Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 80

 

 

 

 

 

 

     2019          01           15                                     80

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Ц.Гансүлд,

хохирогч Д.А-

шүүгдэгч Ц.Б-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С- овогт Ц-гийн Б-д холбогдох 1808 0505 61406 дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: С- овогт Ц-гийн Б- нь Монгол Улсын иргэн, 1969 оны 7 дугаар сарын 26-нд  Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бага дунд боловсролтой, мэргэжилгүй, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 12 дугаар байрны 9 дүгээр орцны жижүүр ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт аьдардаг, иргэний бүртгэлээр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 3 дугаар баг, хаягт оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 0 дүгээр орцны 00 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл:

1. 1989 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Дундговь аймгийн 2 дугаар хэсгийн Ардын шүүхийн 0 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол улсын эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2, 153 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

2. 1992 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн шүүхийн 00 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2, 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж,  1994 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1 жил 1 сар 8 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн  суллагдсан,

3. 1995 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дундговь аймгийн сум дундын шүүхийн 000 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1997 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

4. 1998 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймгийн сум дундын шүүхийн 00 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-2, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2001 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

5. 2003 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн сум дундын шүүхийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж,

2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 000дугаар захирамжаар түүнд оногдуулсан хорих ялыг нэмэлт өөрчлөлт орсон Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хорих ялын хэмжээнд нийцүүлэн 3 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, мөн өдөр суллагдсан,

6. 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, (РД:ЗД69072617).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Ц.Б-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны 7 дугаар орцны жижүүрийн өрөөнд иргэн Д.А-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар хутгаар бүсэлхийн нуруунд нь хатгаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Ц.Б-мэдүүлэхдээ: Би Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 12 дугаар байрны 9 дүгээр орцны жижүүрээр ажилладаг. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр орцны гэрэлтүүлэг тавьж явахдаа утасны үзүүр гаргаж байсан хутгатай явсан. Тэгээд 12 дугаар байрны 10 дугаар орцноос гарч явахад Дугармаа намайг дуудахаар нь яваад ороход Дугармаа, түүний нөхөр Отгонбаяр, хохирогч Алтангэрэл нар архи ууж байсан. Надад архинаасаа өгөхөөр нь нэг удаа уусан. Тэгээд байж байтал хохирогч Алтангэрэл намайг гар гээд духанд цохихоор нь “чи намайг хөөдөг хэн юм бэ” гээд халаасанд байсан хутгаараа түүнийг хатгасан юм билээ гэв.

 

Хохирогч Д.А- мэдүүлэхдээ:  Би Ц.Б-гэх хүнийг танихгүй. 2018 оны 10 дугаар сарын 26-нд 17-18 цагийн үед би Дугармаа дээр очиж зээлүүлсэн 20.000 төгрөгөө түүнээс аваад гарах гэтэл архи ууж байсан ба, архинаас нь уугаад 2 цаг гаран болсон. Дугармаа, түүний нөхөр бид гурав орцны подволд архи ууж байсан. Биднийг  ууж байхад хаалгаар эхлээд нэг шар толгойтой хүн орж ирээд гарсан. Дараа нь хаалга нүдсэн чинь Дугармаа онгойлгож өгөхөд энэ нөхөр буюу шүүгдэгч Ц.Б-нэг хүнтэй хамт, бас өмнө нь хаалгаар орж ирээд гарсан шар толгойтой хүн гурав орж ирсэн. Дугармаа хаалга онгойлгоход л энэ Ц.Б-гэх хүн нилээн согтуу орж ирээд шууд төмрөөр түг гээд намайг хатгасан. Би хутгатай байсныг мэдээгүй. Дугармаа ч мэдээгүй. Дугармаа орилж хашгираад байсан. Ингээд цагдаа дуудаж намайг хутгалсан энэ хүнийг барьж өгсөн. Би энэ Ц.Б-гэх хүнтэй архи уугаагүй, маргаж муудалцаагүй, энэ хүн худлаа мэдүүлэг өгч байна гэв.

