дугаартай хэргээс:
1. Хохирогч Д.П-гийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн:
“...2018 оны 11 дүгээр сарын 14-ний орой би гэртээ байж байтал манай хамтран амьдрагч Х.Г-архи уусан согтуу ирсэн. Тэгэхээр нь би архи уулаа гэж хэлтэл Х.Г-“чи намайг дарамтлаад байна” гэж хэлээд шууд баруун хацар руу нэг удаа алгадсан. Би эсэргүүцэхэд түлхэж унагаад өмдөөрөө миний нуруу руу ороолгосон. Тэгтэл тэлээнийх нь төмөр миний нуруу болон мөрөн дээр оносон. Би босож ирээд хоорондоо нилээн ноцолдсон, манай охин Нямгэрэл цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирээд Г-ыг эрүүлжүүлэх байранд хонуулсан. Х.Г-бид хоёр 2001 оноос хойш нэг гэрт хамтран амьдарч байгаа, гэр бүлээ батлуулсан бичиг баримт байхгүй. ...” гэх мэдүүлэг [1],
2. Гэрч Х.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн:
“...2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би гэртээ байж байтал манай дүү Г-ын охин Номингэрэл над руу утсаар залгаад аав согтуу ирээд агсам тавиад байна, та хурдан хүрээд ирээч гэсэн. Би гэрт нь очиход Г- гэрийнхээ гадаа байсан. Гэрт нь ороход Пүрэвсүрэн байж байсан. Г- тамхи авна гээд дэлгүүр явсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн, Г-ыг дэлгүүр явсан гэж хэлэхэд буцаад гараад явсан. Г-ыг гудамжнаас аваад явсан. ...Пүрэвсүрэнгээс юу болсон талаар асуухад Г- архи ууж ирээд агсам тавиад л намайг алгадсан гэж хэлж байсан. Г-, Пүрэвсүрэн нар 2001 оноос хойш нэг гэрт амьдарч байгаа бөгөөд гэр бүлээ батлуулсан бичиг баримт байхгүй. Манай дүү Г- нь 1974 онд Улаанбаатар хотод төрсөн, Ерөнхий боловсролын 54 дүгээр дунд сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн, дараа нь Цагдаагийн академийн анхан шатны дамжаанд суралцаж төгсөөд 6 жил орчим цагдаагаар ажилласан. Цэргийн их сургуульд орж төгсөөд шүхэр десантын 084 дүгээр ангид ажиллаж байгаад гарсан. Х.Г-одоо хувиараа барилгын ажил хийдэг. ...” гэх мэдүүлэг [2],
3. Гэрч П.Нямгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн:
“...2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ...гадуур явж байтал манай дүү Номингэрэл над руу утсаар залгаад аав, ээжийг зодоод байна гэж хэлсэн. Тэгээд би гэртээ очиход манай хойд аав Г- манай ээж Пүрэвсүрэн, аавын эгч Саруул-Эрдэнэ нар байсан. Удалгүй хойд аав Г- тамхи авахаар дэлгүүр явсан хойгуур нь манайд цагдаа ирсэн. Цагдаа нар аавыг гудамжнаас барьж аваад явсан. Маргааш нь ээж Пүрэвсүрэнгийн аль талын хацар гэдгийг нь санахгүй байна, хөхөрсөн байсан. Мөн нуруу нь хөхөрсөн байсан ба яг аль хэсэгтээ гэдгийг нь санахгүй байна. ...” гэх мэдүүлэг [3],
4. Х.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар өгсөн:
“...2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажлаа тараад гэр рүүгээ явж байтал Саппорогийн орчим өмнө нь надтай хамт ажилладаг байсан Мөнхбаяр гэдэг залуутай тааралдсан. Мөнхбаяр бид хоёр бааранд орж нэг шил архи хувааж уусан. Тэгээд би гэр рүүгээ явж байх замдаа дэлгүүрээс 0,33 литрийн нэг шил архи аваад гудамжинд ганцаараа уучихсан. Тэгээд гэртээ ороход манай гэрт хамтран амьдрагч Пүрэвсүрэн болон манай хоёр хүүхэд байсан. Манай эхнэр Пүрэвсүрэн намайг архи уулаа гээд уурлахаар нь би “чи яагаад намайг ингэж байнга дарамталж байдаг юм бэ” гэж хэлээд баруун хацар руу нь нэг удаа алгадсан. Тэгээд би өмдөө тайлаад сууж байтал Пүрэвсүрэн “чи намайг зодлоо” гээд орилоод босоод ирсэн. Тэгэхээр нь би ор руу түлхэж унагаад өмдөөрөө шавхарсан, миний тэлээ Пүрэвсүрэнгийн биеийг цохичихсон байна лээ. Би Пүрэвсүрэнг өмдөөрөө хэдэн удаа цохисон гэдгээ санахгүй байгаа юм. Пүрэвсүрэн цагдаад дуудлага өгсөн, удалгүй манай хоёр хүүхэд миний төрсөн эгч Саруул-Эрдэнийг дагуулаад гэрт ороод ирсэн. Саруул-Эрдэнэ эгч намайг загнаад байж байтал гаднаас хоёр цагдаа орж ирээд намайг эрүүлжүүлэх байранд хонуулсан. Пүрэвсүрэн бид хоёр 2001 оноос хойш нэг гэрт амьдарч байгаа бөгөөд гэр бүлээ батлуулсан бичиг баримтгүй. ...” гэх мэдүүлэг [4],
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13666 дугаартай дүгнэлтэд:
“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн мөрний ар, зүүн далны гадна хэсгийг хамарсан 14х7 см, бүсэлхий нурууны дунд хэсэгт 5х3 см, 3х2 см, зүүн ташаанд 7х4 см, цээжний зүүн дээд хэсэгт 2х2 см, баруун бугуйн урд хэсэгт 3х2 см, зүүн бугуйн урд хэсэгт 1х1 см 2 ширхэг хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, зүүн бугуйн урд хэсэгт 0,5х0,3 см хүрэн улаан өнгийн тав бүхий зулгаралттай. Хүзүүний баруун урд доод хэсэгт 2х0,6 см улаан ягаан цус хуралттай. Баруун шанаанд 1х1 см бүдэг хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай.
