Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 96

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 13-р хороо, сургуулийн 15-228 тоотод оршин суух, Боржигон овогт Төмөрийн Батцэнгэл/РД: УЙ83041300/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 13-р хороо, Рашааны 13-667 тоотод оршин суух, Төмөр овогт Төмөрийн Арвинхэрлэн/РД: ШГ78012576/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Батцэнгэл, хариуцагч Т.Арвинхэрлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.

 

Тодорхойлох нь:

  

Нэхэмжлэгч Т.Батцэнгэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Батцэнгэл миний бие 2001 онд Т.Арвинхэрлэнтэй танилцаж 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтийн 1644 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон.

Бидний хамтран амьдрах хугацаанд 2002 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүү А.Ариунболд төрсөн. Т.Арвинхэрлэн нь өөр хүнтэй хамтран амьдрах болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2010 оноос салж тусдаа амьдрах болсон.

Тэр үеэс хойш хүү Ариунболд нь миний асрамжинд өсч торниж байгаа. Одоо Т.Арвинхэрлэн нь өөр хүнтэй амьдарч хүүхэдтэй болсон цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн Т.Арвинхэрлэнгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хариуцагчийн өмчлөлийн эд хөрөнгөөс хүү Т.Ариунболдод ногдох хэсгийг гаргуулж өгнө үү.” гэв. 

 

Хариуцагч Т.Арвинхэрлэн нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Хүүхдээ эхийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй.

Миний бие эд хөрөнгө гаргуулах Т.Батцэнгэлийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

Учир нь 2010 онд Т.Батцэнгэлээс салахдаа гэр болон машинаа орхин гарсан одоо байгаа машинаа 2012 онд авсан болно.” гэв. 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Т.Батцэнгэл нь хариуцагч С.Арвинхэрлэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, эд хөрөнгөнөөс хүү Т.Ариунболдод ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын эд хөрөнгө гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрнө гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Т.Батцэнгэл, хариуцагч Т.Арвинхэрлэн нар нь 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болсноо иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн, мөн тэдний дундаас 2002 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүү Батцэнгэлийн Ариунболд төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний болон хүү Б.Ариунболдын төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Т.Батцэнгэл, хариуцагч Т.Арвинхэрлэн нар нь 2010 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа ба гэрлэгчид цаашид хамт амьдрах, эвлэрэх боломжгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа бие даан харилцан тохиролцох эрхтэй гэж заасан.

 

Хүү Б.Ариунболд нь төрсөн цагаас эхлэн эх Т.Батцэнгэлтэй цуг амьдарч байгаа талаар зохигчид маргахгүй байх ба хүү Б.Ариунболдыг эх Т.Батцэнгэл өөрийн асрамжид үлдээх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Арвинхэрлэн хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул хүү Б.Ариунболдыг эх Т.Батцэнгэлийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан.

 

Хариуцагч Т.Арвинхэрлэн нь хүү Б.Ариунболдыг тэжээн тэтгэх талаар маргахгүй байх ба хариуцагч Т.Арвинхэрлэнгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Б.Ариуболдыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Т.Батцэнгэл нь хариуцагч Т.Арвинхэрлэнгийн өмчлөлд байгаа эд хөрөнгөнөөс хүү Б.Ариунболдод гаргуулж өгөх тухай шаардлага гаргаж байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол .... хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.” гэж заасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн эд хөрөнгөнөөс хүү Б.Ариунболдод гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, шаардлагын үндэслэлээ баримтаар нотлохгүй байна.

 

Нэхэмжлэгчийн хариуцагч Т.Арвинхэрлэнгийн эд хөрөнгөнөөс хүү Б.Ариунболдод гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүх хариуцагч Т.Арвинхэрлэнд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Т.Батцэнгэлийн нэхэмжлэлийн шаардлагын гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдийн асрамж тогтоолгох хэсгийг хангаж, үлдсэн эд хөрөнгөнөөс хүү Б.Ариунболдод гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт Төмөрийн Батцэнгэл, хариуцагч Төмөр овогт Төмөрийн Арвинхэрлэн нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2002 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Батцэнгэлийн Ариунболдыг эх Т.Батцэнгэлийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2002 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Б.Ариунболдыг 16 нас/суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Т.Арвинхэрлэнгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан эх Т.Батцэнгэлд олгосугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Арвинхэрлэнгийн өмчлөлд байгаа эд хөрөнгөнөөс хүү Б.Ариунболдод гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Батцэнгэл, хариуцагч Т.Арвинхэрлэн нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээж, хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Т.Батцэнгэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Арвинхэрлэнгээс 120747 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Батцэнгэлд 70200 төгрөгийг олгуулж, улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот дансанд 50547 төгрөгийг оруулсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ХИШИГБАТ