 

Хоёр. Эрүүгийн 1808 0505 61406 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Д.А-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 11 дүгээр сарын 12-нд өгсөн “... 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 17 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 7 дугаар орцонд уг орцны жижүүр Дугармаатай уулзахаар очоод жижүүрийнх нь өрөөнд ороход Дугармаа нөхөр Отгоогийн хамт байсан. Би тэр хоёртой мэнд мэдэлцсэн. Тэр хоёр нэг виски хувааж ууж байсан. Надад нэг хийж өгөхөөр нь уучихаад Дугармаа надад өгөх ёстой байсан мөнгөө өгөхөөр нь аваад гарах гээд хаалганы үүдэн дээр нь зогсож байсан. Тэгтэл хаалгыг нэг хүн нүдэхэд Дугармаа онгойлгоход гаднаас нэг үл таних залуу орж ирээд үгийн зөрүүгүй миний нуруун дээгүүр гараа давуулаад нуруу руу нэг юмаар цохих шиг болсон. Тэгэхээр нь би уг залууг хөлөөрөө цээжнийх нь хэсэг рүү жийгээд хаалгаар гараад хаалгыг түгжсэн. Би нуруу руугаа гараа хийж үзэхэд цус гарч байсан. Тэгэхээр нь шууд гараад цагдаагийн хэлтэс дээр очоод буцаж цагдаатай 12 дугаар байрны гадна очоод миний нуруу руу юмаар цохиж цус гаргасан залууг барьж өгөөд цагдаа түргэн дуудаад, удалгүй түргэн ирсэн. Сүүлд тэр үл таних залуу намайг хутгалсан байсныг нь мэдсэн. Тэр үл таних залуугаас бас намайг хутгалсан хутга нь гарч ирсэн. Би Дугармаа гэгч эмэгтэйг 20 жилийн өмнөөс таньдаг танилын холбоотой юм. Би энэ хэргээс болж Цэргийн эмнэлэгт 6 хоног хэвтэж эмчлүүлсэн. Одоогоор 1.250.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. ...” гэх мэдүүлэг [1],  

 

-түүний мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 27-нд дахин өгсөн  “...Би танил Дугармаад сарын өмнө 20.000 төгрөг зээлсэн байсан юм. Дугармаа над руу утсаар яриад “та манайхаас ирж зээлсэн мөнөө ав” гэж хэлсэн юм. Би 19 цагийн үед Дугармаагийн гэрт нь яваад ороход Дугармаагийн нөхөр нилээн согтуу, виски задалсан сууж байсан. Надад ууж байсан вискинээсээ хийж өгсөн. Би тэрнээс нь нэг удаа уусан. Би тэднийд ороод 10-20 минут орчим болсон байх, босоогоороо зогсож байсан. Учир нь тэднийд суух боломжгүй байсан. Удаагүй хаалгыг нь хүчтэй нүдээд шар үстэй эрэгтэй хаалгаар шагайхад хажуугаар орсон хоёр эрэгтэй хүн нэг нь намайг хутгалсан, Б- байсан. Б- орж ирэхдээ үгийн зөрүүгүй зүүн гартаа хутга бариад миний зүүн гарын булчинг давуулж нуруу руу хутгаар нэг удаа хүчтэй хатгасан. Би тухайн үед Б-г хөлөөрөө жийж гаргаад хаалга түгжсэн. Намайг хаалгаа түгжээд хаалганы бариулнаас барьж байхад хаалга хүчтэй татаад ална гээд байсан. Дугармаа “та нар яваач ээ” гээд орилж чарлахад хаалга нүдэхээ болиод орцноос гараад явсан. Би цагдаа дээр ирээд нуруу руугаа хутгалуулснаа мэдсэн. Би Б-д гар хүрээгүй, харин зүүн хөлөөрөө хэдэн удаа жийж хаалгаар гаргасан. Би урьд өмнө Б- гэж хүнийг танихгүй, хараагүй хүн байна лээ. Бид хоёрын дунд өс хонзонгийн асуудал байхгүй. Б- нилээн согтуу агсан байрын хүн санагдсан. ...” гэх мэдүүлэг [2],

 

2. Гэрч М.Туулын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 26-нд өгсөн:

 “...би Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны 10 дугаар орцонд жижүүрийн ажил хийдэг. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагийн үед 7 дугаар орцонд жижүүр хийдэг Дугармаагаас нойлын өрөөний түлхүүр авах гээд жижүүрийн өрөөнд очиход Дугармаа, Дугармаагийн нөхөр Отгоо болон сая хутгалуулдаг залуу нар байсан. Тэгээд би нойлоос усаа аваад буцаагаад түлхүүрийг нь Дугармаад өгсөн. Тэгээд гадуур ажлаа хийж явж байгаад дахиад нойлын түлхүүр авах гээд орой 17 цагийн үед 7 дугаар орцны жижүүрийн өрөөнд очиход дотроосоо үүдээ түгжсэн юм яриад сууж байхаар нь Дугармааг дуудаад нойлын өрөөний түлхүүрээ өгөөч гээд зогсож байхад араас 9 дүгээр орцны жижүүр Б- согтуу орж ирээд сая хутгалуулдаг залуу руу “чи өдрөөс хойш энд суугаад байсан” гээд жижүүрийн өрөөнд сууж байсан нөгөө залуу руу дайраад байсан. Би наана хаалганы хажууд зогсож байсан. Б- нөгөө хутгалуулдаг залуу хоёр жижүүрийн өрөөнд заамдалцахад би тэр хоёрт хандан “та хоёр болиоч ээ, жижүүрийн өрөөнд зодолдоод байхдаа яадаг юм бэ” гэхэд хатгалуулдаг залуу нуруугаа бариад “намайг хутгалчихлаа шүү дээ” гээд жижүүрийн өрөөнөөс гараад ирэхээр нь би “зугтаач замын хойно цагдаа байгаа” гэхэд тэр залуу гараад явахад араас нь Б- жижүүрийн өрөөнөөс гарч ирэхэд гаднаас лифтчин Даваа эгч ирэхээр нь болсон асуудлыг хэлээд гараад явсан. Б- Даваа эгчтэй үлдсэн. Намайг жижүүрийн өрөөний гадна зогсож байхад Б- тэр хоёр хоорондоо заамдалцаж авсан. Удалгүй тэр залуу нуруугаа бариад гараад ирэхэд цус гарч байхаар нь би “зугтаагаач, цагдаа цаана чинь байгаа” гэж хэлсэн. Жижүүрийн өрөөнд Дугармаа, Дугармаагийн нөхөр хоёр байсан. Дугармаагийн нөхөр цаана орон дээр унтаж байх шиг байсан. Б- тэр хоёрыг зодолдож байхад босож ирэхгүй хэвтээд байсан. Дугармаа өрөөнийхөө наана тэр хоёрыг боль гээд зогсоод байсан. Өөр хүн байгаагүй.  ...” гэх мэдүүлэг [3],

 

3. Гэрч Б.Дугармаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 26-нд өгсөн:

 “...би Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 7 дугаар орцны жижүүрийн ажил хийдэг. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр жижүүрийнхээ өрөөнд нөхөр Отгонжаргалын хамт байхад миний танил Алтангэрэл ах над руу залгаад “хаана байна очих уу” гэж ярихаар нь би “өөрөө мэд” гэж хэлсэн. Тэгээд удалгүй Алтангэрэл ах манай гэрт ирээд нөхөртэй хамт 0,5 литрийн нэрийг нь мэдэхгүй виски хувааж уусан. Тэгээд манай нөхөр согтуу тасраад уначихсан. Тэгээд би Алтангэрэл ахтай юм яриад ууж байхад 10 дугаар орцны жижүүр Туул нойлын түлхүүр асууж ирэхэд 9 дүгээр орцны жижүүр Б- араас нь согтуу байдалтай орж ирээд Алтангэрэл ахтай маргалдаад байхаар нь би тэр хоёрыг салгах гээд боль гэхэд Б- Алтангэрэл ахыг заамдаж аваад хоолойг нь боогоод байсан. Нэг мэдэхэд Алтангэрэл ах намайг хутгалчихлаа гэхэд гар нь цус болчихсон байсан. Тэгээд Алтангэрэл ах гүйгээд гараад явсан. Араас нь Б- гараад явсан. Тухайн үед Туул жижүүрийн өрөөний үүдэн дээр зогсож байсан. Тэгээд тэд нар гараад явсны дараа удалгүй цагдаа орж ирээд үзлэг хийгээд явсан. Алтангэрэл ахыг Б- заамдаад газар унагаад босоод ирэхэд Алтангэрэл ахын гар нуруу нь цус болсон байсан. ...” гэх мэдүүлэг [4],