ДҮГНЭЛТ:
1. Д.П-гийн биед зүүн мөр, дал, бүсэлхий нуруу, зүүн ташаа, цээж, баруун зүүн бугуйнд цус хуралт, зүүн бугуйнд зулгаралт, хүзүүнд цус хуралт, баруун шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3, 5 /асуултын хариу/. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
6. Гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /Шинжээч эмч Т.Чимэд-Очир/. ... гэсэн дүгнэлт [5] ,
6. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ [6],
7. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд “... өмд цэнхэр өнгөтэй, мөрөвчтэй нийт урт нь 125 см урттай ажлын өмд байх ба, уг өмд нь хоёр гуяны хоёр талд болон ташаа хэсэгт нэг халаастай цайвар цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон өмд байв. Тэлээ нь бор өнгөтэй, цайвар өнгийн төмөр аралтай 115 см урттай бор өнгийн хуучин тэлээ байх ба гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл [7] , 125 см урттай мөрөвчтэй цэнхэр өнгийн ажлын өмд, 115 см урттай бор өнгийн тэлээг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тогтоол [8],
8. Шүүгдэгч Х.Г-ын иргэний үнэмлэхийн лавлагаа [9], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [10], оршин суугаа хаягийн тодорхойлолт [11], түүний нэр дээр хувийн сууц бүртгэлтэй талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа [12], Х.Г-ын нэр дээр “Соната 6” загварын 5526 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа [13], Х.Г-ын ПНБ ХХК-нд фасадчин ажилтай, сарын 600.000 төгрөгийн үндсэн цалинтай болохыг тодорхойлсон тус байгууллагын тодорхойлолт [14], Х.Г-ын “Хаан" банкинд эзэмшдэг дансны хуулга [15], хохирогч Д.П-, шүүгдэгч Х.Г-нарын хүсэлт [16], хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол [17], хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын саналыг яллагдагчид танилцуулсан баримт [18] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч Х.Г-нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаар тогтоолоор шийдвэрлэж, яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Х.Г-нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.П-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч нь тус дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Г-од холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Х.Г-, хохирогч Д.П- нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч 2001 оноос хойш гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч байгаа хамтран амьдрагч нар байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.
Дээрх хуульд зааснаар шүүгдэгч Х.Ганбалд, хохирогч Д.П- нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна.
Шүүгдэгч Х.Г-нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэн гэртээ очсоны улмаас хамтран амьдрагч Д.П-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний баруун хацран тус газар нэг удаа алгадаж, мөн өмсөж явсан өмдөө тайлж, тус өмд, өмдөнд байсан тэлээгээр хохирогчийг цохиж зодон эрүүл мэндэд нь зүүн мөр, дал, бүсэлхий нуруу, зүүн ташаа, цээж, баруун зүүн бугуйнд цус хуралт, зүүн бугуйнд зулгаралт, хүзүүнд цус хуралт, баруун шанаанд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
- хохирогч Д.П-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 14-ний орой хамтран амьдрагч Х.Г-архи уучихсан согтуу ороод ирсэн. Тэгэхээр нь би архи уулаа гэж хэлтэл Х.Г-“чи намайг дарамтлаад байна” гэж хэлээд шууд баруун хацар руу нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би эсэргүүцэхэд түлхэж унагаад өмдөөрөө миний нуруу руу ороолгосон. Тэгтэл тэлээнийх нь төмөр миний нуруу болон мөрөн дээр оносон. ...” гэх мэдүүлэг [19],
- гэрч Х.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би гэртээ байж байтал манай дүү Г-ын охин Номингэрэл над руу утсаар залгаад аав согтуу ирчихээд агсам тавиад байна, та хурдан хүрээд ирээч гэж хэлсэн. ...би гэрт нь очиход Г- гэрийнхээ гадаа байсан. ...Пүрэвсүрэнгээс юу болсон талаар асуухад Г- архи ууж ирээд агсам тавиад л намайг алгадсан гэж хэлж байсан.. ...” гэх мэдүүлэг [20]
- Гэрч П.Нямгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ...гадуур явж байтал манай дүү Номингэрэл над руу утсаар залгаад аав ээжийг зодоод байна гэж хэлсэн. Маргааш нь ээж Пүрэвсүрэнгийн аль талын хацар гэдгийг нь санахгүй байна хөхөрсөн байсан, мөн нуруу нь хөхөрсөн байсан. ...” гэх мэдүүлэг [21],