 

4. Гэрч П.Эрдэнэтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 27-нд өгсөн:

 “...би хамтран амьдрагч Б-тэй 2016 онд танилцаж, нэг гэрт орж Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 9 дүгээр орцонд амьдарч байна. Бид хоёр энд амьдраад 2 сар болж байна. Бид өмнө нь Гэмтлийн эмнэлгийн хажууд байрлах байрны гараашид манаач хийгээд тэндээ байрлаж амьдардаг байсан. Мөн Б-гийн төрсөн эгч Дэмүүлийн гэрт нь бид хоёр амьдарч байсан. Б- Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд 1969 оны 7 дугаар сарын 26-нд төрсөн. Эхээсээ арванхоёулаа, дээрээсээ зургаадах нь гэж хэлж байсан. Б- хааяа архи уудаг. ...” гэх мэдүүлэг [5],

 

            5. Ц.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр яллагдагчаар өгсөн:

“...2018 оны 10 дугаар сарын 26-ны өглөө босоод Отгонбаяртай таараад 7 дугаар орцонд 0,5 литрийн Хараа архи хувааж ууж дуусгаад би ганцаараа 9, 10 дугаар орцны гэрэлтүүлэг янзалсан. Би 10 дугаар орцноос гараад гэр рүүгээ алхаж байхад Дугармаа таараад намайг дуудаад гэрт ороод ир гэж хэлсэн. Бид 17 цагийн үед 12 дугаар байрны 7 дугаар орцны жижүүрийн өрөөнд орсон. Намайг гэрт нь ороход жижүүр Дугармаа, Дугармаагийн нөхөр Отгонбаяр, Алтангэрэл буюу надад хутгалуулсан залуу нар нэг шил архи хувааж уугаад сууж байсан. Тэгээд нөгөө архийг нь дөрвүүлээ хувааж уугаад сууж байхад гаднаас Энхтүвшин согтуу эхнэр Туул нь эрүүл тэр хоёр хамт орж ирсэн. Бид хэд юм яриад архиа хувааж уугаад сууж байхад Алтангэрэл намайг “чи гар яв” гэхээр нь “чи яахаараа намайг намайг хөөдөг юм” гэхэд Алтангэрэл намайг зайл гээд миний дух руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь миний уур хүрээд костюмны халаасанд байсан хутгаараа Алтангэрэлийн нуруун тус газар нь нэг удаа хутгалсан. Би хар иштэй хутгаа цагдаагийн хэлтэс дээр ирээд хураалгасан. Би хутгыг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 14 цагийн үед орцныхоо тогийг янзлах санаатай буюу тогны утасны үзүүрийг хутгаар шалбалах гэж халаасандаа хийсэн байсан. Би Алтангэрэлийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би Алтангэрэлтэй уулзаад уучлалт гуйсан. Надаас 1.250.000 төгрөг нэхэмжилсэн. Би энэ мөнгийг ажил хийж байгаад олж өгнө гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг [6],

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13001 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Бүсэлхий нурууны дунд хэсэгт баруун талд 4х0,3 см резинэн гуурс байрлуулсан оёдол бүхий шархтай, шарханд боолт хийгдсэн, Духанд баруун хөмсөгний дээд талд 0,7х0,4 см хүрэн тав бүхий зулгаралттай. Цэргийн төв эмнэлгийн 14865 тоот өвчний түүхээс: өвчний түүх нээсэн 2018.10.27, хэвтэх үеийн зовиур: шархаар өвдөнө, дотор муухайрна, 2018.10.27-ны өдрийн КТГ-н шинжилгээнд ...бүсэлхийн 2 дугаар нугалмын арын сэртэн жижиг сэлтэрсэн хугаралтай, уг хугарал орчмын зөөлөн эдэд нэвчдэст өөрчлөлттэй, арьсан доорх өөхөн эдэд олон тооны хийн бөмбөлгүүд тодорхойлогдоно, нурууны зөөлөн эдэд нэвтэрсэн шархтай, дүрс оношлогооны эмч Г.Номуундарь гэжээ.