- Х.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хамт ажилладаг байсан Мөнхбаяр гэдэг залуутай тааралдсан ...Мөнхбаяр бид хоёр бааранд орж нэг шил архи хувааж уусан. ...гэр рүүгээ явж байх замдаа дэлгүүрээс 0,33 литрийн нэг шил архи аваад гудамжинд ганцаараа уучихсан. Тэгээд гэртээ ороход ...манай эхнэр Пүрэвсүрэн намайг архи уулаа гээд уурлахаар нь би “чи яагаад намайг ингэж байнга дарамталж байдаг юм бэ” гэж хэлээд баруун хацар руу нь нэг удаа алгадсан. Тэгээд би өмдөө тайлаад сууж байтал Пүрэвсүрэн “чи намайг зодлоо” гээд орилоод босоод ирсэн. Тэгэхээр нь би ор руу түлхэж унагаад өмдөөрөө шавхарсан, миний тэлээ Пүрэвсүрэнгийн биеийг цохичихсон байна лээ ...” гэх мэдүүлэг [22],
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13666 дугаартай дүгнэлт [23], гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ [24], 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл [25] , 125 см урттай мөрөвчтэй цэнхэр өнгийн ажлын өмд, 115 см урттай бор өнгийн тэлээг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тогтоол [26] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь гэр бүлийн таарамжгүй харилцаа, үл ойлголцол, шүүгдэгч Х.Г-нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн зэргээс болсон байна.
Шүүгдэгч Х.Г-нь тус гэмт хэргийг шууд санаатай үйлдлээр үйлдсэн байх бөгөөд хохирогч Д.П-гийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан түүний үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, мөн шүүгдэгч, хохирогч нар гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байх тул дээр зүйл хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдлаар хэргийг зүйлчилсэн нь зөв байх тул, улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийг 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Х.Г-нь хохирогч Д.П-гийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Д.П- нь тус хэрэгт гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтыг ирүүлээгүй бөгөөд хохирогчоор нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул энэ талаар тогтоолд дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь Х.Г-од холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоол гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад, Х.Г-зөвшөөрч гарын үсгээ зурсан байна.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Х.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Х.Г-нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Г-нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй байх бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.
Шүүхээс шүүгдэгч Х.Г-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний тогтмол ажил эрхэлдэг хувийн байдал зэргийг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногт хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Г-нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Х.Г-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
4.Бусад асуудлаар
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Х.Г-од цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мөрөвчтэй цэнхэр өнгийн ажлын өмд, бор өнгийн 115 см урттай тэлээг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч шүүгдэгч Х.Г-од буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б- овогт Х-ын Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-од оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хууль заасан хугацаанд буюу 90 хоногт биелүүлэхийг тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Г-нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.П- нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн мөрөвчтэй цэнхэр өнгийн ажлын өмд, бор өнгийн 115 см урттай тэлээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч шүүгдэгч Х.Г-од буцаан олгосугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Х.Г-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Г-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
[1] Хавтаст хэргийн 38-39 дүгээр тал.
[2] Хавтаст хэргийн 13-14 дүгээр тал.
[3] Хавтаст хэргийн 16 дугаар тал.
[4] Хавтаст хэргийн 71-72 дугаар тал.
[5] Хавтаст хэргийн 21 дүгээр тал.
[6] Хавтаст хэргийн 24-32 дугаар тал.
[7] Хавтаст хэргийн 35-36 дугаар тал.
[8] Хавтаст хэргийн 37 дугаар тал.
[9] Хавтаст хэргийн 39 дүгээр тал.
[10]Хавтаст хэргийн 40 дүгээр тал.
[11]Хавтаст хэргийн 41 дүгээр тал.
[12]Хавтаст хэргийн 43 дугаар тал.
[13] Хавтаст хэргийн 45 дугаар тал.
[14] Хавтаст хэргийн 47 дугаар тал.
[15] Хавтаст хэргийн 49-54 дүгээр тал.
[16] Хавтаст хэргийн 82-83 дугаар тал.
[17] Хавтаст хэргийн 85 дугаар тал.
[18] Хавтаст хэргийн 88 дугаар тал.
[19] Хавтаст хэргийн 38-39 дүгээр тал.
[20] Хавтаст хэргийн 13-14 дүгээр тал.
[21] Хавтаст хэргийн 16 дугаар тал.
[22] Хавтаст хэргийн 71-72 дугаар тал.
[23] Хавтаст хэргийн 21 дүгээр тал.
[24] Хавтаст хэргийн 24-32 дугаар тал.
[25] Хавтаст хэргийн 35-36 дугаар тал.
[26] Хавтаст хэргийн 37 дугаар тал.