2018.10.26-ны 20:40 цагийн өдрийн яаралтай тусламжийн хуудаст: зовиур шархаар өвдөнө, дотор муухайрна хэсэг газрын үзлэгт нурууны баруун талд 4,3 см урттай, 9-12 см гүн хавж хатгагдсан гүн шархтай, шарханд анх тавьсан оёдол авч шарханд цус тогтоож, урсгуур тавьж ариун боолт хийв. Онош: нуруунд гүн хавж хатгагдсан шарх,

2018.10.26-ны 18:20 цагийн ГССҮТ-д хийгдсэн хэвлийн хэт авиан шинжилгээнд одоогоор хэвлийн хөндийд сул шингэнгүй. Клиникийн урьдчилсан онош, үндсэн онош: Нурууны баруун талд хавж гүн хатгагдсан шарх.

ДҮГНЭЛТ:

1. Д.А-ийн биед бүсэлхий нуруунд гүн хавж хатгагдсан шарх, бүсэлхийн 2 дугаар нугалмын арын сэртэнгийн хугарал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх бүсэлхий нуруунд гүн хавж хатгагдсан шарх, бүсэлхийн 2 дугаар нугалмын арын сэртэнгийн хугарал гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Харин духны зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан  гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Т.Чимэд-Очир/ …” гэсэн дүгнэлт [7],

 

7. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг [8], хутга хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт [9], 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хар иштэй 18,5 см урттай, ажлын хэсэг нь 8,5 см урт хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол [10],

 

8. Шүүгдэгч Ц.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа [11], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [12],

Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 1989 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2/5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар [13], Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар [14], Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 1995 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 245 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар [15], Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар [16], Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар [17], Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар [18], Ц.Б-гийн талаарх цагдаагийн байгууллагын гомдол, мэдээлэл, захиргааны зөрчлийн талаарх лавлагаа [19], Өнөр-12 СӨХ-ны захирал Ц.Оюунгэрэл, Ц.Б-нарын хооронд хийсэн гэрээний хуулбар[20] зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагчаас гаргасан дүгнэлтдээ  шүүгдэгч Ц.Б-нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт болон бусад баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Ц.Б-улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал.

Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Б-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

  1. Гэм буруугийн талаар.

Хэргийн үйл баримтыг үзвэл хохирогч Д.А- нь “... 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 17 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 7 дугаар орцонд тус орцны жижүүр ажилтай Б.Дугармаа, түүний нөхөр н.Отгонжаргал нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх бөгөөд энэ үед тус байрны 9 дүгээр орцонд жижүүрээр ажилладаг шүүгдэгч Ц.Б-нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 7 дугаар орцны жижүүрийн өрөөнд орж улмаар өрөөнд байсан Д.А-тэй “чи өдрөөс хойш энд суугаад байсан” гэж маргалдаж, түүний бүсэлхийн нуруунд нь хатгаж эрүүл мэндэд нь бүсэлхий нуруун гүн хавж хатгагдсан шарх, бүсэлхийн 2 дугаар нугалмын арын сэртэнгийн хугарал, духанд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 17 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 7 дугаар орцонд уг орцны жижүүр Дугармаатай уулзахаар очиход Дугармаа, түүний нөхөр Отгоогийн хамт байсан. ...Тэр хоёр нэг виски хувааж ууж байсан,  надад нэг хийж өгөхөөр нь уусан....хаалгыг нэг хүн нүдэхэд Дугармаа онгойлгоход гаднаас нэг үл таних залуу орж ирээд үгийн зөрүүгүй миний нуруун дээгүүр гараа давуулаад нуруу руу нэг юмаар цохих шиг болсон. ...би уг залууг хөлөөрөө цээжнийх нь хэсэг рүү жийгээд хаалгаар гаргаад хаалгыг нь түгжсэн. Би нуруу руугаа гараа хийж үзэхэд цус гарч байсан. ...Сүүлд тэр үл таних залуу намайг хутгалсан байсныг нь мэдсэн.  ...” гэх мэдүүлэг [21],  болон 2018 оны 11 дүгээр сарын 27-нд дахин өгсөн  “...Би тэднийд ороод 10-20 минут орчим болсон байх босоогоороо зогсож байсан. ...Удаагүй хаалгыг нь хүчтэй нүдээд шар үстэй эрэгтэй хаалгаар шагайхад хажуугаар орсон хоёр эрэгтэй хүн нэг нь намайг хутгалсан нь Б- байсан. Б- орж ирэхдээ үгийн зөрүүгүй зүүн гартаа хутга бариад миний зүүн гарын булчинг давуулж нуруу руу хутгаар нэг удаа хүчтэй хатгасан. ...Би Б-д гар хүрээгүй. ...” гэх мэдүүлэг [22], шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

- Гэрч М.Туулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ...17 цагийн үед 7 дугаар орцны жижүүрийн өрөөнд очиход дотроосоо үүдээ түгжсэн, юм яриад сууж байхаар нь Дугармааг дуудаад нойлын өрөөний түлхүүрээ өгөөч гээд зогсож байхад араас 9 дүгээр орцны жижүүр Б- согтуу орж ирээд  хутгалуулдаг залуу руу “чи өдрөөс хойш энд суугаад байсан” гээд жижүүрийн өрөөнд сууж байсан нөгөө залуу руу дайраад байсан. ...Б- нөгөө хутгалуулдаг залуу хоёр жижүүрийн өрөөнд заамдалцахад би тэр хоёрт хандан “та хоёр болиоч ээ, жижүүрийн өрөөнд зодолдоод байхдаа яадаг юм бэ” гэхэд хутгалуулдаг залуу нуруугаа бариад “намайг хутгалчихлаа шүү дээ” гээд жижүүрийн өрөөнөөс гараад ирсэн. ...” гэх мэдүүлэг [23],

- Гэрч Б.Дугармаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр жижүүрийнхээ өрөөнд нөхөр Отгонжаргалын хамт байхад ...Алтангэрэл ах манай гэрт ирээд нөхөртэй хамт 0,5 литрийн нэрийг нь мэдэхгүй виски хувааж уусан. ...би Алтангэрэл ахтай юм яриад ууж байхад 10 дугаар орцны жижүүр Туул нойлын түлхүүр асууж ирэхэд 9 дүгээр орцны жижүүр Б- араас нь согтуу байдалтай орж ирээд Алтангэрэл ахтай маргалдаад байхаар нь би тэр хоёрыг салгах гээд боль гэхэд Б- Алтангэрэл ахыг заамдаж аваад хоолойг нь боогоод байсан. Нэг мэдэхэд Алтангэрэл ах намайг хутгалчихлаа  гэхэд гар нь цус болчихсон байсан. ...Алтангэрэл ахыг Б- заамдаад газар унагаад босоод ирэхэд Алтангэрэл ахын гар нуруу нь цус болсон байсан. ...” гэх мэдүүлэг [24],

-Ц.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:“...2018 оны 10 дугаар сарын 26-ны өглөө босоод Отгонбаяртай таараад 7 дугаар орцонд 0,5 литрийн Хараа архи хувааж уусан. ... 17 цагийн үед 12 дугаар байрны 7 дугаар орцны жижүүрийн өрөөнд орсон. Намайг гэрт нь ороход жижүүр Дугармаа, Дугармаагийн нөхөр Отгонбаяр, Алтангэрэл буюу надад хутгалуулсан залуу нар нэг шил архи хувааж уугаад сууж байсан. ...Алтангэрэл намайг “чи гар яв” гэхээр нь “чи яахаараа намайг намайг хөөдөг юм” гэхэд Алтангэрэл намайг зайл гээд миний дух руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь миний уур хүрээд костюмны халаасанд байсан хутгаараа Алтангэрэлийн нуруун тус газар нь нэг удаа хутгалсан. Би хар иштэй хутгаа цагдаагийн хэлтэс дээр ирээд хураалгасан. ...Алтангэрэлийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг [25],

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13001 дугаартай дүгнэлт [26],

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг [27], хутга хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, хутганы гэрэл зураг [28], хутгыг эд мөрийн баримтаар тооцсон  мөрдөгчийн тогтоол [29] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

            Шүүгдэгч Ц.Б-нь хутга буюу зэвсэг хэрэглэж хүний биед халдаж байгаа өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн боловч хүсч үйлдэж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн шууд санаатай үйлдлээр гэмт хэргийг үйлдсэн байна. Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Ц.Б-нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн нь нөлөөлжээ.

            Шүүгдэгч Ц.Б-гийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт  хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирч хохирогч нь Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Хохирогч Д.А- нь дээрх гэмтлийн улмаас хор уршгийн зардалд 1.250.000 төгрөг нэхэмжилж, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ MRI шинжилгээ 150.000 төгрөг, эмнэлгийн төлбөр 330.000 төгрөг, “Сонгдо” эмнэлэгт эхо хийлгэсэн 80.000 төгрөг, эм тариа 45.000 төгрөг, 10 удаа боолт хийлгэсэн 50.000 төгрөг, дусал 5 удаа хийлгэсэн төлбөр 25.000 төгрөг, эмнэлэгт хэвтэхэд хэрэглэсэн хувцасны үнэ 100.000 төгрөг нэхэмжилж буй зардалд багтаж байгаа гэж мэдүүлсэн, шүүх хохирогчийн хэрэгт ирүүлсэн баримтыг судлан үзэж, “Мөнгөн гүүр” эмнэлэгт төлсөн хэвлийн “СТ” хийлгэсэн шинжилгээний төлбөр 150.000 төгрөг, эм тарианы 139,736 төгрөг нийт 289,736 төгрөгийг шүүгдэгч Ц.Б-гээс гаргуулж хохирогч Д.А-д олгох үндэстэй гэж үзлээ. Харин хохирогч нь бусад нэхэмжилж байгаа зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

3.Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Ц.Б-гийн хувийн байдал буюу 6 удаа ял шийтгэгдэж байсан байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн болон учруулсан хохирол хор уршгийн шинжийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ц.Б-нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцсэн.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Ц.Б-нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар 6 удаа ял шийтгэгдэж байсан байна.

Шүүхээс шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хохирогч Д.А-ийн эрүүл мэндэд хутга буюу зэвсэг хэрэглэж гэмтэл учруулсан байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, хуульд зааснаар түүний нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар тогтоож, оногдуулсан ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ял болгон солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

4. Бусад асуудлын талаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг аваагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хар иштэй 18,5 см урттай, ажлын хэсэг нь 8,5 см урт хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С- овогт Ц-гийн Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-г 720 (долоон зуун хорь) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял болгон солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хар иштэй 18,5 см урттай, ажлын хэсэг нь 8,5 см урт хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Б-нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурьдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-гээс 289.736 (хоёр зуун наян есөн мянга долоон зуун гучин зургаа) төгрөгийг гаргуулж хохирогч Д.А-д олгож, хохирогч Д.А- нь тус гэмт хэргийн улмаас учирсан бусад хор уршгийн зардлаа нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 16-17 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 18 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 22-23 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 25 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 26 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 48 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.

[8] Хавтаст хэргийн 4-6 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 9-11 дүгээр тал.

[10] Хавтаст хэргийн 40 дүгээр тал.

[11] Хавтаст хэргийн 88 дугаар  тал.

[12] Хавтаст хэргийн 50 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 56-60 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 61-66 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 67-71 дүгээр тал.

[16] Хавтаст хэргийн 72-79 дүгээр тал.

[17] Хавтаст хэргийн 80-82 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 53-55 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 83-85 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 90-91 дүгээр тал.

[21] Хавтаст хэргийн 16-17 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 18 дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 22-23 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 25 дугаар тал.

[25] Хавтаст хэргийн 48 дугаар тал.

[26] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.

[27] Хавтаст хэргийн 4-6 дугаар тал.

[28] Хавтаст хэргийн 9-11 дүгээр тал.

[29] Хавтаст хэргийн 40 дүгээр тал.